Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 1216

 

С.Гантуяагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00521 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Гантуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдох      

Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1412 дугаар тушаал хууль зөрчсөн болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Гантуяа 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/106 дугаар тушаалаар Төрийн банкны Бизнес хөгжлийн газрын Бүтээгдэхүүн хөгжлийн хэлтсийн захирлаар томилогдон ажилласан. Банкнаас томилогдсон комисс 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр С.Гантуяагийн ажлыг хүлээж авсан. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төв банкинд мэргэжилтнээр ажиллах санал тавьсан боловч С.Гантуяа өөрийн мэдлэг, ур чадварын хувьд уг ажлын байранд ажиллах шаардлагагүй гэж үзэн уг саналаас татгалзсан. Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1412 дугаар тушаалаар Төрийн банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан газар, хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харьяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн тавьсан ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан үндэслэл зааж мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг дурдаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Өөрөөр хэлбэл, ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуульд заагаагүй үндэслэл заан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж үзэж байна. Энэ нь нэхэмжлэгч С.Гантуяагийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Ажил олгогч ажлаас халсан тушаалд ажлын байр өөрчлөгдсөн талаар буюу тухайлбал нэгж татан буугдсан, орон тоо цөөрсөн, хасагдсан талаар тодорхой дурдах ёстой боловч энэ талаар дурдаагүй. Тиймээс энэ тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Гантуяаг “Төрийн банк” ХХК-ийн Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн 118 тоот тогтоолоор Төрийн банкны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн гэх боловч нэхэмжлэгчийн ажиллаж байсан Харилцагчийн үйлчилгээний хэлтэс, бүтээгдэхүүний үйлчилгээний хэлтсийн бүтэц зохион байгуулалт хэрхэн өөрчлөгдсөн нь тодорхойгүй, тушаал хэлбэрийн хувьд алдаатай гарсан. Орон тоо хасагдсан гэж үзэхгүй, Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн ажлын чиг үүрэг хэвээр байна. С.Гантуяад 2016 оны 10 дугаар сарын 17-нд мэдэгдэл өгч, 26-ны өдөр ажил хүлээлцсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал гарсан. Үүнээс харахад Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн ажил одоо Харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн алба гэсэн нэртэйгээр хэвээр хадгалагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяагаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн банк” ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор зохион байгуулалт бүтцийг шинэчлэн баталснаар өмнөх бүтцэд байсан Харилцагчийн үйлчилгээний хэлтэс бүтцээс хасагдаж, Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн захирал гэх албан тушаал байхгүй болсон. Аливаа албан тушаал ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд түүнийг хэрэгжүүлэх эрх мэдлийн шатлал, түүнийг гүйцэтгэх үүрэг зэргээр тодорхойлогддог. С.Гантуяа ТУЗ-ийн 112 дугаар тогтоолоор батлагдсан бүтцийн дагуу Бүтээгдэхүүн хөгжлийн газрын харьяа Бизнес хөгжлийн газрын захиралд ажлаа тайлагнаж, чиг үүргийн хүрээнд банкны системийн хэмжээнд харилцагчийн үйлчилгээтэй холбоотой ажлыг боловсруулах, системийн хэмжээнд харилцагчийн үйлчилгээг хэрэгжүүлэх, чиглүүлэх, хяналт тавих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/343, 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/383 тоот тушаалаар системийн хэмжээнд харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний албан тушаал хасагдсан. Өмнө нь нэгж болгон дээр харилцагчийн үйлчилгээний 1 мэргэжилтэн байсан. Харилцагчийн үйлчилгээний хэлтэс харилцагчийн үйлчилгээг системийн хэмжээнд бүрдүүлэх, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байсан. Улаанбаатар хотод 78, орон нутагт 53 мэргэжилтэн гэх орон тоог хассан. Харилцагчийн үйлчилгээний хэлтэс өмнө нь хэрэгжүүлж байсан чиг үүрэг, банкны системийн хэмжээнд Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэнг сургах, чиглүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж байсан бол одоо байхгүй. Харин одоогийн харилцагчийн үйлчилгээ мэдээллийн алба өмнө нь харилцагчийн мэдээллийн төв гэсэн нэртэй байсан боловч 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ТУЗ-ийн 12 дугаар тогтоолоор Бизнес хөгжлийн газрын харьяанд Харилцагчийн мэдээллийн төвийг шинээр байгуулахыг зөвшөөр гэсэн бөгөөд энэ өдрөөс эхлэн Харилцагчийн мэдээллийн төв гэж бий болж захирлаар Л.Булгаа байгуулагдсан цагаас нь ажилласан.

Мөн шинэчлэгдсэн бүтцээр байгуулагдсан Харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн албаны захирлаар энэ хүн бас томилогдон ажиллаж байна. Дээрх албаны чиг үүрэг нь харилцагчийн үйлчилгээний бодлого улсын стандартыг тогтоож, харилцагчийн үйлчилгээний төв буюу 1800-1881 гэсэн тусгай дугаар ажиллуулж, харилцагч нарт бүтээгдэхүүн үйлчилгээний талаар зөвлөгөө өгдөг алба юм. Батлагдсан чиг үүргийг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Харин ялгаатай чиг үүрэг нь өмнөх харилцагчийн үйлчилгээний хэлтэс гэх албан тушаалд системийн хэмжээнд харилцагчийн үйлчилгээтэй холбоотой гарын авлага, зөвлөгөөг өгөх боломж боловсруулж, чиглэл өгөх үүрэгтэй байсан. Харин харилцагчийн үйлчилгээ мэдээллийн алба нь харилцагчийн үйлчилгээний стандартыг боловсруулж, харилцагчийн мэдээллийн төвийн тусгай дугаарт хандсан харилцагчдад мэдээ мэдээлэл өгөх, санал гомдол хүлээн авч, түргэн шуургай шийдвэрлүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгож, утсаар үйлчилгээ үзүүлэх гэсэн чиг үүрэгтэй ажилладаг алба юм. “Төрийн банк” ХХК 100 хувь төрийн өмчит аж ахуйн нэгж бөгөөд Сангийн яам нь хувьцаа эзэмшигч юм.

Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 7-1/5765 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр банкны зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт хийж, боловсон хүчний зардлыг бууруулж, 2017 оны эцэс гэхэд дарга, гүйцэтгэх захирал, боловсон хүчний зардлыг 15 хувиас хэтрүүлэхгүй байх чиглэлийг ТУЗ-д өгсөн. Үүний дагуу банкны ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор банкны зохион байгуулалт, бүтцийг өөрчилж 33 хэлтэс байснаас 27 хэлтэс болсон. Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/331 дүгээр тушаалаар газар, хэлтэс, алба, төрийн чиг үүрэг, орон тоог шинэчлэн баталсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг харилцагчийн үйлчилгээний хэлтсийн захирлаар ажиллаж байсан С.Гантуяад мөн хуулийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 2016 дугаар сарын 10 дугаар сарын 17-нд мэдэгдэл гардуулах үед нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахгүй гэсэн учраас тухайн үед мэдэгдэл гардуулахад байлцсан банкны мэргэжилтэн тэмдэглэл үйлдсэнийг хэрэгт нотлох баримтаар авагдсан. Улмаар хуульд заасны дагуу мэдэгдэлд заасан 30 хоногийн хугацаа дуусгавар болохоос өмнө С.Гантуяад ажлын байр санал болгосо боловч хүлээн авахаас татгалзсан. Иймд 30 хоногийн хугацаа дуусгавар болсноор 2016 дугаар сарын 11 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний нөөцийн хорооны хурлын 73 тоот шийдвэр, мөн гүйцэтгэх захирлын 2016 дугаар сарын 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1412 тоот тушаалаар харилцагчийн үйлчилгээний хэлтсийн захирлын албан тушаалд ажиллаж байсан С.Гантуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу С.Гантуяад 8 100 000 төгрөгийн тэтгэмж тооцож олгосон. Энэ бүх арга хэмжээнд Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдлөг болгож ажилласан. Харин нэхэмжлэгч тушаалыг хүлээн авахаас татгалзсан, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн гэдгийг үндэслэл болгож маргасан. Гэтэл тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээрр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.2, Төрийн банкны дүрмийн 9.2.13, 9.2.20, Хөдөлмөрийн дотоод журмын 5.16.1, 5.26, 11.4, ТУЗ-ийн 118 тоот тогтоол, Хүний нөөцийн хорооны хурлын 73 тоот шийдвэрийг тус тус үндэслэж Б/1412 тоот тушаалыг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Гантуяаг “Төрийн банк” ХХК-ийн Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 425 556 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1412 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хууль зөрчсөн болохыг тогтоолгох гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, С.Гантуяагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч “Төрийн банк” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13 417 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож  шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ажил олгогч нь С.Гантуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 16-нд цуцалж ажлаас чөлөөлөхөөс өмнөх хугацаанд түүний ажлыг хүлээн авч, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Банк ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр түүнтэй байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдахыг нэг сарын өмнө мэдэгдсэн, улмаар мөн хугацааны дараа хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуулийг хэлбэрэлтгүй мөрдөж хэрэгжүүлсэн болно. Улсын дээд шүүхийн 15 дугаар тогтоолд: “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталвал зохино. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой зааж, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргана. Ажлаас халсан шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтанд олгоно” гэж тайлбарласан бөгөөд ажил олгогч тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэйг онцолсон зохицуулалт юм. Үүний дагуу С.Гантуяад тэтгэмжийг 3 сараар тооцож олгосныг С.Гантуяа хүлээн авсан нь ажлаас халсан асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгааг анхаарна уу. Түүнчлэн шүүх ажил олгогч болон ажилтны ажил хүлээлцсэн сүүлчийн өдрийг ажлаас халсан өдрөөс тооцож тухайн өдөр тушаал, шийдвэр гаргаагүй нь ажил олгогчийн буруу гэж дүгнэсэн байх хэдий ч С.Гантуяа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаанд шүүхэд хандаагүй байгааг шүүх анхаарч үзээгүй зөвхөн нэг талыг барьж шийдвэр гаргасныг харуулж байна.

Мөн шүүх үйл баримтын он, цаг, хугацааны уялдаа холбоог анхаарч дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, Төрийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Харилцагчийн мэдээллийн төвийг үүсгэн байгуулж, захирлаар С.Булгаа ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог бөгөөд түүнийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс Харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн албаны захирлаар ажиллуулсан нь Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/1206 дугаар тушаалаар нотлогддог. Гэтэл энэ хугацаанд нэхэмжлэгч С.Гантуяа Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн захирлын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд ажил олгогч 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдэл гардуулсныг шүүх нотлогдож байгааг дурдсан. Иймд шүүх С.Булгаагийн ажиллаж буй Харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн төвийн захирлын ажил, албан тушаалыг С.Гантуяагийн урьд эрхэлж байсан ажил албан тушаал мөн гэж үзэж өнгөц дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч С.Гантуяаг Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон нь шийдвэр биелэгдэх боломжгүйг нотолж байна. Нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын ажлын байрыг “Харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн албаны захирал" гэх ажил, албан тушаалын ажлын байртай шууд адилтган үзэж, ажлаа хуулийн дагуу эрхэлж буй С.Булгаагийн эрхэнд шууд халдсан шийдвэр гаргасан нь буруу бөгөөд банк ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг х:рэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондох маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.   

Нэхэмжлэгч С.Гантуяа хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулж гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1412 дугаар тушаал хууль зөрчсөн болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/106 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Гантуяа нь Бизнес хөгжлийн газрын Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн захирлын ажилд томилогдон ажиллаж байгаад, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1412 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдсон байна. /хх 5, 21/

Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Төрийн банкны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.13, 9.2.20 дахь заалтууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоол, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 73 тоот хурлын шийдвэрийг тус тус баримтлан “тус банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар, хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харьяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан” гэсэн үндэслэл заажээ.

Төрийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоол, түүний хавсралтаар банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсны дагуу Харилцагчийн үйлчилгээний хэлтэс бүтцээс хасагдсан Бизнес хөгжлийн газрын Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн ажил үүргийг Бүтээгдэхүүн хөгжил судалгааны газрын Харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн алба гүйцэтгэхээр өөрчилсөн тул бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж хариуцагч тал маргасан. /хх 77-78/

Аливаа байгууллага өөрийн үйл ажиллагааг ямар бүтцээр явуулах, ажилтнуудынхаа ажил үүргийг хэрхэн хуваарилах, ажлын зохион байгуулалтыг хэрхэн өөрчилөх нь тухайн байгууллагын бүрэн эрхийн асуудал боловч энэ нь ажилтнуудын хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон журам, зарчмыг зөрчих үндэслэл болохгүй юм.

Төрийн банкны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.20-т банкны ажилтнуудын ажил үүргийн хуваарийг тогтоох, ажилтныг ажилд авах, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, дуусгавар болгохоор заажээ. Гэтэл Төрийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын 2016 оны 118 дугаар тогтоол, гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1412 дугаар тушаал үндэслэл бүхий болоогүй байна.

Өөрөөр хэлбэл, Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн захирлын гүйцэтгэх ажил үүрэг, шинээр байгуулагдсан, Харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн албаны захирлын ажил үүрэгтэй уялдаатай байх тул орон тоо хасагдсан, өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Ажил олгогч нь нэхэмжлэгч С.Гантуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдэж, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажил хүлээлцсэний дараа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан журмыг хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй.

Анхан шатны шүүхээс хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, орон тоо хасах, орон тоо, бүтцийн өөрчлөлтийн талаар ажилтанд мэдэгдэх зэрэг тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар хийсэн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00521 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Төрийн банк” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                                                     ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                          Д.БАЙГАЛМАА