Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Махайн Риза |
Хэргийн индекс | 110/2019/0053/З |
Дугаар | 053 |
Огноо | 2019-08-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 053
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: ““Л”” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0220170038 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ““Л”” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Х.Х, түүний өмгөөлөгч К.Зулкаш, хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Д.Н, Х.С, Татварын хяналт шалгалтын тасгийн дарга Ө.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
““Л”” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн бараа материал худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч тал болох “Их мөрөөдлийн жигүүр” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зарлагын баримтаар 6 нэр төрлийн 43.818.636.36 төгрөгийн үнэтэй бараа материал худалдан авч, худалдагч талд авсан бараа материалын үнэд 43.818.636.36 төгрөг дээр нэмэгдсэн өртгийн албан татвар 4.381.863.64 төгрөгийн хамт бүгд 48.200.500.00 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар хүлээлгэн өгсөн байгаа юм. Энэ нь “Их мөрөөдлийн жигүүр” ХХК болон ““Л”” ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ”, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зарлагын баримт, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 34936981 тоот төлбөрийн баримт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Гэтэл Баян-Өлгий аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч нар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0220170038 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2 хэсэг, 1.4 дэх хэсэгт зааснаар албан татварт 4.381.863.64 төгрөгийг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний 1.314.559.1 төгрөгөөр торгож, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбарт заасныг болон Татварын Ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалт, Засгийн газрын 2016 оны 30 дугаар тогтоолыг үндэслэн 709 860 төгрөгийн алданги оногдуулсан болохыг холбогдогч ““Л”” ХХК-д тухайн үед мэдэгдээгүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн, мөн хуулийн 4.8-р зүйлд заасан журмаар мэдүүлэг аваагүй, уг хуулийн 4.8 дугаар зүйлийн 11,14 дэх хэсэгт зааснаар мэдүүлгийг танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлд заасан тэмдэглэл үйлдэх журмыг ноцтой зөрчсөн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг танилцуулан гардуулж өгөөгүй, тухайн үед 2018 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын 14-ний хүртэл Казакстан улсад амьдарч байсан учраас 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0220170038 тоот шийтгэлийн хуудсыг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас ““Л” ХХК”-ийн дансны гүйлгээг хаасан үед мэдсэн.
0220170038 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргах үндэслэл бол Татварын ерөнхий хуулийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Үүнд ““Л”” ХХК-ийг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 -д заасныг зөрчсөн гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч" -ийг тодорхойлсон бөгөөд уг хуулийн 5.1-д Монгол улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон болон экспортолсон этгээд, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн, борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна гэж тодорхойлсон. Тэгвэл ““Л”” ХХК нь бараа худалдан авагч учраас “Их мөрөөдлийн жигүүр” ХХК-ийн борлуулсан бараанд төлөх албан татварыг хариуцахгүй болно. Өөрөөр хэлбэл ““Л”” ХХК нь бараа борлуулсан үйл ажиллагаа явуулаагүй болно.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ““Л”” ХХК-нд борлуулсан 43.818.636.36 төгрөгийн барааны нэмэгдсэн өртгийн албан татвар болох 4.381.863.636 төгрөгийг бараа борлуулсан тал болох “Их мөрөөдлийн жигүүр” ХХК нь төлөх хуулийн заалттай. Хариуцагч нар татвар төлөгчийг буруу тодорхойлсон байна.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан байдаг. 2016 оны 06 дугаар сарын зарлагын падаанаар борлуулалт хийсэн үйлдэлд 2017 оны 07 дугаар сарын 01-нд хүчин төгөлдөр мөрдөгдсөн Зөрчлийн тухай хуулийг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.
Зөрчлийн тухай хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн юм. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зөрчилд тооцохгүй болсон, шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, ... эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт шинээр зөрчилд тооцсон, ... шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, ... эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан байдаг юм. Өмнө үйлчилж байсан Захиргааны хариуцлагын тухай хуульд энэ төрлийн зөрчлийг тусгаагүй, зөрчилд тооцоогүй байсан тул шинээр зөрчилд тооцсон учраас буцаан хэрэглэх боломжгүй тул энэ хуулийг хэрэглэх нь зөрчлийн оролцогч бидний эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл гэж гомдол гаргаж байна.
Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хариуцлага тооцож буй нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал зөрчилд тооцож буй борлуулалт нь 2016 оны 06 дугаар сарын 15 -нд хийгдсэн болно. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шийтгэлийн хуудсаар арга хэмжээ тооцсон нь 1 жил 6 сар өнгөрсний дараа хариуцлага тооцож байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснийг илтгэж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн асуудлын хувьд, татварын улсын (ахлах) байцаагчийн актыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл гэх баримтыг 2017 оны 12 дугаар сарын 28-нд үйлдэж, эрх бүхий албан тушаалтнууд тэмдгийг дарж гарын үсэг зурсан байна. Гэтэл ““Л”” ХХК-ийг төлөөлж танилцсан захирал X. Худайберген, ня-бо X. Худайберген гэж бичсэн мөртлөө танилцуулж гарын үсэг зуруулаагүй учраас уг тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн, хууль бус нотлох баримт гэж үзнэ. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан, ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурна гэснийг зөрчсөн.
Зөрчил гаргагч ““Л”” ХХК-ийн тал зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй, зөрчлийн талаар нотлох баримт байхгүй, зөрчил үйлдсэн нь тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 -р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Ярилцлагын тэмдэглэл” гэх бичмэл тэмдэглэл үйлдсэн боловч, татвар төлөгч X. Худайбергенд танилцуулаагүй гарын үсэг зуруулаагүй байна. Эдгээр бичгийн нотлох баримтууд нь зөрчлийг шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтнууд Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хуульд заасан журам зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргасан, мөн хуулийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэргийг танилцуулах заалтыг тус тус зөрчсөн тул Шийтгэлийн хуудас хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна. Иймд Баян -Өлгий аймгийн татварын хэлтсийн 2017 оны 12 -р сарын 28-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0220170038 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч нараас шүүхэд гаргасан тайлбартаа:
Татвар төлөгч ““Л”” ХХК-ийн захирал Х.Х шүүхэд гаргасан гомдолдоо “Их мөрөөдлийн жигүүр” ХХК болон ““Л”” ХХК-ийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бараа материал худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хийгдсэн худалдан авалт нь зарлага бэлэн мөнгөний орлогын баримт мөн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 34936981 дугаар бүхий төлбөрийн баримтаар нотлогдсоор байхад Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчиж татварын улсын байцаагчдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0220170038 дугаар шийтгэлийн хуудсаар 6406282.7 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.
““Л”” ХХК нь “Их мөрөөдлийн жигүүр” ХХК-иас бараа материал худалдан авах гэрээний үндсэн дээр хийгдсэн орлого зарлагын баримт, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 34519402 дугаар бүхий төлбөрийн баримтуудыг хуурамчаар үйлдэж албан татвар ногдох их хэмжээний орлого нуун дарагдуулсан, татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн үйлдлийг тус хэлтсийн хяналт шалгалтын тасгийн байцаагчдаас татварын хяналт шалгалт хийх явцад илрүүлээгүй бөгөөд уг үйлдэл, зөрчлийг Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж байгаа эрүүгийн 201726010637 дугаартай хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 340000490 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчдийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. Мөн Татварын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу хариуцлага ногдуулсан байна.
Мөн татвар төлөгч ““Л”” ХХК-ийн захирал нь татварын улсын байцаагчид нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу мэдэгдээгүй, мэдүүлэг аваагүй мэдүүлгийг танилцуулж гарын үсэг зуруулаагүй, мөн хуулийн 4.13-д заасан “тэмдэглэл үйлдэх журмыг зөрчсөн, гарын үсэг зуруулаагүй, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн” гэх зэрэг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт ..зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” гэж заасан заалтыг үл ойлгон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлтэй андуурч ойлгон олон үндэслэлгүй зүйлүүдийг гомдолд тусгасан нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Учир нь уг зөрчил зөвхөн хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэгдсэн ба Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т ..татвар төлөгч нь акт, дүгнэлтэд гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ хуулийн 18.1.5-д заасны дагуу тайлбараа өгсөн эсэхээс үл хамааран тэдгээрийг татвар төлөгчид гардуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд татварын улсын байцаагч татвар төлөгчид акт, дүгнэлтийг гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж заасан байна.
Татвар төлөгч ““Л”” ХХК-ийн захирал Х.Х нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0220170038 дугаар шийтгэлийн хуудастай танилцаж, актыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан бөгөөд тухайн өдөр зөрчилд шийтгэл оногдуулсан ажиллагааны тэмдэглэл болон зөрчлийн хэрэг материалтай танилцуулсан тухай тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурсан байна.
Хөөн хэлэлцэх хугацааны хувьд авч үзвэл Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д татвар нөхөн ногдуулах алданги торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй, мөн хуулийн 11.2-т татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж заасан байна. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ..зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацааны талаар маргах ямар нэгэн хууль эрх зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байгаа.
Татвар төлөгчдөд хариуцлага оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасанчилсан Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хууль болон НӨАТ тухай хуульд заасан хариуцлагуудыг бус татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн байна гэдгийг ойлгох нь зүйтэй байна.
““Л”” ХХК-ийн захирал Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д заасан татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах эрхийг танилцуулсан боловч хуулийн хугацаанд Татварын Ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасан захиргааны журмаар харьяаллын дагуу гомдол гаргалгүй Татварын ерөнхий хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд.
Татварын ерөнхий хуулийн 72.1.1-т заасан татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийг шууд харьяалах татварын албаны даргад энэ хуулийн 17.1.6-д заасан хугацаанд, мөн хуулийн 72.1.3-д зааснаар татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн шууд харьяалах татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд, 72 дугаар з үйлийн 72.2-т заасан энэ хуулийн 72.1.2, 72.1.4-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь гомдлоо шүүхэд гаргах эрхтэй гэсэн харьяалах дарааллыг зөрчиж гомдол гаргасан байна.
Хэдийгээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ч гомдлоо холбогдох харьяаллын дагуу гаргаагүй мөн татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудастай 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр танилцсан ба Казахстан улс руу явах хүртэл харьяаллын дагуу гомдол гаргах бүрэн боломжтой байсан.
Тус хэлтсийн татварын мэдээллийн баазад 2661217 тоот регистрийн дугаартай ““Л”” ХХК нь нэг гишүүнтэй бөгөөд захирлаар Хусман овогтой Худайберген гэж бүртгэгдсэн байна. Түүнээс хойш ямар нэгэн өөрчлөлт бүртгэгдээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан зөрчлийн хэрэгт татварын мэдээллийн баазаас гаргасан татвар төлөгчийн картыг хавсаргасан болно. Үүнээс үзэхэд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төлөөлөх эрхгүй этгээд хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Татварын улсын байцаагчдаас 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0220170038 дугаар шийтгэлийн хуудсыг баталгаажуулахаар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд хүсэлт гаргасныг тус шүүх нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШЗ2018/0177 дугаар шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шүүгчийн захирамж гаргаж аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлснээр төлбөр төлөгч ““Л”” ХХК-ийн захирал Х.Х нь төлбөрийг хүлээн зөвшөөрч 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлбөрийг бүрэн барагдуулсан болно гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ““Л”” ХХК-ийн захирал Х.Х татвар суутган төлөгчөөр татварын эрх зүйн харилцаанд оролцож байгаа бөгөөд харин татвар төлөгчөөр “Их мөрөөдлийн жигүүр” ХХК оролцож байгаа. Учир нь, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж заасан. Энэ үндэслэлээр ““Л”” ХХК-д бараа материал худалдах, худалдан авах тухай 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Их мөрөөдлийн жигүүр” ХХК-тай байгуулсан гэрээ ёсоор нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч “Их мөрөөдлийн жигүүр” ХХК байгаа. Худалдах, худалдан авах гэрээ ёсоор “Их мөрөөдлийн жигүүр” ХХК-иас ““Л”” ХХК нь нэр төрлийн 48 200 000 төгрөгийн бараа материалыг худалдан авахдаа тухайн барааны үнэ болон нэмэгдсэн өртгийн албан татварыг хамтад нь төлсөн. Энэ талаарх төлбөрийн баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн бэлэн мөнгөний орлогын баримт байна. Татвар төлөөгүй асуудлаар “Их мөрөөдлийн жигүүр” ХХК буруутай болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдож, 677 нэгжтэй иймэрхүү байдлаар гэрээ байгуулж, тэднээс авсан албан татварыг татварын байгууллагад тушаахгүйгээр завшсан нь батлагдсан. Энэ нь, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 196 дугаар шинжээчийн дүгнэлт, мөн дүүргийн улсын байцаагчийн акт, дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдсон. “Их мөрөөдлийн жигүүр” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон явдал нь хохирлыг нөхөн төлөх явдлаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Бүх хохирлыг татвараас зайлсхийх боломж олгосон эсхүл татварын мөнгийг завшсан гэж үзвэл “Их мөрөөдлийн жигүүр” ХХК-иас уг хохирлыг төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Энэ нь Прокурорын тогтоол болон шинжээчийн дүгнэлтээр тодорхой харагдаж байна. Эрүүгийн хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон ч гэсэн хохирол, хор уршгийг гэмт хэрэг үйлдсэн этгээд хариуцах ёстой. Хэрэгт байгаа нотлох баримтаар ““Л”” ХХК нь худалдаж авсан барааны үнэ өртгийг шилжүүлсэн нь нотлогдож байна. “Их мөрөөдлийн жигүүр” ХХК бараа материал худалдсан нь нотлогдохгүй байна гэж тайлбарлаж байна. “Их мөрөөдлийн жигүүр” ХХК нь өөрт нь бараа материал байхгүй гэхэд өөр компаниас зээлэх зэргээр ямар нэгэн аргаар ““Л”” ХХК-нд бараа материал худалдан борлуулсан байж болно. Уг асуудлыг шалгаж тогтоогоогүй, эрүүгийн хэрэгт холбогдуулан ““Л”” ХХК-ийн санхүүгийн баримт бичгийг шалгаж, нэг ч удаа тодруулж асуугаагүй атлаа “Их мөрөөдлийн жигүүр” ХХК-ийн гэрээ байгуулсан бүх компаниудаар нэмэгдсэн өртгийн албан татварыг төлүүлнэ гэвэл зүйд нийцэхгүй. Энэ бол хуулийг ноцтой зөрчсөн асуудал болно.
Нэгэнт бэлэн мөнгөний орлогын баримт болон төлбөрийн “Е” баримт, зарлагын падаан зэрэг нотлох баримтуудыг харахад, “Их мөрөөдлийн жигүүр” ХХК нь ““Л”” ХХК-иас тухайн борлуулсан барааныхаа үнийг, мөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хамтад нь авчхаад өнөөдөр нуун дарагдуулж, татварын албанд тушаахгүй, татвараас зайлсхийсэн байна. Хөрөнгө ашигласан, завшсан үйлдэл нь мөрдөн байцаалтын шатанд нотлогдон тогтоогдсон ба энэ талаар Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолд тодорхой дурдсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хариуцагч талаас 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-т заасан заалтыг үндэслээд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар бичсэн.
Гэтэл тухайн үйлдэл холбогдол гарсан мөчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болоогүй байсан. Иймд хуулийг буруу хэрэглэсэн алдааг нэхэмжлэгч гомдолдоо тодорхой бичсэн ба хариуцагч тал хууль хэрэглээний алдаа гаргасныг хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Татвар төлөгч хүн, хуулийн этгээд нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор тухайлбал Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн зөрчил гаргасан тохиолдолд татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ.
Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нараас 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 020170038 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч ““Л”” ХК-ийг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ үл биелүүлсэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ гэж заасныг зөрчиж, хуурамч падаан ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох нийт 43 818 636.36 төгрөгийн орлогоо бууруулж, 4 381 863.6 төгрөгийн албан татвар төлөхөөс санаатайгаар зайлхийж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хамаарах зөрчил гаргасан гэж үзэж, тус компанийн 43 818 636.36 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох 4 381 863.6 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын 30 хувь болох 1 314 559.1 төгрөгөөр торгож, 709 860 төгрөгийн алдангийн хамтаар нийт 6 406 282.7 төгрөгийг сайн дураар биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байжээ.
Хариуцагч талаас ийнхүү шийтгэл оногдуулсан үндэслэлийг тайлбарлахдаа ““Л”” ХХК нь “Их мөрөөдлийн жигүүр” ХХК-иас бараа материал авах гэрээний үндсэн дээр хийгдсэн орлого, зарлагын баримтуудыг хуурамчаар үйлдэж, 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох их хэмжээний орлогоо нуун дарагдууж, татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл, зөрчил нь Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж байгаа 201726010637 дугаартай эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 340000490 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчдийн дүгнэлт зэргээр тогтоогдсон гэжээ.
Хуулийн этгээд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээндээ 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар ...борлуулалтын үнэлгээний 10 хувиар албан татвар төлөх бөгөөд 14 дүгээр зүйлийн 14.1-д ...хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцно гэж зааж, үүнд 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг хамааруулсан байна.
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий этгээдийг албан татвар суутган төлөгч байна гэж тодорхойлсон ба 5.2.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн этгээд нь хуульд зааснаар татвар суутган төлөгчид хамаардаг бөгөөд нэхэмжлэгч ““Л”” ХХК нь албан татвар суутган төлөгч этгээд мөн байна.
Тус компани нь 2016 оны 6 дугаар сард Татварын хэлтэст гаргасан “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан”-гаар тухайлбал 2016 оны 06 дугаар сард компанийн нийт борлуулалтын орлогоо 104 418 181 төгрөгөөр, нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний үнийг мөн 104 418 181 төгрөгөөр тайлагнаж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан журмаар тухайн сард төлөх 10 441 818.1 төгрөгийн албан татвараас бусдаас худалдаж авсан гэх 104 418 181 төгрөгийн бараа ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар 10 441 818.1 төгрөгийг мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмаар хасч тооцон, төлөх албан татварын хэмжээг 0.0 төгрөгөөр тодорхойлжээ.
““Л”” ХХК-ийн дээрх хугацааны худалдан авалтын бүртгэлээс үзэхэд тухайлбал 2016 оны 06 дугаар сард бусдаас худалдаж авсан гэх 104 418 181 төгрөгийн бараа ажил үйлчилгээний 43 818 636.36 төгрөгийн бараа материалыг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Их мөрөөдлийн жигүүр” ХХК-иас худалдаж авснаар тайлагнажээ.
Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг 5665248 регистрийн дугаартай “Их мөрөөдлийн жигүүр” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын улсын байцаагч нараас хяналт шалгалт хийхэд тус компани нь 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргаж ...34 796 595 966.36 төгрөгийн борлуулалтын орлогыг ХХК-иудтай бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, бараа ,ажил, үйлчилгээ худалдан борлуулаагүй, төлбөр аваагүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр 241 аж ахуйн нэгжид цахим бичилт хуурамчаар бичиж бусдад нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх болгож олгосон зөрчил гаргасныг илрүүлж, энэ талаар 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 34000490 дугаартай Татварын хэлтсийн улсын байцаагчийн дүгнэлт гаргасан байх ба улмаар татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчлийг цагдаагийн газарт шалгуулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр тус компанийн гаргасан гэх зөрчлийг эрүүгийн журмаар шалгах явцад Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 340000490 дугаартай дээрх дүгнэлтэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс эдийн засгийн шинжилгээ хийснээр шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 196 дугаартай дүгнэлтээр дараах нөхцөл байдал тогтоогджээ. Үүнд татварын хэлтсийн улсын байцаагчийн дээрх дүгнэлтээр тогтоосон “Их мөрөөдлийн жигүүр” ХХК нь 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргаж 34 796 595 966.36 төгрөгийн борлуулалтын орлогыг ХХК-иудтай бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, бараа ,ажил, үйлчилгээ худалдан борлуулаагүй, төлбөр аваагүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр 241 аж ахуйн нэгжид цахим бичилт хуурамчаар бичиж бусдад нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх болгож олгосон зөрчил гаргасан гэж үзсэн нь 34 566 154 148.17 төгрөгийн зөрчил болох нь, тус компани нь 2016 онд нийт 34 566 154 148 17 төгрөгийн борлуулалтын орлого тайлагнаснаас ...худалдан авагч аж ахуйн нэгж байгууллагууд нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд буцаалт залруулга хийсэн нэр бүхий 93 аж ахуйн нэгж, байгууллага нийт 15 301 771 935.41 төгрөгийн худалдан авалтын буцаалт хийж, үлдэгдэл нэр бүхий 169 аж ахуйн нэгж байгууллагад 19 264 382 212.76 төгрөгийн худалдан авалтад ногдох 1 926 438 221.28 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдож байгааг, дээрх 169 аж ахуйн нэгж, байгууллагын нэг нь ““Л”” ХХК болох нь тус тус тогтоогджээ.
Дээрх байдлаар “Их мөрөөдлийн жигүүр” ХХК нь 2016 онд нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагуудад нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримтыг бүрдүүлэн өгч бусдын татвар ногдуулах орлогыг санаатайгаар бууруулан ...албан татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон нь, ...тус компаниас 2016 онд худалдан авалт хийсэн гэх худалдан авалтын буцаалтаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнаагүй 169 аж ахуйн нэгжүүд нь нийт 1 926 438 221,28 төгрөгийн албан татвар төлөхөөр тооцогдсон нь, эдгээр аж ахуйн нэгжүүдээс 160 аж ахуйн нэгжийн тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй болох нь, эдгээр аж ахуйн нэгжийн нэг нь 43 818 636.36 төгрөгийн зөрчилтэй ““Л”” ХХК нь болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсныг “Их мөрөөдлийн жигүүр” ХХК-ийн захирал У.Алтанзаяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолд дурдсан байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч ““Л”“ ХХК-нь 2016 онд гаргасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар дээрх байдлаар нийт 43 818 636.36 төгрөгийн бараа материалыг “Их мөрөөдлийн жигүүр” ХХК-иас худалдаж авсан мэтээр тайлагнасан байх боловч бодит байдалд ийм хэмжээний худалдан авалт хийгдээгүй болох нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 340000490 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10д/6570, 12 дугаар сарын 06-ны өдрийн 10д/6590 дугаартай албан бичгүүд, тэдгээрийн хавсралтын холбогдох хэсэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн 2016 онд 43 818 636.36 төгрөгийн бараа материалыг “Их мөрөөдлийн жигүүр” ХХК-иас худалдаж авсан гэх маргаан нь үндэслэлгүй байна.
Ингэснээр ““Л”” ХК нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Их мөрөөдлийн жигүүр” ХХК-иас дээрх байдлаар нийт 43 818 636.36 төгрөгийн худалдан авалт хийгээгүй мөртлөө энэ үнийн дүнд ногдох нийт 4 381 863.6 төгрөгийн албан татварыг тухайн үедээ нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнасан компанийн өөрийн борлуулалтын орлогод ногдох 10 441 818.0 төгрөгийн албан татвараас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасан журмаар хасч тооцуулж, мөн хэмжээний албан татвар төлөхөөс зайлсхийсэн байх тул энэ төрлийн зөрчил гаргасан гэх хариуцагч талын тайлбар, маргаан зөв байх ба нэхэмжлэгчид хуульд зааснаар татвар нөхөн төлүүлж, торгож, алданги ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулахад хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар заасан тул хуулийн этгээдийн 2016 онд гаргасан, Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойшх хугацаанд илэрсэн зөрчилд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч тал нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан боловч мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд нь хуулийн этгээдэд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.
Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж, 4 дэх хэсэгт Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж, 5 дахь хэсэгт шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан.
Нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн зөрчил гаргасан гэж үзэхээр байгаа ба уг зөрчил нь Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх 2016 онд хамаарах боловч энэ үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасан зөрчлийг агуулгаар нь Зөрчлийн тухай хуульд хэвээр хуульчилсан байна.
Тухайлбал хуулийн 74.1.4-т тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийн үнийг өсгөх зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тусгаж баталсан байх ба энэ тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 74.1-д зааснаар ...татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ...татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль оногдуулах зохицуулалт нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт …татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор энэ төрлийн зөрчил гаргасан татвар төлөгчид оногдуулах хариуцлагыг мөн хэвээр хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан гэх дээрх төрлийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулиар шинээр зөрчилд тооцоогүй, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд уг зөрчлийн төрлийг тодорхойлсон, нөгөө талаас Татварын ерөнхий хуульд заасан энэ төрлийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулиар зөрчилд мөн тооцсон тул энэ талаарх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлгүй байна.
““Л”” ХХК-ийг дээрх төрлийн зөрчил гаргасан үед нь үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д болон Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн аль алинд ч дээрх төрлийн зөрчил гаргасан тохиолдолд ...татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулагдсан байх тул ““Л”” ХХК-ийн 2016 оны борлуулалтын орлогод ногдох төсөвт төлөх ёстой татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлтэй биш байна гэж дүгнэлээ.
Маргаан бүхий шийдвэрээс үзэхэд хариуцагч талаас алдангийн хэмжээг тооцохдоо Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбарт энэ хуулийн 1,2,3,4,5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэснийг хэрэглэсэн нь мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5-д заасан ...зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй талаарх зохицуулалтыг зөрчсөн байх боловч энэ нь дараах байдлаар нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байна.
Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэж заасныг Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчилсөн. Үүнд хуулийн 1 дүгээр зүйлээр Татварын ерөнхий хуулийн 74,75 дугаар зүйлийг өөрчлөн найруулснаар 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэж зааж, 4 дүгээр зүйлд энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заажээ.
Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр батлагдаж, хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дагаж мөрдөнө гэж заасныг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж өөрчилсөн.
Түүнчлэн 2015 оны Зөрчлийн тухай уг хуулийг 2017 оны 05 дугаар 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон ба мөн өдөр Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөнө гэж зааснаар энэ үеэс ...нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байх талаарх Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг дагаж мөрдсөн байна.
Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.1-д энэ хуулийн 43.5, 43.6-д заасан буюу татвар төлөгч өөрөө тодорхойлон төлөх ёстой өдрөөс эхлэн түүнийг төлөх хүртэлх хоногийн тоогоор алданги тооцох хугацааг тодорхойлох бөгөөд алданги тооцохдоо хариуцагч талаас Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг хэрэглэх байсан боловч шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгчид төлүүлэхээр тогтоосон алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын 16.1 хувь байгаа нь алдангийн хэмжээ нөхөн төлүүлэх татварын 20 хувиас хэтрээгүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбарт заасныг хэрэглэсэн нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой маргааны хувьд тухайлбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй болсон үндэслэл тогтоогдвол мөн зүйлийн 1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр байгаа ба дээрх байдлаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдсон байх тул эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч оролцсон, эрх бүхий албан тушаалтнаас түүнд оролцогчийн хувьд хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан, шийтгэлийн хуудсыг танилцуулсан нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалаар тогтоогдож байх тул зөрчлийг нотлох баримт байхгүй, зөрчил үйлдсэн нь тогтоогдоогүй байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ““Л”” ХХК-ийн тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0220170038 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА