Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00221

 

А.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01066 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1919 дугаар магадлалтай,

А.С-ийн нэхэмжлэлтэй

Т Б ХХК, А ХХК, ОӨУБЕГ-т тус тус холбогдох, 

Т Б ХХК болон А ХХК-ийн хооронд 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан  3 тоот барьцааны гэрээний Дорноговь аймаг, Замын-Үүд, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 136 дугаар байр, 29 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаанаас чөлөөлүүлж, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, хариуцагч Т Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөлөгч С.Э, хариуцагч ОӨУБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч А.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00958 дугаар шийдвэрээр Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 136-р байр, 29 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон. Гэвч тус байрыг А ХХК нь Т Бтай байгуулсан зээлийн барьцаанд тавьсны улмаас би өөрийн үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна. Шүүхээс Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 136-р байр, 29 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг нэгэнт тогтоосон тул өмчлөлийн байрыг минь Т Бны барьцаанаас чөлөөлүүлэх, хариуцагч Т Б ХХК болон А ХХК нь барьцааны гэрээ байгуулан барьцаалсан нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар А.С-ийн өмчлөх эрхийг зөрчсөн Т Б болон А ХХК-ийн хооронд 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 3 тоот Барьцааны гэрээний Дорноговь аймаг, Замын-Үүд, 1 дүгээр баг, 7- р хэсэг, 136-р байр 29 тоотыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч А.С-ийг бүртгэж өгөхийг ОӨУБЕГ-т даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...А ХХК 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 980.000.000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэйгээр зээлийн 03 тоот гэрээ байгуулан авсан. Т Б ХХК-ийн балансад 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 669.639.201,05 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 71.019.916,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 11.843.513,39 төгрөг буюу нийт 752.502.630,47 төгрөгийг А ХХК-аас гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шүүхийн шийдвэр 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гарсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 136-р байрны 29 тоот орон сууц Т Б ХХК-ийн зээлийн барьцаанд байсаар байгаа ба зээлдэгч А ХХК нь зээлийн гэрээний үүрэг, Шүүхийн шийдвэрийг одоог хүртэл биелүүлээгүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр өмчийн эрх албажин баталгааждаг хууль эрх зүйн орчинд бид албан ёсны буюу А ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Нэхэмжлэлд дурдсан 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тоот шийдвэр Т Б ХХК-д ирээгүй, ашиг сонирхол нь хөндөгдөх гуравдагч этгээдээр шүүх хуралд оролцоогүй юм. Банкны зүгээс А.С-ийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй ба компани зээлийн өрөө барагдуулсан үед барьцааг суллахад татгалзах зүйлгүй болно. А.С- уг асуудлын талаар А ХХК-тай тохиролцон шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Талуудын хооронд бэлэглэлийн үйл баримт гэрээгээр баталгаажаагүй, мөн хамтран ажиллах гэрээнд 136-29 тоот орон сууцыг огт дурдагдаагүй ба А ХХК-ийн албан тоотыг үндэслэсэн нь бодитой биш. Түүнчлэн шаардах эрх хэрхэн шилжсэн талаарх үйл баримтыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 12З.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх шилжүүлэх тухай зохицуулахдаа... Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй шаардах эрх эзэмшигч /Сум дундын 9 дүгээр шүүх/ нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэсэн байдаг. Гэтэл эсрэгээр А.С-ийн хүсэл зоригоор шаардах эрх шилжсэн бөгөөд гэрээ болон үүргийн мөн чанарт харшилсан нь нотлогдоно. Өмчлөгчөөр тогтоосон шүүхийн эцсийн шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч А.С-ийн нэхэмжлэлтэй энэхүү маргааныг шүүх хянахдаа банкны барьцаа хөрөнгийг түүний оролцоогүй шийдэгдсэн шүүхийн шийдвэрийг үндэс болгон дагаж шийдвэрлэх боломжгүй. А.С-ийн эзэмшлийн гэгдэж байгаа уг орон сууцыг банк хурааж авах, худалдан борлуулах ажиллагааг явуулаагүй бөгөөд А ХХК зээлийн төлбөрийн үлдэгдэл өрийг хэсэгчлэн болон бүрэн барагдуулсан тохиолдолд уг барьцаа хөрөнгийг суллаж хууль ёсны өмчлөгчид шилжүүлэх болно. 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн арилжааны гэрээнд ...Сум дундын 9 дүгээр шүүхэд А ХХК-аас үнэгүй олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй 29 тоот 2 өрөө байр нь А ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа ба барьцаанаас чөлөөлөгдсөн үед А.С- өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулан авах эрхтэй гэж тодорхой тусгасан. Иймд иргэн А.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Тус хэргийн гол маргаан нь А.С- болон Т Б ХХК-ийн хооронд байгаа бөгөөд манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч ОӨУБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н-ын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаартай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 136 дугаар байрны 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, 23, 24, 27, 28, 20, 43, 48 тоот орон сууцны өмчлөгчөөр А ХХК /5224144/ бүртгэлтэй байх ба 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Т Б ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 2/13606, 2015 оны 2/3023, 2016 оны 3/34552 тоот албан бичгээр тус тус уг орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт Шүүх арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана гэж заасны дагуу 958 дугаартай шүүхийн шийдвэрийг өнөөдрийн байдлаар тус байгууллагад ирүүлээгүй, мөн А.С- нь Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаагүй. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийхийг хориглоно, 18 дугаар зүйлийн 18.1.8-д Эрхийн улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд болон төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж тус тус заасны дагуу А.С- нь нэхэмжлэлд дурдсан барьцааны эрхээ шүүхээр шийдвэрлүүлж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас орон сууц захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг сэргээсэн албан тоот болон холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлгээр хандаж, уг орон сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой. Иймд ОӨУБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрыг хамтран хариуцагчаар татаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 136 дугаар байрны 29 тоот орон сууцны өмчлөгчөөр А.С-ийг бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ШЕЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: А ХХК болон Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн хооронд 2008 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, тус шүүхэд А ХХК нь 2 өрөө байр өгөхөөр тохиролцжээ. Гэрээний дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 136-р байр, 25 тоот орон сууцыг шүүх өөрийн эзэмшилд авсан байна. Харин Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 958 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 136-р байр, 29 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч А.С-ийг тогтоожээ. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн байрыг А ХХК нь Т Б ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьсан асуудал нь хамтран ажиллах гэрээний оролцогч талуудын хооронд үүссэн маргаан байна. Тус гэрээний дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх уг байрны 25 тоотыг өөрийн эзэмшилд авч, нэхэмжлэгч 29 тоотын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01066 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг тус тус баримтлан Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 136 дугаар байр, 29 тоот орон сууцыг Т Б ХХК-ийн барьцаанаас чөлөөлж, Т Б ХХК болон А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3 тоот барьцааны гэрээний Дорноговь аймаг, Замын-Үүд, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 136 дугаар байр, 29 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож, тус Дорноговь аймаг, Замын-Үүд, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 136 дугаар байр, 29 тоот орон сууцны өмчлөгчөөр А.С-ийг бүртгэхийг ОӨУБЕГ-т даалгаж, нэхэмжлэгч А.С-өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т Б ХХК, А ХХК, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газраас 140.400 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгч А.С-өд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1919 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01066 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул А.С-ийн Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 136 дугаар байр, 29 тоот орон сууцыг Т Б ХХК-ийн барьцаанаас чөлөөлүүлэх, Т Б ХХК болон А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3 тоот барьцааны гэрээний дээрх орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тус орон сууцны өмчлөгчөөр А.С-ийг бүртгэхийг ОӨУБЕГ-т даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх барьцааны гэрээ байгуулах үед А ХХК нь маргааны зүйл болох 136 дугаар байрны 29 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогджээ. Мөн А ХХК болон Т Б хоорондын барьцааны гэрээ байгуулагдсаны дараа өмчлөгчөөр тогтоогдсон, маргааны зүйл болж буй орон сууц нь барьцааны үүрэг ногдуулсан, барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгө болсон байсныг анхаараагүй, шүүх зөвхөн нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоогдсон шийдвэрт үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай хэмээн дүгнэхдээ дор дурдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй. Өмчлөгчөөр тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 958 дугаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх харгалзаж үзээгүй. Үүнд 2008 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу А ХХК Замын-Үүд сум дахь Сум дундын 2 дугаар шүүхэд 2 ерөө байрыг өгөхөөр тохиролцсон буюу барьцааны гэрээ байгуулахаас өмнө тус байрыг шүүхийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон. А ХХК нь хамтран ажиллах гэрээний үүргээ 2015 оны хүртэл биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн орон сууц арилжааны гэрээгээр өөрийн өмчлөлийн 136 дугаар байрны 25 тоот 2 өрөө орон сууцыг шүүхэд шилжүүлж үүний оронд 29 тоот орон сууцны шаардах эрхийг өөртөө шилжүүлж авснаар 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өмчлөгчөөр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, өмчлөгчөөр тогтоогдсон хугацаа 2017 он хэдий ч барьцааны гэрээнээс өмнө нь А ХХК болон шүүхийн хооронд гэрээ хийгдсэн. Хэрэгт авагдсан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 дугаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар А ХХК нь 752.502.630 төгрөгийг төлөхөөр эвлэрч. Харин хариуцагч А ХХК нь анх 980.000.000 төгрөгийн зээл авахдаа нийт 1.447.579.778 төгрөгийн эд хөрөнгийг барьцаалсан ба төлөлт хийгдсээр 752.502.630 төгрөг үлдсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Т Б бусад барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн боломжтой. Нөгөө талаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.4-т зааснаар барьцаанд байгаа эд хөрөнгийн алинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаа сонгох боломжтой. Хэрвээ нэхэмжлэгчийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тохиолдолд өмчлөгчийн эрх зөрчигдөхөд хүрч байна. Мөн дээрх захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн боловч 4 жилийн хугацаанд ажиллагаа хийгдэхгүй байгаа буюу барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байгаа нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчиж байна. А.С- нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шударгаар, хууль ёсны дагуу олж авсан бөгөөд тухайн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад давж заалдах шатны шүүх өмчлөгчийн эрхтэй холбоотой хуулийн зүйл заалтыг хэрэглэлгүй, зөвхөн хариуцагч Т Бны шилжүүлж авсан дагалдах эрхтэй холбоотой буюу барьцаатай холбоотой хуулийн заалтыг хэрэглэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Тухайлбал, Иргэний хуулийн 103, 106 дугаар зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заалтыг тус тус хэрэглээгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 А.С- нь Т Б ХХК, А ХХК, ОӨУБЕГ-т холбогдуулан Т Б ХХК болон А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3 тоот барьцааны гэрээний Дорноговь аймаг, Замын-Үүд, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 136 дугаар байр, 29 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцаанаас чөлөөлүүлж, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, “А ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу  орон сууцыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхийн шийдвэрээр өмчлөгч болсон, барьцааны гэрээ байгуулахдаа өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй” гэснийг, хариуцагч Т Б ХХК “зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А ХХК улсын бүртгэлд бүртгэлтэй байсан учир, хэн нэгний зөвшөөрөл авах шаардлагагүй байсан” гэж, хариуцагч А ХХК “маргаан нь А.С- болон Т Б ХХК-ийн хооронд байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй”  гэж, хариуцагч ОӨУБЕГ- “орон сууц барьцааны эрхээр хязгаарлагдсан байгаа тул өмчлөх эрхийг бүртгэх боломжгүй” гэж тус тус зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

          1. Т Б ХХК болон А ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэгчийн шаардлагыг хангах хууль зүйн боломжгүйг давж заалдах шатны шүүх хэргийн баримтад тулгуурлан дүгнэжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Барьцааны гэрээний холбогдох хэсгийг нэхэмжлэлийн үндэслэлд зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.

Хэргийн баримтаас үзвэл Дорноговь аймаг, Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх, А ХХК-ийн хооронд 2008 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан “хамтран ажиллах” гэрээ, тус шүүх болон нэхэмжлэгч А.С- нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан “арилжааны гэрээ”-ний дагуу Замын-Үүд суманд А ХХК-ийн барьсан 136 дугаар байрны 29 тоот 52.83 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч өмчлөх эрхтэйг тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00958 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Маргааны зүйл болж буй барьцааны гэрээ Т Б ХХК болон А ХХК-ийн хооронд 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан байх ба барьцааны зүйлд  дээр дурдсан 136 дугаар байрны 29 тоот 52.83 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц тусгагджээ.

Барьцааны гэрээ байгуулагдаж байх үед буюу 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр орон сууц нь А ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлтэй байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.  

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцогдох тул барьцаалагч Т Б ХХК-ийн хувьд барьцааны эрхийг олж авахдаа хууль зөрчсөн гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.С-өөс зөвшөөрөл авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

2. Нэхэмжлэгч А.С- шүүхийн шийдвэрээр 29 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон тул тухайн шийдвэрийг гүйцэтгүүлж, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй байна. Нөгөө талаар улсын бүртгэлийн байгууллага нэхэмжлэгчийг өмчлөгчөөр бүртгэхгүй татгалзсан бол тухайн байгууллагын эс үйлдлийн талаар нэхэмжлэгч нь хэргийн харъяаллын дагуу захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах эрхтэй. Хоёр шатны шүүх өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг шийдвэрлэхдээ дээрх байдлыг анхаараагүй байх тул энэ шаардлагатай хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Иймд дээрх үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав.

3. Нэхэмжлэгч А.С- нь шүүхийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн тохиолдолд, тэрээр барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийг шилжүүлэн авах тул Дорноговь аймаг, Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх, А ХХК-ийн хооронд 2008 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан “хамтран ажиллах” гэрээ, тус шүүх болон нэхэмжлэгч А.С- нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан “арилжааны гэрээ”-ний дагуу А ХХК-д шаардлага гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүргээ биелүүлж, эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг шаардах, эсхүл тухайн эд хөрөнгөд ногдох хэмжээний үүргийг А ХХК-ийн өмнөөс Т Б ХХК-д гүйцэтгэж, өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардлага гаргах боломжтой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1919 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “шийдвэрийг хүчингүй болгож” гэсний дараа “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Т Б ХХК, А ХХК, ОӨУБЕГ-т холбогдуулан Т Б ХХК болон А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3 тоот барьцааны гэрээний Дорноговь аймаг, Замын-Үүд, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 136 дугаар байр, 29 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн А.С-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар ОӨУБЕГ-т холбогдох орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгах А.С-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ