Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/62

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Д.М,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,  

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-ийн Д.М-д холбогдох 2128000720040 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Д.М нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 08 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Баялаг энержи ресурс” ХХК-ийн “Хүрэн шанд нүүрсний уурхайн ажилчдын амрах байранд Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж биед нь зүүн талын хацар ясны нумны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Мыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би “Баялаг энержи ресурс” ХХК-ийн Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах “Хүрэн шанд”-ын нүүрсний уурхайд оператор ажил хийдэг юм. Би 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймагт байрлах “Хүрэн шанд”-ын нүүрсний уурхай дахь ажилчдын байранд байрласан юм. 2020 оны 12 дугаар  сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө шөнийн ээлжинд гарчихаад 28-ны өдрийн 07 цагийн орчимд ажлаасаа буучихаад ажилчдын амрах өрөөнд 08 цагийн орчимд орж амраад байж байтал Д.М орж ирээд бид хоёр ажлынхаа талаар ярилцаж байгаад хоорондоо маргалдаж улмаар бид хоёр барьцалдаж аваад Мөнхбат миний нүүрэн тус газар гараараа цохиж, түлхэхээр нь би буцаагаад М-ыг заамдаж аваад хана руу түлхсэн чинь Мөнхбат миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохьсон чинь миний хамраас цус гарч би хамрынхаа цусыг арчаад зогсож байтал дахин миний толгой нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохьсон. Намайг цустай нь хольчихоод гараад явчихсан. Би шууд уурхайн эмч  дээр очиж үзүүлэхэд миний хамар чихэгдээд орчихсон байсныг С эмч багажийн тусламжтайгаар гаргасан. Мөн надад тухайн үед өвчин намдаах тариа, цус тогтоох тариа зэргийг хийсэн. Мөн миний хамрын дотор талд марль чихэж өгсөн. Би гомдолтой байна. Д.М-д хуулийн дагуу хариуцлага тооцуулах хүсэлтэй байна. /хх-ийн 21-22-р хуудас/

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: ...Д.М гэх залуутай хийж байгаа ажлаасаа болж үл ойлголцож хоорондоо маргалдаж улмаар бид хоёр барьцалдаж аваад Мөнхбат миний нүүрэн тус газар гараараа цохиж, түлхэхээр нь би буцаагаад М-ыг заамдаж аваад хана руу түлхсэн чинь Мөнхбат миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохьсон чинь миний хамраас цус гарч би хамрынхаа цусыг арчаад зогсож байтал дахин миний толгой нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохьсон. Тухайн үед бид хоёрыг зодолдож байхад хамт ажилладаг Махбал гэж залуу байсан. Бид хоёрыг салгасан. Надад ямар нэг гомдол  санал байхгүй. Би Мөнхбатаас ямар нэг хохирол мөнгө болон эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. /хх-ийн 31-р хуудас/

Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 12 дугаар сарын 28-ны өглөө 08-09 цагийн хооронд Гурвантэс сумын нутаг болох “Баялаг энержи ресурс” ХХК-ийн Хүрэн шандын уурхайн кемпэд байрлах ажил дээрээ байж байхад манай ажилтан Б-нь ганцаараа орж ирсэн. Тэгээд Б-нь нь “би ажлаас бууж ирээд шкафан дээрээс юм авах гэж байгаад сандал хальтирч унаад орны толгой руу нүүрээрээ цохьсон” гэх өгүүлэмжтэй шанаа нармай руу шархирч өвдөнө гэсэн зовиуртай ирж үзүүлсэн. Би үзлэг хийхэд хамрын хянга орчмоор жижиг хэмжээний арьсны өнгөц зулгарал үүссэн, баруун талын хамрын яс суурь хэсгээрээ чихэгдэж мурийсан байсан. Би баруун талын хамрын ясны хугарал гэсэн онош тавьж, багажийн тусламжтай хамрын ясны хугарлыг засаж чихээсийг гарган, марлаар дотор бэхэлгээ хийсэн. Тэгээд өвдөлт намдаах халдвараас сэргийлэх, цус тогтоох арга хэмжээ авсан. Ингээд би Б-г цаашид чих хамар хоолойн гэмтлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн. Б-нь ээлжнээс буугаад Улаанбаатар хотод очиж үзүүлнэ гэж надад хэлсэн. Биеийн байдал гэмтлийн онцлогоос хамаарч нэн яаралтай тусламж үзүүлэх шаардлагагүй гэж үзсэн учир ээлжнээс буугаад үзүүлэх өөрийн саналыг боломжтой гэж шийдвэрлэсэн. Тэгээд ойрын өдрүүдэд өдөр болгон үзүүлж байхыг зөвлөсөн. Орой нь 17 цагийн үед намайг ажил дээр байж байхад Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Э орж ирээд даралтаа үзүүлж байхад гаднаас Б-нь орж ирээд хамар чихсэн марлаас цус шүүрээд байна гэж хэлсэн. Тэгэхэд Э Б-аас юу болсон талаар асуухад Б-нь “сандал дээрээс хальтирч унаад орны толгойд нүүрээ цохьсон” гэж хэлэхэд Э тайлбар бичүүлж авсан. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн үед Э намайг ажил дээр байхад хүрч ирээд Б-нь хальтирч унаагүй юм байна. Танд худлаа хэлсэн байна. Мөнхбаттай зодолдсон байна гэж хэлсэн. /хх-ийн 38-39-р хуудас/

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 12 дугаар сарын 28-ны орой 19 цагийн орчимд Гурвантэс сумын нутаг болох “Баялаг энержи ресурс” ХХК-ийн Хүрэн шандын уурхайн кемпийн эмч Стай уулзаад даралтаа үзүүлээд сууж байхад гаднаас Б-нь орж ирсэн. Б-нь гаднаас орж ирэхдээ маск зүүчихсэн нүд нь хөхөрсөн байдалтай байхаар юу болсон талаар асуухад Б-нь “өглөө өрөөндөө шкафан дээрээс юм авах гээд сандал дээр гарахад сандал хальтирч орны толгойн төмөр мөргөж унасан” гэж надад хэлэхээр нь би “чи бэртэж гэмтсэн юм бол надад яагаад мэдэгдээгүй юм бэ, надад одоо энэ талаар тайлбар гаргаж өг” гэж хэлээд Б-ньаас тайлбарыг нь бичүүлж аваад “одоо очиж амар” гээд явуулсан. Тэгээд маргааш өглөө 07 цагийн үед би Уулын инженер Аянгатай таарч ийм асуудал гарсан байна гэхэд Аянга “үгүй наад Б-нь чинь Мөнхбаттай хоорондоо маргалдаж зодолдсон байна” гэсэн мэдээллийг надад өгсөн. Би тэгээд тухайн үед Б-ньаас бичүүлж авсан тайлбараа үзүүлээд учрыг олоорой гэж хэлсэн. Өөр мэдэх зүйл надад байхгүй. /хх-ийн 42-р хуудас/

Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 07 цагийн үед Гурвантэс сумын нутаг болох “Баялаг энержи ресурс” ХХК-ийн уурхай дээр явж байгаад ажилчдын байранд Б-нь, М нарыг хоорондоо зодолдсон талаар мэдээлэл авсан юм. Тэгээд би Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Этой таарахад Э өчигдөр Б-нь нь өрөөндөө шкафнаас юм авах гээд сандал дээр гараад хальтирч унаад орны толгойг мөргөсөн байна гэж хэлэхэд нь би “үгүй наад Б-нь чинь Мөнхбаттай хоорондоо маргалдаж зодолдсон байна” гэж хэлсэн чинь Э надад Б-ньаас бичүүлж авсан тайлбарыг гаргаж өгсөн. Би Хүний нөөцийн мэргэжилтэнд өгч компанийн дотоод журмын дагуу Д.М-д захиргааны арга хэмжээ авсан. /хх-ийн 43-р хуудас/

Гэрч О. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 12 дугаар сарын сүүлээр л байх өдрийг нь би мартсан байна. Би өглөөний ээлжнээс буучихаад ажилчдын амралтын байранд коридороор явж байхад нэг өрөөнд хүмүүс зодолдоод байх шиг байхаар нь хаалгаар харсан чинь манай ээлжийн ажилтан Мөнхбат, Б-г хананд шахчихсан нүүр рүү нь цохиж байхаар нь би орж очоод тэр хоёрыг салгасан чинь Б-ньын хамраас цус гараад доошоо тонгойсон. Би М-ыг хойш татаад барьсан чинь Мөнхбат углаашаа өмсье гэхээр нь би М-ыг тавьтал дахиад Б-ньын нүүр рүү 2 удаа цохихоор нь би очоод М-ыг өрөөнөөс аваад гарсан. Тэгээд М-ыг коридор руу гаргаад цааш нь явуулсан. Тэгээд Батбаатар, Махбал нараас “энэ хоёр яасан юм бэ, яагаад хоорондоо зодолдсон юм” гэхэд тэр хоёр учрыг нь олсонгүй гэж хэлсэн. /хх-ийн 46-47-р хуудас/

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Би гадуур хувцсаа тайлах гээд байж байхад Б-нь, Мөнхбат хоёр хоорондоо юм ярьж байгаад Б-нь нь хоёр орны голоос гараараа бариад хөлөөрөө Мөнхбатын өөдөөс жийгээд байсан. Тэгээд тэр хоёр нэг нэгнээ зөрүүлж заамдалцаад өрөөний хажуу талын орны булан руу очсон. Хэн хэнээ шахаад түлхээд байсан. Тэгээд орны булан дээр байж байхад Б-ньын хамраас нь цус гарчихсан байсан. Яг цохиж байхыг нь хараагүй. Би тэр хоёрыг больцгоо гэж хэлсэн. Тэгээд Мөнхбат өрөөнөөс гараад явахад Б-нь өрөөнд үлдэхээр нь бид хоёр нойлын цаас өгч наад цусаа цэвэрлэж арч гэж хэлсэн. Б-нь хамраасаа гарсан цусаа цаасаар арчиж аваад өрөөнөөс гараад явсан. /хх-ийн 49-50-р хуудас/

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Амрах байрандаа ирчихээд амрах гэж байхад гаднаас Б-нь орж ирээд бид нартай ойр зуурын юм яриад сууж байхад Мөнхбат орж ирсэн. Тэгэхэд би ширээн дээр гар утсаа оролдоод сууж байхад Б-нь, Мөнхбат нар хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Урд шөнийн ажлын асуудлаас болоод хэрэлдэж байгаад Б-нь М-ыг цохих гээд чадаагүй хий цохьсон. Тэгээд Б-нь М-ыг заамдаж авахад нь Мөнхбат зөрүүлээд заамдалцаад авсан. Мөнхбат Б-ньын хамар, нүүр рүү 2-3 удаа цохиж авсан чинь Б-ын хамраас цус гарсан. Тэгэхэд гаднаас Алтайбаатар орж ирсэн байх гэж бодож байна. Тэгээд тэр хоёр зодолдохоо болиод Б-нь цусаа гоожуулаад доошоо тонгойсон. Мөнхбат өрөөнөөс гарсан. Ямар хүнтэй гарсныг мэдэхгүй байна. Тэгээд би Б-ньт нойлын цаас авч өгсөн. Удалгүй Б-нь цусаа тогтоогоод гараад явсан. /хх-ийн 52-53-р хуудас/

Шинжээч эмч Т.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Эмчийн магадлагааг өөрөө барьж ирсэн. Тус магадлагаа нь Б.Бын өөрийн байгууллагын эмчийн магадлагаа гэж үзүүлэн өөрөө хэлсэн. Б.Б нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ирж үзүүлсэн бөгөөд тухайн үед хорионд орсон байсан учраас хугацаа алдаж ирж үзүүлж байна гэсэн. Ирж үзүүлэх үедээ “Баялаг энержи ресурс” ХХК-ийн эмчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн магадлагаа, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн магадлагаа, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн толгойн компьютер томограффикийн шинжилгээний бичиг зэрэгтэй ирсэн. Тухайн эмнэлгийн магадлагаа, баримт бичгүүдийг үндэслэж гэмтлийн зэрэг тогтоосон. Энэ бүх баримтуудыг магадлуулагч өөрөө авч ирж өгсөн. /хх-ийн 56-р хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1734 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Б.Бын биед зүүн талын хацар ясны нумны хуучин хугарал, хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн хуучин муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 71-р хуудас/

Шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 12 дугаар сарын 28-ны үед кемпийнхээ амралтын өрөө рүү орсон чинь Б-нь сууж байсан. Бид хоёр нэг ээлжинд гардаг байсан. Б-нь шууд над руу хандаад “чи өчигдөр яагаад томроод байсан бэ” гэхээр нь би “санахгүй байна. Юу болсон юм бэ” гэж асуухад “Хүрэн шанд”-ын уурхайд намайг машинаа урагшаа болгоод зогс гэж хэлдэг жолооч байхгүй шүү. Шинээр ирсэн жолооч нар их даварч байна гэж хэлсэн. Би тэр үед “тэр яах вэ” гэж хэлсэн чинь орноос хоёр гараараа бариад хоёр хөлөөрөө ээлжлээд 4 удаа өшиглөхдөө зүүн гар руу 2 удаа, гэдэс рүү 2 удаа өшиглөсөн. Би тэр үед “за больё. Хоёр хөгшин хүн зодоон хийгээд гээд онигоо болно” гэж хэлсэн чинь “чи муу их давраад байгаа” гэж хэлээд заамдаад авсан. Би заамдуулсан байх үедээ ажлынхаа хувцастай байсан ба ажлын хувцасны захаар намайг боогоод хана руу шахсан. Би олон хоног шөнөөр ажиллаад нойр муутай болоод ч тэр үү боолт их хурдан орж, амьсгаа давчидсан ба тэр үед “чи боль” гэж хэлэхэд улам чангалаад байсан. Хажуу талд зогсож байсан Махбал гэдэг хүнд хаалгаа хаа, хүмүүс цаагуур чинь яваад онигоо болоод байна. Чи Б-г салгаад ав гэсэн чинь огт хөдлөөгүй. Тэгээд боолт ороод ухаан алдахын даваан дээр баруун гараа явуулсан чинь нүүрэн тус газар нь оносон. Уг нь би боолтыг сулруулах гэж цохьсон. Гэмтээх бодол байгаагүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Оны өмнө Б-нь гэдэг хүнд Гурвантэс сумын эрүүл мэндийн төвд үзүүлээд эмнэлэгт хэвтчих гэхэд тэр үед үзүүлэхгүй, надад гомдол санал байхгүй, би чамтай хувийн тооцоо бодно гэж хэлээд эмнэлгээр яваагүй. Ажлаа хийж явж байгаад 3 сарын дараа хотод очиж үзүүлээд эмнэлгийн дүгнэлт гаргуулсанд би эргэлзэж байна. Өөр надад гомдол санал байхгүй. Би Б-ньын биед гэмтэл учруулсан. Өөрийгөө хамгаалах гэж хамар руу нь 2-3 удаа цохьсон. /хх-ийн 84-85-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05–р хуудас/

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн үзлэгийн захиалгын хуудсын баримт /хх-ийн 61-р хуудас/

Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 62-р хуудас/

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Баялаг энержи ресурс ХХК-ийн эмчийн магадлагаа, эмчийн үзлэгийн бүртгэл, Гэмтэл бүртгэл /хх-ийн 73, 109, 110-р хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 74-75-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86-р хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 98-р хуудас/

Дорнод аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 100-р хуудас/

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1087 дугаартай тодорхойлолт /хх-ийн 101-р хуудас/

“Б” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21/78 дугаартай тодорхойлолт /хх-ийн 112-р хуудас/

“Б” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ХН-661 дугаартай захирлын тушаал /хх-ийн 113-р хуудас/

Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 114-116-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 08 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Баялаг энержи ресурс” ХХК-ийн “Хүрэн шанд нүүрсний уурхайн ажилчдын амрах байранд Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж биед нь зүүн талын хацар ясны нумны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Мын үйлдлийн улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь: Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1734 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Бын биед зүүн талын хацар ясны нумны хуучин хугарал, хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн хуучин мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 71-р хуудас/ гэснээр  тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ.

Шүүгдэгч Д.М нь шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 200.000 төгрөг төлөх санал гаргаж, улмаар хохирогч Б.Бт шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч Д.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Мын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй”  /хх-ийн 86-р хуудас/ гэснээр, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 98-р хуудас/, суурь боловсрол эзэмшсэн болох нь: Дорнод аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолтод: Д.М нь 1990-1991 оны хичээлийн жилд Дорнод аймгийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн Б багштай 8д ангийг төгссөн нь үнэн болно. /хх-ийн 100-р хуудас/ гэснээр, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1087 дугаартай тодорхойлолтод: Д.М нь Хан-Уул дүүргийн 21-р хорооны 1019 байрны 39 тоотод ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов. /хх-ийн 101-р хуудас/, “Баялаг энержи ресурс” ХХК-д ажилладаг болох нь: “Баялаг энержи ресурс” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21/78 дугаартай тодорхойлолт /хх-ийн 112-р хуудас/, “Баялаг энержи ресурс” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ХН-661 дугаартай захирлын тушаал /хх-ийн 113-р хуудас/, Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 114-116-р хуудас/ зэргээр тус тус тодорхойлогдож байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овогт Д-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Б.Бт 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА