| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2021/0017/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/19 |
| Огноо | 2021-04-08 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/19
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч ********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127000070011 дугаартай, 146/2021/0017/Э индекстэй хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг, ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******** /РД: ********/ гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн ******** тоотод оршин суух өөрийн гэрээсээ 2020 оны 12 сар, 2021 оны 01 дүгээр саруудад ******** нэртэй фейсбүүк хаягаас мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч ********д Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн ******** тоотод оршин суух өөрийн гэрээсээ 2020 оны 12 сар, 2021 оны 01 дүгээр саруудад ******** нэртэй фейсбүүк хаягаас мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ********гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Тухайн үед шинэ жил болох их дөхсөн байсан. Манай эхнэр хүүхдүүдийнхээ хамт хөдөө өвөөгийндөө байсан. Би тухайн үед Хархорин сумын төвд гэртээ ганцаараа байсан. Манай том хүүхэд хөдөлгөөний дутагдалтай байнга витамин уудаг. Мөн бага хүүхдэд маань памперсны мөнгө хэрэг болдог. Тухайн тоглоомыг хүмүүс фэйсбүүкээр хийгээд байхаар би нэг тоглуулж үзье болохоор юм байна гэж бодоод тоглуулж эхэлсэн. Тоглоом тоглуулаад тодорхой хэмжээний ашиг олж эхэлсэн. Тэр мөнгөөр хүүхдүүдийнхээ хэрэгцээнд зарцуулъя гэж бодсон. Би олсон ашгийнхаа мөнгийг эхнэрийнхээ данс руу шилжүүлж авч байсан. Манай эхнэр хөдөөнөөс ирээд миний утсанд орлого, зарлагын мессеж их ирсэн байна. Энэ ямар учиртай юм бэ гэж надаас асуухад нь би их зүйл яриагүй өнгөрсөн. Манай эхнэрийг гэртээ байж байтал цагдаагийн байгууллагаас утсаар яриад таны данс руу мөрийтэй тоглоомын мөнгө орсон байна. Манай байгууллагад гомдол ирсний дагуу ярьж байна гээд шалгуулж эхэлсэн. Би хуулиа сайн мэдэхгүй байдлаас болж ийм гэмт хэрэг үйлдсэн. Миний буруу. Мөрийтэй тоглох нь гэмт хэрэг гэж би тэр үед мэдээгүй. Дахиж мөрийтэй тоглохгүй гэв.
Гэрч ********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2020 оны намар 8-9 дүгээр сарын үед нээж байсан ******** нэртэй фэйсбүүк хаягтай, миний нэр дээр бүртгэлтэй хаяг байдаг. Нөхөр бид хоёр хоёулаа л ашигладаг хаяг байгаа юм. Ерөнхийдөө миний үндсэн ашигладаг хаяг биш. Би энэ талаар сайн хэлж мэдэхгүй байна. Би 2 хүүхдийн хамтаар 2020 оны 12 дугаар сарын 20-нд гараад Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багийн нутагт ******** гэх газарт өөрийн өвөө ********гийнд байсан ба өвөөгийндөө 2020 он гаргасан юм. Нөхөр маань Хаан банкны дансгүй болохоор миний ******** дугаарын дансыг нөхөр бид 2 хамтдаа хэрэглэж ашигладаг. Мөнгө орж ирэхэд миний утсанд мессеж ирдэг. Тухайн үед би хөдөө сүлжээгүй байсан учраас ямар нэгэн мэдээлэл ирээгүй. 2021 оны 01 дүгээр сарын 11, 12-ны үеэр хөдөөнөөс гэртээ ирсэн. Маргааш өглөө нь 10 цагийн үед над руу цагдаагийн байгууллагаас залгаж цахим орчинд таны дансаар мөнгө орж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан байна та ирж мэдүүлэг өгөх хэрэгтэй байна гэхээр нь би энэ талаар сайн мэдэхгүй байна гэж хэлчихээд, нөхөр ********гээс тодруулж асуухад надад нээх онц зүйл яриагүй би хөзөр тоглосон юм гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/,
Гэрч ********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2020 оны 12 дугаар сарын сүүлээр цаг хугацааг нь сайн санахгүй байна. Гэртээ фэйсбүүк ухаад хэвтэж байхад лайв хийгээд фокер тоглуулж байхаар нь би нэг тоглоод үзье гэж бодоод орж тоглосон юм. Би 1-2 удаа 10.000 төгрөгөөр тоглосон. Тухайн лайв хийж тоглуулж байсан хүний хаягийг нь сайн санахгүй байна. Ямартай ч smile-тай хаяг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Хаан банкны ********гийн эзэмшлийн ******** дугаартай дансны хуулганы хуулбар /хх-ийн 27-42 дугаар хуудас/,
Хаан банкны ********гийн эзэмшлийн ******** дугаартай дансны орлого зарлага тооцсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/,
зэрэг болно.
Шүүгдэгч ******** нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн ******** тоотод оршин суух өөрийн гэрээсээ ******** нэртэй фейсбүүк хаягнаас мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн ...Мөрийтэй тоглоом фэйсбүүкээр лайв хийж 544000 төгрөгийг ашиг олсон гэх мэдүүлэг, гэрч ********гийн ...2020 оны намар 8-9 дүгээр сарын үед нээж байсан ******** нэртэй фэйсбүүк хаягтай, миний нэр дээр бүртгэлтэй, нөхөр бид хоёр хоёулаа л ашигладаг хаяг байгаа юм. Нөхөр маань Хаан банкны дансгүй болохоор миний ******** дугаарын дансыг нөхөр бид 2 хамтдаа хэрэглэж ашигладаг. Мөнгө орж ирэхэд миний утсанд мессеж ирдэг. Тухайн үед би хөдөө сүлжээгүй байсан учраас ямар нэгэн мэдээлэл ирээгүй. 2021 оны 01 дүгээр сарын 11, 12-ны үеэр хөдөөнөөс гэртээ ирсэн. Маргааш өглөө нь 10 цагийн үед над руу цагдаагийн байгууллагаас залгаж цахим орчинд таны дансаар мөнгө орж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан байна та ирж мэдүүлэг өгөх хэрэгтэй байна гэхээр нь би энэ талаар сайн мэдэхгүй байна гэж хэлчихээд, нөхөр ********гээс тодруулж асуухад надад нээх онц зүйл яриагүй би хөзөр тоглосон юм гэж хэлсэн гэх мэдүүлэг, Гэрч ********ын ...2020 оны 12 дугаар сарын сүүлээр цаг хугацааг нь сайн санахгүй байна. Гэртээ фэйсбүүк ухаад хэвтэж байхад лайв хийгээд фокер тоглуулж байхаар нь би нэг тоглоод үзье гэж бодоод орж тоглосон юм. Би 1-2 удаа 10.000 төгрөгөөр тоглосон. Тухайн лайв хийж тоглуулж байсан хүний хаягийг нь сайн санахгүй байна. Ямартай ч smile-тай хаяг байсан... гэх мэдүүлэг, ХААН банкны ********гийн эзэмшлийн ******** дугаартай дансны хуулганы хуулбар, ХААН банкны ********гийн эзэмшлийн ******** дугаартай дансны орлого зарлага тооцсон тухай мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ********г Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн ******** тоотод оршин суух өөрийн гэрээсээ 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл ******** нэртэй фейсбүүк хаягнаас мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч ******** нь ******** нэртэй фейсбүүк хаягнаас мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулснаар гэмт хэрэг төгссөн бөгөөд хохирол учирсан байхыг шаардахгүй юм.
Мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж шүүгдэгч ******** нь 544000 төгрөгийн ашиг олсон байх тул гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус ашиг орлогыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хурааж улсын орлого болгох хуулийн зохицуулалттай.
Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 544000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн болно.
Шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********гээс гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус ашиг болох 544000 /таван зуун дөчин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА