| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2021/0019/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/21 |
| Огноо | 2021-04-20 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/21
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч ********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127000090014 дугаартай, 146/2021/0019/Э индекстэй хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******** /РД: ********/ гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь 2020 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг ******** гэх газрын ойд 72 ширхэг шинэс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ******** улсын дугаартай ******** маркийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэж байгаль экологид 3,511,694 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ********ы шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2020 оны 11 дүгээр сарын эхэн үеэр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэр “********”, “********” гэх газар луу түлээний мод бэлтгэх гэж яваад унанги байсан шинэс моднуудыг тайраад хашаандаа авчирч буулгасан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу гэв.
Иргэний нэхэмжлэгч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...******** надаас мод бэлтгэх эрхийн бичиг 2020 онд аваагүй. Тухайн хүний хийсэн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн Байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актанд тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. ...Тус газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй. Орчны бүсэд хамаардаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Нойтон шинэс модыг унагаж бэлтгэсэн байна. ********ы бэлтгэсэн нийт 72 ширхэг мод нь бүгд түлшний мод биш хэрэглээний нойтон мод байна. Хэрэглээний модны чанар байдлыг бүрэн хангаж байна. 22 ширхэг хуурай шинэс мод нь унанги мод боловч ********ы авсан мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан нөхцөлийг хангахгүй байгаа тул мөн адил хэрэглээний мод гэж үзэхээр байна. Надад үзүүлсэн эрхийн бичиг нь өрхийн түлээний мод бэлтгэх эрхийн бичиг байна. ********ы бэлтгэсэн модыг хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгээр бэлтгэх ёстой... гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Гэрч ********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би тус машиныг 2018 онд ********д худалдсан юм. Машинтай холбоотой мөнгөний өгөө аваа байхгүй. Тус машин нь хэдий миний нэр дээр байдаг боловч ********ы өөрийнх нь эзэмшлийн автомашин байгаа юм. Машины бичиг баримтыг шилжүүлж өгөх гэж байгаад миний зав чөлөө байхгүй байсан учир машины бичиг баримтыг шилжүүлж өгч амжаагүй явна... гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
Гэрч ********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...******** нь миний нөхөр байгаа юм. Бид 2 гэр бүл болоод 2 жил гаран болж байна. ...Би Архангай аймагт гэртээ байж байгаад ирсэн. ...Маргааш өглөө нь манай сумын цагдаа нар манай гэрт ******** дээр ирсэн юм. Тухайн үед ******** мод бэлтгээд хашаандаа оруулаад хураачихсан байсан юм байна лээ. Цагдаа нар манай хашаанд орж ирээд хураасан байсан модны эрхийн бичгийг асуусан бөгөөд нөхөр ******** ямар нэг мод бэлтгэх эрхийн бичиг гаргаж өгөөгүй тул хураасан байсан модыг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Сум дундын Ойн ангийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаартай: ...Бөөрөнхий нойтон мод нь 3.17шоо метр х 570216төг х 1.8=3253652, Бөөрөнхий хуурай мод нь 0.85шоо метр х 168655төг х 1.8=258042, Нийт үнэлгээ нь 3511694 төгрөг болж байна... гэсэн дүгнэлт /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг ******** ******** гэх газрын ********, ******** солбилцол нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдахгүй болно... гэсэн 32 дугаартай албан бичиг, хавсралт зураг /хх-ийн 20, 21 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15/04/336/03 дугаартай акт /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Шүүгдэгч ********ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******** ******** маркийн тээврийн хэрэгсэлийг үзлэг хийсэн тэмдэглэл, зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15 дугаар хуудас/,
Шүүгдэгч ********ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22, 34-35 дугаар хуудас/,
Шүүгдэгч ********ы гэмт хэрэг үйлдэж олсон 72 ширхэг хуш модыг битүүмжилсэн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11, 28-31 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр хуудас/,
зэрэг болно.
Шүүгдэгч ********д Прокурорын газраас 2020 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг ******** гэх газрын ойд 72 ширхэг шинэс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ******** улсын дугаартай ******** маркийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэж байгаль экологид 3,511,694 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч ********ы ойгоос бэлтгэсэн мод нь нойтон шинэс мод, хэрэглээний зориулалтын мод байх бөгөөд Ойн тухай хууль, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Ойгоос мод бэлтгэх журам зааснаар ойгоос хэрэглээний модыг бэлтгэх зөвшөөрлийг зөвхөн нөхөрлөл, хуулийн этгээдэд олгох бөгөөд хувь хүнд олгохгүй, ойгоос мод бэлтгэх гэрээ байгуулж эрхийн бичиг олгогдсоноор ойгоос мод бэлтгэх эрх үүсэхээр заасан байна.
Шүүгдэгч ******** нь 2020 оны 11 дүгээр сард зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч ********, ******** нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ********ийн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, улсын байцаагчийн акт, сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, 72 ширхэг шинэс модонд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ********ыг 2020 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг ******** гэх газрын ойд 72 ширхэг шинэс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ******** улсын дугаартай ******** маркийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэж байгаль экологид 3,511,694 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нь нойтон, хуурай шинэс мод ойгоос бэлтгэж байгаль орчинд 3511694 төгрөгийн хохирол учруулсан нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаартай ойн байцаагчийн актаар тогтоогдож байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр ногдуулах хуулийн зохицуулалттай тул 10,535,082 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулахаар шийдвэрлэсэн улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь нөхөн төлбөрт 4000000 төлсөн нь ХААН банкны гүйлгээний баримтаар тогтоогдож байна. Нөхөн төлбөр 6535082 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нөхөн төлбөрт 1,500,000 төгрөгийг Төрийн банкаар шилжүүлэхдээ өөр данс руу шилжүүлснийг залруулсан нь иргэний нэхэмжлэгчийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Шүүгдэгч анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэж ирсэн 472,000 төгрөгийн үнэлгээтэй 72 ширхэг шинэс модыг хурааж үнийг нь улсын орлогод оруулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн эзэмшлийн ******** маркийн 6200000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэлийг хурааж, худалдан борлуулж үнийг нь нөхөн төлбөрт төлөхөөр зарцуулах нь зүйтэй.
96-76 ӨВА улсын дугаартай ******** маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх ба уг тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгч нь ******** гэж тэмдэглэсэн боловч ******** нь ********д 2018 онд худалдсан, төлбөрийн тооцоо байхгүй, эзэмшигч нь ******** гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ********ы эзэмшлийнх мөн гэж үзэж гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор хураасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг устгах нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан нөхөн төлбөр 6,535,082 төгрөгийг шүүгдэгч ********аас гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэж ирсэн 472,000 төгрөгийн үнэлгээтэй, 72 ширхэг шинэс модыг хурааж үнийг нь улсын орлогод оруулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн эзэмшлийн ******** маркийн 6,200,000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэлийг хурааж, худалдан борлуулж үнийг нь нөхөн төлбөрт төлөхөөр зарцуулсугай.
6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
7. Прокурорын тогтоолоор 72 ширхэг шинэс модыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжилж няравт хариуцуулсан, ******** улсын дугаартай ******** маркийн тээврийн хэрэгсэлийг шүүгдэгчид хариуцуулж битүүмжилсэн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөө нэг ширхэгийг устгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА