Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/28

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Нарийн бичгийн дарга: А.Батцог, 

Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч ********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127000000026 дугаартай, 146/2021/0026/Э индекстэй хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо баг, ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгээр зүйлчлэн мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, ********т /РД: ********/ гэв.

                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******** нь 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн нутаг дэвсгэр, ******** тоотод өөрийн төрсөн аав ********ыг сандлаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Манай аав гэртээ хүмүүс цуглуулж архи их уудаг. Аавтай хамт архи уусан хүмүүс нь надад агсам согтуу тавиад байдаг. Манай аав архи уусан үедээ ээж, бид хоёрыг дарамтлаад байдаг. Тухайн өдөр би архи уучихсан байсан. Тэр уурандаа аавыгаа сандлаар цохисон. Миний буруу гэв.

Хохирогч ********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би мэдүүлэг өгөхгүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Гэрч ********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тухайн өдөр нөхөр бид 2 гэртээ байж байгаад би 16 цаг өнгөрч байхад эмнэлэг орж даатгалынхаа эмийг бичүүлэх гэж оччихоод 18 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр ******** өөр 2 хүний хамтаар архи уугаад сууж байсан. Тэгээд намайг орж ирээд удалгүй нөгөө хүмүүс нь гараад явчихсан. Удалгүй нөхөр ******** унтаад өгсөн би ч аргал түүхээр гараад явсан. Би аргал түүчхээд нар жаргах үед гэртээ ирэхэд ******** ирчихсэн, нөхөр ********ын толгойн хэсэг бүхэлдээ цус болчихсон, шалаар дүүрэн цус болчихсон байхаар нь юу болсон талаар асуухад ******** хэлэхдээ аав мотоциклтойгоо суваг руу уначихлаа гэж хэлсэн. Би тухайн үед нь юу ч хэлээгүй, мотоциклоос унасан гэмээргүй, мотоцикл нь хашаандаа хөдөлсөн шинжгүй байсан. Тэгээд цусыг нь тогтоох гээд их үзсэн цус нь тогтохгүй болохоор нь түргэн дуудаачээ гэхэд ******** 103 руу залгаж байх шиг байсан. Нилээн орой 23-00 цагийн хооронд түргэн ирээд нөхөр ********ыг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 Гэрч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...******** архи уух их дуртай, ганцаараа ч хамаагүй уучихдаг, 7 хоногт ойролцоогоор 2-3 хоног нь ууна, мөнгө төгрөг олдвол архи уучих гээд байдаг хүн байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ их догшин, ер нь хүүхэд ч бай том хүн ч бай гарт тааралдсан эд зүйлсээрээ цохичих гээд далайгаад айлгаад байдаг хүн байгаа юм. ...2021 оны 03 дугаар сарын 11-ний орой аавын толгойг модон сандлаар цохисон гэж ээж маань маргааш өглөө нь мэдэгдсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч ********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би тухайн өдөр Хархорин суманд өөрийн гэртээ амарч байхад манай ажил болох Нэгдсэн эмнэлгээс дуудаж “мотоциклоос унаж толгойгоо хагалсан, цус их гоожсон хүн ирлээ” гэж мэдэгдсэн. Тухайн үед бараг шөнийн 00 цаг болж байсан. Би эмнэлэг дээр ирэхэд 70 орчим настай эрэгтэй толгойн зулай, дагз хэсэгтээ язарсан гэмтэлтэй байсан ба би цэвэрлэгээ хийж, оёдол тавьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ...********ын биед толгойн орой хуйханд, дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй гэмтэл байна... гэх 141 дугаартай дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дүгээр хуудас/,

Шүүгдэгч ********ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан модон сандал 1 ширхэг, цагаан өнгийн даавууны 5 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12, 14, 17 дугаар хуудас/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/,

зэрэг болно.

Шүүгдэгч ********т Прокурорын газраас 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн нутаг дэвсгэр, ******** тоотод өөрийн төрсөн аав ********ыг сандлаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар зүйлчилж , яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч ******** аав ********ыгоо сандлаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь гэрч ********гийн ...гэртээ ирэхэд ******** ирсэн байсан. Нөхөр ********ын толгойн хэсэг бүхэлдээ цус болсон, шалаар дүүрэн цус байсан. ...түргэн ирээд аваад явсан. Нөхөр ******** тухайн хүнтэй 3-уулаа 2 шил Хараа нэртэй архи хувааж уусан байх, сүүлд харахад 2 ширхэг архины шил байсан. Цусыг ******** цэвэрлээд байж байсан гэх, гэрч ********ийн ...аавын толгойг модон сандлаар цохьсон гэж маргааш нь ээж хэлсэн гэх, гэрч ********ын ...70 орчим насны эрэгтэй, толгойн зулай, дагз хэсэгтээ язарсан гэмтэлтэй байсан. Би цэвэрлэгээ хийж оёдол тавьсан гэх мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, ...********ын толгойн орой хуйханд, дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна гэх шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд ...Тухайн өдөр би архи уучихсан байсан. Тэр уурандаа аавыгаа сандлаар цохисон гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ********ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирсэн хэргийн байдалтай тохироогүй байна.

Шүүгдэгч ******** нь өөрийн эцэг ********ыг гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг нь далимдуулан байнга зодож байсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, тохиолдлын нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн шинж хэрэг авагдсан баримтаар  шүүгдэгчийн үйлдэлд тогтоогдоогүй.

Улсын яллагч яллах дүгнэлтдээ ...өөрийн төрсөн аав ********ыг сандлаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн өөрөөр хэлбэл яллах дүгнэлтдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж ирүүлээгүй атлаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн  нь үндэслэлгүй болжээ.

Иймд шүүгдэгч ********т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн агуулга, шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан болно.

Хохирогч ******** хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй байна.

Хохирогч гэр орондоо бусадтай архи уусан, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн зэргийг харгалзан торгох ял шийтгэл оногдуулав.

Цаг үеийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон сандлын хэсгүүд, цагаан өнгийн даавууны 5 хэсэг зэргийг устгах нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг дурдав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********т яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж зүйлчилсүгэй.

            2. Шүүгдэгч ********ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5.  Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

            6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон сандлын хэсгүүд, цагаан өнгийн даавууны 5 хэсэг зэргийг устгасугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                                            

                                 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ДУЛМАА