Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 184/2017/03303/И |
Дугаар | 001/ХТ2019/00222 |
Огноо | 2019-02-19 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2019/00222
А Б ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/01478 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2028 дугаар магадлалтай,
А Б ХХК-ийн нэхэмжлэлтэй
Б.С-д холбогдох,
Бусдын хууль бус эзэмшлээс хувийн сууц чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, газар болон хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй, бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч А Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...А Б ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хувийн сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруу, 384 гарам 19 гудамж, 1 тоот хаягт байрлах, 144 м.кв талбай бүхий, эрхийн бүртгэлийн Ү-2201030617 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг 20.000.000 төгрөгөөр худалдан авсан. Иргэн Б.С- нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч татгалзсан тул 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүгчийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарч, энэхүү асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн. Банкны зүгээс Б.С-ын хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, тодорхой санал тавих, боломж олгох зэргээр хувийн сууцыг чөлөөлж өгөх хугацааг сунгасаар байсан. Иймд тус банкны өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун, 384 гарам 19 гудамж, 1 тоот, Ү-2201030617 тоот улсын бүртгэлийн дугаартай, орон сууцыг иргэн Б.С-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.С-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Би А Б ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 20.000.000 төгрөг, жилийн 37.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай №2105006169 тоот зээлийн гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүргийн, 32 дугаар хороо, Баруун туруун, 384 гарам 19 гудамж 1 тоотод байрлах 144 м.кв талбай бүхий, эрхийн бүртгэлийн Ү-2201030617 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг, эрхийн бүртгэлийн Г-2201012433 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт барьцаалсан. Улмаар 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр амаржсан, мөн өндөр насны өвчтэй ааваа асардаг шалтгааны улмаас зээлээ графикийн дагуу төлж чадахгүй хоцроож байсан. Гэтэл А Б ХХК-аас надтай холбогдон тухайн зээлийн гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөр дээрээ хашаа байшингаа санхүүгийн түрээсийн гэрээгээр буцаан авах боломж олгож байна гэж мэдэгдсэн. Би уг саналыг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээг цуцлан санхүүгийн түрээсийн гэрээг байгуулах гэтэл А Б ХХК-иас та эхлээд худалдах-худалдан авах гэрээ байгуулаад хөрөнгөө банкны нэр дээр шилжүүлээд өгчих гэснийг би зөвшөөрч, гэрээ байгуулж банкны нэр дээр шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан шаардлага болон тайлбарт: ...Д.Т- нь Б.С-ос 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр худалдах-худалдан авах гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Гарам 19-1 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201012433 дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбай бүхий газрыг худалдан авсан. Гэвч иргэн Б.С- нь одоог хүртэл дээр дурдсан газрыг чөлөөлөх тухай тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байна. Иймд уг газрыг иргэн Б.С-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.С-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Миний бие зээлээ графикийн дагуу төлж чадахгүй хоцроож байсан нь үнэн бөгөөд А Б ХХК-аас надтай холбогдон тухайн зээлийн гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөр дээрээ хашаа байшингаа санхүүгийн түрээсийн гэрээгээр буцаан авах боломж олгож байна гэж мэдэгдсэн. Би уг саналыг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээг цуцлан санхүүгийн түрээсийн гэрээг байгуулах гэтэл А Б ХХК-иас та эхлээд худалдах-худалдан авах гэрээ байгуулаад хөрөнгөө банкны нэр дээр шилжүүлээд өгчих гэснийг би зөвшөөрч, гэрээ байгуулж банкны нэр дээр шилжүүлсэн. Иймд намайг дээрх хувийн сууц болон Г-2201012433 тоот улсын бүртгэлийн дугаартай газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Хариуцагч Б.С- нь 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр А Б ХХК-аас 20.000.000 төгрөгийг зээлсэн бөгөөд зээлээ цаг хугацаанд нь төлж чадахгүйд хүрч, зээлийн барьцааны үл хөдлөх хөрөнгөө банкны өмчлөлд шилжүүлэн өгч, зээлийн өр төлбөрөө барагдуулах санал гаргасан. Үүний дагуу 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч Б.С-той хувийн сууц худалдах-худалдан авах болон газар худалдах-худалдан авах гэрээг тус тус байгуулсан. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан шаардлагын дагуу газрыг өмчлөх эрхтэй субъект нь зөвхөн Монгол Улсын иргэн байх тул А Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Т-гийн нэр дээр газрыг хариуцагч Б.С-ос худалдан авсан. Үүний дараа Б.С- нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр А Б тай байгуулсан хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ, Д.Т-тэй байгуулсан газар худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэргийг хянан шийдвэрлэгдэх явцад Б.С- нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газрын өмчлөх эрхийг А Б ХХК болон Д.Т- нар нь Б.С-ос худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр олж авсан бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдал нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, хүчин төгөлдөр болсон тул энэ асуудлаар дахин маргах шаардлагагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/01478 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.С-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Аригбанк ХХК-ийн нэхэмжлэлийг, гуравдагч этгээд Д.Т-гийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.С-ыг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруу 384 гарам, 19 гудамж, 1 тоот хаягт байрлах 144 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрших 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 289.950 төгрөгөөс 70.200 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн 117.350 төгрөгөөс 70.200 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч А Б ХХК-аас 70.200 төгрөг гаргуулан хариуцагч Б.С-д, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас 219.750 төгрөгийг гаргуулан А Б ХХК-д, 47.150 төгрөгийг гаргуулан Д.Т-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2028 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/01478 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.С-ын хууль бус эзэмшлээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруу, 384 гарам, 19 гудамж, 1 тоот хаягт байрлах 144 м.кв талбай бүхий хувийн сууц болон мөн хаягт байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг чөлөөлж, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.С-ын, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээж гэсний дараа хариуцагч Б.С-ос 140.400 төгрөгийг гаргуулан үүнээс 70.200 төгрөгийг нэхэмжлэгч А Б ХХК-д, 70.200 төгрөгийг гуравдагч этгээд Д.Т-д тус тус олгож, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас 219.750 төгрөгийг гаргуулан А Б ХХК-д, 47.150 төгрөгийг гаргуулан Д.Т-д тус тус буцаан олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 257.950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 117.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцааж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалд ”Мөн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн хооронд хийсэн барьцаа хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээнүүдийг хууран мэхэлж хийсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй учир зохигчийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж үзнэ” гэж үзсэн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар тайлбарлавал Б.С-ос үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч А Б ХХК болон Д.Т-д шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх үүрэгтэй бөгөөд хэрэгт цугларсан бичмэл баримтаар худалдаж авсан хөрөнгийн үнийг төлсөн болох нь тодорхойгүй байна. Маргаан бүхий иргэний хэрэгт маргалдагч талуудын тайлбар болон зээлийн үүргийг дуусгавар болгож буй үйл баримтаас үзэхэд худалдах-худалдан авах харилцаа үүсээгүй, уг хэлцэлийг дүр үзүүлэн хийсэн шинжтэй бөгөөд тус хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг зэргийг харгалзаж үзээгүй байна. Мөн Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.4-т “Ипотекийн зүйлийн шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмыг хуулиар тогтооно” гэж заасан ба Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Барьцаалагч, барьцаалуулагч нь энэ хуулийн 11.2-т зааснаар харилцан тохиролцсон бол барьцааны зүйлийг шууд худалдаж болно”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Хуульд заасан бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангаж болно”, 44 дүгээр зүйлийн 44.4.1-т “газрыг шүүхээс гадуур худалдахыг хориглоно” гэж тус тус заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” хэмээн тус тус заажээ. Дээрх хуулийн зүйл заалтуудаас үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Баруун туруу 384 гарам, 19 гудамж, 1 тоотод байрлах 144 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв бүхий газрыг албадан худалдаж үнээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байхад худалдах-худалдан авах гэрээгээр өмчлөлдөө шилжүүлсэн нь хуульд нийцээгүй. Иймд магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
А Б ХХК, Б.С-д холбогдуулан хууль бус эзэмшлээс Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Баруун туруу 384 гарам, 19 дүгээр гудамж, 1 тоот хаягт байрлах 144 м.кв талбай бүхий хувийн сууцыг чөлөөлүүлэхээр шаардаж, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр А Б ХХК, Б.С- нарын хооронд байгуулагдсан сууц худалдах-худалдан авах гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгожээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Т- гуравдагч этгээдээр оролцож, дээрх хаягт байрлах 700 м.кв талбай бүхий газрыг Б.С-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх бие даасан шаардлага гаргаж, Д.Т-, Б.С- нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан газар худалдах-худалдан авах гэрээг үндэслэсэн байна.
Б.С- нь нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа хувийн сууц болон газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэл, бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэл, бие даасан шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна. Иймд магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
1. Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүйгээс гадна Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.
А Б ХХК, Д.Т- нар нь маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан нь, Б.С-ын эзэмшил хууль бус болох нь тус тус тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд шаардах эрх үүснэ.
А Б ХХК, Б.С- нар, мөн Д.Т-, Б.С- нарын хооронд тус тус байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ, уг гэрээг үндэслэн хувийн сууц А Б ХХК-ийн, газар Д.Т-гийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй байна.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Учир нь, зохигчийн тайлбараас үзвэл Б.С-д А Б ХХК нь хувийн сууцны үнэд 20.000.000 төгрөг, Д.Т- нь газрын үнэд 6.400.000 төгрөгийг тус тус төлөөгүй тул өмчлөх эрхийг худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн гэж үзэхгүй.
Иймд давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн зохицуулалтыг тухайн маргаанд хэрэглээгүй гэж үзнэ.
Хэрэгт авагдсан баримтаар О.Солонго нь А Б ХХК-с 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 20.000.000 төгрөгийг 36 сар буюу 2018 оны 03 дугаар сарын 04-ны өдөр хүртэл хугацаатай, жилийн 37.2 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан, зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн үйл баримттай холбоотой худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нь тогтоогдсон бөгөөд үүнийг зохигч хэн аль нь үгүйсгээгүй байна.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болно.
Зээлийн гэрээний үүргийг, барьцаа хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх замаар буюу үүргийн гүйцэтгэлд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан агуулгаар талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байж болох хэдий ч зээлдэгч Б.С- зээлийн гэрээний үүргээ хэрхэн зөрчсөн, гэрээг хугацаанаас өмнө цуцалсан эсэх, зээлдэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ хэд болох нь тодорхой тогтоогдож, үүнийг хэн аль нь хүлээн зөвшөөрч барьцааны зүйлийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Үүнээс гадна барьцаанд байсан газрыг шилжүүлэн авсан Д.Т- Б.С-ын өмнөөс зээлийн зарим мөнгийг А Б ХХК-д төлсөн нь нотлогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, үндсэн үүрэг буюу зээлийн гэрээний дагуу хүлээх зээлдэгчийн үүрэг тодорхой бус байна.
Дээр дурдснаар Б.С-ын хувьд худалдах-худалдан авах гэрээ байгуулах, эсхүл зээлийн үүргийн гүйцэтгэлийн оронд сууц, газраа өгөх буюу өөр гүйцэтгэлийг өгөх бодит хүсэл зориг байгаагүй нь тогтоогдсон гэж үзэв.
Иймд А Б ХХК болон Д.Т- нар барьцааны зүйлийн хууль ёсны өмчлөгч болсон гэж үзэх боломжгүй буюу нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Б.С-ын эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө гаргуулахаар шаардлага гаргах эрхгүй байна.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар зээлийн гэрээний үүргийг өөр үүргээр буюу худалдах-худалдан авах гэрээний үүргээр сольсон тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдээгүй байна.
Дээрх хуулийн зохицуулалтаар үүрэг солигдсон бол өмнөх үүрэг дуусгавар болох хэдий ч өөр үүргийн биелэлтийг үүрэг гүйцэтгэгч хүлээх ба ийм нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов.
2. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэл, бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн баримтад тулгуурласан, эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
а.Өмнө нь хариуцагч О.Солонго шүүхэд хандаж, сууц, газрыг худалдахаар А Б ХХК болон Д.Т-тэй байгуулсан гэрээг “...үл хөдлөх эд хөрөнгөө банкны нэр дээр шилжүүлбэл зээл төлөлтийн хугацааг сунгаж өгнө, дахиж хүү төлөхгүй, зөвхөн зээлээ төлнө, гэж хуурч мэхэлсэн, гэрээ нь дүр үзүүлэн хийсэн..” гэж хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01341 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Дээрх захирамж хүчин төгөлдөр байгаа нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй. Учир нь О.Солонго “...үл хөдлөх эд хөрөнгөө банкны нэр дээр шилжүүлбэл зээл төлөлтийн хугацааг сунгаж өгнө, дахиж хүү төлөхгүй, зөвхөн зээлээ төлнө, гэж хуурч мэхэлсэн, гэрээ нь дүр үзүүлэн хийсэн..” тухай нэхэмжлэлээс татгалзсан нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл бус, харин О.Солонгын нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх О.Солонгын хүсэл зоригоор дуусгавар болгосон үйл баримтыг нотолж байна.
Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 181/ШШ2016/01341 дүгээр захирамж гаргахдаа шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.
б.Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болох ба тусгай зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтоодог.
А Б ХХК нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банк эрхлэх үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж юм.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д зааснаар “...банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл..” олгох гэдгийг банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийг зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг ойлгоно.
Хуулийн дээрхи зохицуулалтад зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлж байгаа хуулийн этгээд нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргаас барьцаа, батлан даалт болон баталгааг сонгох боломжтой байна. Энэ утгаар А Б ХХК болон Б.С- нарын хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулагдсан байсан бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны зүйлийг худалдан борлуулах замаар шаардлагаа хангуулах боломжтой байжээ.
Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй.
Барьцааны зүйлийг хуульд заасан журмаар худалдан борлуулах боломжит нөхцөл байсан атал нэхэмжлэгч А Б ХХК, тус банкны гүйцэтгэх захирал Д.Т- нар нь хариуцагч Б.С-той барьцааны зүйлийг худалдах-худалдан авах гэрээгээр өмчлөлдөө шилжүүлэх гэрээ байгуулсан нь буруу байна.
Иймд анхан шатны шүүхийн сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хангасан дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзлээ.
3. А Б , Б.С-ос зээлийн гэрээний үүрэг шаардахад энэ тогтоол саад болохгүйг дурдав.
Дээрх үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2028 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/01478 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ