| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0022/Э |
| Дугаар | 533 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 11.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Оюунтунгалаг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 533
Ж.О, Я.П нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Г.Оюунтунгалаг,
Хохирогч Ч.Г, түүний өмгөөлөгч Н.Санчиндорж,
нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Ч.Гийн бичсэн давж заалдах гомдлоор эрүүгийн 1706014830319 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
М овогт Я. П, 1985 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, “Цагаан шөнө” уушийн газарт бармен ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар байр, .... тоотод оршин суух,
Урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 хоног хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, / РД:..../,
Я овгийн Ж. О, 1996 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Дөрвөд суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Олон улсын Улаанбаатар их сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 3, ах, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Шүүхийн байрны 1004 тоотод оршин суух, /РД: ...../,
Шүүгдэгч Ж.О нь 2017 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шөнө” нэртэй уушийн газарт иргэн Ч.Дтай маргалдан улмаар түүний хамран тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Я.П нь 2017 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шөнө” нэртэй уушийн газарт ажиллаж байхдаа иргэн Г.Гтой маргалдан улмаар түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Я.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Ж.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “Си Жи Ди хүч” ЗГБХ нөхөрлөлийг иргэний хариуцагчаар татсан 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 297 дугаар, “Батгранд” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 540 дүгээр шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Я.Пыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ж.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Пыг 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Оыг 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Я.Пт оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Цагаан шөнө” уушийн газрын хяналтын камерын бичлэг 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Я.Паас нийт 36 870 012 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Гт олгож, шүүгдэгч Ж.О нь хохирогч Ч.Дт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 350 000 төгрөг төлсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Ч.Г давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Я.Пыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэсэн шийтгэл нь хөнгөдсөн хэмээн үзэж гомдол гаргаж байна.
Учир нь шүүгдэгч Я.П нь анхнаасаа гэмт хэргийг нуун далдлах арга хэмжээ авсан төдийгүй худал мэдүүлэг өгч үйлдсэн хэргээ хүлээгээгүй бөгөөд надаас нэг ч удаа уучлал гуйгаагүй, хохирол төлөөгүй. Шүүх хурал дээр ч мөн адил уучлал гуйгаагүй атлаа миний сэтгэл санаа болон өвчтэй байдлыг минь тохуурхаж хохирол төлөх 5 хоногийн хугацаа авсан атлаа энэ хугацаандаа хохирол төлөх талаар надтай юу ч яриагүй шүүх хурал дээр согтуу ирсэн.
Энэ байдлуудыг шүүх харгалзан үзэлгүй шүүгдэгч Я.Пт ял хөнгөрүүлж шийтгэсэнд маш их гомдолтой байна.
Одоо миний бие маш муу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарч ирсэн бөгөөд байнга эмчилгээ хийлгэж байгаагаас гадна хүзүүний яс хадсан 4 ширхэг хадаас авах хүнд хагалгаанд БНХАУ-д хагалгаа хийлгэсэн эмнэлэгтээ орно.
Би гэмтэл авсан үеэсээ одоог хүртэл бүх эмчилгээний зардлаа өөрөө гаргаж эмчлүүлж, өвчинтэйгээ тэмцэж байна. Одоо надад цаашид эмчилгээ хийлгэх маш их зардал гарах боловч би ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй, боломжгүй, ар гэрийнхэн минь зарж болох бүх юмаа зарж одоо туйлдаад байна.
Надад сэтгэл санааны болон бие махбодийн хүнд хохирол учруулж, насаар минь эрэмдэг болгочихоод үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй, харамсахгүй, уучлал хүсэхгүй, хохирол төлөөгүй байтал хуульд заасан хамгийн багаар буюу 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан нь хохирогч намайг дахин сэтгэл санааны цочрол хямралд оруулж хохироож байна.
Миний энэхүү байдлууд болон шүүгдэгч Я.Пын хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан заалтыг гэмт үйлдэлд нь тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү.
Мөн хохирогч надаар тохуурхан монголд 4 сая төгрөгөөр эмчилдэг байхад чи яахаараа 40 сая төгрөгөөр эмчлүүлдэг юм бэ гэж тохуурхан доромжил байгаа байдлыг харгалзан үзнэ үү...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Н.Санчиндорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Я.Пын үйлдсэн гэмт хэргийн санкц нь 2-8 жилийн сонгох санкцтай байдаг. Цээжинд нэвтэрсэн шарх, сорвитой хүнд гэмтэл учирхад 2 жилийн ял оногдуулах юм уу, эсвэл Ч.Г шиг гэмтсэн насаараа эрэмдэг болгоод байхад 2 жилийн хорих ял оногдуулж байгаа нь буруу. Өмгөөлөгчийн зүгээс хохирогч Ч.Гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Энэ хүн эргээд хуучин хэвэндээ орж, эрүүл болж чадахгүй. Бүрэн дүүрэн эдгэрэхгүй гэсэн эмчийн нотолгоо ч хавтас хэрэгт авагдсан байдаг. Хүнийг насаар нь эрэмдэг болгосон, хохирол төлбөрөө барагдуулаагүй хүнд шүүх ялыг хөнгөдүүлсэн гэж үзэж байна. Хүнийг уушийн газарт зодчихоод дараа нь түцний хажууд гаргаад хаяж байгаа үйлдэл нь анхны тусламж үзүүлэхээс зайлсхийсэн асуудал юм. Секунд алдсан бол хохирогч амь насаа алдах эрсдэлтэй байсан. Ийм учраас тал бүрээс нь үнэн бодитойгоор судалж ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Прокурор Ж.Оюунтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Я.Паас хохирлын 36.870.000 төгрөгийг шоронд төлж чадахгүй учраас ял эдэлж гараад хохирлын мөнгийг буцаан төлөх боломжтой юм болов уу гэсэн өнцгөөс харж шүүх ял оногдуулсан гэж дүгнэсэн. Шүүгдэгч Ж.От оногдуулсан ял шийтгэл тохирсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй ..” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Ж.О нь 2017 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шөнө” нэртэй уушийн газарт зохион байгуулагчаар ажиллаж байхдаа иргэн Ч.Дтай маргалдан улмаар түүний хамран тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Я.П нь 2017 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шөнө” нэртэй уушийн газарт барменаар ажиллаж байхдаа иргэн Г.Гтой маргалдан улмаар түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч Ч.Д: “...2017 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө С, Г, Д нартай “Цагаан шөнө” пабад тус бүр нэг шил пиво аваад сууж байгаад би нойл руу явах замдаа цагаан цамцтай хамгаалагчтай шүргэлцсэн. Тэгэхэд намайг шүргэлцлээ гээд бид хоёр муудалцаад байж байхад гаднаас баахан хүн орж ирээд шууд зодоод эхэлсэн. Тэгээд намайг зодуулж байхад манай хоёр найз гадаа тамхи татаж байгаад бааранд орж ирээд С бор майктай хамгаалагчтай маргалдаад “...чи яагаад хүн зоддог юм” гээд маргалдаад байж байсан. Бас Г цаад талд хүнтэй маргалдаад байж байсан чинь анх маргаан эхлүүлсэн цагаан цамцтай залуу нь боогоод Ганааг унагаачихсан. Сүүлд болсон асуудал нь бол баарны заалан дотор болсон. ...Тэгсэн чинь тэр залуучууд “...наад залуугаа гаргаад хая” гэхээр нь С бид хоёр Г өргөөд гадаа гаргасан. Тэгээд би цагдаа, түргэн тусламж дуудсан...” /хх-71-73/,
Хохирогч Г.Гийн: “...найз Стой тамхи татчихаад орж ирэхэд баарны хамгаалагч нар 4-өөс 5 залуу байсан байх жорлонгийн хажууд Ч.Д зодож байсан. Очоод салгах гэтэл зүүн хүзүү рүү нэг залуу нь цохьсон бөгөөд яг ямар залуу нь цохьсон талаар санахгүй байна. Тэгээд газар унасан ба манараад байж байтал 2-оос 3 удаа залуу намайг зодсон. Нэг сэрсэн Соронзон намайг баарнаас аваад гарч байсан ба түргэн болон цагдаад дуудлага өгч байсан. Тухайн үед би толгойгоо даахгүй, босч явж чадахгүй байсан ба түргэн ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...” /хх-76-81/,
Насанд хүрээгүй гэрч Б.М: “...бүжгийн талбайн зүүн талын тольны хажууд хамгаалагч Баагийтай цагаан цамцтай, бүдүүн махлаг ах маргалдаад зогсож байсан чинь хажуугаас нь хамраа хугалуулдаг залуу болон өндөр цэнхэр куртиктэй, жижигхэн цүнх үүрсэн залуу хоёр нийлээд хамгаалагч Б руу дайрсан. Энэ үед О ах гараад явчихсан байсан юм. Би цэнхэр куртиктэй, жижигхэн цүнх үүрчихсэн байсан залууг хүзүүнээс нь татаад тахим руу нь өвдгөөрөө 2 удаа өвдөглөөд, доош нь суулгасан чинь тэр залуу босч ирээд над руу дайрсан. Намайг цохих гэж байхад нь хажуу талаас бармен П орж ирээд цааш нь түлхээд хөл тавьсан чинь сууж байсан ширээнийхээ наад талд толгойгоороо шалан дээр урагшаагаа унасан. Тэр залуу шалан дээр унаад ухаан алдаад босч ирээгүй юм...” /хх-85-88/,
Шүүгдэгч Ж.Оын: “...миний бие тэр шөнө буюу 2017 оны 8 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шөнө” бааранд зохион байгуулагчийн ажил хийж байсан юм. Намайг ажлаа хийж байхад манай бааранд үйлчлүүлж байсан гурван залуугийн нэг буюу хар футболктой, махлаг биетэй залуу буюу Ч.Д нь бааран дотор 00-ын хажуу талын ширээн дээр тамхи татаад байсан. Тэр залуу буюу Ч.Д дээр очоод “...энд тамхи татаж болдоггүй юм” гэж хэлэхэд Ч.Д нь миний урдаас “...би ийм газарт ажилладаг юм, би чамаар хаана тамхи татахаа заалгахгүй” гэхээр нь би “...энд тамхи татаж болдоггүй” гэхэд Ч.Д миний цамцны захнаас татаж, доош нь дараад 2-оос 3-н удаа өвдгөөрөө цохихоор нь би зөрүүлээд Ч.Д нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон чинь Ч.Д нүүрэн тус газраас нь цус гарч эхэлсэн. Ингээд бид хоёр нэг нэгнээ зуураад 00-ын өрөөнд орох үед бид хоёрын араас Ч.Д найз Ч.Г болон манай баарны бармен Я.П, зохион байгуулагч Б, зөөгч М нар орж ирсэн. Ч.Д бид хоёр зууралдаж байгаад салахад Ч.Д өмсөж явсан хар өнгийн футболк, миний хар куртка урагдсан байсан ба Ч.Д хамарнаас нь цус гарсан байсан...” /хх-227-228/,
Шүүгдэгч Я.Пын: “...миний бие тухайн шөнө буюу 2017 оны 8 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шөнө” бааранд барменаар ажиллаж байсан. Би баарны зааланд зохион байгуулагч хийж байсан дүү От хандаж “...тэнд нэг залуу тамхи татаад байна, тэр залууг очоод болиулаатах” гэсэн чинь О очоод Ч.Д уулзаж байсан. Ингээд төд удалгүй тэр хоёр хоорондоо муудалцаад байх шиг байсан ба тэр хоёртой хамт манай баарны хамгаалагч Б болон Д хоёр найз нь 00-ын өрөөнд орж байх нь харагдсан. Тэгэхээр нь би тэр хэдийн араас нь яваад очсон чинь Д, Г, С нар манай ажилчдыг зодох гээд дайраад байсан. Дтай хамт явж байсан Г гэгч залуугийн хоёр гарыг ард нь тэврээд зодоон хйилгэхгүй гээд бариад зогссон. Тэгж байтал цагаан юүдэнтэй цамцтай, джинсэн яактай, туранхай залуу болох Г гэгч манай баарны зөөгч М буюу М маргалдаж зодолдох гээд босоод ирсэн чинь Гтой хамт явж байсан нэг залуу нь ширээн дээр байсан шилтэй пивыг газарт шидээд хагалчихсан юм. Би Г, М буюу М хоёрын дундуур нь ороод зодолдуулахгүй гээд салгасан чинь Г миний өмсөж явсан цамцны ханцуйн дээрээс бариад авахаар нь би Гт хандаж “...чи одоо больчих оо, зодоон цохионоор яах гэсэн юм бэ” гэсэн чинь Г нь улам л дайраад байсан. Тэгэхээр нь би Гийг тавихгүй цааш түлхээд Г бид хоёр нэг нэгнийхээ ханцуйнаас зуураад зууралдаж байхад Г намайг зүүн талын ганцаараа цохих гэхэд нь би тэр зүүн гарын цохилтыг нь тонгойгоод гаран доогуур нь орсон чинь Г намайг хий цохиод газарт унасан. Г газар унахдаа яг нүүрэн тус газраараа миний доор шалан дээр унасан. Харин би түүний дээр нь гарч унасан юм. Ингээд би Гийг газарт уначихаад хөдлөхгүй, босч ирэхгүй болохоор нь тек рүүгээ явсан. Би текэн дээрээ очоод Гийг хараад байж байхад Г огт хөдлөхгүй унасан газраа хөдөлгөөнгүй хэвтээд л байсан. Ингээд би ажлаа хийгээд байж байсан чинь Г алга болчихсон байсан ба сүүлд нь сонсоход Гийг манай зөөгч М буюу М, дижи М буюу Т.И хоёр өргөж гадаа гаргасан байна...” /хх-235-236/ гэх мэдүүлгүүд болон
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-14/,
Шинжээч эмч Х.Ганцэнгэлийн мэдүүлэг /хх-132-133/,
Хохирлын баримтууд /хх-46-47, 60-63, 206-219/ зэрэг хэрэгт цугларсан анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ж.О нь Ч.Дтай маргалдан улмаар түүний хамран тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх үндэслэлтэй байна гэж үзэн тус зүйл ангид оногдуулсан ялаар шийтгэсэн нь түүний гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байна.
Харин шүүгдэгч Я.П нь Г.Гтой маргалдан улмаар түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь зөв боловч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, түүний хувийн байдал, хохирогчид хохирол төлөөгүй, хохирогчийн биед учирсан хүнд гэмтлийн хор уршиг арилаагүй зэрэгт дүгнэлт хийлгүй Я.Пт тус зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хэт хөнгөдсөн тул давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэл өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Я.П нь гэмт хэрэг үйлдэхдээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шөнө” бааранд барменаар ажиллаж байсан бөгөөд тус баарыг Багтгранд ХХК хариуцан ажиллуулж Я.Птай хөлсөөр ажиллах гэрээ хийгджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн дугаар зүйлд зааснаар Багтгранд ХХК-ыг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байхад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “Батгранд” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 540 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь буруу тул уг захирамжийг хүчингүй болгосон заалтыг хүчингүй болгож “Батгранд” ХХК нь ажилтан байсан шүүгдэгч Я.Пын хохирогч Г.Гт төлөх ёстой хохирол 36.870.012 төгрөгийн тал хувь буюу 18.435.006 /арван найман сая дөрвөн зуун гучин таван мянга зургаа/ төгрөгийг Багтгранд ХХК-с гаргуулан Г.Гт олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин “Батгранд” ХХК нь хохирлоо буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлт оруулж хохирогч Г.Гийн “хорих ял хөнгөдсөн” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоолын:
Тогтоох хэсгийн “1” дэх заалтын “...“Си Ди Жи хүч” ЗГБХ нөхөрлөлийг иргэний хариуцагчаар татсан 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 297 дүгээр заалтыг хүчингүй болгосон хэсгийг хэвээр үлдээж, “Батгранд” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 540 дүгээр захирамжийг хүчингүй болгосон заалтыг хүчингүй болгож
“3” дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Я.Пыг 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг
“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Я.Пыг 5 /тав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,
“9” дэх заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Я.Паас нийт 36.870.012 /гучин зургаан сая найман зуун далан мянга арван хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Гт олгож...” гэснийг
“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Я.Паас 18.435.006 /арван найман сая дөрвөн зуун гучин таван мянга зургаа/ төгрөг, иргэний хариуцагч “Батгранд” ХХК-аас 18.435.006 /арван найман сая дөрвөн зуун гучин таван мянга зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ч.Гт олгож...” гэж өөрчилж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
О.ЧУЛУУНЦЭЦЭГ