Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 054

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Г.Сонинболор, Ерөнхий шүүгч З.Гүлбарша нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ““П”” ХХК болон ““ЖБ”” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад  холбогдох,

            “Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 104 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах ”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ““ЖБ”” ХХК-ийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б, иргэдийн төлөөлөгч З.Арманбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ““П”” ХХК болон ““ЖБ”” ХХК-иудаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Захирамжийн холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" 104 дүгээр захирамж, түүний хавсралтаар манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Ингэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж заасныг үндэслэн хүчингүй болгосон байна.

Манай компанийн газар эзэмших гэрчилгээг Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Өлгий сумын Засаг дарга нар 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болон 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус тус хүчингүй болгосон байдаг. Тус шийдвэрүүдийн эсрэг бид тухайн үед захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн бөгөөд тус хэргүүдийг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимаас 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 195 дугаар тогтоол, 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128 дугаар тогтоол болон 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор тус тус эцэслэн шийдвэрлэж, маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгосон. Тус хугацаанд бидний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон учир бид газрыг ашиглах боломжгүй байсан.

Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш бид газрыг зориулалтын дагуу ашиглах үүднээс ойжуулах, үр тариа хийх ажлыг өөрсдөө болон гэрээний үндсэн дээр бусдаар хийж гүйцэтгүүлж байсан. Газрын онцлог, цаг агаарын нөхцөл байдлаас хамааран ургац гараагүй байдаг.

Мөн газар хагалах, хашаа татаж хамгаалах, худаг гаргаж газарт усжуулалт хийх, манаачийн байр барих зэрэг хүч хөдөлмөр, мөнгө гаргаж ажлуудыг хийж байсан. Хашаа татсан тор, материалыг нь хэд хэдэн удаа хулгайд алдаж, дахин хашаалж байсан. Сүүлд хашааны тор алга болсон асуудлаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулж байгаа.

Өлгий сумын Засаг даргын зүгээс шийдвэр гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн судлалгүй, шийдвэр гаргахаас өмнө бидэнтэй зөвлөлдөж, бидний санал, тайлбарыг авахгүйгээр шийдвэр гаргасан байна. Тухайлбал, сүүлийн 2-3 жилийн хугацаанд тухайн газар ямар ажил хийсэн талаар биднээс тайлбар авч тогтоолгүйгээр, газрын зөвхөн одоо байгаа байдлыг харж, сүүлийн 2 жил ямар нэгэн ажил хийгээгүй гэдэг байдлаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Бид тус захирамжийг хүчингүй болгуулахыг хүсэж,  Өлгий сумын Засаг даргын дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг даргад 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргасан. Өлгий сумын Засаг дарга нь захирамжийг тухайн үед бидэнд мэдэгдэх арга хэмжээ аваагүй. Бид тус захирамж гарсан болохыг сүүлд мэдэж, хуульд заасан хугацаанд нь гомдол гаргасан болно. Аймгийн Засаг даргын зүгээс бидний гомдолд хариу өгөх хуулийн хугацаа өнгөрсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд багтаан шүүхэд нэхэмжлэл гаргав.

Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй болгох тухай” захирамжийн ““ЖБ”” ХХК болон ““П”” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ““ЖБ”” ХХК-ийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Хавтаст хэргээс шинжлэн судлуулсан 71-91 хуудсанд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ““ЖБ”” ХХК нь анх Өлгий сумын Засаг даргын 2010 оны 7 дугаар  сарын 13-ны өдөр 143 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжаар тус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Салхитын хөндий” гэх газраас 100 га газрыг ойжуулах зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Үүний дагуу сумын газрын даамлаас  2010 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ““ЖБ”” ХХК-тай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээг 60 жилийн хугацаатай байгуулсан. Өлгий сумын Засаг даргаас 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 195 дугаартай захирамжаар Газрын тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д зааснаар 2 жил дараалан газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид олгосон 2010 оны 143 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэснээр нэхэмжлэгч ““ЖБ”” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж,  2010 оны захирамжийг хүчингүй болгосон  2012 оны 195 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ хугацаанд миний үйлчлүүлэгч байгууллага уг газрыг зориулалтын дагуу эзэмшээд үр тариа цацах, хашаалах, манаачийн байр барих зэрэг ажлуудыг хийсэн. Шүүхэд маргаантай байх хооронд эзгүйрэх асуудал байсан.

Үүний дараа аймгийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн 178  дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн  33.4, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгчид олгосон Өлгий сумын Засаг даргын 2010 оны 183 дугаар захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээг дахиад хүчингүй болгосон. Уг асуудлаар нэхэмжлэгч дахиад шүүхэд маргаан гаргаж, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр 2014 оны 178 дугаар аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээж шийдвэрлэсэн байдаг.

 Гэтэл Өлгий сумын Засаг даргаас 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дүгээр захирамжийн  холбогдох хэсгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн 2010 оны 143 дугаар захирамжийг дахиад хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, тухайн газрыг хүчингүй болгосон үндэслэлээ өнөөдрийн шүүх хуралдаанаар дахиад хэлж байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жилээс дээш хугацаагаар зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн тайлбар хэлж байгаа. Миний хувьд үүнийг хүчингүй болгосон  хууль зүйн үндэслэл болох  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна.

  Захиргааны ерөнхий хуульд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа ямар процессыг  баримтлах ёстой вэ, ямар журмыг баримтлах ёстой вэ гэдгийг маш тодорхой заасан байгаа. Өөрөөр хэлбэл, эрх нь зөрчигдөж болзошгүй гуравдагч талыг заавал захиргааны акт гаргах ажиллагаанд оролцуулж эрхийг нь  тайлбарлан өгч, тайлбар гаргах боломжоор хангах ёстой байхад, хариуцагч байгууллага маань хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй.  ““ЖБ”” ХХК-ыг татан оролцуулж “бид нар та нарын газрыг хүчингүй болгуулах гэж байгаа. Үүнтэй холбоотой тайлбар байна уу?” гэж асуух ёстой байсан. Хэрвээ тухайн үед асуусан бол бид нар “Балгын” ХХК-тай байгуулсан гэрээ, жил болгон гаргадаг төлөвлөгөө, эрх бүхий албан тушаалтны зөвлөгөө, хийсэн ажлуудаа тайлагнаад явах ёстой байсан. Харамсалтай нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа энэ ажиллагааг нэг ч удаа хийж байгаагүй. Хариуцагч байгууллага Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг маш ноцтойгоор зөрчсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримттай холбогдуулан хэргийн газарт үзлэг хийсэн байгаа. Ямар газарт үр тариа тарьсан, ямар хэсэгт манаачийн байр барьж, гүний худаг барьсан гэх мэтчилэн судлаад тэмдэглэл үйлдсэн. Газрыг ““ЖБ”” ХХК-д 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн гэдгийг харах ёстой. Хариуцагч байгууллага юу гэж хэлж байгаа вэ гэхээр 2 жилийн хугацаанд 100 га талбайтай газрыг бүхэлд нь ойжуулахыг шаардаж байгаа. 60 жилийн хугацаанд хийгдэх  ажлыг бид нар 2 жилд яаж хийж гүйцэтгэх юм вэ, энэ нь  үе шаттайгаар хийгдэх ёстой. ““ЖБ”” ХХК, “Балгын” ХХК-тай гэрээ байгуулаад хөрсний шинжилгээ хийгдсэн. Зарим газарт чацаргана тарьсан. Төлөвлөгөөний дагуу ажлаа хийж байхад, 2 жилийн хугацаа болсон бусад газрыг эзэмшээгүй байна гэж хүчингүй болгож байгаа нь өөрөө хууль бус. Хашаалсан асуудлыг ярихгүй бол болохгүй. Ойжуулж байгаа болохоор хашаа татна. Удаа дараа захирамжийг хүчингүй болгосон учраас газар эзгүйрч сүүлд татсан хашаа хулгайд алдагдаж байхгүй болсон талаар прокурорын тогтоол байгаа. Ийм байдалд хүргэсэнд буруутай тал хариуцагч өөрөө юм.  Анхнаасаа газрыг хүчингүй болгоогүй байсан бол 8 жилийн хугацаанд нэхэмжлэгч тал энэ газрын талыг ойжуулаад, өнөөдрийн байдлаар ногоорсон байхыг үгүйсгэхгүй.

Огт ажиллагаа хийгдээгүй юм шиг ярьж болохгүй. “”Балгын” ХХК-ны Мырзабек гэдэг агрономч тухайн газарт суулгац тарьсан, услуулж байсан зургууд жил жилд ямар ажил хийж байсныг  бүгдийг хавсаргаж өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр тухайн газрыг үзэхэд суулгац суусан ямар нэгэн шинжгүй, үр тариа алга болсон гэж байна. Одоо хашаа байхгүй болсон учраас мал орж идсэн юм уу,  бид нар яаж мэдэх юм. Олон жил өнгөрсний дараа шинжилгээ хийсэн байна. Зөвхөн шинжээчийн дүгнэлтийг баримтлаад асуудлыг шийдэх нь өөрөө өрөөсгөл. Бид нар 2010 оноос, 2017 он хүртэлх асуудлыг бүхэлдээ ярих ёстой.  Өмнөх асуудал Улсын дээд шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн учраас өнөөдрийн сэдэв биш гэж ярьж болохгүй. Улсын Дээд шүүхийн эцсийн шийдвэрээр хийсэн дүгнэлтүүд байгаа. Хавтаст хэрэгт нэгэнт нотлох баримтаар авагдсан учраас үнэлэгдэх ёстой. ““ЖБ”” ХХК-ны хийсэн ажлууд тэр дотор байгаа. 2016 оноос хойш юу хийсэн бэ гэж асууж байна. 2016 оноос хойш хийсэн ажлуудын талаар нотлох баримтыг гаргаж өгсөн.

““ЖБ”” ХХК-аас нэмэлт тайлбараа бас ирүүлсэн. Чацаргана тарих ёстой байсан. Чацарганы ач холбогдлыг тайлбарласан. Энэ ажиллагааг хийж байхад хариуцагч байгууллага дахиад газар эзэмших эрхийн захирамжийг хүчингүй болгосон. Үүнд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй. Хариуцагчаас  шинэ Өлгий хот байгуулах гэж байгаа, хот төлөвлөлтөд давхацсан учраас хүчингүй болгосон гэж өмнөх шүүх хуралдаанд тайлбарлаад байсан. Эхлээд 2010 онд шинэ Өлгий хот байгуулах төлөвлөгөө байсан уу гэдгийг харах ёстой. Шинэ Өлгий хот байгуулах төсөл 2016 оноос хойш гарсан асуудал. Үүнд газрын давхцал байхгүй гэдгийг хэлмээр байна. Тийм учраас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь тогтоогдохгүй байна.  Захиргааны ерөнхий хууль зөрчигдсөн асуудлууд байгаа учраас маргаан бүхий захиргааны акт хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байгаа гэж үзэж байна.

Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Жасылбак” ХХК болон ““П”” ХХК-иудад анх Өлгий сумын Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 143 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхдээ 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдааны 24 дүгээр тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний 7 дугаар хавсралтад 3, 4 гэсэн заалтыг хууль бусаар албан тушаалыг урвуулан ашиглан нэмж өөрчилсөн байна. 7 дугаар хавсралтад 3,4 гэсэн заалт өөрчлөгдсөнийг тухайн үед газрын зохион байгуулалт хариуцсан хэлтсийн дарга М.Базархан тус хуудаст харандаагаар тэмдэглэсэн байдаг. Гэхдээ тус төлөвлөгөөг нэмж өөрчлүүлсэн үед “хариуцах эзэн” гэсэн дээр аймгийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хариуцна гэж заасан байхад Өлгий сумын Засаг дарга захирамж гаргасан нь мөн адил хууль зөрчсөнийг харуулж байна. Тус газрыг 2010 онд эзэмшсэнээс хойш гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байна.

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимаас 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэж мараан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгосноос хойш 2.6 жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй ба газрыг эвдэж хагалсан нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6, , 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн тул эрхийн актыг эрх хэмжээний дагуу хүчингүй болгосон гэжээ.

Хариуцагч Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өлгий сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр ““ЖБ”” ХХК болон “П” ХХК-ны газрыг хүчингүй болгосон байгаа. Хэргийн талаар шүүгч бас танилцуулсан. 2014 оноос өмнөх асуудал яригдахгүй, 2014 оноос  хойш асуудлыг ярих ёстой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар бид нар мод тарьсан, хашаажуулсан, худаг гаргасан гэсэн. Гэтэл энэ бүхэн 2014 оноос өмнөх асуудал бөгөөд энэ талаар тухайн үед шүүхийн шийдвэр гарсан асуудал.  Одоо 2014 оноос хойш мод тарьсан уу, хашаажуулсан уу, хүний нүдэнд үзэгдэх барилга объект байна уу гэдгийг ярих ёстой. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтыг  гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээр зориулалтын дагуу барилга байгууламж, зам, талбай зэрэг нүдэнд харагдах объект бий болоогүй байхыг ойлгоно гэж Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тайлбар байгаа. Энэ 2,6 жилийн хугацаанд ямар нэгэн зүйл хийгдээгүй байгаа. Нэхэмжлэгчид тайлбар хийхдээ 2014 оноос өмнөх хийгдсэн ажлуудыг хэлсэн. Бид нар хүчингүй болгосон асуудал 2014 оноос хойш хийсэн ажил байхгүй гэж үзэж байгаа учраас хүчингүй болгосон. Тийм учраас хүчингүй болгосон захирамжийг баталгаажуулж өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт:

““П””, ““ЖБ”” ХХК-ийн нэхэмжлэлтэй өлгий сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралд оролцов. Хариуцагчийн шийдвэрийг зөв гэсэн дүгнэлтэд хүрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ““ЖБ”” ХХК болон ““П”” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн  дахин хянан хэлэлцэх шүүх хуралдааныг урьд нь нэхэмжлэгч ““ЖБ”” ХХК-ийн өмгөөлөгч А.Серикжаны хүсэлтээр 1, ““ЖБ”” ХХК-ийн захирал Е.Ды хүсэлтээр 3, ““П”” ХХК-ийн захирал Х.Бийн хүсэлтээр 1, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  К.Бын хүсэлтээр 1, нийт 6 удаа шүүхээс  хойшлуулсан.

2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 9 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч ““ЖБ”” ХХК-ийн захирал Е.Дд 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр,   ““П”” ХХК-ийн захирал Х.Бд  2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус тус   “Шүүх хуралдааны товыг мэдэгдэх тухай”  баримтаар  мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт гаргаагүй тул хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан гэж шүүх бүрэлдэхүүн үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн  91.5 -т тус тус зааснаар  хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг харьцуулан судалж үзээд нэхэмжлэгчдээс Өлгий сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 104 дүгээр захирамжийн ““ЖБ”” ХХК болон  ““П”” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг  дараах үндэслэлүүдээр хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 1. Өлгий сумын Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 143 дугаар захирамжаар[1] Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Салхитын хөндий” гэх газраас   ““ЖБ”” ХХК-д 100 га, ““П”” ХХК-д 100 га газрыг тус тус ойжуулалт хийх зориулалтаар 60 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн 0230153, 0230152 дугаартай  гэрчилгээг[2]  олгож, газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан нь ““П”” ХХК-тай 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдөр, ““ЖБ”” ХХК-тай 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тус тус газар эзэмшүүлэх гэрээг[3] байгуулжээ.

Улмаар Өлгий сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 195 дугаар захирамжаар[4] дээрх газар эзэмшүүлсэн захирамж, эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгосноор нэхэмжлэгчид  шүүхэд маргаж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 195 дугаар тогтоолоор[5] эцэслэн шийдвэрлэж нэхэмжлэгчдийн газар эзэмших эрхийг сэргээсэн, дараа нь  Өлгий сумын Засаг даргаас 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 178 дугаар захирамжаар[6] маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэрийг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг дахин хүчингүй болгосноор нэхэмжлэгчид мөн шүүхэд хандаж,  энэхүү маргаан нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор[7] эцэслэн шийдвэрлэгдсэн  зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагчаас 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дүгээр захирамжийн хавсралтаар[8] нэхэмжлэгчдэд газар эзэмшүүлсэн 2010 оны 143 дугаар захирамжийг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус Газрын тухай 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүчингүй болгосон байх ба ийнхүү хүчингүй болгосон үндэслэлээ “ ... газар эзэмшигчид нь  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 244 дүгээр тогтоол гарснаас хойш 2 жил 6 сарын хугацаанд тухайн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй” гэж шүүхэд  тайлбарласан.

Нэхэмжлэгчид нь анх газар эзэмшүүлэх шийдвэр гарч, газар эзэмших гэрээ байгуулснаас хойш  буюу 2010, 2011, 2013, 2015  онуудад маргаан бүхий газрыг хашаалж,  худаг гаргаж, манаачийн байр барьж, тус бүр нь бага хэмжээний газарт болон 500 м2 газарт сонгинын үр, чацарганын үр  цацсан зэрэг ойжуулах зорилгоор үйл ажиллагаа явуулсан нь хэрэгт авагдсан  нэхэмжлэгчдээс ирүүлсэн гэрэл зургууд[9] болон  2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр[10] тогтоогдож байгаа боловч   газар эзэмшигчид нь дээрх тодорхой хэсэг газрыг арчлан хамгаалах, мод ургуулах зэрэг  газар эзэмшигч нараас  шалтгаалах үйл ажиллагаа явуулаагүйн улмаас  ой, мод ургаагүй байх тул тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан гэж үзэх боломжгүй байна. 

2. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр[11] ““ЖБ”” ХХК-ийн 100 га эзэмшлийн газарт 100 ширхэг, ““П”” ХХК-ийн 100 га эзэмшлийн газарт 77 ширгэх чацарганын суулгацыг тус тус тарьсан нь тогтоогджээ.

Хэрэгт авагдсан дээрх дүгнэлтийг гаргасан шинжээчдийн мэдүүлэг[12], мөн маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/31 дүгээр тушаалаар[13] байгуулсан ажлын хэсгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэл, хавсралтын[14] ““ЖБ””, ““П”” ХХК-иудад холбогдох хэсэг, ажлын хэсгийн дарга А.Ермекийн мэдүүлэг[15], нэхэмжлэгчдийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлд тусгасан  “... газар хагалах, хашаа татаж хамгаалах, худаг гаргаж газрыг усжуулалт хийх, манаачийн байр барих зэрэг хүч хөдөлмөр, мөнгө гаргаж ажлуудыг хийж байсан”  зэргээс үзэхэд нэхэмжлэгчид нь дээрх 177 ширхэг суулгацыг цаг хугацааны хувьд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 244 дүгээр тогтоол[16] гарснаас хойш маргаан бүхий захиргааны акт гарсан  2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх 2 жил 6 сарын хугацаанд  бус, харин маргаан бүхий захиргааны акт гарсны дараа тарьсан гэж  үзэх үндэслэлтэй байна.

3. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “... газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж газар эзэмшигчийн үүргийг, 40 дүгээр зүйлийн 40.1.6-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол эрх бүхий этгээд нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус заажээ.

Нэхэмжлэгч компаниуд нь    өөрсдийн эзэмшлийн 100 га газарт  хуульд заасан 2 жилийн  хугацаанд ойжуулалт хийж, гэрээнд зааснаар зориулалтын дагуу газраа эзэмшихэд тухайн  газрын хөрс,  цаг агаарын  нөхцөл байдал   тохиромжтой болох нь хэрэгт авагдсан 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт[17], “Нарт Шуүн консалтинг” хөрсний итгэмжлэгдсэн лабораторийн №19/04-29 дугаартай дүгнэлтүүд, тодорхойлолт[18],  гэрч Х.Мырзабекийн “... тариалалт эрхлэх компаниудтай  хамтран ажиллаж 2 жилийн хугацаанд  100 га газарт бүрэн тариалалт хийх боломжтой юм. Энэ нь эдийн засаг, мөнгө төгрөгтэй холбоотой асуудал” гэсэн мэдүүлэг[19] зэргээр нотлогдож байна.

Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгох ба маргаан бүхий газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшихэд тухайн газар эзэмшигчдээс үл хамаарах  дээрх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул   хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  эзэмшлийн газраа 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй,  ойжуулалт хийх үйл ажиллагаа явуулаагүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэр хуулийн дээрх заалтуудтай нийцсэн  бөгөөд  үүний улмаас нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгчид нь гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй, 2 жил дараалан гэрээнд заасан ойжуулах зориулалтаар газраа эзэмшээгүй гэх  үндэслэлүүдээр нэхэмжлэгчдийн Өлгий сумын Засаг даргад холбогдуулан гаргасан гаргасан “Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 104 дүгээр захирамжийн ““ЖБ”” ХХК болон  ““П”” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ““ЖБ””, ““П””ХХК-иудаас Өлгий сумын Засаг даргад холбогдуулан гаргасан  “Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 104 дүгээр захирамжийн ““ЖБ”” ХХК болон  ““П”” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              З.ГҮЛБАРША

 

 

  

 

 


[1] Хэргийн 71 дүгээр хуудас /1-р хавтас/

[2] Хэргийн 33, 34 дүгээр хуудас /1-р хавтас/

[3] Хэргийн 31,32 дугаар хуудас /1-р хавтас/

[4] Хэргийн 91 дүгээр хуудас /1-р хавтас/

[5] Хэргийн 14-26 дугаар хуудас /1-р хавтас/

[6] Хэргийн 108 дугаар хуудас /1-р хавтас/

[7] Хэргийн 7-13 дугаар хуудас /1-р хавтас/

[8] Хэргийн 29 дүгээр хуудас /1-р хавтас/

[9] Хэргийн 139, 150, 151 дүгээр хуудас /1-р хавтас/

[10] Хэргийн 131, 132 дугаар хуудас /2-р хавтас/

[11] Хэргийн 183 дугаар хуудас /1-р хавтас/

[12] Хэргийн 146, 148 дугаар хуудас /2-р хавтас/

[13] Хэргийн 162 дугаар хуудас /1-р хавтас/

[14] Хэргийн 163-165 дугаар хуудас /1-р хавтас/

[15] Хэргийн 143-144 дүгээр хуудас /2-р хавтас/

[16] Хэргийн 7-13 дугаар хуудас /1-р хавтас/

[17] Хэргийн 18 дугаар хуудас /3-р хавтас/

[18] Хэргийн 19-23 дугаар хуудас /3-р хавтас/

[19] Хэргийн 3-4 дүгээр хуудас /3-р хавтас/