Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 1186

 

Б.Батжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00667 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Батжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар, Газрын тусгай үйлчилгээний албанд холбогдох

 

ИНЕГ-ын Газрын тусгай үйлчилгээний албаны даргын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/162 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тээврийн үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, албан тушаалын зөрүү цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай  иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Молор-Эрдэнэ,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батжаргал нь ИНЕГ-ын Газрын тусгай үйлчилгээний албанд 1997 оноос хойш 20 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс Тээврийн үйлчилгээний хэлтсийн Тээврийн үйлчилгээний менежерээр томилогдон ажилласан бөгөөд энэ хугацаанд хөдөлмөрийн болон сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж сахилгын арга хэмжээ авч байгаагүй. Миний бие төрөлхийн түнхний үе ба холбоос мултрах, сунах, чинэрэх оноштойгоор 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтаа 50 хувиар тогтоолгон группт байдаг. Гэтэл манай Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга, хуулийн мэргэжилтэн нар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 18.00 цагийн үед ажил дээр дуудан, албаны дарга С.Нацагдорж 2015 оны санхүүгийн шинжилгээ хийгээгүй, гараашид зөвшөөрөлгүй автомашин тавьсан, диспетчерүүдээр ажлын хуваарь хийлгэдэг гэсэн миний талаар өөрийн сонссон мэдээллийнхээ дагуу тодорхойлолтыг бичүүлж ав гэж байна. Та энэ талаар тодорхойлолт бичээд өг гэсэн. Миний бие уг шаардлагын дагуу тодорхойлолтыг бичиж өгсөн. Гэтэл уг тодорхойлолтыг үндэслэн маргааш нь буюу 23-ны өглөө Б.Батжаргал миний албан тушаалыг бууруулж гадна талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтанаар шилжүүлэн ажиллуулахаар 5/162 тоот дугаартай тушаал гаргаж, гадна талбайн цэвэрлэгээ үйлчилгээний албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараахан буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр –“Гадна талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтны орон тоо нь орон тооны цомхотголд орсон байх тул таньтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгож байна” гэсэн агуулга бүхий мэдэгдлийг Б.Батжаргал надад гардуулсан. Миний бие Газрын тусгай үйлчилгээний албаны даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/162 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр гэж үзэж 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дээд шатны албан тушаалтан болох Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнд хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шийдвэрлэн ИНЕГазар, Захиргаа Удирдлагын газрын дарга Т.Батжаргалаас Тусгай үйлчилгээний албаны дарга С.Нацагдоржид 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04/02 тоот албан бичгээр Б.Батжаргал намайг ажлын байраар хангах арга хэмжээ авах тухай үүрэг болгосон байдаг. Тус албан бичгийн нэг хувийг миний бие 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гардан авч, 7 хоногийн дараа Газрын тусгай үйлчилгээний албаны дарга С.Нацагдоржтой уулзсан боловч орон тоо байхгүй гэсэн хариу өгсөн. Өөрөөр хэлбэл, Тусгай үйлчилгээний албаны дарга нь ИНЕГ-ын даргын үүрэг даалгаврыг биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд энэ хугацаанд миний бие эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй хохирч байна. Иймд ИНЕГ-ын Газрын тусгай үйлчилгээний албаны даргын 2016 оны 11 сарын 23-ны өдрийн Б/162 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Тээврийн үйлчилгээний хэлтсийн менежер албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Молор-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Ариунзул нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус албаны захиргаа, хүний нөөцийн хэлтсийн гадна талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан Б.Батжаргалын ажлын байрны орон тоо Иргэний Ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/810 дугаар тушаалаар тус албаны ажилтнуудаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу 19 ажилтны орон тоог хасч, цөөрүүлж батлагдаж ирсний нэг ажилтан нь Б.Батжаргал юм. Манай байгууллагын зүгээс орон тоо хасагдан цөөрүүлсэн нэр бүхий ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх хуулиар хүлээсэн үүрэгтэй тул албан мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэж ажилтанд өөрт нь гардуулсан. Б.Батжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, Иргэний Нисэхийн Ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажилласан жилийг нь харгалзан үзэж 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 6 965 116 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу олгосон. Нэхэмжлэгч Б.Батжаргал нь 2015 онд эдийн засагчаар ажиллахдаа блансын шинжилгээ хийгээгүй ажилдаа хариуцлагагүй хандсан, 2016 оноос Тээврийн үйлчилгээний хэлтэст менежерийн албан тушаалд ажиллаж байхдаа мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хуваарийн дагуу байгууллагын хариуцлагатай эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа байгууллагын автомашины гараашид гадны автомашин төлбөртэй байрлуулж мөнгийг нь хувьдаа авч, хариуцсан ажилдаа идэвхи санаачлагагүй ажлын цаг тасалдаг зэрэг зөрчил дутагдлыг удаа дараа гаргаж энэ тухайгаа өөрөө хүлээн зөвшөөрч байгууллагын захиргаанд тодорхойлолт гаргаж байсан. Манай байгууллагын зүгээс Иргэний Нисэхийн ерөнхий газрын даргын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан 2016 оны А/810 дугаар тушаалыг мөрдөн ажиллах үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батжаргалын ИНЕГ-ын Газрын тусгай үйлчилгээний албаны даргын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/162 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тээврийн үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, албан тушаалын зөрүү цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Б.Батжаргалын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь ИНЕГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б\162 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, 23 дугаар зүйлийн 23.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1, Хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.1 дэх заалтуудыг баримтлан Б.Батжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөр Гадна талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтанаар шилжүүлэн ажиллуулсан.

Нэхэмжлэгч Б.Батжаргалын ажиллаж байсан Газрын тусгай үйлчилгээний алба нь ИНЕГ-ын харьяа байгууллага гэж явдаг учраас нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б\162 дугаар тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр харьяалах дээд байгууллага болох ИНЕГ-ын даргад гаргасан бөгөөд тус гомдлын хариуд ИНЕГ-ын захиргаа удирдлагын газрын дарга 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04\02 тоот албан бичгээр Газрын тусгай үйлчилгээний албаны дарга С.Нацагдоржид “... Б.Батжаргалыг мэргэжил, мэргэшил, туршлагын дагуу тохирох байнгын ажлын байраар хангаж арга хэмжээ авч, хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэж мэдэгд...” хэмээн үүрэг болгосон албан тоотыг хүргүүлсэн байдаг.

Хариуцагч байгууллагын зүгээс харьяа дээд шатны байгууллага, албан тушаалтнаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй учраас нэхэмжлэгч нь ИНЕГ-ын Захиргаа удирдлагын газрын даргын албан бичгийг хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 26 дахь хоног буюу 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарсан байдаг.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн тухай гомдлыг хариуцагч байгууллагын дээд шатны удирдлагад гаргасан үйл баримтыг урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд хамааруулж дүгнэлт өгөлгүйгээр, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь үндсэлгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр дээрх байдлаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болпож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондох маргаантай үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Батжаргал нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээний албаны даргын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/162 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тээврийн үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, албан тушаалын зөрүү цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээний албаны даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/162 тоот тушаалаар Тээврийн үйлчилгээний хэлтсийн менежер Б.Батжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, мөн өдрөөс гадна талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаад, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тоот тушаалаар түүнийг гадна талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтны орон тоо хасагдсан гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн байна. /хэргийн 5, 13-15 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь гадна талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтны албан тушаалаас чөлөөлсөн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тоот тушаалд гомдол гаргаагүй, харин 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/162 тоот албан тушаал бууруулж, шилжүүлэн ажиллуулах тухай тушаалтай холбогдуулан нэхэмжлэл гаргасныг шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэснийг зөрчсөн гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Учир нь хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн бүтэц орон тоо шинэчлэн батлагдаж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан гадна талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтны орон тоо хасагдсан үндэслэлээр Б.Батжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс цуцлах болсныг мэдэгдсэн мэдэгдэх хуудас, Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Захиргаа, удирдлагын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04/02 тоот “Ажлын байраар хангах арга хэмжээ авах тухай” албан бичиг зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Батжаргал нь гадна талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтны орон тоо хасагдах болсонтой холбоотойгоор өөр ажлын байраар хангуулахаар хүсэлт гаргаж байсан гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Батжаргал нь хариуцагч байгууллагын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/162 тоот тушаалтай холбоотой нэхэмжлэлийг дээрх хуульд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд гаргаагүй буюу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэх Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00667 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

 

                                                      ШҮҮГЧИД                              М.НАРАНЦЭЦЭГ    

                       

                                                                                                    С.ЭНХТӨР