Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

Т.Сад холбогдох

 эрүүгийн хэргийн талаар

 

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Прокурор С.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр 

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугарын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн, прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Т.Сад холбогдох эрүүгийн 1730000920070 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1967 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Т.С 

Шүүгдэгч Т.С нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах Бичигт дэх боомтоор 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох “Дэрэвгэр жиргэрүү” гэх 5 кг ургамал, 57 ширхэг цагаан зээрийн эврийг 49-05 СҮА улсын дугаартай “Istana” маркийн тээврийн хэрэгслийн нөөц дугуй, шатахуун агуулах сав, урд талын гишгүүрийн доод хөндийд нууж, Монгол улсын хил, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын жагсаалтад багтсан “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч Т.Сын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 24.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Т.Сыг хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал тэдгээрийн үр эрхтнийг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Т.Сад оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Т.Сад зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 4000000 төгрөгний үнэлгээтэй 49-05 СҮА улсын дугаартай, “SSANGYONG” маркийн машиныг хурааж, байгаль экологид учруулсан хохирол 250000 төгрөгийн төлбөрийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, илүү гарсан хэсгийг улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичгээр хураагдаж ирсэн зүйлгүй, 01165254 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 5 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс, 57 ширхэг зээрийн эврийг хурааж улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Т.Сын өмчлөлийн 4000000 төгрөгийн үнэлгээ бүхий 49-05 СҮА улсын дугаартай, “SSANGYONG” маркийн машиныг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явагдтал хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ. 

 

Прокурор эсэргүүцэлдээ: ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл ... хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр заасан нь тухайн зүйл хэсэгт хорих ял оногдуулаад тэнсэх тухай ойлголт биш, ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж” болохоор заасан хуулийн агуулгатай зөрчилдөж, 2015 оны Эрүүгийн хуулиар “хорих ялыг тэнсэх” тухай ойлголт байхгүй болсныг шүүх буруугаар тайлбарлан хэрэглэжээ. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хоёр, түүнээс дээш гэмт хэрэг санаатай үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан нь шүүгдэгч Т.Сад энэ зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүйг шүүх ойлгосон атал Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хорих ял оногдуулж, уг ялыг тэнссэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.  

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлалгүй, шүүгдэгч давж заалдах гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянаж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Т.Сыг Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, ял шийтгэсэн атлаа тухайн ялыг нэмж нэгтгэх эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.”  Мөн хуулийн 2-т “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол дор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэх заалттай нийцэхгүй байна. 

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндсэн шаардлагыг хангасан эсэх, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрх хэсгийг хэрэглэхгүй байх тохиолдол байгаа эсэхийг нягтлан шалгасны  эцэст энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг хэрэглэх нөхцөл бүрдэнэ. Гэтэл шүүгдэгч хоёр удаа санаатай гэмт хэрэгт холбогдсон байхад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас ... эдийн болон эдийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх ...хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж тус тус заасан байхад хохирогчоор тогтоох ажиллагааг хийгээгүй байна. 

 

Шүүх ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүү ургамлыг Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 282 дугаар тушаалаар батлагдсан хавсралтанд тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 50000 төгрөгөөр тогтоож,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэсний дагуу, мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтанд цагаан зээрийн экологи-эдийн засгийн үнэлгээг 500000 төгрөгөөр тогтоож, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэсний дагуу нөхөн төлбөрийг тус тус тооцож, төлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг хангасан байдлыг тусгана” гэх шаардлагыг хангаагүй байна. 

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг:  Сүхбаатар   аймаг   дахь   Сум   дундын   эрүүгийн   хэргийн  анхан  шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Сад холбогдох эрүүгийн 1730000920070 дугаартай хэргийг тус шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

 

Хоёр: Тус шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

Гурав: Шүүхэд очтол шүүгдэгч Т.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Дөрөв: Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ

 ШҮҮГЧИД                 Б.ДЭНСМАА

                                                          О.БААТАРСҮХ