Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 055

 

 

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  М.Риза даргалж, шүүгчид С.Еркеш, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Сонинболор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  4 дүгээр багийн оршин суугч  Ш.Мын   нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Өлгий сумын улсын  бүртгэгч М.Рд холбогдох;

             “Г овогтой Быг нагац өвөг эцэг Ш.М, нагац эмэг эх С.Х нарт үрчилснийг бүртгэж, төрсний бүртгэлийн гэрчилгээ олгохыг  Өлгий сумын улсын бүртгэгчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тасхын, хариуцагч Өлгий сумын улсын бүртгэгч  М.Р,  иргэдийн төлөөлөгч З.Айгерим, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ш.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ш.М, эхнэр С.Х нар бид өөрийн төрсөн охин Муратын Айгүл, хүргэн Хабсаметийн Г нарын дундаас төрсөн хүү Быг сайн дурын үндсэн дээр үрчилж авахаар хууль журмын хүрээнд, өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хүүхэд үрчлэх, үрчлүүлэх ерөнхий нөхцөлийн дагуу хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр сумын Засаг даргад гаргасан бөгөөд сумын Засаг дарга бидний хүсэлтийг судлан үзэж, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” А/260 дугаартай захирамжаар Г овогтой Быг нагац өвөг эцэг Ш.М, нагац эмэг эх С.Х нарт үрчлүүлэх тухай шийдвэр гаргасан билээ.  Энэхүү захирамжийн 2 дахь заалтаар хүүхэд үрчилж авсан эцэг, эхэд Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийн дагуу хүүхдийн эрх ашиг сонирхлыг нь хамгаалан хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ чанд биелүүлэхийг үүрэг болгосон байдаг бөгөөд эхнэр болох С.Х бид хоёр хуульд заасан үүргээ чанд сахиж, хүү Быг төрсөн хүүгийн адил халамжилж байгаа болохыг дурдаж байна. Харин захирамжийн 3 дахь заалтаар Г.Бын бичиг баримтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлж, бүртгэлд хамруулахыг улсын бүртгэгчид зөвшөөрч шийдвэрлэсэн болно.

Дээрх байдлаас харахад холбогдох баримт бичгийг бүрэн хавсаргаж, бүрдүүлсэн баримт бичгийг хүүхдийнхээ оршин суугаа газрын Засаг даргын Тамгын газарт гаргасан ба сумын Засаг дарга бидний хүсэлтийг хүлээн авч, хүүхэд үрчлэх үндэслэлтэй гэж үзэн энэ тухайгаа баталгаажуулан захирамж гаргасан байдаг. Гэтэл Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Арманы 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 931 дугаартай албан бичгээр Г.Быг үрчлэн авах бүртгэл хийхийг хүсэж гаргасан өргөдлийг хүлээн авахаас татгалзсан хариуг өглөө. Уг татгалзалдаа “...тус хүсэлтийг шалгаж үзэхэд Гийн Бын төрсөн эх болох Муратын Айгүл нь 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн 103 дугаар зарлигаар, төрсөн эцэг нь болох Хабсаметийн Г нь Монгол улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 211 дүгээр  зарлигаар Монгол улсын харьяатаас тус тус гарсан байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.5.3-г үндэслэн иргэн Ш.М таны гаргасан хүүхэд үрчлэн авах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна...” гэжээ. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын татгалзлыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хуулийн дагуу бол улсын бүртгэгч захирамжийг үндэслэн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Иргэний улсын бүртгэлийн журамд заасны дагуу үрчлэлтийг бүртгэх ёстой. Гэтэл Улсын бүртгэлийн хэлтсээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг тус тус баримталж татгалзлын үндэслэлээ тодорхойлжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.5.3-д ...мэдээллийн аюулгүй байдлын  горимыг мөрдөж ажиллахыг шаардах, зөрчигдсөн үед зөрчлийг арилгах, цахим мэдээллийн сан, мэдээллийн сүлжээнд нэвтрэх эрхийг хязгаарлах, холбогдох бусад арга хэмжээ авах”, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 28.1-т “...сонгогчийн бүртгэлийг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санг үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөтөлнө.” гэж заасан байна. Үүнээс харахад дээрх хуулийн зохицуулалтууд нь хүүхэд үрчлэх, үрчлүүлэхтэй ямар ч холбоогүй зүйл заалтууд болох нь илт харагдаж байна.

Тэгэхээр нэгэнт сумын Засаг даргад холбогдох бүх баримт бичгийг бүрдүүлж өгсөн, Г.Бын төрсөн эцэг, эхийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл байгааг үндэслэн хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэсэн байх тул улсын бүртгэгч үрчлэлтийг бүртгэхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь хүүхэд үрчлүүлэх тухай шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд нь тухайн сумын Засаг дарга байх бөгөөд улсын бүртгэгч нь шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш, зөвхөн бүртгэлийг  баталгаажуулах үүрэгтэй байдаг тул сумын Засаг даргын гаргасан захирамжийн 3 дахь заалтад тусгасан бүртгэлийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн үүргийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хуульд нийцэхгүй. Түүнчлэн Өлгий сум хариуцсан улсын бүртгэгч энэхүү асуудлыг бие даан шийдвэрлэх боломжтой байхад аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга уг асуудалд хөндлөнгөөс оролцож байгаа явдалд ямар нэгэн ашиг сонирхол байгаа болов уу гэсэн хардлага төрж байна.

Иймд Г овогтой Быг нагац өвөг эцэг Ш.М, нагац эмэг эх С.Х нарт үрчлэгдсэнийг бүртгэж, төрсний бүртгэлийн гэрчилгээ олгож өгөхийг Өлгий сумын улсын бүртгэгч М.Рд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тасхын  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бын эцэг Х.Г нь 1999 онд гадаад улсын иргэн болсон хэдий ч Г нь өмнө нь  Монгол Улсын иргэн байсан. Х.Г нь хүүхдээ үрчлүүлэхийг зөвшөөрсөн нотлох баримтууд хэрэгт авагдсан. Мөн эх болох М.Айгүл нь Монгол Улсын иргэн байгаад 2013 онд гадаадын иргэн болсон хэдий боловч 2012 онд хүүхдээ үрчлүүлэхийг зөвшөөрсөн тухай нотариатаар батлуулсан баримт хавтас хэрэгт байгаа. Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангаж байгаа. Шаардлагуудыг хангаж байгаа гэсэн үндэслэл маань хүүхдээ үрчлүүлэхийг зөвшөөрсөн эцэг, эхийн зөвшөөрөл хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан,  хүүхэд үрчлэн авахыг хүсэгч нэхэмжлэгч Ш.М болон эмэг эх С.Х нар нь хүүхдээ үрчлэн авах тухай хүсэлтээ гаргасан. Хүсэлтийг үндэслээд эрх бүхий албан тушаалтнаас буюу Өлгий сумын Засаг даргаас хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргасан. Шийдвэрийн 3 дахь хэсэгт Өлгий сумын улсын бүртгэгчид Г.Бын бичиг баримтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлж, бүртгэлд хамруулахыг зөвшөөрсөн байсан. Энэ хэрэг маргаан өмнө нь анхан шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн маргаан. Анхан шатны шүүхээр улсын бүртгэгчид төрсний гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэсэн. Дараа нь давж заалдах шатны шүүхээс тухайн анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгосон. Нэхэмжлэгч Дээд шүүхэд гомдол гаргасан боловч Дээд шүүхээс мөн адил хэргийг буцаасан. Хэргийг буцаасан шалтгаан нь зарим асуудлыг тодруулахын тулд буцаасан. Тухайлбал хэрэгт Г.Бын төрсний гэрчилгээний хуулбар авагдсан, Казахстан улсад төрсөн нь маргаангүй нөхцөлд түүний харьяатын асуудал хэрхэн шийдвэрлэгдсэнийг  анхан шатны шүүх хэрэгт нотлох баримт цуглуулах үндсэн дээр үзэх ёстой юм байна. Үүнийг тодруулбал Г.Бын харьяатын байдлаас шалтгаалан түүнийг бусдад үрчлүүлснээс үрчлэлтийг бүртгэх, төрсний гэрчилгээ шинээр олгох харилцаа ямар хуулиар хэрхэн зохицуулсныг тодорхойлоход анхаарвал зохино гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс мөн адил энэ шаардлагыг тавьж байгаа. Өлгий сумын Засаг даргын шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр боловч  үрчлэлтийг бүртгэх, төрсний гэрчилгээ олгох ямар нэгэн хууль эрх зүйн зохицуулалт байхгүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаж байгаа. Энэ татгалзлыг  ямар хуулиар хэрхэн зохицуулсан бэ? гэхээр

1.Хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/260 дугаартай Өлгий сумын Засаг даргын захирамжийг үндэслэх ёстой. Яагаад гэвэл хүүхэд үрчлүүлэх тухай захирамж  гарсан, өнөөдрийг хүртэл энэ захирамж нь хүчин төгөлдөр учраас үүнийг үндэслэх ёстой.

2.Монгол Улсын олон улсын гэрээ байгаа. 1989 оны 11 дүгээр сарын 20-нд баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенц байгаа. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 21 дүгээр зүйлийн 1-ийн (а)-д  “ хүүхдийн эцэг эх, төрөл садан, хууль ёсны асран хамгаалагч нарын зүгээс хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрсөн, эсхүл дээрх сонирхогч хүмүүс шаардлагатай зөвлөгөө авсны үндсэн дээр үрчлүүлэх зөвшөөрлөө тодорхой мэдээлэлтэйгээр өгсөн, үрчлэлтэд хамаарах болон найдвартай эх үүсвэрээс авсан бүх мэдээллийг үндэслэн дагаж мөрдөж байгаа хууль, журмын дагуу гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүүхдийг үрчлүүлнэ” гэж заасан байгаа.

Маргаж байгаа гол асуудал нь эцэг, эх нь Монгол Улсын иргэн биш, гадаад улсын иргэн гэж байгаа. Энэ хүмүүс гадаадын иргэн боловч эх нь болох М.Айгүл нь 2012 онд Монголын улсын харьяатаас гараагүй байхад хүү Г.Быг үрчлүүлэх зөвшөөрлөө өгсөн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Өлгий сумын Засаг даргын захирамж гарахаас өмнө Г.Бын эцэг Х.Гээс хүсэлтээ нотариатаар батлуулж, Казахстан улсын цахим үнэмлэхийн хамт шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн. Тийм учраас хүүхдийг үрчлүүлэхгүй байх ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй гэвэл энэ өрөөсгөл ойлголт. Мөн Харьяатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бөгөөд эцэг, эх нь хоёулаа тогтоогдоогүй хүүхэд Монгол Улсын харьяат байна” гэж заасан. Улсын Дээд шүүхийн тогтоолд хүүхдийн харьяатын асуудлыг тогтоо гэсэн. Гэтэл нотлох баримтуудаас харахад хүүхдийн харьяатын асуудал тогтоогдоогүй. Казахстан улсад төрсөн нь үнэн, гэхдээ аль улсын иргэн гэдэг нь тодорхойгүй. Казахстан улсад төрөөд, 0 насандаа эцэг, эх нь салсан. Тиймээс эх нь болох М.Айгүл хүүхдээ өөрийнхөө эцэг, эх болох Ш.М болон С.Х нарт авчирч өгсөн. Өнөөдрийг хүртэл Г.Быг Ш.М болон С.Х нар өсгөн хүмүүжүүлж байгаа.

Г.Бын хувьд ярихад одоо 10 настай, өөрийнхөө эцэг, эхийг Х.Г, М.Айгүл гэдгийг мэдэхгүй. Хамгийн гол нь хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэдгийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй.  Харьяатын тухайн хуульд эцэг, эх нь хоёулаа тогтоогдоогүй гэж байгаа, энэ тохиолдолд тогтоогдоогүй асуудал байхгүй, гэхдээ эцэг, эх нь Б 0 настай байхад салсан. Хил хамгаалах байгууллагаас ирүүлсэн нотлох баримтаас харахад Х.Г гэдэг хүн 2009 оноос хойш Монгол улсад орж ирээгүй, хаана явж байгаа нь тодорхойгүй. М.Айгүлийн эцэг, эх нь энд амьдардаг учраас тэрээр хааяа Монгол улсад ирдэг талаар лавлагаа хэрэгт байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар Солонгос улсад 5 жилийн виз гаргасан, ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Энэ хүүхэд 16 насанд хүрээд оюутан болно, тэр үед  хаана очиж амьдрах уу,  энэ нь эцэг, эх нь тогтоогдохгүй байгаатай адилхан. Тийм учраас эцэг, эх нь тогтоогдохгүй байгаа тохиолдолд хүүхдийг Монгол Улсын харьяат байна гэж үзнэ. Төрсний бүртгэлийн гэрчилгээ авах эрх нь ямар хуулиар зохицуулагдана гэвэл, Өлгий сумын Засаг даргын захирамж, Хүүхдийн эрхийн тухай конвенцоор тодорхой хуулийн зохицуулалт нь байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Өлгий сумын улсын бүртгэгч  М.Р шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Ш.М, С.Х нар 2012 оноос эхлэн хүсэлт гаргаж байгаа. 2018 оны 10 дугаар  сард би ээлжийн амралт аваад явсан үед Өлгий сумын Засаг дарга Х.Бахытхумар хууль, эрх зүйн мэргэжилтнээр төлөвлүүлээд  “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж гаргасан байсан. Засаг даргаас гарсан захирамжийг биелүүлэх ёстой.  Тэр хүүхэд Казахстан улсын иргэн,  Монгол улсын иргэнийг заавал регистрийн дугаараар бүртгэж оруулах ёстой учраас бүртгэл хийх гэж Ерөнхий газрын хууль зүйн мэргэжилтэн руу хандаж бүх бичиг баримтаа танилцуулж, “Энэ хүүхдийг одоо яаж бүртгэх үү?” гэхэд, “Бид нарт наад хүүхдийг чинь бүртгэх ямар ч боломж байхгүй. Чи наад шийдвэрт давж заалдахаас өөр арга байхгүй” гэсэн.  Хүүхдийг бүртгэж чадахгүй байгаа гол шалтгаан маань хүүхдэд регистр олгох ямар ч боломжгүй, регистрийг олгох талаар надад ямар ч эрх мэдэл байхгүй.  Хүүхэд хэчнээн Монгол улсад амьдарч , сурч байгаа боловч төрүүлсэн эцэг, эх  болох Х.Г, М.Айгүл нар нь Казахстан улсын иргэн болсон. Х.Г нь 1999 онд,  М.Айгүл нь 2013 онд харьяатаас гарсан байсан. Хүүхэд нь болох Г.Б  Казахстан улсад төрсөн, Казахстан улсын төрсний гэрчилгээтэй. Ийм шалтгааны улмаас Монгол Улсын бүртгэлд хамрах бүх иргэн регистрийн дугаартай байх ёстой, бид бүртгэл хийхэд зөвхөн регистрийн дугаарыг үндэслэн бүртгэл хийх боломж үүсдэг учир Быг бүртгэлд хамруулах боломжгүй байгаа болно. Үрчлэлтийн бүртгэл хийхэд төрсний гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулна гэж хуульд заагдсан боловч бүртгэл хийхэд үрчлэн авсан иргэний нэр дээр дахин төрсний гэрчилгээ хэвлэж гаргаж байгаа/ журмаар зохицуулалт хийж өгсөн/. Энэ Быг бүртгэлд хамруулж чадахгүй байгаа гол шалтгаан регистрийн дугааргүйн улмаас, төрсөн эцэг, эх нь гадаадын иргэн болсон шалтгааны улмаас бүртгэл хийх ямар ч боломжгүй байгаа болно. Монгол улсад хүүхдийг гадаадад үрчлүүлдэг хууль байгаа боловч гадаадын иргэнээс хүүхэд үрчилж авах ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Энэ асуудлыг шийдүүлнэ гэвэл Казахстан улсад очиж, Казахстан улсын шүүхээр үрчлэн авах боломжтой гэсэн хариу өгсөн гэв.     

Иргэдийн төлөөлөгч З.Айгерим шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Хүүхдийн эрх ашиг хохирч байгаа гэж бодож байна. Хангах ёстой гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ш.Мын  “Г овогтой Быг нагац өвөг эцэг Ш.М, нагац эмэг эх С.Х нарт үрчилснийг бүртгэж, төрсний бүртгэлийн гэрчилгээ олгохыг  Өлгий сумын улсын бүртгэгчид даалгах тухай” шаардлагатай нэхэмжлэлийг дараах  үндэслэлээр  бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Өлгий сумын Засаг даргын  2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай “ А/260 дугаар захирамжаар Г овогтой Быг нагац өвөг эцэг Ш.М, нагац эмэг эх С.Х нарт үрчлүүлэх тухай шийдвэр гаргасан. Нэгэнт сумын Засаг даргад холбогдох бүх бичиг баримтаа бүрдүүлж өгсөн, Г.Бын төрсөн эцэг, эхийн  нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл байгааг үндэслэн  хүүхэд үрчлэн авах  тухай хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан  шийдвэрлэсэн байх тул  улсын бүртгэгч үрчлэлтийг бүртгэхээс татгалзаж байгаа нь  үндэслэлгүй” гэж тодорхойлжээ.

Харин хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг  зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Хүүхдийн төрүүлсэн эцэг, эх болох Х.Г нь 1999 онд, М.Айгүл  нь 2013 онд Монгол улсын харьяатаас гарсан, тэд нар Казахстан улсын иргэн болсон. Хүүхэд  нь болох  Г.Б  Казахстан улсад төрсөн, Казахстан улсын төрсний гэрчилгээтэй. Монгол улсад хүүхдийг гадаадад үрчлүүлдэг хууль байгаа боловч гадаадын иргэнээс хүүхэд үрчилж авах ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Монгол улсын харьяат биш Г.Бт  регистрийн дугаар олгох, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд   үрчилсний бүртгэл хийх боломжгүй байна” гэж тайлбарласан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын  2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/260 дугаар “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар[1]  Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйл, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг тус тус үндэслэн  Өлгий сумын 4 дүгээр багийн оршин суугч М.Айгүл, Х.Г нарын хүү Быг Өлгий сумын 4 дүгээр багийн оршин суугч Ш.М,С.Х нарт үрчлүүлж, Г.Бын  бичиг баримтыг  холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлж, бүртгэлд хамруулахыг улсын бүртгэгчид  зөвшөөрсөн байна.

Энэхүү захирамжид үндэслэл болгосон  хуулийн зүйл, заалтууд болон Гэр бүлийн тухай  хуулийн хүүхэд үрчлэх асуудлыг зохицуулсан 7 дугаар  бүлгийн бусад зүйл, заалтууд,  тухайлбал  54 дүгээр зүйлийн 54.2-т  “Хүүхдийг энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмын дагуу гадаадын иргэнд үрчлүүлж болно”,  58 дугаар зүйлийн 58.1-д “Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны эрх бүхий байгууллагаар дамжуулан Монгол Улсын эрх бүхий байгууллагад гаргана”  гэж тус тус  зааснаас үзэхэд уг хуулиар Монгол улсын харьяат хүүхдийг үрчлэх, үрчлүүлэх тухай харилцааг зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2] Г.Бын төрсөн эцэг болох  Х.Г   нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 211 дүгээр зарлигаар, төрсөн эх болох М.Айгүл нь  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаар зарлигаар Монгол улсын харьяатаас тус тус гарсан,  Г.Б нь 2009 оны 07 дугаар  сарын 10-ны өдөр Казахстан улсын Дорнод Казахстан мужийн Көкпект дүүрэгт /тосгон/  төрснийг тус улсын Дорнод Казахстан мужийн Көкпект дүүргийн  Иргэний бүртгэлийн хэлтсээс 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсний бүртгэлд бүртгэж, төрсний гэрчилгээ олгосон болох нь тус тус тогтоогдсон болно. Мөн Г.Быг төрөхөөс өмнө  эцэг Х.Г нь  Казахстан улсын  харьяат болсон байсан нь түүний хэрэгт авагдсан Казахстан улсын иргэний үнэмлэхээр[3] тогтоогдож  байгаа,  харин эх болох М.Айгүл нь Г.Быг төрсний дараа буюу 2013 онд Монгол улсын харьяатаас гарсан байх боловч дээрх 2009 онд олгосон Г.Бын төрсний гэрчилгээнд[4]  хүүхдийн эх Муратын Айгүлийн  иргэний харьяаллыг  Казахстан улс гэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Харьяатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Монгол улсын иргэний харьяаллыг гэрчлэх баримт бичиг  нь Монгол улсын иргэний үнэмлэх, түүнийг авах хүртэл хугацаанд төрсний гэрчилгээ байна”, 7 дугаар  зүйлийн 2-т “Эцэг, эхийн аль нэг нь Монгол улсын харьяат,нөгөө  нь гадаад улсын харьяат бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр төрсөн тэдний хүүхэд  Монгол улсын харьяат байна. Хэрэв хүүхэд гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн бол хүүхдийн иргэний харьяаллыг эцэг, эхийн харилцан бичгээр тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заасан.

 Мөн Г.Быг 2009 онд төрөх үед хүчин  төгөлдөр үйлчилж байсан  Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 12 дугаар зүйлийн 12.1-д “Эцэг, эх  хэрэв эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлэх буюу хорих газарт ял эдэлж байгаа зэрэг аргагүй шалтгааны улмаас  бүртгүүлэх боломжгүй бол тэдний төрөл садны хүн буюу  хүүхэд байгаа эмнэлгийн байгууллагын эрх бүхий ажилтан  хүүхдийг төрснөөс хойш  төв суурин газарт 15 хоног, алслагдсан сум, багт 30 хоногийн дотор  иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлнэ”, 12.11-т “Төрсний гэрчилгээнд дараахь зүйлийг тусгана”,12.11.3-д “төрсний бүртгэл үйлдсэн газрын нэр, гэрчилгээний болон регистрийн дугаар”, 12.16-д “Эцэг, эхийн хэн нэг нь Монгол улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийг  эцэг, эхийн харилцан тохиролцсоноор бүртгэнэ” , 28 дугаар зүйлийн 28.1-д “Монгол улсын харьяат иргэн бүр регистрийн дугаартай байна”, 28.2-т “Регистрийн дугаар нь  Монгол улсын иргэний үнэмлэх, эсхүл түүнийг орлох  баримт бичиг, энгийн гадаад паспорт болон иргэний гэр бүлийн байдлын гэрчилгээ, хадгаламж, даатгалын дэвтэр,жолоодох эрхийн үнэмлэх зэрэг  баримт бичигт бичигдэнэ” гэж тус тус зохицуулжээ. 

Дээр дурдсанаар 2009 онд Г.Быг төрөхөд  эх  М.Айгүл нь Монгол улсын харьяатаас гараагүй,  харин  эцэг Х.Г   нь  Монгол улсын харьяатаас гарч  Казахстан улсын харьяат болсон байсан, Г.Б нь Монгол улсын нутаг дэвсгэрт биш Казахстан улсын нутаг дэвсгэр дээр төрсөн ба  Казахстан улсад төрсний бүртгэлд бүртгүүлж, төрсний гэрчилгээ авсан нь нотлогдсон, мөн Г.Б нь Монгол улсын иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан болон төрсний бүртгэлд  бүртгэлгүй болох нь хэрэгт  авагдсан нотлох баримтуудаар[5] тогтоогдсон  буюу  түүний эцэг, эх нь  дээрх  хуулиудад заасан журмын дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр эх М.Айгүлийг Монгол улсын харьяатаас гарах хүртэлх  хугацаанд /2013.07.04/  хүүхдээ  Монгол улсын төрсний бүртгэлд бүртгүүлж, регистрийн дугаар бүхий төрсний гэрчилгээ авах эрхтэй байсан боловч бүртгүүлээгүй  байх  тул Г.Быг Монгол улсын харьяат хүүхэд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй  байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон  хууль тогтоох байгууллагаас  хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд  юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг  хангахад анхаарлаа хандуулна” гэж заасан. Г.Б нь Монгол  улсын төрсний гэрчилгээ аваагүй боловч  төрснөөсөө өнөөдрийг хүртэл нагац өвөг эцэг, нагац эмэг эх нарын хамт  эрүүл саруул эсэн мэнд бойжиж, хүмүүжигдэж байгаа. Улсын бүртгэгчийн эс үйлдэхүйгээс болж Г.Бын  эсэн мэнд амьдрах эрх, хөгжих эрх, сурч боловсрох эрх, хамгаалуулах эрх, нийгмийн амьдралд тэгш оролцох эрх  нь тус тус зөрчигдөж байна” гэсэн тайлбар гаргасан.

            Гэр бүлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Иргэний  бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 2 дугаар зүйлийн 2.2-т тус тус зааснаар  Монгол улсын олон улсын гэрээнд  эдгээр  хуульд зааснаас өөрөөр заасан бол  олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж зохицуулсан байна.

            Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үрчлэлтийн асуудлыг зохицуулсан 21 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “Үрчлэлтийн тогтолцоо бүхий болон түүнийг хүлээн зөвшөөрсөн оролцогч улсууд нь хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих бөгөөд тэдгээр нь:

            (а) хүүхдийн эцэг эх, төрөл садан, хууль ёсны асран хамгаалагч нарын зүгээс хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрсөн, эсхүл дээрх сонирхогч хүмүүс шаардлагатай зөвлөгөө авсны үндсэн дээр үрчлүүлэх зөвшөөрлөө тодорхой мэдээлэлтэйгээр өгсөн, үрчлэлтэд хамаарах болон найдвартай эх үүсвэрээс авсан бүх мэдээллийг үндэслэн дагаж мөрдөж байгаа хууль, журмын дагуу гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүүхдийг үрчлүүлнэ” гэж заажээ.

Энэхүү заалтаас  үзэхэд үрчлэлтийн тогтолцоо бүхий болон түүнийг хүлээн зөвшөөрсөн оролцогч улсуудад  хүүхдийг үрчлүүлэх асуудлыг дагаж мөрдөж байгаа хууль, журмын дагуу  эрх бүхий байгууллагаас шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд Монгол  улсад дагаж мөрдөж байгаа Гэр бүлийн тухай хууль, тухайн үед дагаж мөрдөж байсан Иргэний бүртгэлийн тухай хуулиар /1999 оны/ дээр дурдсанаар Монгол улсын харьяат хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэх, үрчлэх, үрчлүүлэх,  тухай асуудлыг зохицуулсан байх тул Монгол улсын харьяат биш  хүүхэд буюу  гадаадын иргэдийн хүүхдийг үрчлүүлэхээр гаргасан  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/260 дугаар  захирамж нь дээрх хуулиудыг зөрчсөн, мөн уг захирамжид үндэслэл болгосон хуулийн заалтууд нь Монгол улсын харьяат биш хүүхэд буюу гадаадын иргэдийн хүүхдийг үрчлэх,үрчлүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах эрх олгосон заалт биш байх тул уг захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар  илт хууль бус захиргааны акт байна гэж үзлээ. 

Өлгий сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/260 дугаар захирамжийн 3 дахь заалтаар Г.Бын  бичиг баримтыг  холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлж, бүртгэлд хамруулахыг улсын бүртгэгчид зөвшөөрсөн байх ба нэхэмжлэгч талаас уг захирамжийн дагуу  хүүхдийг үрчлэн авсан тухайгаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан өргөдөлд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 931 дүгээр албан бичгээр  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгүүдийг үндэслэн  бүртгэхээс татгалзаж хариу өгсөн[6] байна.

Нэхэмжлэгчээс үрчлэлтийг бүртгүүлэхээр  өргөдөл гаргаснаар аймгийн улсын бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгчээс  үрчлэлтийг  улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-д  зааснаар  улсын бүртгэлийн үйл ажиллагаанд үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмыг баримтлахаар заасан,  11 дүгээр зүйлийн 11.5.3-д “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж тус тус зохицуулжээ.

            Дээрх байдлаар Г.Быг үрчлүүлэх тухай Өлгий сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/260 дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт тул Захиргааны ерөнхий хуулийн  47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж зааснаар улсын бүртгэгчээс  уг захирамжийн дагуу үрчилснийг бүртгэж, төрсний гэрчилгээ олгохоос татгалзаж шийдвэрлэснийг   буруутгах үндэслэлгүй, уг шийдвэр нь    Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4,3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.3, Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 12 дугаар зүйлийн 12.1,12.11.3,12.16, 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтуудтай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14,  107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4,3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.3, Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 12 дугаар зүйлийн 12.1,12.11.3,12.16, 28 дугаар зүйлийн 28.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг  тус тус  баримтлан нэхэмжлэгч Ш.Мын “Г овогтой Быг нагац өвөг эцэг Ш.М, нагац эмэг эх С.Х нарт үрчилснийг бүртгэж, төрсний бүртгэлийн гэрчилгээ олгохыг  Өлгий сумын улсын бүртгэгчид даалгах тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 М.РИЗА

ШҮҮГЧ                    Г.СОНИНБОЛОР

ШҮҮГЧ                    С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 4-р хуудас

[2] Хэргийн 29,39,114-115,116-р хуудас

 

[3] Хэргийн 31,38-р хуудас

[4] Хэргийн 29,114-115-р хуудас

[5] Хэргийн 124-р хуудас

[6] Хэргийн 3-р хуудас