Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/138

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Д.Ч, Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ч, Д.М нарт холбогдох эрүүгийн 2138000770156 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ч, Д.М нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Чын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мгийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2138000770156 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Ч, Д.М нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар  сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар  багийн 27-01 тоот хашааны гадна тавьсан иргэн А.Аын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн хөх өнгийн 82-88 ХӨЗ улсын дугаартай, “Арвайн хурд” гэх бичиглэлтэй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт, шалтгаан учирсан хор уршгийн талаар хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн: “.... Уг мотоцикль алдсан гэх газар хашааны  үүднээс 70 см зайтай газар байв. Уг газрын ойр орчмыг байдлаас харахад  мотоцикль байх боломжтой.. мотоциклийн дугуйн мөр  байх ба уг мөрийг гэрэл  зургаар бэхжүүлэв.... ..мөрийг дагаж явж үзэхэд хашааны  үүднээс баруун урд зүгт 20 метр зайд яваад  уг газраас асааж хөдөлж явсан байж болзошгүй дугуйн мөрний  ойр орчим хэлбэр дүрсээ  алдсан байв.... гэрэл зургаар бэхжүүлэв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-13 тал/,  

эд зүйл, эд мөрийн баримтад  үзлэг хийж хураан авсан тэмдэглэлд: .... “хайртай шүү мессежээ устгаарай з.” гэсэн мессеж байв. ...chve гэж хадгалсан...../86078818/ дугаараас “хурдан алга бол цагдаа дуудсан” гэсэн мессеж, ....мөн энэ дугаараас “ гялс ирээд аваа ах хурдан” гэсэн мессеж..... ирсэн, мөн энэ дугаараас “аваад яв” гэсэн мессеж,...  ирсэн, мөн энэ дугаараас “хурдан аваад яваа” гэсэн мессеж, .. мөн энэ дугаараас “за сэмхэн аваад яваа согтож байна хамгийн гол нь  хаалган дээр байгаа, нийх айхтар хөдөлгөөн хийж болохгүй шүү” гэсэн мессеж,... ирсэн. Мөн энэ  дугаараас “утастайгаа  ойрхон байгаараа ах хариу” гэсэн мессеж... тус тус ирсэн байв. ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-16 тал/,

эд зүйл, эд мөрийн баримтад  үзлэг хийж хураан авсан тэмдэглэлд: “.... мөн +97688504532 дугаартай хэрэглэгч рүү ....”хайртай шүү мессежээ устгаарай з.” гэсэн  мессеж илгээсэн байв.. ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-19 тал/,

  Хохирогч А.Аын өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ....Би дэлгүүрээс  тамхи, ундаа аваад гартал дэлгүүрийн худалдагчаас  архи нэхээд байсан залуу миний  араас гараад ирсэн. .. тэр залуутай мэнд мэдээд гэрт нэг шил архи байгаа гэж хэлсэн. Тэр залуутай ойр зуурын юм яриад зогсож байхад  улаан өнгийн куртиктэй залуу гудамжинд  таарсан. Бид гурав Мөрөн сумын 4-27-01 тоот гэсэн хаягтай  айл руу орсон. Тэр айлд орж жаахан сууж байгаад  би гэртээ очиж нэг шил авахаар  тэнд байсан  нэг хүүхэн залуу хоёрын хамт явсан.  Харин анх таарсан 2 залуу айлд үлдсэн. Тэгээд би гэрээсээ нэг шил архи аваад буцаж очсон.  Гэр лүүгээ явахдаа мотоциклио тэр айлын хашааны  үүдэнд жолооны  хүрдийг  нь цоожлоод үлдээсэн,  гэртээ хариад  ирэхэд яг  тэр чигтээ байсан. Авчирсан архиа уугаад сууж байсан чинь  нэг доголон ах  орж ирээд та нар гарцгаа гэж уурлаад, тэнд байсан хүмүүс гарсан. Тэгээд харахад миний мотоцикль алга болсон байсан. Би хамт байсан хүмүүсээс миний мотоциклийг харсан уу гэж асуухаар нэг ч мэдэхгүй гээд байсан. Арвайн хурд гэсэн бичиглэлтэй хөх өнгийн 82-88 ХӨЗ улсын дугаартай  мотоцикль байгаа. Би уг мотоциклийг 2020 оны 09 дүгээр сард “Тэнхлэг” их дэлгүүрээс 1980000 төгрөгөөр худалдаж авсан.” гэх мэдүүлэг/хх-26-30/,

“ИхэрМөрөн-Аудит” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчиний 2021 оны 03 дугаар сарын 24-нйи өдрийн  №2145617200261 дугаартай: “Арвайн хурд” гэсэн бичиглэлтэй  мотоциклийн үнэлгээг 1595000 төгрөгөөр тогтоож саналыг хүргүүлж байна гэх” гэх дүгнэлт /хх-40-41 тал/,

 Шүүгдэгч Д.Чын яллагдагчаар өгсөн: “... би согтуу байх үедээ өөрийн төрсөн ах болох Мг дуудаад нөгөө архи аваад байсан хүний мотоциклийг ахаараа хулгай хийлгэж авахуулсан байсан. .. тухайн мотоциклийн цагаан залгуур буюу кундарторыг би л салгасан байх. .. би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу би хийсэн хэрэгтэй гэмшиж байна ” гэх мэдүүлэг /хх-53-54 тал/,

Шүүгдэгч Д.М яллагдагчаар өгсөн: “...би тогтоолтой танилцлаа. Тогтоолоос асууж тодруулах зүйл байхгүй байна. Би хийсэн хэргээ  хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-58-59 тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 21-22 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ч, Д.М нарын өгсөн “мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мотоциклийг биет байдлаар буцаан өгсөн” гэх мэдүүлэг, хохирогч А.Аын өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Ч, Д.М нарт уг тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчид буцааж өгөх санаа зорилго байгаагүй, энэ гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ч, Д.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн байх бөгөөд хохирогч А.А гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлснээр шүүгдэгч Д.Ч, Д.М нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 74 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Д.Ч, Д.М нарын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, мотоциклийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Д.Ч, Д.М нарын гэм буруутай үйлдлийн улмаас 1595000 төгрөгийн шууд хохирол учирч мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Ат мотоциклийг биет байдлаар хүлээлгэн өгч, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Ч, Д.М нарын бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндсэлэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Ч, Д.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч нарын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Ч, Д.М нар нь учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-60-83 тал/ зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлыг арилгасан нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, нэг жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ч, Д.М нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Ч, Д.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ч, Д.М нарт хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5,  7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Ч, Д.М нарт оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ,  согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэгсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч, Д.М нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Ч, Д.М нар хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Д.Ч, Д.М нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч, Д.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ДӨЛГӨӨН