Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 4946

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ХМ80082401 регистрийн дугаартай, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол 40с байрны 1 тоотод оршин суух, Боржигон овогт Долгорын Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Монгол улсын иргэн ШБ75030210 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 23 дугаар гудамж 464 тоотод оршин суух, Монгол овогт Дагвадоржийн Эрдэнэбаатарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 70.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн,

 Хариуцагч Д.Эрдэнэбаатар ,

 Гэрч Н.Мөнхцэцэг

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Совингэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Лхамсүрэн би Д.Эрдэнэбаатартай харилцан тохиролцож нотариатаар батлуулан 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 70.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн үүнээс хойш Д.Эрдэнэбаатар нь хүүнд 3.000.000 төгрөг төлж, өөр огт зээл төлөөгүй тул үндсэн зээл 70.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Н.Мөнхцэцэгтэй харилцан тохиролцож 70.000.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд гэрээг түүний туслах Лхамсүрэнтэй байгуулсан. Уг авсан зээлээ Мөнхцэцэгт дараах байдлаар төлж байсан. Үүнд:

1. 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Газар капитал” ББСБ-аас Н.Мөнхцэцэгтэй хамтран  авсан 20.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн.

2. 2015 оны 8 дугаар сарын 01-ны өдөр Н.Мөнхцэцэг Эрдэнэцэцэг гэдэг хүний дансруу яаралтай 3.000.000 төгрөг шилжүүлээч гэснээр шилжүүлсэн.

3. 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр төмөр хэрэгтэй гэсний дагуу 20.900.000 төгрөгийн төмөр өгсөн.

4. 2015 оны 12 дугаар сарын 19-ны өдөр иргэн Д.Шараагаас 25.000.000 төгрөгийг Н.Мөнхцэцэгийн дүүгийн хашаа байшинг барьцаалж зээл авч хүүгийн хамтаар барагдуулсан.

5. 2014 оны 12 дугаар сарын 10-ны Төрийн банкны дансаар 50.000.000 төгрөгийг Н.Мөнхцэцэгт шилжүүлсэн.

Зөвхөн дээрх баримтаас харахад 118.900.000 төгрөгийг төлсөн байна. Би Д.Лхамүрэнгээс 70.000.000 төгрөг зээлээгүй бөгөөд Н.Мөнхцэцэгээс зээлсэн мөнгөө бүгдийг төлж барагдуулсан гэж үзэж байгаа тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

                                                                        

Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн нь хариуцагч Д.Эрдэнэбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 70.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигчдын хооронд 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “зээлийн гэрээ” байгуулагдсан байх ба гэрээгээр зээлдүүлэгч Д.Лхамсүрэн нь 70.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлдэгч Д.Эрдэнэбаатарт зээлдүүлэхээр тохиролцжээ. /хх-ийн 3 дугаар тал/

Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч нь зээлийн хүүнд 3.000.000 төгрөгийг төлж, үндсэн зээлээ төлөөгүй тул 70.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Лхамсүрэнгээс мөнгө зээлээгүй, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Н.Мөнхцэцэгээс 70.000.000 төгрөгийг зээлж, буцаан төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч 2015 оны 8 дугаар сарын 01-ны өдөр зээлийн хүүнд 3.000.000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч нь зээлийн хүүнд төлсөн 3.000.000 төгрөгийг Д.Эрдэнэцэцэгийн Хаан банкин дахь 5014030284 тоот дансанд Мөнхцэцэг гэж гүйлгээний утгыг дурдаж шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан орлогын мэдүүлэг зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна. /хх-ийн 18 дугаар тал/

            Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.

Мөн Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 12-т “энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно” гэж заасан байх бөгөөд энэхүү зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Д.Лхамсүрэн нь зээлдэгчид мөнгийг бодитойгоор шилжүүлэн хүлээлгэн өгсөн болохоо мөн хариуцагчийн татгалзалыг баримтаар нотлоогүй болно.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж тус тус заасан бөгөөд зээлийн гэрээний дагуу Д.Лхамсүрэн нь Д.Эрдэнэбаатарт мөнгийг бодитойгоор шилжүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Лхамсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                           ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Эрдэнэбаатраас 70.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Лхамсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

                                 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Л.ЭНХЖАРГАЛ