Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1626

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ИЗ85062204 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 49 дүгээр гудамж, 569е тоотод оршин суух Нялцгайтан овогт Жанчивын Цэнд-Аюушын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ИЗ85082819 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 49 дүгээр гудамж, 569е тоотод оршин суух Адууч овогт Чүлтэмсүрэнгийн Батсайханд холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Цэнд-Аюуш, хариуцагч Ч.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2003 онд Ч.Батсайхантай үерхэн улмаар 2005 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтийн 24 дугаарт баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр хүү Б.Дашдондог, 2012 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр хүү Б.Пүрэвбадрал нар төрсөн. Том хүү төрөхөд бид оюутан байсан учраас миний өөрийн аав, ээж 3 сартайгаас нь өсгөн өдий хүртэл хайрлан халамжилж байгаа. Бид хүүхэдтэй болсон хэдий ч зан харьцааны таарамжгүй байдал үүсч хэд хэдэн удаа тусдаа амьдарсаар өдий хүрсэн. Хэсэг тусдаа амьдарч байгаад ойлголцож буцаж хамт амьдарсан боловч таарамжгүй харилцаа хэвээр үргэлжилсээр цаг хугацаа өнгөрч сүүлдээ нөхөр Ч.Батсайхан сураггүй хэд хэдэн хоногоор гэрээсээ явах болсон. Ингээд бид хамт амьдрах нэртэй боловч хүүхдүүд болон миний хувьд нөхөр, хайр халамжгүй удсаар байна. Иймд гэрлэлтийг цуцалж, хүү Б.Дашдондог, Б.Пүрэвбадрал нарыг асрамжидаа авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Цэнд-Аюуш нь хариуцагч Ч.Батсайханд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Цэнд-Аюуш хариуцагч Ч.Батсайхан нар нь 2005 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр гэр бүл болсныг 2005 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 24 дүгээрт бүртгэсэн бүртгэл, тэдний дундаас 2005 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр хүү Б.Дашдондог, 2012 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр хүү Б.Пүрэвбадрал нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүү Б.Дашдондог, Б.Пүрэвбадрал нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна./х.х-ийн 7-10 дугаар тал/

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.2-т зааснаар гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар Ж.Цэнд-Аюуш, Ч.Батсайхан нарын гэрлэлт хэвээр, дуусгавар болоогүй, цуцлагдаагүй байна.

Монгол улсын Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Т.Гариймаа өргөдөл гаргагч Ж.Цэнд-Аюушын өргөдөлөөр зохигчдыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд урьж, эвлэрүүлэх ажиллагаа явуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй учраас тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар  эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна. /х.х-ийн 6 дугаар тал/

Хэдийгээр зохигчдыг эвлэрүүлэх ажиллагаа дуусгавар болсон ч шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.2, 129 дүгээр зүйлийн 129.1.7, мөн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар гэрлэгчдийг эвлэрэн хэлэлцэх боломж байгаа эсэх, гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх талаар эвлэрэх арга хэрэгслийг хэрэглэх талаар санал болгож, үр дагаврыг тайлбарласан хэдий ч талууд гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн хэвээр байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд гэрлэгчид тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн хэвээр байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

Нэхэмжлэгч, хариуцагч нар хүү Б.Дашдондог, Б.Пүрэвбадрал нарын асрамжийн талаар маргаагүй, эх Ж.Цэнд-Аюушын асрамжид үлдээхийг харилцан хүлээн зөвшөөрч байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хүү Б.Дашдондог нь 2005 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр төрсөн, одоо 12 настай ажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй”,  Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай олон улсын Конвенцийн 9, 12 дугаар зүйлд  зааснаар хүүхэд энэ тохиолдолд саналаа илэрхийлэх эрхтэй гэж тус тус зааснаар хүүхдийн саналыг гэрлэлт цуцлахад харгалзан үзэхээр заасан боловч хүү Б.Дашдондог нь 2013 оноос унаж татдаг өвчнөөр өвчилж Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн хяналтад эмчлэгддэг талаар тайлбарлаж байх тул энэхүү саналд хүндэтгэлтэй хандах нь зүйтэй гэж үзэв.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр төрсөн хүү Б.Дашдондог, 2012 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн хүү Б.Пүрэвбадрал нарыг эх Ж.Цэнд-Аюушын асрамжид үлдээн эцэг Ч.Батсайханаар Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж заасны дагуу хүү Б.Дашдондог, Б.Пүрэвбадрал нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь эцэг Ч.Батсайханы эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхэдтэйгээ уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх Ж.Цэнд-Аюуш саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болно.

Зохигч  эд хөрөнгийн маргаан үүсгээгүй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон         

           

                                    ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нялцгайтан овогт Жанчивын Цэнд-Аюуш, Адууч овогт Чүлтэмсүрэнгийн Батсайхан нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан  2005 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр төрсөн хүү Б.Дашдондог, 2012 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн хүү Б.Пүрэвбадрал нарыг эх Ж.Цэнд-Аюушын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2005 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр төрсөн хүү Б.Дашдондог, 2012 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн хүү Б.Пүрэвбадрал нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ч.Батсайханаар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчид эд хөрөнгийн маргаан үүсгээгүй болохыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Цэнд-Аюушаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Батсайханаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цэнд-Аюушид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Совингэрэлд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                                  Л.ЭНХЖАРГАЛ