Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1627

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн УЕ62111974 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, хужирбулангийн 13 дугаар гудамж, 700 тоотод оршин суух, Баяуд овогт Халзайн Лхагвагийн хүсэлттэй, 

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номинцэцэг нар оролцов.  

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.Лхагва нь шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1977 оны 11 дүгээр сарын 10-нд Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын отор тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор орж 1992 оны 06 дугаар сард Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн аж ахуй тарж ажлаас гарсан. Гэтэл би өндөр настны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр алга болж тэтгэвэрт орж чадаагүй. Хэнтий аймгийн архиваас шүүсэн чинь тушаал олдохгүй 1978-1981 оны ээлжийн амралт 1983 онд шагналд орсон баримт 1984 оны хадланд гарсан баримт 1985 оны хадланд үнэгүй хоолонд орсон баримт 1986 оны үнэгүй хоолны баримт8 1987 оны ногоо тэжээл хураах баримт олдсон. 1990 онд трактор барьж байхад авахуулсан зураг 1992 онд бригадын хамт олонтойгоо авахуулсан зураг үлдсэн. 1977 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс Хэнтий аймгийн Хэрлэнбаян-улааны отор тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.Лхагва нь ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т “хүний ажилалж байсан байдал”-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

Мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт “хүсэлтэд уг үйл явдлыг  тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл ядвлыг тогтооход ач холбогдол бүхий байримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэж зааснаар хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлыг тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилготой гэж тодорхойлж, хүсэлтэд дурдсан үйл ядвлыг тогтооход шаардлагатай баримт бичиг байхгүй талаарх 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 35 тоот Хэнтий аймгийн Архивын тасгийн баримтыг хавсарган ирүүлсэн байна.

Хүсэлт гаргагч Х.Лхагва нь 1977 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын отор тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 1978 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 193 дугаар БНМАУ-ын Хөдөө аж ахуйн намны харьяа Хэрлэн Баян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын “Ээлжийн амралт олгох тухай тушаал”, 1979 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 158 дугаар БНМАУ-ын Хөдөө аж ахуйн намны харьяа Хэрлэн Баян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын “Ээлжийн амралт олгох тухай тушаал”, 1980 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 98 дугаар БНМАУ-ын Хөдөө аж ахуйн намны харьяа Хэрлэн Баян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын “Ээлжийн амралт олгох тухай тушаал”, 1981 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн БНМАУ-ын Хөдөө аж ахуйн намны харьяа Хэрлэн Баян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын “Ээлжийн амралт олгох тухай тушаал”, 1983 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дүгээр БНМАУ-ын Хөдөө аж ахуйн намны харьяа Хэрлэн Баян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын “Ээлжийн амралт олгох тухай тушаал”, 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 83 дугаар БНМАУ-ын Хөдөө аж ахуйн намны харьяа Хэрлэн Баян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын “Хадлангийн механизмжсан бригад, тэдгээрийн бүрэлдэхүүнийг зохион байгуулах тухай тушаал”, 1985 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар БНМАУ-ын Хөдөө аж ахуйн намны харьяа Хэрлэн Баян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын “Хадланчдыг үнэгүй хооллох тухай тушаал”, 1986 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 118 дугаар БНМАУ-ын Хөдөө аж ахуйн намны харьяа Хэрлэн Баян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын “Үнэгүй хооллох тухай тушаал,” 1987 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 161 дугаар Ногоон тэжээл хураах, сүрэл боож нуруулах, будаа хатаах цэвэрлэх тухай тушаал, фото зурагнууд, гэрч М.Сувдын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд 1977 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын Отор тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай Х.Лхагвын хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан УЕ62111974 регистрийн дугаартай Баяуд овогт Халзайн Лхагва нь 1977 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын Отор тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.ЭНХЖАРГАЛ