| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/02146/И |
| Дугаар | 1628 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 1628
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн ЛЕ58060179 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Усан сангийн 1-8 тоотод оршин суух Будшир овогт Зундуйн Норовсүрэнгийн хүсэлттэй,
Нас тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч З.Норовсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1957 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр бригадын нутаг зүүн нөрт гэдэг газар иргэн Зундуйн 8 дугаар хүү болон мэндэлж, эцэг эхийн гар дээр бойжиж байгаад 1967 онд Дарьганга сумын дунд сургуульд орсон. 1975 онд 8 дугаар ангиа төгссөн. Манайд эрэгтэй хүүхэд тогтдоггүй байсан учир манай эмээ хүн биш нохой гарсан гээд Гөлөг гэдэг нэр өгсөн билээ. Ингээд 1967 онд сургуульд ороход Норовсүрэн гэдэг нэрээр сольж 1957 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн гэснийг 1958 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэж бичиж өөрчилсөн юм байна. Иймд миний 1958 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэснийг 1957 оны 06 дугаар сарын 01-ний өдөр болгон зөвтгөж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.Норовсүрэн нь нас тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т “нас тогтоох”-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэсний дагуу хүний нас тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт “хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж ... нотлох баримтыг хавсаргана гэж зааснаар хүсэлт гаргагч нь насаа үнэн зөвөөр тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилготой гэж тодорхойлж байна.
Хүсэлт гаргагч З.Норовсүрэн нь 1957 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймаг Дарьганга суманд Будын Зундуй, Зундуйн Долгор нарын наймдугаар хүү болон мэндэлсэн байх бөгөөд түүнийг төрсний бүртгэлийн лавлагаанд 1957 оны 6 дугаар 01-ны өдөр төрсөн Гөлөг гэсэн нэрээр бүртгэсэн, иргэний бичиг баримтад 1958 оны 6 дугаар сарын 01-ны өдөр Норовсүрэн гэж тус тус бүртгэсэн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаа болон гэрч Д.Цагаан, Д.Цэвэлмаа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Будшир овогт Зундуйн Норовсүрэнг 1957 оны 06 дугаар сарын 01-ий өдөр төрсөн болохыг тогтоолггох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар Будшир овогт Зундуйн Норовсүрэнг 1957 оны 06 дугаар сарын 01-ий өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч З.Норовсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ