Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 20

 

Д.М, Х.Б нарт холбогдох

 эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Б.Сүхгомбо, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Шүүгдэгч Д.М, Х.Б, 

Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Ө.Батболд, онлайнаар Г.Наранбаатар, Э.Ганбат  нар, 

Шүүгдэгч Х.Бын өмгөөлөгч Б.Мянган,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Э /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуянгийн даргалж, шүүгч Х.Санжидмаа, Д.Сугар нарын бүрэлдэхүүнтэй  хийсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ө.Батболд,  Э.Ганбат, Г.Наранбаатар, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Мянган нарын давж заалдах гомдлоор Д.М, Х.Б нарт холбогдох эрүүгийн 201611000324 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 онд  Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 38 

настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд нь Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Д.

 

  Монгол Улсын иргэн, 1991 онд Төв аймгийн Баянцээл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, ам бүл 4, ээж, дүү, охины хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х.Б 

 

Шүүгдэгч Д.М нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны шөнийн 23 цагийн орчимд согтуугаар хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Эыг зодож, эрүүл мэндэд нь “гавал, тархины битүү гэмтлийн улмаас тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа үүсэж, тархи дарагдах” гэмтэл учруулан алсан,

 

Шүүгдэгч Х.Б нь Дорнод аймгийн Сэргэлэн сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Б.Эыг хэрэг хүлээлгэх зорилгоор мэдүүлэг өгөхийг албадаж, нүүр болон хэвлий орчимд нь цохиж, хүч хэрэглэн эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэн яллагдагч  Д.Мын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, Х.Бын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор: Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Х.Бт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчилж зүйлчилж, шүүгдэгч Тыг хүнийг алах, шүүгдэгч Быг эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Д.Мад оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай, Х.Бт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагуудад тус тус эдлүүлж, Д.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Х.Бт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Д.Мын цагдан хоригдсон 467 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаачийн бор өнгийн торгон дээл 1, саарал өнгийн даавуун өмд 1, саарал өнгийн майк 1, ногоон өнгийн саравтай малгай 1, хөх өнгийн судалтай фудволька 1, хар өнгийн түрүүтэй гутал 1, шүүгдэгч Д.Мын өмсөж явсан саарал өнгийн бэлтгэлийн цамц 1, хөх өнгийн малгай 1, цэнхэр өнгийн жинсэн өмд 1, хар өнгийн түрүүтэй гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Д.Мын Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багт байрлах 750 м.кв газар, 2 настай 80 тооны эм хонь зэргийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдийн Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Х.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Д.М давж заалдах гомдолдоо: ... Надад 10 жилийн хорих ял, Бт 2 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Би энэ хэрэгт 489 хоног цагдан хоригдохдоо энэ алуурчны хийсэн хэрэг болон өөрийн гүтгүүлсэн хэргийн талаар хангалттай мэдүүлэг өгсөн. Б нь гадуур шалгагдаж байх хугацаандаа шинжээч нарыг хахуулдаж, өөрт ашигтай дүгнэлт гаргуулсан. 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хэрэг гараагүй. Харин 7 дугаар сарын 29-ний өглөө 07 цаг 30 минутаас 08 цагийн хооронд Эрдэнэбаатар нь хэсгийн төлөөлөгч Бт цохиулж, өшиглүүлж, чихнээсээ цус гартлаа цохиулаад амиа алдсан, газар дээрээ ухаан алдаж үхсэн. Би талийгаачийг  бүрэлгэх хэмжээний цохиж зодсон асуудал байхгүй. Энэ хэргийг хэсгийн төлөөлөгч Б үйлдсэн. Иймд хэргийг дахин мөрдөн байцаалтанд буцааж тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн хэлтсээр шалгуулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Х.Б давж заалдах гомдолдоо: ... 2016 оны 7 дугаар сарын 28-ны орой 22-23 цагийн үед сумын эмч Болормаа надад хулгайн болоод зодооны хэрэг гарсан талаар утсаар мэдэгдсэн. Мэдээллийн дагуу суманд очиход 02 цаг болж байсан, манай өрөөнд үхэр алдсан, бусдыг зодсон гэх Д.М, үхэр хулгайлж бусдад зодуулсан гэх Б.Э, сумын олон нийтийн байцаагч Б.Батжаргал нар байсан. Зодуулсан хүнийг эмчид үзүүлсэн, биеийн байдал гайгүй гэсний дагуу өглөө үүр цайх хүртэл юу болсон талаар ярилцаж байгаад өглөө болгосон. Мэдээлэл эргэлзээтэй, зөрүүтэй байсан тул 06 цагийн орчим үхэр алсан газарт үзлэг хийхээр явцгаасан. Үзлэг хийх газар очиход Б.Э нь үхэр алсан газраа зааж өгч чадахгүй байгаагаас болж, хугацаа их алдсан бөгөөд энэ байдалд нь дургүйцэж талийгаачтай зандрангуй байдлаар харьцсаныг үгүйсгэхгүй. Энэ байдлыг маань хүү Э.Хартогоо нь буруугаар ойлгож, аавынх нь эрх чөлөөнд халсдан мэтээр мэдүүлдэг юм. Би Эрдэнэбаатарын эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэхээр ямар нэгэн үйлдэл хийгээгүй бөгөөд ажил хийх, хэрэг шалгах явцад тэвчээр алдагдаж, чанга дуугаар харьцсан харьцааг эрүү шүүлт гэж үзэж ял оногдуулсанд харамсаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэжээ.   

 

Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Э.Ганбат, Г.Наранбаатар нар давж заалдах гомдолдоо: ... “Хохирогч гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины баруун чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа үүсэж, тархи дарагдаж нас барсан” гэж шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоосон ба чухам энэ гэмтлийг хэний үйлдлээс учирсан болохыг нарийвчлан тогтоолгүй, хэрэгт ач холбогдол бүхий зарим гэрч, хохирогч нарын мэдүүлгийг үнэлэхгүй, зарим зөрүүтэй, үнэн зөв болох нь эргэлзээтэй мэдүүлэгт үндэслэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “шүүхийн тогтоол үндэслэлтэй” байх шаардлагад нийцээгүй мөн “шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Өмгөөлөгч миний бие шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд энэ талаар хэлэлцээгүй, хэлэлцсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хохирогч Тын зодсон үйлдлээс бус Х.Бын үйлдлээс болж нас барсан гэдэг нь гэрч Э.Хартогоогийн мэдүүлгээр тогтоогдож байхад анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзэлгүй, зөвхөн нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримттай харьцуулан зөв үнэлж чадаагүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Шүүгдэгч Тын мэдүүлэг нь гэрч Хартогоогийн мэдүүлгээр батлагдаж байгааг анхаарч дүгнэлт хийгээгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1403 дугаар дүгнэлт, шинжээч Амартүвшин, Амгаланболд нарын мэдүүлгээр хохирогчийн гавал тархинд учирсан цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цусан харвалт, тархины эдийн няцрал гэсэн 3 төрлийн гэмтэл нь 1 цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болох нь тогтоогдсон бөгөөд Бт зодуулсан үед учирсан. Энэ гэмтлүүд учирсан үед ухаан алдах, бөөлжих, толгой өвдөх, шинж илэрнэ, цус харвалтын эсрэг талын гар хөлд саа саажилт үүснэ. Дээрх шинж тэмдэг илрэхгүй байна гэж байхгүй гэсэн нь үндэстэй бөгөөд 29-ний өдрийн өглөөний 06-09 цаг хүртэлх хугацаанд ухаангүй байж байгаад нас барсан болох нь нотлогдсон болно. Хэрэв 7 дугаар сарын 28-ний орой тархины гэмтэл авсан бол цусан хураа нь нэмэгдэж өглөө хэл дээрээ явах боломжгүй, ухаан алдах, толгой тархи дарагдах, саажилт үүссэн байх боломжтой. Энэ үүднээс дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй болно.  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.     

 

Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Ө.Батболд  давж заалдах гомдолдоо: ... Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаалгах зорилгоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаалгах хүсэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Т нь Дорнод аймгийн Цагдаагаар шалгуулмааргүй байгаа талаараа удаа дараа гомдол гаргаж байсан ч энэ асуудлыг шийдвэрлээгүй. Хэргийн харъяалал зөрчиж байцаан шийтгэх ажиллагаа явуулсан. Шийтгэх тогтоол гаргахдаа 7 дугаар сарын 28-ны өдөр архи, пиво хамт уусан хүмүүсийн мэдүүлгийг яллах нотлох баримт болгон ашиглаж байгаа нь буруу юм. Шинжээчийн дүгнэлт илт худал гарснаас гадна өөр хоорондоо зөрүүтэй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн биед тархи болон их тархи баруун тал бөмбөлгийн чамархайн дээд хэсэг дух дагзны ар хэсэг болон дагуу завсар, зүүн тал бөмбөлгийн дагуу хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, дух хэсгийн тархины няцрал, баруун зүүн чамархайн хуйх булчингийн цус хуралт, баруун 6,7,8 зүүн 7-р хавирганы хугарал зэрэг амь нас хохирох аюултай  гэмтлийг яллагдагч Х.Б учруулсан байгааг шүүх харж үзсэнгүй. Гэрч Амгаланбаярын гар утсанд үзлэг хийсэн хэрнээ уг гар утсыг хураан авсан тэмдэглэл байхгүй, мөн буцаан өгсөн тэмдэглэл байхгүй, тухайн утсан дээр байсан зурагнуудыг хавтаст хэрэгт хийсэн нь эргэлзэлтэй байна.  Гэрч Амгаланбаатарын гар утасны цэнэг дууссан гэж мэдүүлсэн ч Тын нүцгэн зураг байдаг. Талийгаачийг гэрт нь авчирахад цэнхэр жинсэн өмдийг нь сольж, саарал өмд ягаан турсик өмсгөсөн байдаг. Гэтэл Амгаланбаярын гар утсан дээр байгаа зураг цэнхэр жинсэн өмд байх ёстой атал саарал өмдтэй байна. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Х.Бын өмгөөлөгч Б.Мянган давж заалдах гомдолдоо: ... Шүүгдэгч Х.Быг гэмт хэрэг үйлдсэн гэх үеийн буюу 2016 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлд буюу эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан” үйлдлийг хамааруулан ойлгодог. Өөрөөр хэлбэл мэдүүлэг авах үед хуульд заасан дээрх аргуудаар эрүү, шүүлт тулгасан бол гэмт хэрэгт тооцохоор байна. Гэтэл 2015 онд батлагдсан хуулиар Эрүүгийн хуулийн 21.12  дугаар зүйлд шинэ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд уг шинээр гэмт хэрэгт тооцсон үйлдлийг хийсэн гэж  үзэж, хуулийг буцаан хэрэглэсэн нь 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг шүүх ноцтой  зөрчиж, ял оногдуулсан байна. Мөн тухайн үед Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулаагүй бөгөөд харин гэмт хэргийн тухай мэдээллийг газар дээр нь шалгах, хэрэг гарсан газарт нь үзлэг хийх зорилгоор явж байсан болохыг гэрч Б.Ганзориг, Б.Батжаргал нар мэдүүлдэг. Гэрч Б.Ганзориг, Б.Батжаргал нарын мэдүүлэг зөрөөгүйгээс гадна хохирогч Эрдэнэбаатарын эрх чөлөөнд Б халдаагүй гэдгийг хангалттай гэрчилсээр байтал эдгээр гэрчийн мэдүүлгийг үнэлэлгүйгээр ашиг сонирхлын зөрчилтэй гэрч Э.Хартогоогийн мэдүүлгийг үндэслэн Быг эрүү шүүлт тулгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын болон тэдгээрийн өмгөөлөгчдийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлалгүй тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянаж үзлээ.

 

Хууль тогтоогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нутаг дэвсгэрийн болон хуульд заасан харьяаллаар гэсэн хоёр хэлбэрээр явуулахаар хуульчилсан билээ. Үүнээс хуульд зааснаар харьяалал тогтоох гэдэгт дээд шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар хэрэгт шүүхийн харьяалал тогтоож, шилжүүлэх журам хамаарах бөгөөд энэ тохиолдолд хэрэг хүлээн авсан шүүх  харьяаллын талаар маргахгүйгээр хянан шийдвэрлэх үүрэгтэй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааж императив хэм хэмжээг тусгажээ. 

 

Гэтэл Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 59 дүгээр захирамжаар шүүгдэгч Д.М, Х.Б нарт холбогдох эрүүгийн 201611000324 дугаартай хэргийг хянан шийдвэрлүүлэхээр Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд харьяалал тогтоон шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Сум дундын шүүх тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй болсон талаар гаргасан хүсэлт нь үндэслэлтэй бол адил шатны өөр шүүхийн дээд шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилж, шүүх бүрэлдэхүүнд шүүгчдийн олонхи нь оролцож байгаа шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлнэ.” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн харьяалал тогтоох журмыг зөрчсөн байна. /4 хх-39 х/

 

Энэхүү хэрэгт Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүн томилохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх ... хянан шийдвэрлэж байгаа хэрэг нь харьяаллын бус болохыг тогтоовол харьяалах ... шүүхэд шилжүүлнэ”, энэ хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ” гэж заасныг мөрдөөгүй байна. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдаан хийж, шийтгэх тогтоол гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ. /4хх-42х/ Түүнчлэн энэ хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа энэ хуулийн заалтыг чанд сахина”, “Тухайн ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно...” гэж заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимтай нийцэхгүй байна. 

 

Иймд  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ө.Батболд, Э.Ганбат, Г.Наранбаатар, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Мянган нарын давж заалдах гомдлыг шийдвэрлэлгүй орхиж, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Шүүгдэгч Д.М, Х.Б нарын хувийн байдлыг харгалзан урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.М, Х.Б нарт холбогдох эрүүгийн 201611000324 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

Хоёр. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.М, Х.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

Гурав. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         О.БААТАРСҮХ

       ШҮҮГЧИД         Б.СҮХГОМБО

       С.ОЮУНТУНГАЛАГ