Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 056

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар  багийн оршин суугч Есиркеп  овогт Х.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргад холболдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Алтанцөгц сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Малын тэжээл тарих, ойжуулах зориулалтаар газар эзэмшүүлэх тухай” 41/А дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ө.Бахытбек, хариуцагч Алтанцөгц сумын Засаг дарга С.Б, гуравдагч этгээд ““М”” ХХК-ийн захирал Х.Е, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Хибатын Берикбол тус аймгийн Алтанцөгц сумын Улаанхаргана баг, Хааны худаг, “Хөх хад” гэх газарт мал маллаж амьдардаг. Миний аав Хажыбайн Хибат нь Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх хад” гэх газарт 1989 оноос хойш нутаглаж хаваржиж, өвөлжин суудаг байсан. 2010 онд би гэр бүл болсон тул аав маань өөрийнхөө өвөлжөөг надад өгснөөр одоо болтол уг газарт би өвөлжиж байгаа. Миний бие уг газрыг эзэмших тухай хүсэлт гаргаснаар Алтанцөгц сумын Засаг даргын 2013 оны 81 дугаартай захирамжаар 20 жилийн хугацаагаар надад газар эзэмшүүлэх захирамж гаргаж, сумын газрын даамал 2014 онд **** дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээ олгосон. Надад “Хааны худаг” буюу “Хөх хад” дахь өвөлжөөнөөс өөр нүүх газар байдаггүй учраас тухайн жилийн 9 дүгээр сард нүүж очиж дараа жилийн 6 дугаар сар хүртэл сууж зусландаа нүүдэг.

2005 оноос эхлэн аав маань өвөлжөөнийхөө ойр орчмын “Хөх хад”-аас доошоо Ховд зам хүртэлх голын эргийн талбайн чулууг түүж, услан, хадлангийн жижиг талбай гаргаж, улмаар жил болгон услан талбайг томсгож намар хаддаг байсан. Анхандаа энэхүү талбай нь хэн ч хаддаггүй чулуутай газар байсан. Аав маань дээрх газрыг надад өгснөөр би чулууг нь түүж томсгосоор байгаад хадлангийн талбай болгосон. Сумын захиргаанаас надад хадлангийн талбай хуваарилж өгөөгүй ба хадлан хуваарилж өгөхийг хүссэн боловч тухайн үед Засаг дарга “Хөх хад” дахь өвөлжөө орчмын голын эргийг хад гэсэн учир 2008 оноос би “Хөх хад”-ын өвөлжөөнөөс доошоо Ховд  хүртэлх хадлангийн талбайг хадаж ирсэн.

Уг газрыг эзэмшихээр өмнө хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлэгдээгүй тул 2019 оны 3 дугаар сарын сүүлээр дахин хүсэлт гаргахаар явж байхад миний засаж сайжруулсан талбайг хамруулан хэдэн га газрыг Алтанцөгц сумын 2 дугаар багийн Засаг дарга Х.Еын эзэмшлийн ““М”” ХХК-д эзэмшүүлсэн талаар хүмүүсээс сонсож мэдсэн. Тухайн үед энэ талаар сумын Засаг дарга, газрын даамлаас тодруулсан боловч тоймтой хариу өгөөгүй, ямар захирамж гарсныг ч хэлэхгүй байсан тул аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан. Гэвч аймгийн Засаг даргаас 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 554 дугаартай албан бичгээр маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүл гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

““М”” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж 2018 онд гарсныг би мэдээгүй, надад мэдэгдээгүй ба аймгийн Засаг дарга хариу мэдэгдэх үед 30 га газрыг малын тэжээл тарих зориулалтаар эзэмшүүлснийг мэдсэн.

““М”” ХХК-ийн захирал Х.Е нь манай багийн иргэн биш бөгөөд 2 дугаар багийн Засаг дарга атлаа манай багийн нутаг дэвсгэрээс албан тушаалаа ашиглаж газар эзэмшиж байгаа нь зүйд нийцэхгүй. Би ариун хөдөлмөрөөрөө 15 жил чулууг нь түүж, томсгон, усжуулан сайжруулж хадлан болгосон талбайгаа хэн нэгэнд дур зоргоор эзэмшихийг зөвшөөрөхгүй. Газрын гарц муутай энэ үед миний засаж сайжруулсан газрыг бусдад эзэмшүүлсэнд гомдолтой байгаа ба Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5-д зааснаар миний бие уг газрыг эзэмших давуу эрхтэй байсан юм. Гэтэл хууль бус захирамж гаргаж бусдад эзэмшүүлсэн гэж үзэж байна. 

Манай багийн нутаг дэвсгэрээс ““М”” ХХК-д газар эзэмшүүлэх талаар шийдвэр гаргаагүй ба 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлаас “Хөх хад”-аас Ховд зам орох хүртэлх голын эргийг надад эзэмшүүлэхийг зөвшөөрч шийдвэрлэсэн.

Тухайн маргаж байгаа газрыг шүүхээс үзлэг хийхээр очихдоо харсан. Тэр газар миний өвөлжөө, мөн тэнд байгаа малчдын бэлчээр. Тийм учраас тэр газрыг өгөхийг бид нар ерөөсөө зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Алтанцөгц сумын “Улаан харгана” багийн нутаг дэвсгэр “Хааны худаг”, “Хөх хад” гэх газраас “Мар мар” ХХК-д малын тэжээл тарих, ойжуулах зориулалтаар 30 газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 41/А дугаартай хууль бус захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Засаг даргаар ажилласан хугацаанд жил бүр олгох газрыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит чуулганд танилцуулан батлуулж мөрдөн ажиллаж байна. Бас жил бүр хавар газар зохион байгуулах, газрын маргаан шийдвэрлэх, хадлан хуваарилах комисс байгуулах захирамж гарган ажиллаж байна. Энэ захирамжийн дагуу 2016 онд байгуулагдсан комисс хадлан хуваарилалтыг газар дээр нь хийж 15 иргэнийг шинээр хадлантай болгосон. Мөн 2017 онд комисс хадлан хуваарилалт хийж 41 иргэнийг хадлантай болгосон.

2018 онд багийн иргэдийн Нийтийн Хурлаас хуваарилах шийдвэр гараагүй тул хуваарилалт хийгдээгүй. Миний энд ажиллаж байгаа хугацаанд Х.Боос уг маргаан үүсгэж байгаа газарт хадлан хүссэн ямар нэг өргөдөл ирээгүй. “Мар Мар” ХХК-д олгосон газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж батлагдсан хууль журмын дагуу олгогдсон болно.

Х.Б нь улсын бүртгэлд бүртгэгдсэн “Хааны худаг” гэдэг газарт **** дугаартай гэрчилгээтэй өөрийн эзэмшлийн 700 м2 өвөлжөөний газартай боловч 2016 оноос одоо хүртэл хадлан болон өвөлжөөний газрын төлбөр төлж байгаагүй. ““М”” ХХК-д олгосон газар чулуутай тул чулууг нь түүж чацаргана, мод тарих, малын тэжээл тариалах, ойжуулах бэлчээр болон хадлангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор олгосон болно.

Нэхэмжлэгч Х.Бын анх аймгийн Засаг даргад гаргасан өргөдлийн талаар сонсож байсан. Нэхэмжлэгч Засаг даргад гаргасан өргөдөлд олон жил чулууг түүж, ус гаргаж, хадлангийн талбай гаргасан гэж бичсэн байсан. “Цонжийн хөдөө” гэх газар бидний газар гэж яриад байгаа юм шиг байна. Уг компанид олгохоос өмнө уг газар нь  хүний үйл ажиллагаагаар нөхөн сэргээлт хийж сайжруулсан ажил хийсэн нь харагдаагүй. Усны хоёр тал нь байгалийн жамаар зүлэгжсэн байсан, ер нь малчин иргэд өөрийн өвөлжөөний эргэн тойронд газар олголт хийлгэх дургүй. Тухайн газрын 2000-3500 га газарт нь ойжуулж, тариа, ногоо тарих бүрэн боломжтой газар. ““М”” ХХК нь мод үржлийн газар байгуулсан. Миний зорилго маань  сумын тодорхой газрыг ойжуулж, тариа тарих зорилготой. Хүмүүс их ирдэг энэ манай бэлчээрийн газар байсан гэж. Засаг даргын захирамжийн дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж батлагдаж, хүмүүст газар олгодог. ““М”” ХХК-д тухайн газрыг олгосон. Одоо ““М”” ХХК нь  тухайн газартаа үйл ажиллагаагаа явуулж чадахгүй хохирч байгаа. Тийм учраас Х.Бын Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй, төрийн ажилд саад учруулж байна гэж үзэж байна. гэв.

 

Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оны 05 дугаар сарын 15-нд тус сумын Засаг даргад 3 дугаар баг буюу “Улаан харгана” багаас “Цонжийн хөдөө” гэх газраас мод тарьж ойжуулах, малын тэжээл тарих зорилгоор 30 га газар эзэмшүүлэхийг хүссэн өргөдөл гаргасан.

Сумын Засаг даргын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гаргуулах шаардлагатай гэсний дагуу 2018 оны 5 дугаар сарын 19-нд Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүсэлт гарган байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэн дүгнэлт гаргуулсан.

Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дүгнэлтийг үндэслэн сумын Засаг дарга** дугаар багийн “Цонжийн хөдөө” хэмээх газраас ”“М”" ХХК-д 30 га газарт малын тэжээл тарих, мод тарьж ойжуулах зорилгоор 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхийг зөвшөөрсөн захирамж гаргасан. Захирамжийн дагуу сумын газрын даамалтай гэрээ хийж эзэмшлийн 0**** дугаартай гэрчилгээ авсан болно.

Гэрчилгээ авсны дараа хууль журмын дагуу “Эл Эм Ланд ХХК" –д хандан 30 га газрын талбарын кадастрын зураглалыг газар дээр нь хийлгэж, кадастрын зураглалд 450.000 төгрөг, тээврийн зардалд 150.000 төгрөг, нийт 600.000 төгрөгийн зардал гаргасан.

Бүх бичиг баримтаа хууль журмын дагуу бүрдүүлж ““М”” ХХК ажлаа эхлэх гэтэл 3 дугаар багийн иргэн Х.Б нь ах дүү нарын хамт уг газрыг бидний эзэмшилд байгаа газар гэж маргаан үүсгэн, шүүхэд нэхэмжлэл гаргана гэснээр маргаан шийдэгдэх хүртэл бид нэг жил хүлээсэн. Иргэн Х.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “X. Ерганат нь манай багийн  ч иргэн биш, албан тушаалаа урвуулан ашигласан гэж дурдсан байна. Би 2 дугаар багийн Засаг дарга болохоос Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар 3 дугаар багт албан тушаалаа урвуулан ашиглах ямар ч эрх мэдэлгүй. Монгол Улсын иргэний хувьд хууль журамд нийцүүлэн хаанаас ч газар эзэмших эрхтэй. Мөн ““М”” ХХК нь уг газрыг эзэмшилд авахаас өмнө газарт ямар ч нөхөн сэргээлт хийсэн, чулууг нь түүсэн, шуудуу гаргасан зүйлгүй болохыг сумын удирдлагууд, газрын даамал, иргэд бүгд сайн мэднэ.

Компанийн эзэмшилд авсан уг газар нь нэхэмжлэгчийн өвөлжөөнөөс З км хол байгаа. Сумын Засаг дарга бөгөөд “Бекжанжай” ХХК-ийн захирлын хөдөлмөрөөр гаргасан шуудуугаар ус гүйж усны зах нь байгалийн жамаар сийрэгжсэн бэлэн газрыг Х.Б нь гартаа ямар ч бичиг баримтгүй миний хөдөлмөр шингэсэн гэж маргаан үүсгэж байгаа нь хуулийн ямар ч үндэслэлгүй гэж үзнэ, дээр нь компанийн үйл ажиллагаанд саад учруулж байгааг эсэргүүцэж байна. Хэрэв газрын даамал үзүүлж, Засаг дарга захирамж гаргасан ч тэр газрын чулууг түүсэн, хүний хөдөлмөр шингэсэн газар байсан бол би авахгүй байх байсан. Хэний ч эзэмшлийн газар биш гэсэн учраас авсан. Нэхэмжлэл гаргахдаа миний хадлангийн газар гэж, сүүлд бэлчээрийн газар гэж маргаанаа өөрчилж байна. Би нэхэмжлэгчийн өвөлжөөний газраас 1377 м зайтай газраас газар авч байгаа. Бэлчээр дундын эзэмшилд байх ёстой. Тус газрыг хэн ч өмчилж аваагүй, тийм учраас би Засаг даргад өргөдөл гаргаж энэ газрыг авсан. Сумын Засаг дарга маань компаниудад газар өгч, цаашид тухайн “Цонжийн хөдөө” гэх газрыг ойжуулах, малын тэжээл тарих зорилготой. Ийм зорилгоо биелүүлэхийн тулд миний компанид газар олгосон байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Х.Б анх нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 05 дугаар  сарын 30-ны өдрийн 41/А дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргасан үндэслэл нь тухайн газарт Х.Бын өвөлжөөнөөс 1 км орчим зайтай 2009 оноос эхлэн жил болгон хадлан авдаг газар байсан.

Жил болгон хадлан авах үед чулууг түүж,  сүүлд томсгож, 10 жил хадлан хадаж байсан газар. Газрын тухай хуулиар тухайн газрыг өргөжүүлсэн тохиолдолд эзэмших давуу эрхтэй байдаг. Харамсалтайн ““М”” ХХК нь Алтанцөгц сумын Засаг даргын олгосон газраас өөр газар, өөрөөр хэлбэл Х.Бын маргаж байгаа газраас дураараа газар эзэмшсэн нь шүүх хуралдааны явцад талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Цонжийн хөдөө” гэдэг солбицлын цэгтэй газраас бусдад газар эзэмшүүлнэ гэж тодорхой зааж өгсөн. Гэтэл гуравдагч этгээд газрын даамал байхгүй үед өөрөө очоод Х.Бын хадлангийн талбайгаас газар авсан нь өөрөө Газрын тухай хуулийг ноцтой зөрчиж байна.             Өөрөөр хэлбэл өөрт нь хуулиар олгогдсон газрыг хуулиар эзэмших, ашиглаж болохоос өөртөө хуулиар олгогдоогүй буюу  Засаг даргын захирамжаар олгогдоогүй газрыг эзэмших ёсгүй. Гуравдагч этгээдийн өнөөдрийн гаргаж байгаа үйлдэл хуульд нийцэхгүй. 

Хоёрдугаарт, Засаг дарга захирамж гаргахдаа малын тэжээл тариалах зориулалтаар газар олгосон байна. Энэхүү газрыг олгохдоо Газрын тухай хуульд заасан тодорхой шаардлагуудын хүрээнд олгосон байх ёстой. Өөрөөр хэлбэл Засаг дарга малын тэжээл тариалах зориулалтаар газар эзэмшүүлсэн тохиолдолд дуудлага худалдаа явуулах ёстой.

Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  шийдвэрийг үндэслэх ёстой. Гэтэл Засаг дарга багийн иргэдийн Нийтийн Хурлаас санал гараагүй байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэж, дуудлага худалдаа явуулахгүйгээр бусдад газар олгосны хувьд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д заасан заалтыг ноцтой зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж байгаа. Багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг авахгүйгээр газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч Х.Бын давуу эрхээр эзэмших ёстой газрыг бусдад эзэмшүүлсэн захирамж нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Хэрэв Засаг дарга захирамжийн биелэлтэд хяналт тавьсан бол өнөөдрийн маргаан гарахгүй байсан. Үүнийг Засаг дарга болон гуравдагч этгээд ойлгож байгаа мөртлөө эвлэрэхээс татгалзаж байгаад нь харамсаж байна. Бид нар шүүх хуралдаан эхлэхээс өмнө тодорхой санал тавьсан. Гэхдээ бидний саналыг хүлээж аваагүй. Гуравдагч этгээд ч мөн адил сумын Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө ямар гарсан нь хамаагүй би газраа авах  ёстой гэдэг маягаар хандаж байгаа нь харамсалтай байна. Шүүхээс ямар шийдвэр гарах нь хамаагүй. Нэгэнт “Мар мар” ХХК хууль бусаар газар эзэмшиж байгаа нь тодорхой болсон тохиолдолд зохих журмын дагуу хуулийн байгууллагад хандах болно. Засаг даргын захирамж хууль журмын дагуу гараагүй учраас хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Алтанцөгц сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 41/А дугаартай захирамжаар сумын “Цонжийн хөдөө” хэмээх газраас малын тэжээл тарих, ойжуулах зориулалтаар ““М”” ХХК-д 30 га газрыг 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр сумын газрын даамал нь  мөн өдөр тус компанитай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр **** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд гуравдагч этгээд ““М”” ХХК нь дээрх захирамжийн  дагуу геодезийн үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг “Эл Эм Ланд” ХХК-д хандаж, сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс 1-5 булан бүхий Х: 5454329.620,Ү:317435.657 /булан-1/, Х:5453711.028, Ү:317030.540 /булан-2/, Х:5453869.384, Ү:316730.498 /булан-3/, Х:5454564.399, Ү:317125.406/булан-4/, Х:5454546.877, Ү:317326.998 /булан-5/ солбилцолтой 30 га талбайтай газарт газрын байршлын кадастрын зураг хийлгэсэн байх ба энэхүү газар нь нэхэмжлэгчийн түүнд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр олгогдсон **** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр “Хааны худаг” нэртэй газраас өвөлжөөний зориулалтаар эзэмшдэг 700 м2  талбайтай газраас 1377 метрийн зайтай газар болох нь тогтоогдсон.

Шүүхээс үзлэг хийхэд гуравдагч этгээдийн кадастрын зураг хийлгэсэн газарт байгалийн жамаар бий болсон шуудуу бүхий газар багтсан байх ба нэхэмжлэгчээс шуудууны эрэг газрыг хадлангийн зориулалтаар ашигладаг, мөн гуравдагч этгээдийн эзэмшилдээ авч буй газар нь бэлчээрийн зориулалтаар мал бэлчээдэг газар юм гэж маргажээ.

 Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зуслан, хаваржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана гэж, түүнчлэн  53 дугаар зүйлийн 53.4-т зааснаар иргэн нь сумын Засаг даргатай тохиролцон бэлчээрийн зохих ургацтай хэсгийг хадлангийн талбай болгон ашиглаж болохоор байгаа ба энэ  нь газрын нэгдмэл сангийн ангилалд бүртгэгдсэн хадлангийн газарт хамаарахгүй гэж заажээ. Нэхэмжлэгчийн дээрх үндэслэлээр маргасан, гуравдагч этгээдийн кадастрын зураг хийлгэсэн тухайн газар нь байршлын хувьд сумын Засаг даргын 41/А дугаартай захирамжаар гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар биш болох нь дараах байдлаар тогтоогдсон.

Үүнд сумын Засаг дарга 41/А дугаартай захирамжаар ““М”” ХХК-д “Цонжийн хөдөө” нэртэй газраас  газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба захирамждаа  Газрын тухай хуулийн ...21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасныг баримталжээ.

Энэ нь ...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах талаарх заалт бөгөөд  хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Алтанцөгц сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэсэн гэх тайлбарыг  шүүх хуралдааны явцад гаргасан.

            Маргаан бүхий газар нь сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт оршдог байх ба хэрэгт авагдсан нотлох баримтаас  үзэхэд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны 17 дугаартай тогтоолоор тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж батлахдаа сумын 3 дугаар баг болох “Улаан харгана”  багаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад гэр бүлийн хэрэгцээнд болон төмс хүнсний ногоо, таримал мод, ургамал тариалах зориулалтаар Х**** солбилцолтой, нийт 709.9 га талбай бүхий газрыг эзэмшүүлэхээр төлөвлөжээ.

            Дээрх байдлаар  Алтанцөгц сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр сумын 3 дугаар багаас иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлж болох газрын талбайн солбилцлыг тодорхой тусгах замаар эзэмшүүлэх  газрын байршлыг тогтоож өгсөн байх ба  Засаг даргын 2018 оны 41/А дугаартай захирамж нь сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөгөөр батлагдсан 709.9 га газраас 30 га газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн шийдвэр байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар гуравдагч этгээд нь 41/А дугаар  захирамжаар өөрт нь эзэмшүүлснээс өөр газарт буюу 709.9 га газрын байршлаас  гадуур орших 477 м зайтай газарт кадастрын зураг хийлгэсэн нь тогтоогдсон ба  уг газарт нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй гэх хадлангийн зохих ургацтай газар багтсан, харин  сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр баталсан 3 дугаар багаас бусдад эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн 709.9 га газарт нэхэмжлэгчийн маргасан газар ороогүй байна.

Ийнхүү гуравдагч этгээдийн кадастрын зураг хийлгэсэн газар нь 709.9 га газраас өөр газар байгаа тохиолдолд нэхэмжлэгч 41/А дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар маргахгүй гэж шүүх хуралдааны явцад  тайлбарласан ба  41/А дугаартай захирамжаар гуравдагч этгээдэд олгосон газар нь дээрх байдлаар нэхэмжлэгчийн маргасан газраас байршлын хувьд өөр газар буюу гуравдагч этгээдийн кадастрын зураг хийлгэсэн газрыг сумын Засаг даргын 41/А дугаартай захирамжаар түүнд эзэмшүүлээгүй байх тул 41/А дугаартай захирамжийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Дээрх байдлаар гуравдагч этгээдийн кадастрын зураг хийлгэсэн газар нь Алтанцөгц сумын Засаг даргын 41/А дугаартай захирамжаар түүнд эзэмшүүлсэн газар биш болох нь тогтоогдсон тул  нэхэмжлэгч маргасан газраа цаашид эзэмших эрхтэй эсэхэд дүгнэлт хийгээгүй болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад гаргасан гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн 41/А дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн 33.1.2-т заасан дуудлага худалдаа явуулах зарчмыг зөрчсөн, маргаан бүхий газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхдээ хуулийн 54.4-т зааснаар иргэдийн Нийтийн Хурлын саналыг аваагүй гэх тайлбарт дараах байдлаар дүгнэлт хийлээ.

Маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээдэд тухайн 30 га газрыг малын тэжээл тарих болон ойжуулах зориулалтаар эзэмшүүлсэн байх ба ийнхүү малын тэжээл тарих зориулалтаар мөн газар эзэмшүүлснийг тариалангийн зориулалттайгаар газар эзэмшүүлсэнд хамааруулж ойлгох бөгөөд уг зориулалтаар газар эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т зааснаар иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн Засаг дарга зохион байгуулахаар байна.

Алтанцөгц сумын Засаг даргаас 41/А дугаартай захирамжаар 2018 онд дээрх зориулалтаар гуравдагч этгээдэд 30 га газрыг эзэмшүүлэхдээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэсэн нь хуулийн 54.4-т заасантай нийцсэн байх боловч мөн зүйлд зааснаар сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг аваагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа явуулах төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заажээ.

Эрх бүхий этгээдээс гуравдагч этгээд ““М”” ХХК-д  дээрх зориулалтаар 30 га газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33.1.1-д заасан үндэслэл, зориулалтаар газар эзэмшүүлэх асуудалд хамаарахгүй бөгөөд энэ тохиолдолд хүсэлт гаргасан ““М”” ХХК-д газар эзэмшүүлэх асуудлыг 33.1.2-т зааснаар дуудлага худалдаа явуулах зарчмаар шийдвэрлэх талаарх зохицуулалтыг хариуцагч зөрчсөн гэж үзэхээр байна.

Гэвч эдгээр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тохиолдолд дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь,Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан бөгөөд Алтанцөгц сумын Засаг даргын 2018 оны 41/А дугаартай захирамжаар эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгчийн маргасан газраас байршлын хувьд өөр байгаа, энэ тохиолдолд уг захирамжтай холбогдуулж маргахгүй гэдгээ нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад мэдэгдсэн. Мөн маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгчийн хадлангийн зориулалтаар ашиглах эрхтэй газар биш буюу нэхэмжлэгчид тухайн газраас хадлангийн зориулалтаар газар ашиглуулахаар эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байна.  Иймд 41/А дугаартай захирамж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргасан үндэслэлээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Бын тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн  “Малын тэжээл тарих, ойжуулах зориулалтаар газар эзэмшүүлэх тухай” 41/А дугаартай захирамжийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                           

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.РИЗА