Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2022/0614/З |
Дугаар | 221/МА2023/0116 |
Огноо | 2023-02-16 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2023/0116
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н
Нэхэмжлэлийн шаардлага: Барилга, хот байгуулалтын яамны тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 01 дүгээр зөвлөмж, мөн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1820 дугаар гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл, Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 906 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Ө.А
Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, өмгөөлөгч С.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0614/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХХК-иас Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яаманд тус тус холбогдуулан “Барилга, хот байгуулалтын яамны тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 01 дүгээр зөвлөмж, мөн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1820 дугаар гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл, Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 906 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Барилга, хот байгуулалтын яамны тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зөвлөмж, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1820 дугаар гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж,
2 дахь заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.5, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яаманд тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн үлдэх Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. Шүүхийн 906 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1.4-д “...тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зөвлөмж, Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1820 дугаар албан бичиг зэрэг нь захиргааны актын шинжийг агуулаагүй, эрх зүйн үр дагавар бий болгоогүй байна” гэж ташаа дүгнэжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “... “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно” гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах эрхийг олгох шийдвэрийг мэдэгдэхгүйгээр гэрээ байгуулах боломжгүй тул энэхүү мэдэгдэж байгаа явдал нь араасаа тодорхой эрх зүйн үр дагавар бий болгож байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хуульд нийцээгүй гэж дүгнэж байна.
3.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.4-д “... Гуравдагч этгээд нь /“Ч” ХХК/, “Т ц ш” ХХК-тай /Эрчим хүчний яамны 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр олгосон 03.2.3 тусгай зөвшөөрөлтэй/ тусган гүйцэтгэгчтэй хамрах ажиллах гэрээг байгуулжээ...” гэсэн байна.
Тухайн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-17.6.1-ийн 3-д тендерт оролцогч нь БА-3.5 “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт” хийх тусгай зөвшөөрлийг шаардсан байна.
Энэ БА-3.5 кодтой тусгай зөвшөөрөл бол Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалаар баталсан журмын 1 дүгээр хавсралтын 2-т зааснаар “Дунд төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил”-д тавигддаг “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт” хийх тусгай зөвшөөрөл юм.
Харин энэ тендерт ялагчаар шалгарсан “Ч” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллахаар гэрээ байгуулсан “Т ц ш” ХХК-иас “Ч” ХХК-ийн тендерт ирүүлсэн тусгай зөвшөөрөл бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8.2-т “эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах” гэж зөвхөн эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад зориулагдсан тусгай зөвшөөрөл юм.
Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.1-д “Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн этгээдэд мөн хуулийн 4.1.21-д заасан зөвшөөрөл (цаашид “тусгай зөвшөөрөл” гэх) олгох, бүртгэх, хугацааг сунгах, нэмэлт ажлын төрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, мэдээлэлд өөрчлөлт оруулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино” гэж заасан байна. Тодруулбал, зөвхөн Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу үйл ажиллагаа явуулах этгээдэд тусгай зөвшөөрөл олгох харилцааг зохицуулжээ.
Тендерийн захиалагч болон Сангийн яам санаатай, эсхүл санаандгүй байдлаар байхгүй байгаа тусгай зөвшөөрлийг байгаа мэтээр дүгнэлт хийж шалгаруулсан гэсэн бидний гаргаж тавьсан үндэслэл бүхий маргааныг шүүх шийдвэрлэхдээ Барилгын тухай хуулиар зохицуулагдаж олгогддог тусгай зөвшөөрлийг Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар олгогддог тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар олгогддог тусгай зөвшөөрөлтэй адил гэж шийдвэрийн Үндэслэх хэсэгт дүгнэж шийдвэрлэжээ. Хоёр өөр хуулиар, хоёр өөр журмын өөр заалтаар, хоёр өөр субъектээс олгогддог, технологийн нарийн шийдэл ялгаатай зөвшөөрлийг шүүгч өөрөө цахилгаа, эрчим хүчний салбарын өндөр мэргэжилтэн шиг “Адил зөвшөөрөл байна” гээд шийдчихэж байгаа нь буруу бөгөөд үндэслэлгүй байна.
Иймд бид “Т ц ш” ХХК ТШХ-ээр шаардсан “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт”-ын ажил гүйцэтгэх БА-3.5 кодтой зөвшөөрөлгүй байх тул тендерт оролцогч “Ч” ХХК тендерийн шаардлагад нийцсэн тусгай зөвшөөрөлгүй, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаагүй байна гэж үзэж байгаа бөгөөд ялагчаар шалгаруулсан “Ч” ХХК-ийн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 16 дугаар зүйлийн чадварыг хангахгүй байна гэж үзнэ. Шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.3. Үндэслэх хэсгийн 2.4-д “... “К и э к г” ХХК /туслан гүйцэтгэгч/ нь ... 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ... “А А” ХХК-тай “Сонгон шалгаруулалтад хамтран оролцох түншлэлийн гэрээ”-г байгуулжээ” гэж, мөн 2.5-д “... хууль болон ... зааварчилгаанд туслан гүйцэтгэгч нь өөр хуулийн этгээдтэй туслан гүйцэтгэх гэрээ байгуулахыг хориглоогүй бөгөөд ...” гэж тус тус дүгнэсэн байна.
Энэ тендерийн оролцогч бол “Ч” ХХК болон “В-И” ХХК нарын түншлэл гэж шүүхэд ирүүлсэн баримтаар ойлгогдсон юм. Ойлгогдсон гэж байгаагийн учир нь захиалагч ч тэр, шүүхэд захиалагчийг төлөөлж ирсэн төлөөлөгч ч тэр энэ тендерийн оролцогч, ялагчийг зөв тодорхойлж чадахгүй байсан юм.
Түншлэлийн нэг гишүүн оролцогч “Ч” ХХК нь туслан гүйцэтгэгч “К и э к г” ХХК-тай тодорхой төрлийн ажил хийлгүүлэх, мөн эзэшдэг тусгай зөвшөөрлүүдийг нь тендерийн шаардлагад нийцүүлэн ашиглах гэж гэрээ байгуулсан байдаг. Тендерийн шаардлагад нийцүүлэхийн тулд өөр бусад тусгай зөвшөөрлүүд шаардлагатай байсан тул туслан гүйцэтгэгч “К и э к г” ХХК өөрөө “А А” ХХК-тай гэрээ байгуулсан болохыг шүүх дүгнэлтдээ тусгажээ.
Тендерт оролцогчийн туслан гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн туслан туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, түүний тусгай зөвшөөрлийг тендерийн оролцогч ашиглах байдлаар тендерт оролцсоныг шүүх хууль болон зааварчилгаагаар хориглоогүй мэтээр дүгнэжээ.
“Хориглоогүй бол зөвшөөрнө” гэсэн зарчим хувийн эрх зүйлд хамааралтай юм. Өөрөөр хэлбэл “К и э к г” ХХК болон “А А” ХХК нар хоорондоо иргэний эрх зүйн хүрээнд, нэг нэгэндээ тодорхой ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байгаа бол бидний маргаанд хамаарахгүй. Гэтэл энэ “К и э к г” ХХК “А А” ХХК нарын байгуулсан гэрээний зорилго бол тендерт оролцогч гэрээ байгуулснаар төрийн захиргааны байгууллагаас зарлагдсан төсвөөс санхүүжих тендерт оролцож буй “Ч” ХХК болон “В-И” ХХК нарын түншлэлд ажил гүйцэтгэж өгөхөөс гадна өөрийн тусгай зөвшөөрлийг ашиглуулах явдал байгаа юм. Энэ харилцаа нь асуудлыг хувийн эрх зүйн харилцаанаас гаргаж нийтийн эрх зүйн харилцааны талбарт авчирч байна.
Харин нийтийн эрх зүйн харилцааны зарчим бол “Зөвшөөрөөгүй бол хориглоно” гэж томьёологдоно.
Нөгөөтээгүүр, тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд “Тендерийн оролцогч туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулна” гэж заасан байгаа болохоос тендерт оролцогчийн туслан гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах эрх зүйн зохицуулалт ойлголт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөөгүй байгаа тул хориглоно гэсэн зарчим ажиллана гэсэн үг юм.
Тендерт оролцогч гэрээ байгуулсан туслан гүйцэтгэгчийнхээ туслан гүйцэтгэгчийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг тендертээ ашиглах тухай ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд алсдаа гүйцэтгэсэн ажлын хариуцлагыг хүлээх, эс хүлээх эсэх нь тодорхойгүй гэх мэт эрх зүйн, санхүүгийн, хор уршгийн шууд үр дагавар гарч болзошгүй болохыг зориуд тэмдэглэж байна.
3.4. Шүүх туслан гүйцэтгэгчийн туслан гүйцэтгэгч “А А” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг тендерийн шаардлагад нийцээгүй байхад нийцэж байгаа мэтээр дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсэгт заасныг илтэд зөрчсөн гэж үзнэ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч “С” ХХК-иас “Барилга, хот байгуулалтын яамны тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 01 дүгээр зөвлөмжийг, мөн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1820 дугаар “Ч” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг, мөн Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
2.2. Хэдийгээр нэхэмжлэгчээс дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон хэдий ч 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлсэн нэхэмжлэлдээ “тендер шалгаруулалтын дүнг хүчингүй болгуулах”-аар маргаж буй талаараа тодорхой дурджээ.
2.3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл, нэхэмжлэгчээс тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн тодруулахгүйгээр “тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зөвлөмж, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1820 тоот албан бичиг зэрэг нь захиргааны актын шинжийг агуулаагүй, эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн “Барилга, хот байгуулалтын яамны тендерийн Үнэлгээний хорооны зөвлөмж, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1820 дугаар гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.
2.4. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Барилга, хот байгуулалтын яамны тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 01 дүгээр зөвлөмжийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна”, 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж заасныг үндэслэн гарсан бөгөөд тендерийн Үнэлгээний хороо нь хуульд зааснаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид зөвлөмж болгон хүргүүлсэн, харин Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1820 дугаар мэдэгдлийн хувьд захиалагч “хамгийн сайн” үнэлэгдсэн “Ч” ХХК-д гэрээ байгуулах эрхийг олгосон үр дагавруудыг үүсгэсэн гэж үзэхээр байна.
2.5. Эдгээрээс дүгнэвэл, “тендер шалгаруулалтын дүнг хүчингүй болгуулах”-аар маргаж буй маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарах тул нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх байжээ.
2.6. Мөн нэхэмжлэгч компаниас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...тендерт оролцогч нь БА-3.5 “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт” хийх тусгай зөвшөөрлийг шаардсан. Энэ тусгай зөвшөөрөл бол Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 06 дугаар 25-ны өдрийн 147 дугаар тушаалаар баталсан журмын 1 дүгээр хавсралтын 2-т зааснаар “Дунд төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил”-д тавигддаг “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний төхөөрөмжийн угсралт” хийх зөвшөөрөл. Харин тендерт ялагчаар шалгаруулсан “Ч” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллахаар гэрээ байгуулсан “Т ц ш” ХХК-иас тендерт ирүүлсэн тусгай зөвшөөрөл бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8.2-т “эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах” гэж зөвхөн эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад зориулагдсан тусгай зөвшөөрөл юм. Тийм учраас ялагчаар шалгаруулсан “Ч” ХХК-ийн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 16 дугаар зүйлийн чадварыг хангахгүй” гэж эхнээсээ тайлбарлан маргасан байна.
2.7. Гэтэл шүүх Эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн хувьд Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.1-ийн 3-д “Барилга, хот байгуулалтын яамнаас Барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд БА-3.5 “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт”-ын тусгай зөвшөөрөл шаардагдах ажлыг хийж гүйцэтгэх боломжтой эсэхийг хөдөлбөргүйгээр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд дүгнэлт өгөх үүргээ хэрэгжүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1, 106 дугаар зүйлийн 106.7-д тус тус заасантай нийцэхгүй байна.
2.8. Ийнхүү анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд дүгнэлт хийгээгүй, шаардлагатай нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийхгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн зэрэг нь шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн ...”, 121.3.4-д “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн ... шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж тус тус зааснаар хүчингүй болгох үндэслэл болж байна.
2.9. Нэгэнт дээр дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа энэ тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 906 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН
ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН