Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 161

 

МАГАДЛАЛ

 

2017.01.09                                               Дугаар 161                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Д.Баатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 181/ШШ2016/01120 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Баатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Их мандах үйлст” ХХК-д холбогдох,

Түлш нийлүүлэх гэрээний үүрэгт нийт 40 496 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Түвшин

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Баттөмөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Д.Баатар нь “Их мандах үйлст” ХХК-тай түлш нийлүүлэх гэрээ байгуулсан. Тухайн үед дээрх     компани нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт байрлах Гэнэтийн уурхайд хөрс хуулалтын ажил гүйцэтгэж байсан. Гэрээ ёсоор нийтдээ 150 164 000 төгрөгийн шатахуун нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Тухайн үедээ 76 384 000 төгрөгийн түлш нийлүүлсэн байсан. Мөн худалдан авагч тал нь 50 000 000 төгрөгийг төлсөн байсан. Гэрээнд түлш нийлүүлэх хугацаа болон төлбөр төлөх хугацааг харилцан тохиролцсон. Мөн хугацаа хэтэрвэл хоногийн 0.1 хувийн алданги төлөхөөр гэрээний 4.4-т зааж өгсөн. Дээрх төлбөрөөс 114 164 000 төгрөгийг төлөөд одоо 36 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Гэрээнд заасан ёсоор хамгийн сүүлийн төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төлөх ёстой байсан. Иймд үлдэгдэл төлбөр 36 000 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс хойшхи хугацаа хэтэрсэн 136 хоногийн алданги 4 896 000 төгрөг, нийт 40 496 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Д.Баатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Их мандах үйлст” ХХК-иас 40 496 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Баатарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360 430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Их мандах үйлст” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 360 430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Баатарт буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хариуцагчид хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүйн улмаас хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг хохироосон шийдвэрийг гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр анхан шатны шүүх хуралдаан болсон байна. Шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэрийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шуудангийн ажилтанд өгсөн байхад 2016 оны 11 дүгээр сарыи 29-ний өдөр хариуцагчид гардуулж өгсөн зэрэг нь хариуцагчид хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илтэд хохироож байна. Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Талуудыг тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх боломжоор хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүйн улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Баатар нь хариуцагч “Их мандах үйлст” ХХК-д холбогдуулан түлш нийлүүлэх гэрээний үүрэгт нийт 40 496 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, нэхэмжлэл түүнд хавсаргасан баримттай танилцуулсан байх боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарснаас хойш хэргийн материалтай танилцуулсан баримтгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хэргийн оролцогчийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэх ёстой байна.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан зохих журмын дагуу мэдэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Тус шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулаагүй, нэхэмжлэгчээс гаргасан дээрх нотлох баримтуудыг нэхэмжлэгчид танилцуулах, тайлбар гаргах эрхийг шүүх хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл 6.3, 25 дугаар зүйлийн 25.1.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг тус тус ноцтой зөрчсөн байна.

Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/01120 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                          Ш.ОЮУНХАНД

 

                                                                  М.НАРАНЦЭЦЭГ