Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/70

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт О-ын Т-т холбогдох эрүүгийн 2135000140032 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х ургийн овогт О-ын Т 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл найм, эхнэр, зургаан хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .............,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О.Т нь зохих зөвшөөрөлгүйгээр 2020 оны 12 дугаар 19-ний өдөр тус аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутаг “Зэлэн модон” гэх нэртэй газраас 22.927 метр куб хэрэглээний хуурай мод бэлтгэж экологи эдийн засагт 4’529’641 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2135000140032 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

2. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр модонд үзлэг хийсэн “52 ширхэг хуурай мод байв. Уг модыг Малчин сумын 4 дүгээр багийн нутаг Зэл модон гэх нэртэй газар битүүмжлэн Малчин сумын 4 дүгээр багийн иргэн О.Тт хариуцуулж өгөхөөр тогтов” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2],

3. 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[3],

4. Мод бэлтгэх эрхийн бичиг /олгох тасалбар/[4],

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Г-ын “...2020 онд Малчин сум нь мод бэлтгэх тусгай хэрэгцээнд Малчин сумын 1 дүгээр багт Чандмань ар гэх нэртэй газар, Малчин сум 3 дугаар багт Баянхайрхан гэх газар, 4 дүгээр багт Хар азаргын орой гэх нэртэй газруудыг мод бэлтгэх тусгай хэрэгцээнд авсан. Энэ газраас ард иргэд мод бэлтгэх ёстой...” гэх мэдүүлэг[5],

Дахин өгсөн “...Малчин сумын 4 дүгээр багийн нутаг “Зэлэн мод” гэх газраас хэрэглээний хуурай мод бэлтгэж болохгүй уг газар нь талбайн тусгаарлалт хийгдээгүй. Тухайн онд сумаас талбай тусгаарлалт хийгдсэн газраасаа модоо бэлтгэх ёстой...” гэх мэдүүлэг[6]

6. Гэрч Б.А-ийн “...Манай нөхөр 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр миний төрсөн дүү болох Б.Г-ын хамтаар мод бэлтгэн гээд явсан. 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай дүү Б.Г-ын хамтаар бэлтгэсэн модоо цагаална гээд гэрээс гараад явсан. Тэгээд цагдаа нар таараад мод бэлтгэх эрхийн бичиг аваад явчихлаа гэж гэрт ирсэн. Мод бэлтгэх зөвшөөрлийг Малчин сумын Ойн ангийн дарга Ч.Б гэдэг хүнээс 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр авсан тухайн үед манай нөхөр О.Т нь “хоёр машин  модны эрхийн бичиг авлаа” гэж хэлж байсан. ...Тухайн үед манай нөхөр О.Т нь Малчин сумын 4 дүгээр багийн нутаг “Халтарын ам” гэх нэртэй газраас бэлтгэхээр авсан тухайн “Халтарын ам гэх нэртэй газар бартаа ихтэй машин тэрэг очдоггүй гэж манай нөхөр хэлж байсан. Тэгээд модоо Малчин сумын 4 дүгээр багийн нутаг “Зэлэн модон гэх нэртэй газраас бэлтгэсэн...” гэх мэдүүлэг[7],

7. Гэрч Ч.Б-ийн “...Малчин сумын 4 дүгээр багийн иргэн О.Т нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр надаас Малчин сумын 4 дүгээр багийн нутаг Халтрын ам гэх нэртэй газраас хэрэглээний 12 метр куб мод бэлтгэх эрхийн бичиг авсан. ...Иргэн О.Т-ын мод бэлтгэсэн “Зэл модон” гэх нэртэй газар нь орон нутгийн тусгай хамгаалалтад байхгүй. Мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан мод бэлтгэх тусгаарлалтад орсон газраасаа модоо бэлтгэх ёстой, тухайн үед О.Т нь Халтрын ам гэх нэртэй газраас мод бэлтгэх эрхийн бичиг авсан болохоор тэр газраасаа модоо бэлтгэх ёстой...” гэх мэдүүлэг[8],

8. Гэрч Б.Г-ын “...Манай сумын О.Т гэх хүн манайд ирээд “ах нь байшин барих гэсэн юм, Зэл модны адгаас мод хөрөөдөж бэлтгэх гэсэн юм, чи ахдаа тус болоод өг” гэхээр нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Зэл модны адаг нэртэй газар О.Т ах бид хоёр цахилгаан хөрөөгөөр 25 ширхэг мод хөрөөдөж бэлтгээд дараа ирж модоо голоор нь хувааж уулнаасаа буулгаж авъя гээд орхиод явсан юм. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр О.Т ах “нөгөө хөрөөдсөн модоо уулнаас буулгаж авах гэсэн юм чи хүрээд ир” гэхээр нь мод хөрөөдсөн газраа ирж уулнаас модоо буулгасан юм. ...Бид хоёрын хөрөөдсөн мод 5-6 метртэй мод байсан бөгөөд нэг модыг 2-3 хувааж хөрөөдөж уулнаас буулгаж ирсэн юм...” гэх мэдүүлэг[9],

2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дахин гэрчээр өгсөн “...Тухайн үед цагдаа ирээд “нойтон мод байна” гэсэн, тэгэхээр нь би энэ “моднууд бор голтой жаахан өмхөрсөн юм биш үү, хуурай модонд ордоггүй юм уу” гэхэд тэр ах “юу яриад байгаа юм зах нь цагаан байна, тэгэхээр нойтон мод” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[10],

9. Гэрч Ц.Н-ийн “...2020 оны 12 дугаар сарын 19-ний өглөө гэртээ босож байтал О.Т манай гэрт ирээд “хашаа барих мод унагаах гэж байна. Чи надад туслаад түлхэлцээд өг” гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр “танд мод бэлтгэх зөвшөөрөл байгаа юм уу” гэхэд “мод бэлтгэх эрхийн бичиг авчихсан байгаа” гэж хэлж байсан. 10 цаг болж байхад тэр хоёр манай гэрээс гараад явсан. 16 цагийн үед манай нөхөр Б.Г гэртээ ирээд “бид хоёр модоо унагаачхаад ирлээ” гэсэн. 2020 оны 12 дугаар сарын 26-ны өглөө дахиад манай гэрт ирээд “унагаасан модоо цагаалах гэж байна” гээд манай нөхрийг аваад явсан. Өдөр 12 цаг болж байхад манай нөхөр ирээд “малын хулгайн хэргээр явж байсан цагдаа нар таараад мод цагаалж болохгүй гэж хэллээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[11],

10. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаартай “...Тус аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутагт N 49 32 59.4, ЕО93 29 39.4 газар зүйн байрлалд орших “Зэл модон” гэх газар нь улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамаарахгүй. Малчин сумын 4 дүгээр багийн нутаг Зэл модон гэх газраас бэлтгэсэн 52 ширхэг мод шинэс гэдэг нэртэй мод байна. Тухайн мод нь 22.927 метр куб хэмжээтэй байна. Уг мод нь хэрэглээний мод байна. Уг мод нь хуурай мод байна. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 4’529’641 төгрөг, Байгаль орчинд дөрвөн сая таван зуун хорин есөн мянга зургаан зуун дөчин нэг төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх шинжээчийн дүгнэлт[12],

11. 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай “...Малчин сумын 4 дүгээр багийн нутагт N 1.490 32 59.4, ЕО 930 29 39.4 газар зүйн байрлалд орших “Зэл мод” гэх газар нь улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамаарахгүй. Уг газраас сум дундын ойн анги талбай тусгаарлалт хийгээгүй тохиолдолд хэрэглээний хуурай мод бэлтгэж болохгүй болно. Малчин сумын 4 дүгээр багийн нутаг Зэл мод гэх газраас бэлтгэсэн 52 ширхэг мод нь бүгд хуурай мод бөгөөд цаашид амьдрах чадваргүй болно...” гэх нэмэлт шинжилгээний дүгнэлт[13],

12. 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 88 дугаартай “...Тус аймгийн Малчин суманд 2020 оны 12 дугаар сарын байдлаар хуучин сүх /5’000/, 5 сар ашигласан дружба хөрөө /107’500/, 1 жил 6 сар ахуйн хэрэгцээнд ашигласан “мустанг-5” загварын мотоциклийн /1’062’500/ зах зээлийн үнэ цэний баримжаа нийт 1’175’000 /нэг сая нэг зуун далан таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт[14],

13. Шүүгдэгч О.Т-ын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн “Би 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр сумын төв ажлаар ороод явж байгаад Засаг даргын тамгын газар орж, ойн ангийн дарга Ч.Б гэдэг хүнтэй уулзаад “мод бэлтгэх эрхийн бичиг өгч байгаа юу? өгч байгаа бол ямар материал бүрдүүлж авах вэ?” гэж асуухад Ч.Б нь “2020 онд мод авахаар хүсэлт өгсөн хүмүүсээс зарим нь модоо аваагүй лимит нь хүрээгүй байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хэрэглээний мод авч малын хашаа барина” гэж хэлэхэд “та тэгвэл банканд очоод 2 машин модны мөнгө тушаагаад баримтаа аваад ир” гэсэн. Би хоёр машины модны мөнгө гэж 140’100 төгрөг болж байсан байх, мөнгө тушаагаад ирэхэд Ч.Б нь надад 2 машин модны эрхийн бичиг буюу 12 метр куб хэмжээтэй хэрэглээний хуурай модны бичиг бичиж өгсөн. ...2020 оны 12 дугаар сарын 18-ны орой салхи намдахаар нь өөрийн хадам дүү болох Б.Г гэдэг залуутай утсаар яриад “ах нь мод бэлтгэх гэсэн юм чи тус болоод мод түлхэлцээд өг” гэхэд Б.Г “тэгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2020 оны 12 дугаар сарын 19-ний өглөө Б.Г-ыг гэрээс нь очиж аваад бид хоёр  Малчин сумын 4 дүгээр багийн Зэл мод гэх нэртэй газраас хэрэглээний хуурай мод унагаасан. Тэгээд тэр моднуудаа 6 метр орчмоор тасдаж хаячхаад бид хоёр гэртээ харьсан. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 26-ний өдөр Б.Г бид хоёр унагаасан модоо цагаалах гээд ууланд ирээд эхний 4-5 модыг уул уруу цагаалж байтал тэндүүр ажилтай явсан цагдаагийн машин ирсэн. Тэгээд “мод бэлтгэх эрхийн бичиг байгаа юу?” гэхээр нь би “энэ байна” гээд эрхийн бичгээ үзүүлэхэд “2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр авах юмыг та яагаад одоо авч байна. Тэгж болохгүй” гэж хэлээд модоо цагаалахаа боль гээд миний мод бэлтгэх эрхийн бичгийг, манай гэрээс ирээд миний дружба хөрөө болон манай төмөр иштэй сүх хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг[15] зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч О.Т нь Увс аймгийн Малчин сумын Ойн ангийн дарга Ч.Б-ээс тус сумын 4 дүгээр багийн нутаг Халтрын ам гэх газраас хэрэглээний зориулалтаар 12 метр куб мод бэлтгэх эрхийн бичиг авч, 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус сумын 4 дүгээр багийн нутаг “Зэлэн модон” гэх газраас гэрч Б.Г-ын хамтаар 22.927 метр куб хуурай шинэс мод бэлтгэсэн үйл баримт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.А, Ч.Б, Б.Г, Ц.Н нарын мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн “зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн” гэх шинжийг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.1-д “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн”, 35.4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн”, 35.4.3-д “засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн” гэж тус тус зааснаар ойлгоно. Тодруулбал тусгаарлалт хийгдээгүй буюу мод бэлтгэх эрхийн бичигт заагаагүй газраас мод бэлтгэснийг хууль бус гэж үзэхгүй бөгөөд мод бэлтгэх эрхийн бичигт заасан тоо хэмжээнээс шүүгдэгч О.Т (22.927м3(нийт бэлтгэсэн модны хэмжээ)-12м3(мод бэлтгэх эрхийн бичгээр олгосон модны хэмжээ)=) 10.927 метр куб шинэс модыг хэтрүүлж бэлтгэсэн байна.

Дээр дурдсан шүүгдэгч О.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилжээ. Тодруулбал гэрч Б.Г нь тухайн хууль бусаар мод бэлтгэхэд оролцсон боловч хууль бусаар мод бэлтгэж байгааг мэдээгүй болох нь гэрч Ц.Н-ийн “2020 оны 12 дугаар сарын 19-ний өглөө гэртээ босож байтал О.Т манай гэрт ирээд “хашаа барих мод унагаах гэж байна. Чи надад туслаад түлхэлцээд өг” гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр “танд мод бэлтгэх зөвшөөрөл байгаа юм уу” гэхэд “мод бэлтгэх эрхийн бичиг авчихсан байгаа” гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэрч Б.Г нь уг гэмт хэрэгт санаатай буюу гэмт хэрэг үйлдэж байгааг мэдсээр байж нэгдээгүй тул түүнийг уг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд прокуророос оруулж ирсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Т ойгоос мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас хэтрүүлж бэлтгэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж 10.927 метр куб шинэс мод илүү бэлтгэж байгаль орчинд 2’158’825.536 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр 22.927 м3 хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байх бөгөөд уг дүгнэлтэд заасан аргачлалын дагуу 10.927 метр куб шинэс модны үнэлгээ нь (10.927м3*109’760*1.8=) 2’158’825.536 төгрөг болж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасны дагуу 2’158’825.536 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцно.

Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг” Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар тус тус хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нийт хэмжээ /2’158’825.536х3/=6’476’476.608 /зургаан сая дөрвөн зуун далан зургаан мянга дөрвөн зуун далан зургаа мянганы зургаан зуун найм/ төгрөг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан ба уг гэмт хэргийн улмаас /6’476’476.608(хохирол, хор уршиг) - 2’158’825.536(хохирол)=/ 4’317’651.072  төгрөгийн хор уршиг учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч О.Т Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд 2’158’825 төгрөг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар[16] тогтоогдож байна. Иймд шүүгдэгч О.Т-аас (6’476’476.608-2’158’825=) 4’317’651.608 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож гаргуулах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч О.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Б.Б-ын “...О.Т нь архи дарс нэг их уугаад байдаггүй, тэр битгий хэл тамхи ч татдаггүй, үг дуу цөөтэй, илүү дутуу ааш зан гаргаад байдаггүй, ар гэр амьдралын түвшний хувьд боломжийн амьдралтай хөдөө мал малладаг...” гэх мэдүүлэг[17], гэрч Д.Г-ын “...О.Т нь архи дарс нэг их уугаад байдаггүй. Олонтой харьцаа сайтай, хүнтэй маргалдаж янз бүр болоод байдаггүй, сум болон баг дотроо нэр хүндтэй, ажилч хичээнгүй, хүнд тусархуу, өөртөө байгаа зүйлээ хүнээс харамладаггүй, аль болох хүнд тус хийх юм сан гэсэн бодолтой их малч ухаантай...” гэх мэдүүлэг[18], Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн Засаг даргын тодорхойлолт[19], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[20] зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч О.Т нь эхнэр, зургаан хүүхдийн хамт амьдардаг, мал аж ахуй эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Улсын яллагч “Шүүгдэгч О.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.

Шүүгдэгч О.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугаа ойлгож ухамсарласан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан, өмгөөлөгчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 320 /гурван зуун хорь/ нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна” гэж, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч О.Т нь шинэс модыг дружба хөрөөгөөр тайрч, сүхээр цагаалж бэлтгэсэн байх тул уг хөрөө, төмөр иштэй сүхийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж, мөн хэрэгт битүүмжлэгдсэн 22.927 метр куб шинэс модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж үзэж тус тус хураан авах үндэслэлтэй.

Мөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх зорилгоор хэрэгт битүүмжлэгдсэн 1’062’500 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 загварын улсын дугааргүй, цэнхэр өнгийн мотоциклийг хураан авах үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 4’317’651.608 төгрөгийг нөхөн төлөөгүй байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5’000 төгрөгийн үнэ бүхий сүх нэг ширхэг, 107’500 төгрөгийн үнэ бүхий дружба хөрөө 1 ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 52 ширхэг буюу 22.927 метр куб шинэс мод, 1’062’500 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 загварын улсын дугааргүй, цэнхэр өнгийн мотоциклийг тус тус худалдан борлуулж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй. Тодруулбал хураан авсан сүх, дружба хөрөө, 22.927 метр куб шинэс мод, Мустанг-5 загварын мотоциклыг худалдан борлуулсан орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд тэргүүн ээлжинд шилжүүлж, уг орлогын үнийн дүнг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн 4’317’651.608 төгрөгөөс хасаж, үлдэх төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хурааж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “22.927 метр куб 52 ширхэг шинэс модыг битүүмжилсэн” мөрдөгчийн тогтоол, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Мустанг-5 загварын мотоциклийг битүүмжилсэн 48 дугаартай прокурорын тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт О-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ыг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-д тус тус зааснаар шүүгдэгч О.Т-аас 4’317’651.608 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 5’000 төгрөгийн үнэ бүхий сүх нэг ширхэг, 107’500 төгрөгийн үнэ бүхий дружба хөрөө 1 ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 22.927 метр куб буюу 52 ширхэг шинэс мод, 1’062’500 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 загварын улсын дугааргүй, цэнхэр өнгийн мотоциклийг тус тус хураан авч, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулсугай.

6. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “22.927 метр куб буюу 52 ширхэг шинэс модыг битүүмжилсэн” мөрдөгчийн тогтоол, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Мустанг-5 загварын мотоциклийг битүүмжилсэн 48 дугаартай прокурорын тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Шүүгдэгч О.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Шүүгдэгч О.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА

 

[1] хх-ийн 04-08 дугаар хуудас

[2] хх-ийн 09-31 дүгээр хуудас

[3] хх-ийн 32-44 дүгээр хуудас

[4] хх-ийн 58 дугаар хуудас

[5] хх-ийн 78-79 дүгээр хуудас

[6] хх-ийн 82 дугаар хуудас

[7] хх-ийн 83 дугаар хуудас

[8] хх-ийн 85 дугаар хуудас

[9] хх-ийн 86-87 дугаар хуудас

[10] хх-ийн 94-96 дугаар хуудас

[11] хх-ийн 88-89 дүгээр хуудас

[12] хх-ийн 112-114 дүгээр хуудас

[13] хх-ийн 121 дүгээр хуудас

[14] хх-ийн 127 дугаар хуудас

[15] хх-ийн 136-137 дугаар хуудас

[16] хх-ийн 180 дугаар хуудас

[17] хх-ийн 108 дугаар хуудас

[18] хх-ийн 106 дугаар хуудас

[19] хх-ийн 143 дугаар хуудас

[20] хх-ийн 153 дугаар хуудас