Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/136

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,

улсын яллагч Г.Э,

хохирогч Ц.Б,

шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Э А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2025003820088 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:    

Яллагдагч Э.А нь 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг Хөтөлийн 9 гэсэн хаягтай хашааны харалдаа гүний худгийн барилгын ажилчдын гэрт иргэн Ц.Б-эй маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь модоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

         Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Яргуйт багт худаг барьж байсан юм. Бороо ороод байхаар нь ажлаа буулгаад, С ахын авч ирсэн пиво, 1ш архийг уусан, дараа нь Б бид хоёр дахин нэг шил архи авч уусан. Гэрт Б, манай эхнэр бид гурав сууж байгаад Б бид хоёр маргалдаад намайг өшиглөхөөр нь би түлхсэн, энэ үед Буянзаяа байгаагүй, би гэрээс мод авч гараагүй, тэгш-ус авч гарсан. Учруулсан хохирлыг төлнө, модоор цохиогүй, хохирогчид хүнд гэмтэл учруулснаа бол хүлээн зөвшөөрч байна.” гэв.

         Хохирогч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Намайг гэрт хоёр баганын дунд сууж байхад А модоор цохисон, толгойны зураг авхуулах үед Г ах 20.000 төгрөг өгсөн, А энэ 20.000 төгрөгийг Г ахад дараа нь буцаагаад өгсөн тул хохирлоос 20.000 төгрөгийг хүлээн авсан, Э.А хорихгүйгээр шийдэж өгөөч.” гэв.  

         Хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 7 дугаар сарын эхээр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Хөтөлийн 9 гэсэн хаягтай хашааны харалдаа худаг барих ажлыг А, Б, С нарын хамт хийсэн. 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр худаг бариад өрлөг өрж байхад А манай эхнэрийг өөрийнхөө эхнэрийнхээ хамт “архи аваад ир” гэж хэлээд 17 цагийн үед дэлгүүр явуулсан. Тухайн үед гадаа бороо орж байсан болохоор ажлаа зогсоогоод А түүний эхнэр Заяа, бид нар хамт архи уусан, тухайн үед Сайхнаа явчихсан байсан. Манай эхнэр Одончимэг архинаас уугаагүй, ...А “хэдүүлээ цалингаа урьдчилаад авах уу” гэхээр нь би “хэдүүлээ архи уучихсан байна, мөн маргааш ажиллах юм чинь цалингаа нэг мөр авсан дээр байх” гэж хэлснээс болж маргалдсан. Худаг барьж байгаа ажилчдын байрлаж байсан монгол гэрийн баганын гол хэсэгт сууж байхад Анхбаяр өөрийнхөө багажийг хурааж тавьчихаад, гэрийн зүүн хананд байсан модыг аваад миний толгойн зүүн тал руу нэг удаа цохисон. ...А эхнэр хашгирах чимээгээр манай эхнэр гаднаас орж ирсэн, би газраас босох гэхэд миний амнаас цус гарах үед А эхнэрээ дагуулаад өөрийнхөө багаж болон намайг цохисон модоо аваад гараад явсан. ...Миний хувьд А-т гар хүрээгүй, цохиж зодоогүй, зүгээр сууж байхад А инээж байгаад миний толгойруу цохисон. ...эмчилгээний зардлыг нэхэмжилнэ, баримтыг бүрдүүлж байгаа, эмнэлэгт хэвтэх гэхээр “650.000 төгрөгийг төлсний дараа хэвтүүлнэ” гээд эмнэлгийн байгууллага хүлээж авахгүй байгаа, би гомдолтой байна. ...Миний толгойн зүүн тал руу прүсс модоор нэг удаа цохисон, тэр үед би А-т цохиулаад дээшээ босох гэхэд толгой эргээд газарт өөрөө хэвтсэн. Ухаан орж гарсан, гар чичрээд юм ярьж чадахгүй болчихсон. Намайг модоор цохих үед А болон түүний эхнэр З гэх эмэгтэй, хамаатны дүү болох Б нар хамт байсан. ...А цохиулснаас болж зүүн талын чамархай яс хугарсан, хамрын таславч муруйсан, зүүн талын чих, нүд хэсэг өвдсөн. ...Би 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр мөнгөтэй болоод толгойн томографик зураг авхуулсан, харин 7 дугаар сарын 09-ний өдөр эмнэлэг дээр толгойн рентген зураг авхуулахад З ах ирээд зурагны 20.000 төгрөгийг өгсөн. А-аас эмчилгээний зардал 400.000 төгрөгийг нэхэмжилж байна, надад 177.700 төгрөгийн баримт байсныг гаргаж өгсөн, томографикийн зураг авхуулахад 150.000 төгрөг, рентген зураг авхуулахад 20.000 төгрөг, 230.000 төгрөгийн эм тариа хэрэглэсэн боловч баримтыг нь цуглуулаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-24-25, 27, 29, 36/,

         Гэрч П.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...манай нөхөр өдөр ажлаа хийж байгаад нэг шил архи уусан гэсэн. ...А жаахан агсраад байсан, тэгээд ажил хийлгэж байгаа ах ирээд “өнөөдөр жаахан уусан байгаа учир мөнгийг нь өгөхгүй” гэсэн, тэгсэн А гэх эрэгтэй нь “мөнгөө авахгүй яасан юм” гэсэн, манай нөхөр жаахан уурлаад “та одоо яагаад миний өмнөөс яриад байгаа юм” гэсэн, тэгээд намайг хүүхдээ аваад уул гараад ирэхэд А-ын эхнэр орилж байсан, би гайхаад хартал манай нөхөр цаашаагаа хараад толгойгоо бариад суучихсан, тэнд цуг ажиллаж байсан хүүхдээс асуухад “ахыг энэ А ах прүсс модоор толгой руу нь цохичихлоо” гэсэн, би нөхөр дээрээ очоод хартал амнаас нь цус гараад байсан. ...А гэх эрэгтэй манай нөхрийг цохичихоод, цохисон модоо аваад, тэр хавиар байсан багаж хэрэгслээ аваад эхнэрийгээ дагуулаад яваад өгсөн. ...Манай нөхрийн толгой хэсэг рүү нь модоор нэг удаа цохисон. Тэгэхэд манай нөхөр саваад унасан гэсэн, эмнэлэгт үзүүлээд зураг авхуулахад “шанааны зөөлөн яс нь цуурчихсан байна” гэсэн. ...Гэрт ороод Б-ийг цохисон модыг харсан, нойтон, зузаан прүсс мод байсан. ...Б А-т цохиулснаас болж хамар, амнаас нь цус гарч байсан, маргааш нь буюу 7 дугаар сарын 10-ны өдөр Б-ийн зүүн талын нүд хөхөрчихсөн, цус хурчихсан, зүүн талын чихнээс нь бага зэрэг цус гарчихсан байсан. ...2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сайхнаа байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-31, 33, 35/,

Гэрч Н.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Б, А хоёр архи уусан, ажилчдын гэрт байхдаа ажлаасаа болоод хоорондоо маргалдаж байхад Баттүшиг босч ирээд Аыг “ална шүү, ганц л цохино” гэж хэлээд хөл хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. А сандлаас босоод “яаж байна” гэж хэлээд Б-гийг түлхсэн чинь Б хана налаад газар уначихсан. Би “болиоч ээ” гэж хашгирах үед Б-ийн эхнэр гаднаас орж ирсэн, би А-ыг дагуулаад ажилчдын гэрээс гараад гэртээ харьсан, өөрсдийнхөө багажийг аваад явсан. Ажилчдын гэрт нээх сүртэй зодоон болоогүй. Тухайн үед ажилчдын гэрт Б-ийн хамаатны гэх залуу, А, Б бид дөрөв хамт байсан, А, Б хоёр 2 шил архи уусан, би архи уугаагүй. А, Б хоёр хийж байсан ажлаа ярьж байгаад маргалдсан. Б-ийг А цээж хэсэг рүү нь нэг удаа түлхэх үед Б хана налаад газар уначихсан. Б-ийн биед гэмтэл учруултал цохиж зодоогүй, А бид хоёр ажилчдын гэрээс гарах үед Б газар суучихсан, Б-ийн эхнэр гэрт ороод ирчихсэн Б-ийн хажууд байсан ба Б-ийн хамраас нь цус гарчихсан байсан, модоор цохиогүй, гараараа Б-ийн цээж хэсэг рүү түлхсэн, би өөрөө хараад сууж байсан, би хэлсэн үгэндээ эзэн нь болно.“ гэсэн мэдүүлэг /хх-44/,

Гэрч О.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 6 дугаар сарын сүүлээр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Хөтөлийн 9 дүгээр гудамжны үзүүрт зөөврийн худаг бариулах ажил аваад Б-тэй холбогдож, хоорондоо тохиролцсон, ажлаа эхлэх үед Б нь А болон түүний эхнэр, өөрийнхөө эхнэр, С, Б нэртэй хүмүүсийг дагуулж ирсэн. 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр бариулж байгаа худаг дээр очиход Б, А, түүний эхнэр З гэх эмэгтэй нар архи уучихсан, Б-гийн эхнэр болон Б гэдэг залуу нар архи уугаагүй эрүүл байсан ба А нь Б-т хандаж “ажлынхаа хөлс мөнгөө авмаар байна гээд хэлээч” гээд байсан. А нь нилээн согтуу шүлсээ хаяад агсан зан гаргах гээд байсан, би тэд нарт хандаж “та нар архи уучихсан байна, маргааш мөнгийг чинь өгнө” гэж хэлээд явсан, намайг явахад тэд нар ажилчдын гэрт үлдсэн. Б-ийн эхнэр хүүхдийнхээ хамт гэрийн гадаа байсан. Би худаг бариулж байсан газраас машиндаа сууж хөдлөөд 20 орчим минутын дараа миний утас руу Б-ийн эхнэр залгаад “Б-ийн толгой руу А модоор цохиод ухаан алдуулчихлаа, та хурдан хүрээд ирээч” гэж хэлсэн. Би худаг дээр очиход эмнэлгийн машин зөрөөд Б-ийг аваад явсан, ажилчдын гэрт Б, Б-ийн охинтой хамт үлдчихсэн байсан. Би Б-гаас юу болсон талаар асуухад “А ах Б ахын толгой руу прүсс модоор нэг удаа цохичихоод эхнэрээ аваад явчихсан” гэж хэлсэн. Би эмнэлэг дээр очиж Б-ийн биеийн байдлыг асуухад юм ярьж чадахгүй, толгойгоо бариад чичрээд байсан. Б-ийн толгойн рентген зургийг авхуулахад “толгойны яс нь цууралттай” гэлүү, “хугарчихсан байна” гэлүү нэг юм хэлсэн. ...Эмнэлэгт рентген зурагны 20.000 төгрөгийг би өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-46/,

Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ажлаа дуусчихаад ажлын газраас барьж өгсөн гэрт орж ирэхэд Б, А ах хоёр дэлгүүр яваад архи авсан. Тэр хоёр уугаад дуусах дөхсөн байхад би бие засах гээд гарсан, ороод ирэхэд Б, А хоёр маргалдаж байсан, А ах уурлаад барилгын багажнуудаа бэлдээд явах болсон, тухайн үед маргалдсан нь явах шалтгаан болсон. Тэр хоёр барилцаж аваад салцгаасан. А ах гэрийн хаалганы хажууд зогсож байгаад жижигхэн тайрсан банз байсан тэрийг аваад Б ахын толгой руу цохисон. Гаднаас Ц.Б-ийн эхнэр П.О орж ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд А нь багажнуудаа аваад гараад явсан. П.О эгч “чи байж бай, хүн цохичихоод зугтах гээд байгаа юм уу” гэж хэлэхэд тоохгүй шууд яваад өгсөн, ...Анхбаяр нь Ц.Б-ийн толгой хэсэг рүү модоор цохисон нь үнэн, би харж байсан. Нэг удаа цохиод гэрийн хаалганы дэргэд буюу авсан газар луугаа эргүүлээд хаясан. Б толгойгоо бариад доошоо хэвтсэн, босч чадахгүй нилээн байж байгаад боссон, эмнэлгээс машин ирээд Б ахыг аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-50-51/,

Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Ц.Б-гийн биед үүссэн гавлын хүнхрээ ясны хугарал /зүүн чамархайн ясны хугарал/, хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чихний үрэвсэл, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтлийг прүсс модоор нэг удаа толгойн зүүн тал руу цохих үед үүссэн байх боломжтой байна.” гэсэн мэдүүлэг /хх-54/,

Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Б-ийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 538 дугаартай “...1.Ц.Б-ийн биед гавлын хүнхрээ ясны хугарал /зүүн чамархайн ясны хугарал/, хатуу хальсан дээрх цусан хураа, хамрын таславчийн муруйлт, зүүн чихний үрэвсэл, зүүн нүдний алимны салстад цус харвалт үүсчээ. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гавлын хүнхрээ ясны хугарал /зүүн чамархайн ясны хугарал/, хатуу хальсан дээрх цусан хураа нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хамрын таславчийн муруйлт, зүүн чихний үрэвсэл, зүүн нүдний алимны салстад цус харвалт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна. 4.Дээрх гэмтлүүд нь 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-58-60/,

         Э.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр худаг барих хийж байхад гадаа бороо орсон болохоор ажилчдын гэрт орсон. ...тухайн үед хийж байсан ажлынхаа урьдчилгаа мөнгийг авах талаар ярилцаж байхад Б-ийн эхнэр надад хандаж “наад А-аа 300.000 төгрөг өгөөд явуулчих, үлдэгдэл ажлаа дуусгаад мөнгөө өөрсдөө авна” гэж хэлсэн. Б бид хоёр архи уучихсан, согтуу байсан ба Б эхлээд миний баруун хөл хэсэг рүү нэг удаа өшиглөсөн, Б дээгүүрээ өмсөж байсан цамцаа тайлаад надтай зодолдох гээд байхаар нь би Б-гийн мөр хэсэг рүү гараараа нэг удаа цохиход хойшоогоо саваад гэрт хураачихсан байсан багаж дээр уначихсан. ...Б-ийн толгойн тус газарт модоор цохиогүй, тухайн үед Б, манай эхнэр Т бид гурав хамт гэрт сууж байсан. Б бид хоёр нэг шил архи хуваагаад ууж байсан ба Б өөрөө янз бүрийн зүйл яриад хэрүүл маргаан эхлүүлсэн, “6 дугаар сарын 01-ний өдөр ганц цохиулчихаад өргөдөл гомдол өгнө гээд байсан биз дээ” гэж хэлсэн. Баттүшиг өөрөө босож ирээд миний баруун хөлний өвдөг хэсэг рүү нэг удаа өшиглөсөн, би сууж байсан газраасаа босоод Б маргалдаад мөр хэсэг рүү нь гараараа нэг удаа алгадах үед Б арагшаа саваад гэрт хураачихсан байсан багаж дээр уначихсан, би эхнэрээ дагуулаад өөрийнхөө багажаа аваад явсан. Б арагшаагаа уначихсан, нилээн согтуу байсан, маргааш нь Б-тэй уулзахад “эмнэлэгт үзүүлсэн, зураг  авхуулах хэрэгтэй байна” гэхээр нь би 20,000 төгрөг өгсөн. Ажилчдын гэрээс гарахад Б газар уначихсан, намайг “ална даа” гээд араас хашхираад байсан. ...Б намайг эхэлж өшиглөсөн, би босож ирээд Б-ийн мөр хэсэг рүү нэг удаа алгадсан. Б өөрөө хувцсаа тайлах гээд гуйвж байгаад хойшоогоо саваад уначихсан, намайг цохих үед Баттүшиг газар унаагүй. Би Б-ийг цохиогүй, гэмтэл учруулаагүй. Хийгээгүй хэрэг дээр хоригдож байгаад гомдож байна.” гэсэн мэдүүлэг /хх-68, 78-79/,

Иргэн П.Од-ээс гаргасан “...манай нөхөр Б-ийг үл таних залуу зодож, биед нь гэмтэл учруулсан байна” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-20/,

Иргэн П.О-гийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /хх-21/,

Хохирогч Ц.Б-ээс гаргаж өгсөн толгойн рентген зураг 1ш, толгойн томографикийн зураг 3ш зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-21/,

Шүүгдэгч Э.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-81/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-82/,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт /хх-94/,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 205 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-112-116/,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн а/100 /40/ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-128-134/,

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-135-141/,

Э.А-г эрэн сурвалжилсан тухай баримтууд /хх-142-148/, мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх-162-178, 180-213/,

Хохирогч Ц.Б-гээс гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн болон эмнэлгийн баримт бичгүүд /хх-215-221/,

Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн “Яаралтай тусламжийн хэсгээр үйлчлүүлэгсдийн бүртгэл /хх-231-233/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Э.А нь 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Хөтөлийн 9 гэсэн хаягтай хашааны харалдаа гүний худгийн барилгын ажилчдын гэрт иргэн Ц.Б-тэй маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь модоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Э.А-ын “...модоор цохиогүй, хохирогчид хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх,

хохирогч Ц.Б-ийн “...Намайг гэрт хоёр баганын дунд сууж байхад А модоор цохисон.” гэх,

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ц.Б-ийн “...Худаг барьж байгаа ажилчдын байрлаж байсан монгол гэрийн баганын гол хэсэгт сууж байхад А өөрийнхөө багажийг хурааж тавьчихаад, гэрийн зүүн хананд байсан модыг аваад миний толгойн зүүн тал руу нэг удаа цохисон. ...би газраас босох гэхэд миний амнаас цус гарах үед А эхнэрээ дагуулаад өөрийнхөө багаж болон намайг цохисон модоо аваад гараад явсан. ...Миний толгойн зүүн тал руу прүсс модоор нэг удаа цохисон.” гэх,

гэрч П.О-ийн “...цуг ажиллаж байсан хүүхдээс асуухад “ахыг энэ А ах прүсс модоор толгой руу нь цохичихлоо” гэсэн, ...А гэх эрэгтэй манай нөхрийг цохичихоод, цохисон модоо аваад, тэр хавиар байсан багаж хэрэгслээ аваад эхнэрийгээ дагуулаад яваад өгсөн. ...Гэрт ороод Б-ийг цохисон модыг харсан, нойтон, зузаан прүсс мод байсан.” гэх,

гэрч О.Г-ийн “... Би Б-аас юу болсон талаар асуухад “А ах Б ахын толгой руу прүсс модоор нэг удаа цохичихоод эхнэрээ аваад явчихсан” гэж хэлсэн.” гэх,

гэрч Н.Б-ийн “...А ах гэрийн хаалганы хажууд зогсож байгаад жижигхэн тайрсан банз байсан тэрийг аваад Баттүшиг ахын толгой руу цохисон. ...А нь Ц.Б-ийн толгой хэсэг рүү модоор цохисон нь үнэн, би харж байсан. Нэг удаа цохиод гэрийн хаалганы дэргэд буюу авсан газар луугаа эргүүлээд хаясан.” гэх,

Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Б-ийн  “...Ц.Б-ийн биед үүссэн гавлын хүнхрээ ясны хугарал /зүүн чамархайн ясны хугарал/, хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чихний үрэвсэл, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтлийг прүсс модоор нэг удаа толгойн зүүн тал руу цохих үед үүссэн байх боломжтой байна.” гэх мэдүүлгүүдээр, мөн

Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Б-ийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 538 дугаартай дүгнэлт, П.О-ийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл, хохирогч Ц.Б-ээс гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн болон эмнэлгийн баримт бичгүүд зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

         Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь; “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм. 

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

         Шүүгдэгч Э.А нь хохирогч Ц.Б-ийн толгойн тус газарт нэг удаа модоор цохиж биед нь гавлын хүнхрээ ясны хугарал /зүүн чамархайн ясны хугарал/, хатуу хальсан дээрх цусан хураа бүхий амь насанд аюултай гэмтэл учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А “...модоор цохиогүй, хохирогчид хүнд гэмтэл учруулснаа бол хүлээн зөвшөөрч байна.” гэж мэдүүлсэн боловч энэ нь шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ц.Б-ийн “...намайг гэрт хоёр баганын дунд сууж байхад А модоор цохисон.” гэх,

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ц.Б-ийн “...гэрийн зүүн хананд байсан модыг аваад миний толгойн зүүн тал руу нэг удаа цохисон. ...Миний толгойн зүүн тал руу прүсс модоор нэг удаа цохисон.” гэх,

гэрч П.О-гийн “...цуг ажиллаж байсан хүүхдээс асуухад “ахыг энэ А ах прүсс модоор толгой руу нь цохичихлоо” гэсэн, ...Гэрт ороод Б-ийг цохисон модыг харсан, нойтон, зузаан прүсс мод байсан.” гэх,

гэрч О.Г-ийн “... Би Б-аас юу болсон талаар асуухад “А ах Б ахын толгой руу прүсс модоор нэг удаа цохичихоод эхнэрээ аваад явчихсан” гэж хэлсэн.” гэх,

гэрч Н.Б-ийн “...А ах гэрийн хаалганы хажууд зогсож байгаад жижигхэн тайрсан банз байсан тэрийг аваад Б ахын толгой руу цохисон. ...А нь Ц.Б-ийн толгой хэсэг рүү модоор цохисон нь үнэн, би харж байсан. Нэг удаа цохиод гэрийн хаалганы дэргэд буюу авсан газар луугаа эргүүлээд хаясан.” гэх,

         Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Б-ийн  “...Ц.Б-ийн биед үүссэн гавлын хүнхрээ ясны хугарал /зүүн чамархайн ясны хугарал/, хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чихний үрэвсэл, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтлийг прүсс модоор нэг удаа толгойн зүүн тал руу цохих үед үүссэн байх боломжтой байна.” гэх мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдсэн болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл холбогдол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Э.А-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага” хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн зорилго нь ...хүний эрх, эрх чөлөө ...хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршдог,

харин эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой.

Хохирол төлбөрийн талаар;

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хохирогч Ц.Б “...А-аас эмчилгээний зардал 400.000 төгрөгийг нэхэмжилж байна, надад 177.700 төгрөгийн баримт байсныг гаргаж өгсөн, томографикийн зураг авхуулахад 150.000 төгрөг, рентген зураг авхуулахад 20.000 төгрөг, 230.000 төгрөгийн эм тариа хэрэглэсэн боловч баримтыг нь цуглуулаагүй” гэсэн мэдүүлэг өгч, эм тариа хэрэглэсэн зардлын 1200 төгрөгийн, 2800 төгрөгийн баримтыг хавтаст хэргийн 216 дугаар талд, мөн 10.500 төгрөгийн, 9200 төгрөгийн, 4000 төгрөгийн баримтыг хавтаст хэргийн 215 дугаар талд, томографикийн зурагны үнэ 150.000 төгрөгийн баримтыг хавтаст хэргийн 217 дугаар талд хавсаргуулжээ.

Хэргийн 216 дугаар талд авагдсан 1200 төгрөгийн, 2800 төгрөгийн баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж шүүх үнэлээгүй бөгөөд харин хавтаст хэргийн 216 дугаар талд авагдсан 10.500 төгрөгийн, 9200 төгрөгийн, 4000 төгрөгийн, хавтаст хэргийн 217 дугаар талд авагдсан 150.000 төгрөгийн баримтыг үнэлэхэд 173.700 төгрөг байна. Үүнээс 20.000 төгрөгийг хохирогч хүлээн авсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлгийн үед тайлбарласан тул шүүгдэгчээс 153.700 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Баттүшигт олгож,

хохирогчийн нэхэмжилсэн 400.000 төгрөгийн нэхэмжлэлээс баримтаар нотлогдоогүй 226.300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Р.Б нар хохирол төлөх тул 5 хоногийн завсарлага авах хүсэлтийг гаргасан тул шүүх тэдний гаргасан хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан эрхийг нь эдлүүлж 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан боловч шүүгдэгч Э.А 153.700 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч Э.А-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “шүүгдэгч Э.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

          Шүүгдэгч Э.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлөөгүй, мөн урьд 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан хувийн байдалд дүгнэлт хийж,

          түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, мөн хохирогч Ц.Б-гийн “хорихгүйгээр шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар;

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

шүүгдэгч Э.А 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 99 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан толгойн рентген зураг 1ш, томографикийн зураг 3ш зэргийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Б овогт Э-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-г 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.А-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.А-н 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 99 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай. 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.А-ааас 153.700 төгрөгийг гаргуулж Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнж 24-16 тоотод оршин суух /РД; ФМ88111872/ хохирогч Ц.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 226.300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан толгойн рентген зураг 1ш, томографикийн зураг 3ш зэргийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э