Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/130

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч Н.Д,

Хохирогч Ш.Э,

Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М холбогдох эрүүгийн 2125000000074 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол улсын иргэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Н.М нь 2021 оны 01 сарын 23-ны орой 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 4-10 тоотод эхнэр Ш.Э-ийн толгой тус газарт гараар болон гантелиар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

           

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ “Эхнэрээ ийм болгосондоо харамсаж байна, эхнэрээсээ уучлалт гуйж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна” гэв.   

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ш.Э мэдүүлэхдээ гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нэгдсэн эмнэлэгт 10 хоног, хувийн эмнэлэгт 10 хоног эмчлүүлсэн. Одоо эдгэрсэн гэж эмч хэлсэн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-03-р хуудас/

 

2. Хохирогч Ш.Э-ийнБи 2021 оны 01 сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт баг Овоотын 04-10 тоотод гэртээ байж байхад миний нөхөр Н.М нь гаднаас согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай орж ирсэн ба би орж ирээд унтахгүй суугаад байхаар нь чи одоо унтаж амраач гээд нилээд ширүүн өнгө аясаар хэлсэн чинь Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор надтай хэрүүл маргаан хийж миний толгой руу 1 удаа гараа атгаж байгаад цохисон. Дараа нь би уурлаад Н.М-ын цээж рүү 2 удаа цохиод авахад Н.М намайг боль гээд айлгах гээд манай гэрт байсан төмөр гантелийг аваад намайг айлгах гээд өргөхөд нь би цохих гэж байна гэж бодоод өргөсөн гар руу нь цохиод автал Н.М гантелаа алдахдаа миний толгой руу унагачихсан. Би тэгээд гомдоод уйлаад байж байтал гаднаас миний охин цагдаа дуудчихаад ороод ирсэн” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 13-р хуудас/

 

3. Гэрч Д.С-гийн “Намайг М ахын гэр лүү орохоор хашааны хаалгаар нь ороход тэдний том охин А хашаан дотроо хаашаа гэдгийг нь мэдэхгүй байна утсаар яриад зогсож байсан. Тэгээд би байшин руу нь яваад ороход бага охин Э нь гал тогооны өрөөндөө зогсож байсан, харин Э эгч үс нь арзайчихсан буйдан дээрээ сууж байсан. Тэгээд яваад ороход гэрийнхээ хоймор хэсэгт М ах газарт ор засаад хэвтэж байсан. Э эгчийн үс нь арзайчихсан дүү цөөтэй байхаар нь та яасан бэ, юу болсон гэж асуухад дугарахгүй байхаар нь М ахаас та яачихсан юм бэ гэхэд ах нь яагаачгүй гээд хэвтээд байсан. Тэгээд байж байтал удалгүй гаднаас 2 цагдаа орж ирээд М ахын хувцсыг өмсүүлээд аваад гарсан. Тэгээд би тэдний гарсны дараа 1 минутын дараа орчим Энхтүвшин эгчийн төрсөн дүү Э гаднаас орж ирээд байж байтал удалгүй 103, түргэн тусламж ирээд Э эгчийн толгойн зураг авахуулах зөвлөгөө өгөөд гарсан. Би Э эгчээс хэнд ямар шалтгаанаар зодуулсан талаар нь асуухад М ах хүнтэй хардаад Э эгчийн цохисон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17 хуудас/,

 

4. Гэрч Э.А-ын “миний хойд эцэг М ажлын газрын хүмүүстэйгээ амралтанд явчихаад согтуу орж ирсэн, орж ирмэгцээ ээж рүү өдөр манай гэрт М-ын ажлын газрынх нь хүн болох Б ах стүүжин оруулж өгчихөөд гарсан бөгөөд Б ахтай ээжийг хардаж, чи яасан Б янхандсан уу гэх мэтээр хэл амаар доромжилж, дайрч эхэлсэн. Тэгэхэд нь ээж чимээгүй сууж унтаж амар гэж хэлсэн чинь хэл амаар доромжлоод зогсохгүй байснаа ээж рүү сав дүүрэн жанчивлан рашаан авч шидэхэд нь хөлөөрөө хамгаалаад буцаагаад М руу шидсэн чинь уурлаж босч ирээд гараа атгаж байгаад толгой руу нь 4-5 удаа цохиод авахаар нь би байшингаас гарч цагдаагийн газарт дуудлага өгчихөөд буцаад ороод ирэхэд гэрт байсан варений шилтэй усыг ээжрүү авч шидээд ээжийг газарт хэвтүүлээд гараараа толгой руу нь ахиж 4-5 удаа цохиж байсан. Тэгэхээр нь би хойд аавыг аргадаад орон дээр нь очиж хэвтүүлчихээд байшингаас гарч цагдаа руу ирэх болж байна уу гэж залгаж байхад манай дүү А эгчээ ээж ухаан алдчихлаа гэхээр нь би гүйгээд ороход М гартаа 25 килограммын гантель барьчихсан дахиад цохиулмаар байна уу гичий миний гээд зогсож байсан. Харин ээж хажууд нь толгойгоо бариад буйдан дээр хэвтэж байсан. Тэгээд би хойд эцэг М-г ахиж аргадаад оронд нь орж хэвтүүлж байхад ээж ухаан алдаад уначихсан бөгөөд энэ үед М одоо унтаж амарцгаа гичий нар минь хүртэх ёстой шангийг чинь хүртээлээ гэж хэлж байсан. Миний ээжийг толгойн зураг авахуулахад гавлын яс цууралттай байна гэсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 21 хуудас/

 

5. Гэрч Ш.Э-ны “эгчийн охин болох Э.А над руу утсаар залгаад манай гэрт манай аав ээж 2 хоорондоо маргалдаад байна, аав согтуу агсан тавиад ээж рүү дайраад байна гэж ярьсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад хүргэн ахын гэрт 20 орчим минутын дараа яваад очиход хашааны хаалган дээр хүргэн ахыг 2 цагдаа аваад гарч байсан. Юу болсон талаар асуухад манай эгч зүгээрээ юу ч болоогүй гэж хэлсэн ба дүү А-оос асуухад ээжийн толгой руу аав цохисон гэдгийг сонсоод би түргэн тусламж руу утсаараа залгаж дуудсан. Түргэн тусламжийн эмч ирж үзээд мэдэгдэхүйц гэмтэл алга эмнэлэг дээр очоод толгойныхоо зургийг авахуул гэж зөвлөсөн. Гэмтлийн эмчид үзүүлэхэд бага зэрэг хавдартай байна, ямар нэгэн гавлын ясны цууралт байхгүй байна гэсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 23 хуудас/

 

6. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 48 дугаартай “Н.М-ын биенээс авсан цусанд этилийн спирт 1,7 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 25-26 хуудас/

 

7. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 100 дугаартай “Ш.Э-ийн биед толгойн дагзны зүүн хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт үүсчээ. Дээрх гэмтлийн толгойн дагзны зүүн хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь шинэ гэмтэл ба 1-3 хоногийн өмнө үүссэн байхаар байна. Хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл ба цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна. Уг гэмтлүүд мохоо зүйлийн 2 ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Толгойн дагзны зүүн хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 29-31 хуудас/

 

8. Яллагдагч Н.М мэдүүлэг /хх-ийн 68 хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Н. Мат нь өөрийн эхнэрийн толгойн тус газарт нь гараараа болон гантелиар цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар батлагдаж тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М нь цаашид нийгэмд биеэ хэрхэн авч явах болон өөрийн ойр дотнын хүмүүст хүчирхийлэл үйлдэж, амь насанд аюул учруулж болзошгүй байдлаа цаашид анхаарах нь зүйтэй. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нэг ширхэг гантелийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ш.Э-ийн “Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор надтай хэрүүл маргаан хийж миний толгой руу 1 удаа гараа атгаж байгаад цохисон. Дараа нь би уурлаад Н.М-ын цээж рүү 2 удаа цохиод авахад Н.М намайг боль гээд айлгах гээд манай гэрт байсан төмөр гантелийг аваад намайг айлгах гээд өргөхөд нь би цохих гэж байна гэж бодоод өргөсөн гар руу нь цохиод автал Н.М гантелаа алдахдаа миний толгой руу унагачихсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Э, Э.А, Д.С нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 100 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.М нь 2021 оны 01 сарын 23-ны орой 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 4-10 тоотод согтуугаар эхнэр Ш.Э-гийн толгой тус газарт гараар болон төмөр гантелиар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Н.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.М-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж-д овгийн Н-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг 25 кг гантелийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А