| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2015/05678/И |
| Дугаар | 407 |
| Огноо | 2017-01-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ..... регистрийн дугаартай, ................................ оршин байх, “С.Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ................. регистрийн дугаартай, .............................байрлах, “Ш.О” ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 52.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 42.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.У, гэрч Ч.Б, У.Г, Д.Ж, Ш.Э, П.А шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ш.О” ХХК-ийн захирал Л.Б нь 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр манай компанитай 2012/009 тоот Барилга угсралтын ажил дээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээ нь “Ш.О” ХХК болон “С.Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 12012/Б/253 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээг үндэслэн манай компанийг туслан гүйцэтгэгчээр оролцуулах болон гүйцэтгэгч“Ш.О” ХХК ба туслан гүйцэтгэгч “С.Т” ХХК-ийн хоорондын харилцааг зохицуулахаар байгуулагдсан гэрээ болно.
Гэрээний 2.1-д заасны дагуу барилгын ажлын эхний ээлжийн санхүүжилт болох 40.000.000 төгрөгийг манай компани 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гаргаж өгч 2.2-т зааснаар дээрх 40.000.000 төгрөгийн санхүүжилтийг цаг хугацаанд нь хийсэн тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тооцож гэрээнд заасан хугацааны дараа гарсан санхүүжилтийг гэрээний 4.2-т заасны дагуу 45.000.000 төгрөг болгон эргүүлэн авахаар тохирсон. “Ш.О” ХХК-ийн захирал Л.Б 2012 оны 11 дүгээр сарын эхлэн бидэнтэй холбогдохгүй үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул бид харъяа Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгснөөр Л.Б-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч иргэд хоорондын маргаан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргаж байна.
“Ш.О” ХХК-иас гэрээний дагуу 25.000.000 төгрөг, алданги 22.500.000 төгрөг, сүүлд олгосон 3.000.000 төгрөг, алданги 1.500.000 төгрөг, нийт 52.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “С.Т” ХХК-тай Барилга угсралтын ажил дээр хамтран ажиллах гэрээ байгуулж барилгын ажлын эхний ээлжийн санхүүжилт болгож 40.000.000 төгрөгийг 28 хоногийн хугацаанд 45.000.000 төгрөг болгон эрүүлэн өгөх нөхцөлтэй гэрээ хийсэн. Уг гэрээний үүргээ биелүүлэн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 22.500.000 төгрөгийг “Саран тал” ХХК-ийн дэд захирал П.А-т бэлнээр өгч, үлдэгдэл 20.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны ..... тоот дансаар шилжүүлсэн. Гэтэл бэлнээр төлсөн 22.500.000 төгрөгийг аваагүй дээр нь 3.000.000 төгрөгийг нэмж зээлсэн гэж баримтгүй гүтгэж байна. Энэ маргаан нь эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаад Дүүргийн 1 дүгээр прокурорын газраас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарсан ба П.А нь уг 22.500.000 төгрөгийг авсан болох нь тогтоогдож, гэм хэргийн бүрэлдэхүүнийг хангаагүй болно. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэв.
Хариуцагч ““Ш.О” ” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани “СТ” ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай 2012/Б/253 тоот гэрээ-г 28 хоногийн хугацаатай байгуулж байсан юм. 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “С.Т” ХХК-ийн угсралтын ажилд яаралтай хэрэгцээтэй байсан 40.000.000 төгрөгийн санхүүжиллтийг “С.Т” ХХК-иас Барилга угсралтын ажилд хамтран ажиллах 2012/009 тоот гэрээг байгуулан авч байсан. “СТ” ХХК-иас авсан 40.000.000 төгрөгийг “СТ” ХХК-тай байгуулсан гэрээт ажил дуусгавар болсны дараа 45.00.000 төгрөг болгон өгөх хэрэв бид “СТ” ХХК-ийн ажлыг дуусгаж, угсралтын ажлыг актаар хүлээлгэн өгсөн атлаа “СТ” ХХК-д 45.000.000 төгрөгийг өгөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэх ёстой үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн байсан. Манай компани нь “С.Т” ХХК-ийн өмнө хүлээсэн барилгын ажлыг янз бүрийн шалтгаанаар гэрээнд заасан 28 хоногийн дотор цаашилбал өнөөдрийг хүртэл дуусаагүй тухайн гэрээг өнөөдрийн байдлаар огт дүгнээгүй, гэрээт ажлыг актаар хүлээлгэж өгөөгүй байгаа юм. Бид “С.Т” ХХК-д төлөх ёстой 45.000.000 төгрөгийг “С.Т” ХХК нь гэрээгээр хүлээсэн ажил дуусгавар болоогүйн улмаас санхүүжилтийг буцааж төлөөгүй байхад “С.Т” ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр яаралтай мөнгө хэрэгтэй байна гэхээр нь данснаасаа 28.000.000 төгрөгийг зарлага гаргаж санхүүгийн ямар нэгэг баримт үйлдэлгүй Н.н эгч П.А.т 22.500.000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. 2013 оны зун “С.Т” ХХК үлдэгдэл төлбөр болох 22.5 сая төгрөгийг нэмж шаардахад манайд мөнгөгүй байсан ба одоохондоо мөнгө алга гэхэд харанхуй шөнөөр ярьж тохирсон зүйлгүй 70 гаруй сая төгрөгийн зах зээлийн үнэ бүхий компаний эзэмшлийн хоёр ширхэг тээврийн хэрэгсэлийг авч явсан учир би аргаа барж 2013 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэлээр худалдах, захиран зарцуулах, нэр шилжүүлэх, банк, ББСБ-д барьцаанд тавих зэрэг эрхийг “С.Т” ХХК-нд олгож үлдэгдэл төлбөртөө тооцуулахаар тэдний эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн. Гэтэл надаас дахин олон сая төгрөгийн алданги нэхэж, түүнийг нь өгөхгүй гэхэд бидний хооронд 2013 оны намраас маргаан үүсч 2012 оны 12 дугаар сарын 04-нд надаас авсан 22.5 сая төгрөгийг огт аваагүй, нийт 40 сая төгрөгийг залилан мэхэлж авсан гэж Цагдаагийн байгууллагад өргөдөл гарган надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгүүлж байна. Эрүүгийн 201301042142 дугаартай хэргийг шалгах явцдаа би тэдэнд төлөх байсан үлдэгдэл 20 сая төгрөгийг нь 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр бэлэн бусаар шилжүүлж 2013 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэлээр шилжүүлсэн байсан хоёр ширхэг тээврийн хэрэгслүүдийг буцааж шаардсан боловч өгөөгүй өнөөдрийг хүрч байна. “С.Т” ХХК нь надаас бэлнээр 22.5 сая төгрөгийг авсан болох нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир надад холбогдох Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болж байсан юм. Иймд 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “С.Т” ХХК-тай байгуулж байсан Барилга угсралтын ажилд хамтрах ажиллах 2012 оны/009 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул манай компанийн эзэмшлийн техникийн хувьд бүрэн бүтэн байсан тээврийн хэрэгслүүдийг буцааж өгөхгүй үндэслэлгүйгээр хөрөнгөжиж олон сар, жилээр барилгын ажилдаа ашигласан тул 18-06 УБЧ улсын дугаартай ММС delica маркийн тээврийн хэрэгсэл, 04-32 УБК улсын дугаартай jidong truck маркийн тээврийн хэрэгсэлүүдийн үнэнд нийт 42.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2016 оны 09 сарын 26-ны өдөр хариуцагч “Ш.О” ХХК нь сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн гаргасан хөрөнгийн үнэлгээг үндэслэл болгосон байдаг. “С.Т” ХХК нь барилга угсралтын ажил явуулдаггүй, барилга угсралтын ажил явуулахын тулд тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй. Барилга угсралтын ажилтай холбоотой тээврийн хэрэгслийг барьцаалж авсан гэх тайлбар нь үндэслэлгүй, нотлох баримт шинжлэн судалсны дараа тодорхой тайлбар хэлье. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С.Т” ХХК нь хариуцагч “Ш.О” ХХК-нд холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 28.000.000 төгрөг, алданги 24.000.000 төгрөг нийт 52.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч 18-06 УБЧ улсын дугаартай ММС delica маркийн тээврийн хэрэгсэл, 04-32 УБК улсын дугаартай jidong truck маркийн тээврийн хэрэгсэлүүдийн үнэ 42.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргаж, зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч “Ш.О” ХХК нь “С.Т” ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2012/Б/253 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч тал болох “Шинэ-Очир” ХХК нь “Петровис трейдинг” ХХК-ийн хэрэгжүүлж буй “TDNT” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд баригдах Тос ялгах талбайн барилга 150.597.900 төгрөгөөр, Ус зайлуулах бохирын систем 152.672.100 төгрөгөөр нийт 303.270.000 төгрөгөөр Монгол улсад мөрдөгдөж буй стандарт, норм, дүрэм журмын дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэж дуусах, захилагч тал болох “Смарт Торх” ХХК нь гэрээнд заасан нөхцөл журмын дагуу санхүүжилтийг хийхээр харилцан үүрэг хүлээн тохиролцжээ. /х.х-ийн 206-208 дугаар тал/
“Шинэ-Очир” ХХК “Смарт Торх” ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 2012/Б/253 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г үндэслэн зохигчдын хооронд 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2012/009 дугаартай “Барилга угсралтын ажил дээр хамтран ажиллах гэрээ”-г байгуулжээ. /х.х-ийн 9-10 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-д зааснаар туслан гүйцэтгэгч “Саран тал” ХХК нь “гэрээний 1.1-т заасан барилгын ажлын эхний ээлжийн санхүүжилт болох 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг нэн шаардлагатай байгаа 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр гаргаж санхүүжүүлнэ” гэж зааж, туслан гүйцэтгэгч нь гэрээний дагуу 40.000.000 төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэгч талд олгосон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид гэрээний шинж, агуулга, хүчин төгөлдөр эсэх, гэрээнд хүсэл сонирхолоо илэрхийлсэн байдал, буюу гэрээний дагуу санхүүжилтэнд 40.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, авсан үйл баримтын талаар маргахгүй байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагджээ.
Гэрээнд зааснаар талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь гэрээнд заасан 40.000.000 төгрөгийг 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр гаргаж санхүүжүүлэх, хариуцагч нь “Смарт Торх” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу “Петровис трейдинг” ХХК-ийн хэрэгжүүлж буй “TDNT” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд баригдах Тос ялгах талбайн барилга 150.597.900 төгрөгөөр, Ус зайлуулах бохирын систем 152.672.100 төгрөгөөр нийт 303.270.000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн ажил дууссаны дараа 45.000.000 төгрөг болгон гаргаж өгөх үүрэг тус тус үүссэн байна.
Хариуцагч нь “Смарт Торх” ХХК-тай байгуулсан гэрээ бүрэн дуусгавар болоогүй тул 45.000.000 төгрөг болгож өгөх үндэслэлгүй, анх санхүүжүүлсэн 40.000.000 төгрөгийг 2 хувааж буюу нэхэмжлэгч компаний дэд захиралд 22.000.000 төгрөгийг бэлнээр, дансаар 20.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж үүргээ биелүүлсэн гэж татгалзалын үндэслэлээ тодорхойлж маргасан.
Хариуцагч 20.000.000 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероор тогтоогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй. /2 дугаар х.х-ийн 29 дүгээр тал/
Харин хариуцагч нь 22.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн үйл баримтыг хэрэгт авагдсан Дүүргийн нэгдүгээр Прокурорын газрын Прокурорын 2014 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн 1201 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол, гэрч У.Ганхөлөг, Ч.Баянмөнх нарын мэдүүлэг, “Шинэ-Очир” ХХК-ийн Төрийн банк дахь депозит дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдоно гэж тайлбарласан.
Дүүргийн нэгдүгээр Прокурорын газрын Прокурорын 2014 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн 1201 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр*******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /х.х-ийн 21-22 дугаар тал/
Хүчин төгөлдөр болсон эрүүгийн хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоолын гэмт хэрэг гарсан эсэх, холбогдох этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн хэсэг нь иргэний хэргийг хянан шийдвэрлэж буй шүүхэд дахин нотлох шаардлагагүй зүйлд хамаарах бөгөөд харин гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолоор иргэний хэрэг хянан шийдвэрлэж буй маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоосон гэж үзэхгүй юм.
Хэрэгт авагдсан эрүүгийн хэргийн баримт болон шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрч У.Ганхөлөгийн мэдүүлэгт “... аав**************т хэдэн төгрөг өгсөн болохын мэдэхгүй, ямар ч байсан багцалсан боодолтой мөнгө байсан, хэдтийн дэвсгэрт болохыг мэдэхгүй” /2 дугаар х.х-ийн-112/, гэрч Ч.Баянмөнхий мэдүүлэгт “... “Саран тал” ХХК-иас мөнгөө нэхэж эхэлсэн тул 2012 оны 12 дугаар сарын эхээр Петровсын ажлын гүйцэтгэл биш өөр газраас мөнгө орж ирэхэд*******т мөнгө өгөхгүй бол болохгүй байна гээд Ард кино театрын банк дээр хамт очиж 20 гаруй сая төгрөг аваад*******тэй утсаар ярьж уулзая гээд мөнгө өгөхөөр явсан, би ажилтай тул хамт яваагүй /хх-109/ гэсэн мэдүүлгээс тус тус дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгч компаний дэд захирал*******т гэрээгээр хүлээн авсан 40.000.000 төгрөгийн 22.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдэг нь эргэлзээгүй шууд нотлогдохгүй байна.
Түүнчлэн Шинэ-Очир” ХХК нь Төрийн банкны 341302986806 тоот данснаас 2012 оны 12 дугаар сарын 04-ны өдөр 28.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн нь түүнийг нэхэмжлэгчид 22.000.000 төгрөгийг төлсөн гэх үйл баримтыг шууд нотлохгүй, тухайн баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргээлзээгүй гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн нэхэмжлэгчид 22.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх татгалзалын үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.
Хариуцагч нь Чин ван Ханддоржийн өргөөнд болж байгаа уулзалтын талаарх гэх 3 хуудас фото зургыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт шаардлагыг хангахгүй байгааг дурдах нь зүйтэй. /2 дугаар х.х-ийн 79-81 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул үлдэгдэл 25.000.000 төгрөг, алданги 22.500.000 төгрөг, гэрээнд заагаагүй боловч нэмж санхүүжилт хийсэн 3.000.000 төгрөг, алданги 1.500.000 төгрөг нийт 52.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4.2-т “гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн олгосон барилгын ажлын санхүүжилт болох 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг ажил дууссаны дараа 45.000.000 /дөчин таван сая/ төгрөг болгон гаргаж өгнө. Энэхүү ажлын хугацаа нь хуанлийн 28 хоног байна” гэж заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан журмаар тодорхойлоход гэрээнд оролцогч талуудын хүсэл зориг нь “Петровис трейдинг” ХХК-ийн хэрэгжүүлж буй “TDNT” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд баригдах Тос ялгах талбайн барилга, Ус зайлуулах бохирын системийн нийт 303.270.000 төгрөгийн ажлыг дууссаны дараа 45.000.000 төгрөг болгон өгөхөөр талууд хүсэл зоригоо илэрхийлсэн агуулгаар тайлбарлагдахаар байна.
Тодруулбал, Шинэ-Очир” ХХК нь “Смарт Торх” ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2012/Б/253 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр хүлээсэн үүргээ “Шинэ-Очир” ХХК нь биелүүлсэний дараа анх санхүүжилтээр хүлээн авсан 40.000.000 төгрөгт нэмж ашиг 5.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь “Смарт Торх” ХХК-тай “Шинэ-Очир” ХХК-ийн байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2012/Б/253 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” дуусгавар болсон гэж тайлбарлаж байх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул ашиг 5.000.000 төгрөг, алданги 22.500.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь тус компаний дэд захирлаас нэмж авсан 3.000.000 төгрөг болон түүний алданги 1.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч “Саран тал” ХХК нь тус мөнгийг шаардах эрхтэй болох нь баримтаар нотлогдоогүй болно.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг мөн зүйлийн 9.4.4-т зааснаар “учруулсан хохирлыг арилгуулах” иргэний эрх зүйн хамгаалалтын аргаар хангагдах боломжтой бөгөөд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг гэрээ байгуулахаас өмнөх байдалд нь сэргээж, нэхэмжлэгчид учирсан шууд хохирол буюу 20.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд дээрх үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 20.000.000 төгрөгийг хангаж, үлдэх 32.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч “Шинэ-Очир” ХХК нь нэхэмжлэгч “Саран тал” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж, 18-06 УБЧ улсын дугаартай ММС delica маркийн тээврийн хэрэгсэл, 04-32 УБК улсын дугаартай jidong truck маркийн тээврийн хэрэгсэлүүдийн үнэнд 42.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
“Шинэ-Очир” ХХК-ийн захирал******* нь 2013 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1470, 1474 дугаартай “итгэмжлэл”-ээр Л.Нямбатад 18-06 УБЧ улсын дугаартай ММС delica маркийн тээврийн хэрэгсэл, 04-32 УБК улсын дугаартай jidong truck маркийн тээврийн хэрэгсэлийг тус тус худалдах, захиран зарцуулах, нэр шилжүүлэх, төлбөр тооцоо хийх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавих эрхийг нэг сарын хугацаатайгаар олгожээ. /х.х-ийн 25-26 дугаар тал/
Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж заасан.
Өөрөөр хэлбэл “Шинэ-Очир” ХХК-ийн захирал******* нь Л.Нямбатад итгэмжлэлд дурдсан тээврийн хэрэгсэлүүдийг өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд худалдах, барьцаанд тавих эрхийг олгосон байх бөгөөд энэхүү хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь төлөөлөгч Л.Нямбатад бус гагцхүү төлөөлүүлэгч*******д үүснэ.
Төлөөлөгч Л.Нямбат нь төлөөлүүлэгч*******гээс олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн, итгэмжлэлээр олгосон тээврийн хэрэгсэлүүдийг захиран зарцуулсан, худалдан борлуулсан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна энэхүү итгэмжлэлээр “Саран тал” ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Шинэ-Очир” ХХК-иас 20.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Саран тал” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 32.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.3, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Саран тал” ХХК-иас 42.000.000 төгрөг гаргуулах тухай “Шинэ-Очир” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 417.950 төгрөг, хариуцагчаас төлсөн 367.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Шинэ-Очир” ХХК-иас 257.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Саран тал” ХХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ