Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 13

 

 

Б.Т нарт холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд: 

Прокурор Д.Баттулга, 

Шүүгдэгч Б.Т, М.Т /онлайнаар/, Г.Т  

Шүүгдэгч Түвшинжаргалын өмгөөлөгч Ө.Батболд /онлайнаар/,

Шүүгдэгч Тэмүүжингийн өмгөөлөгч М.Энхтуяа /онлайнаар/,

Шүүгдэгч Төрбаярын өмгөөлөгч З.Нямсүрэн, /онлайнаар /

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь cум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж, шүүгч С.Насанбуян, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч Г.Т, М.Т нарын давж заалдах гомдлоор, шүүгдэгч Б.Т, М.Т, Г.Т, Б.Б, С.Х нарт холбогдох эрүүгийн 201711000104 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

  1. Монгол Улсын иргэн, 1989 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эко, байгаль хамгаалагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 255 цагийн хугацаагаар   албадан   ажил   хийлгэх   ялаар   шийтгүүлсэн, Б.Т 

 

2. Монгол Улсын иргэн, 1990 онд  Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, дээд боловсролтой, Ургамал хамгаалал хорио цээрийн үнэлгээчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэлгүй, М.Т

 

3. Монгол Улсын иргэн, 1991 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэлгүй, Г.Т

 

4. Монгол Улсын иргэн, 1995 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэлгүй, С.Х /РД ЖЯ95012110/,

 

5. Монгол Улсын иргэн, 1995 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 22 настай, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Б

 

 Шүүгдэгч Б.Т М.Т, Г.Т нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Ялалт нэртэй клубт 2017 оны 03 сарын 04, 10-ны өдрүүдэд хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис буюу /тетрагидроканнабинол/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар иргэн С.Хгээс авч хадгалсан, 

Мөн 14 насанд хүрээгүй С.Мыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Ялалт нэртэй клубт 2017 оны 03 дугаар сарын 02, 06, 10-ны өдрүүдэд хориглосон, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис буюу /тетрагидроканнабинол/-ыг 2-оос дээш удаа өгч байнгын мансууралд татсан оруулсан, 

Шүүгдэгч С.Х нь тетрагидроканнабинол гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2017 оны 03 дугаар сарын эх, 10-ны өдрүүдэд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ялалт нэртэй клубт Г.Т, Б.Т, М.Т нарт өгсөн, мөн дээрх бодисыг 2017 оны 03 дугаар сарын эхээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ган Хэрлэн буудлын 28 дугаар байрны 2 дугаар давхарын цахилгаан тоолуурт хийж хадгалсан, 

Шүүгдэгч Б.Б нь Дархан-Уул хотоос тетрагидроканнабинол гэх нэршилтэй хориглосон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймаг руу Б.Иээр дамжуулж С.Хд илгээсэн, мөн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах их сургуулийн гудамжны урд талд байрлах айлуудын хашааны баруун талаас тетрагидроканнабинол гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Прокуророос Б.Т, М.Т, Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, С.Хд мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б.Бд мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  1. Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч С.Хд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2. Дорнод аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, 3. Шүүгдэгч Б.Т, шүүгдэгч Бүргэд овгийн Мөнхнасангийн Тэмүүжин, шүүгдэгч Г.Тнарыг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан, хүүхдийг байнгын мансууруулах, донтох байдалд татан оруулсан, шүүгдэгч Б.Бг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Тыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, М.Тг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Г. Төрбаярыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Тг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Тыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Г.Тыг 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Бд зан үйлээ засах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж,  6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Түшинжаргалд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч М.Тд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Төрбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тус тус тогтоож, 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т, М.Т, Т.Төрбаяр нарт тус тус оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 8. Шүүгдэгч Б.Бд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдэж, 9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнссэн ялтан Б.Бг Дархан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба бүртгэл нээж, хяналт тавихыг мэдэгдэж, 10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэгт зааснаар Б.Тын цагдан хоригдсон 117 хоног, М.Тгийн цагдан хоригдсон 117 хоног, Б.Төрбаярын цагдан хоригдсон 117 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 грамм өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүх дэх Эд мөрийн баримтыг устгах комисст даалгаж, 12. Шүүгдэгч Б.Б 87 хоног, яллагдагч С.Х 116 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардал байхгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, бичиг баримт байхгүй болохыг тус тус дурдаж, 13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, М.Т, Т.Төрбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч М.Т давж заалдах гомдолдоо: Миний бие үйлдсэн гэмт хэргээ гүнээ ухамсарлаж, өөрийн гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч, хууль мэдэхгүйн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүнд гэмт хэрэгт холбогдож, маш их харамсаж, уучлалт хүсэж байна. Би аавтайгаа хамт амьдардаг, аав маань бие муутай хүн байдаг. Миний зүрх судас болон цээжний хөндийгөөр байнгын хатгуулж өвддөг. Энэхүү гэмт хэрэгт холбогдохын өмнө 6 сая төгрөгийн цалингийн зээл авсан. Анх хоригдсон цагаасаа эхлээд одоо хүртэл, зээлээ барагдуулж чадаагүй, мөн хүүнээс хүү бодогдож байгаа тул надад эрүүл мэнд болон банк, санхүүгийн асуудал дээр хүнд хэцүү байгааг минь ойлгож, хувийн байдал, ар гэрийн амьдралыг минь харгалзан, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж хорих ялыг минь өөрчилж, тэнсэн харгалзах ял болгож өгнө үү... Мөн миний хэргийг Дорнод аймаг дахь эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэх гэж байгаа тул хоёр хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр  хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ. 

 

Шүүгдэгч Г.Т давж заалдах гомдолдоо: Миний бие өндөр настай аав, ээж, эхнэр 2 настай хүүгийн хамт амьдардаг. Эхнэр Бая нь одоо 7 сартай жирэмсэн. Би найз нарынхаа хамт гэмт хэрэг үйлдсэн өөрийгөө болон гэр бүлээ хүнд байдалд оруулж, хуулийн дагуу ял шийтгэл хүлээснийгээ гүнээ ойлгож, гэмшиж байна. Би урьд өмнө ял шийтгэл эдэлж, ямар нэгэн хэрэг, зөрчил, доголдол гаргаж байгаагүй. Цаашид би гэмээ ухамсарлаж сайн иргэн, сайн хүү, сайн аав, сайн хань байх болно гэжээ. 

 

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар давж заалдах гомдолдоо: Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Т нарт холбогдох хэргийг шийдвэрлэх үед Б.Т, М.Т нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 20.7.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ шинээр дахин гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр цагдан хоригдон шалгагдаж байсан бөгөөд уг хэрэг нь Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 5/25 дугаартай яллах дүгнэлтээр шилжин ирээд байгаа болно. Уг 2 хэргийг нэгтгэн шийдвэрлээгүй нь Б.Т, М.Т нарын эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзнэ. Шинээр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн онолын үзэл санаа нь давтан гэмт хэргийн тухай ойлголт байхгүй бөгөөд энэ нөхцөл байдлаас үзвэл нэг төрлийн гэмт хэрэгт олон удаа ял шийтгүүлэх нөхцөл байдал үүсээд байгаа учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд байгаа хэрэгт нэгтгэн шийдүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

 

Прокурор дүгнэлт, тайлбартаа: ... Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан 2 буюу түүнээс дээш гэмт хэрэг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэсэн заалтыг баримталж байгаа. Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан байна. Иймээс прокурорын зүгээс хэргийг тэнсэх боломжгүй байна гэж үзэж байна. 

Шүүгдэгч М.Т, Б.Т нарын гомдол дээр насанд хүрээгүй хохирогчийг уруу татсан гэсэн асуудал тусгагдаагүй байсан. Гэхдээ шүүгдэгч нар өнөөдөр шүүх хуралдаан дээр энэ талаар хэлж байна. Насанд хүрээгүй хохирогч М.Мыг орон байрандаа байлгасан, хориглосон мансууруулах бодис хэрэглэсэн зэрэг асуудлууд нь зохих байгууллагуудаар шалгагдаж, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан баримтууд хэрэгт авагдсан байгаа учраас энэ гэмт үйлдэл нь тогтоогдсон юм. 

Иймд давж заалдах гомдол гаргасан шүүгдэгч Г.Т, М.Т, Б.Т нарын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Т нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

 

Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх явцад Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Т, М.Т нарыг 2017 оны 11 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд “тетрагидроканнабинол” гэх нэршилтэй хориглосон, мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “О” зочид буудлын 101 тоотын ариун цэврийн өрөөнд хадгалсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн болох нь тухайн шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 92 дугаар захирамж, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Б.Т, М.Т нарын холбогдсон нэг төрлийн дээрх хоёр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... хэд хэдэн яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж, мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нэгтгэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Учир нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зааснаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг зохицуулсан байна. Харин шүүгдэгч шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг зохицуулаагүй орхигдуулжээ. Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлаагүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй бөгөөд эрхгүй юм.

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран шүүгдэгч нарын холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна. Иймд шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч М.Т нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Т, М.Т, Г.Т, С.Х, Б.Б нарт холбогдох, эрүүгийн 201711000104 дугаартай хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаасугай.

Хоёр. Тус шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

Гурав. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Т, М.Т, Г.Т нарт авсан цагдан хорих, Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Дөрөв. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БААТАРСҮХ

                  ШҮҮГЧИД         Л.НАРАНБАЯР

С.ОЮУНТУНГАЛАГ