Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 059

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч:  Өлгий сумын 8 дугаар багийн оршин суугч Х.Бын нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын даргад  холбогдох;

             “Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн  А/03 дугаар ”Тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай”  тушаалыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч Х.Х, гуравдагч этгээд М.Т,   шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч  Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

X. Б би 2012 оны 01 дүгээр сарын 02 -ны өдрийн Баян -Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын “Ажилд томилох тухай” 01 тоот тушаалаар тус газарт хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоонд томилогдон ажиллаж байхад аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот захирамжаар аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм. Урьд ажиллаж байсан Баян -Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга X. Х.Х нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмнөх ажилд томилогдсон тул тухайн орон тоонд аймгийн Засаг даргын шийдвэр ёсоор түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан X.Б би ажлаас чөлөөлөгдөж, өмнө ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн албан тушаалд томилогдох журамтай билээ.Гэтэл Баян -Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Бүтэц,орон тоог батлах тухай” А/329 тоот захирамжаар баталсан 18 тооны орон тооноос X. Б миний урьд ажиллаж байсан “хөнгөн атлетикийн дасгалжуулагч” гэсэн бүтэц, орон тоог аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга X.Х.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, эрх мэдлийг хэтрүүлэн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн  “Тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай” А/03 тоот тушаалаар зориуд хасаж баталсан байх юм.X. Б миний бие Баян -Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 15 -ны өдрийн “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/03 тоот тушаалаар бүтэц, орон тоог хассан тул ажилд томилогдон чадахгүй хохирч байна. Шууд утгаар А/03 тоот тушаал нь X. Б миний хөдөлмөрлөх эрхийг шууд зөрчөөд байна.

Баян -Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтэц, орон тоог Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 -ын “а" заалт, Төсвийн тухай хуулийн 65  дугаар зүйлийн 65.1.8 -д зааснаар аймгийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх байтал, Биеийн тамир, спортын газрын дарга Х.Х нь X.Б миний ажиллаж байсан хөнгөн атлетикийн дасгалжуулагч гэсэн орон тоог тушаал гаргаж хасаж, орон тоог үгүй болгох эрхгүй юм гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Биеийн тамир, спортын газрын бүтэц, орон тоог тогтоох нь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын эрх хэмжээнд хамаарагдахгүй. Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээний асуудлыг хянан шийдвэрлэж, бүтэц, орон тоог баталж байгаа нь Биеийн тамир, спортын газрын дарга албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  аймгийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон заалт, мөн Төсвийн тухай хуулийн холбогдох заалт, Биеийн тамир, спорт, аялал жуулчлалын яамны сайдаар ажиллаж байсан Шийлэгдамба сайдын үед гаргасан журамд тусгасан.  Иймээс салбарын хууль тогтоомжийн дагуу аймгийн Засаг дарга бүтэц , орон тоог батлах учиртай. Уг журмын дагуу Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2017 онд тус байгууллагын бүтэц, орон тоог баталсан нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. Аймгийн Засаг даргын захирамжийг зөрчиж Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Бүтэц, орон тоог батлах тухай” А/03 тушаал гаргасан. Энэ нь хууль зөрчиж гарсан хууль бус эрхийн акт учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх санал гаргаж байна  гэв.

Хариуцагч  аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Х шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

Миний бие 2013 онд Биеийн тамир, спортын газрын даргаар томилогдож, 2017 оны 03 дугаар сарын 03-нд ажлаас халагдаж, дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2018 оны 12 дугаар сарын 27-нд Биеийн тамир, спортын газрын даргаар эргүүлэн томилогдсон. 2019 он гараад бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах шаардлага  гарсан.  Аймагт түлхүү хөгжүүлэх спортын төрөл болох хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоог бий болгож, хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хассан. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А\329 дугаартай захирамжаар баталсан тус газрын бүтэц, орон тоонд хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоо байсан боловч тус газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А\03 дугаартай тушаалаар уг хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоо болгон өөрчилсөн юм. Учир нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 130\ШШ2019\0040 дугаартай шийдвэрээр урьд тус газарт хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоонд ажиллаж байсан М.Тыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон юм. М.Т нь Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газарт 2011 онд хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн ажилд орж эдүгээ 9 дэх жилдээ ажиллаж байгаа болно.

Нэхэмжлэгч А.Б нь урьд хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын ажилд томилогдсон юм. X.Б нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар тус газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн юм.

Тус газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажилд С.Бахыт гэдэг хүн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаад тус газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б\11 дүгээр тушаалаар хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдсөн юм. Тус газрын дарга Х.Х би хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар ажиллаж байсан С.Бахыттай уулзаж “Та ажлаас чөлөөлөгдсөн асуудлаар маргаан гаргах уу” гэхэд тэрээр “Би одоо тэр албан тушаалд ажиллахгүй, шүүхээр заргалдахгүй” гэж хариу өгсөн юм.

Иймд М.Тыг хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн ажилд томилсон шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, нэхэмжлэгч Х.Б нь тус газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 2 жил гаруй болсон, хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажилд иргэн С.Бахыт нь 2017 оны 03 дугаар сарын 06-аас эхлэн томилогдон 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байдал, С.Бахыт урьд ажиллаж байсан хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн албан тушаалд ажиллахгүй гэсэн нөхцөл байдал, тус газар нь нийт 18 орон тоотой ажиллах ёстой учраас Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. 34,  4.1.38, 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэг, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 1 дүгээр бүлгийн 1.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг үндэслэн тус газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай” А\03 дугаартай тушаал гаргасан юм.

Иймд нэхэмжлэгч X Бын Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай” А\03 тушаалыг бүхэлд нь хүчингүйд тооцох шийдвэр гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Гуравдагч этгээд М.Т шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Х.Б нь Биеийн тамир, спортын газрын даргын  2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох” тухай А/03 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/329 дүгээр захирамжаар 6 дасгалжуулагчийн орон тоог баталсан, уг 6 дасгалжуулагчийн нэг нь хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоо байсан боловч А/03 дугаар тушаалаар бусад орон тоонд өөрчлөлт оруулаагүй мөртлөө хөнгөн атлетикийн орон тоог хасаж хүнд өргөлтийн дасгалжуулагчийн орон тоог бий болгосон тухай дурдсан байна.

Миний бие  тус байгууллагад цагийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад тус байгууллагын даргын 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар тушаалаар хүндийн өргөлтийн дасгалжуулагчаар томилогдож 6 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд аймгийн олон арван хүүхдүүдийг хүндийн өргөлтийн спортоор бэлтгэн, хичээнгүй дасгалжуулсны үр дүнд улсын болон Ази тивийн хэмжээний, мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хэд хэдэн шавь нар маань улсад эхний гурван байранд шалгарч, Баян-Өлгий аймагт 35 жилийн дараа Р.Даривханы нэрэмжит 2015 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, Баян-Өлгий аймагт хүндийн өргөлтийн холбоонд 20 сая төгрөгийн  иж бүрэн штанг тавьсан хөрөнгө оруулалт хийсэн ба одоог хүртэл хэд хэдэн удаа ажлаас халагдсан ч гэсэн амжилттай яваа дасгалжуулагч билээ. Мөн байгууллага, аймгийнхаа нэр хүндийг гаргаж байсан удаатай. Одоо миний шавь сурагч нар спортын цолтой 2, 3 шавь маань Монголын шигшээ багт бэлтгэл сургалт хийж байгаа жишээтэй юм.

Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Б ажилд орсноос хойш хувийн өс хонзон, таарамжгүй харьцааны улмаас намайг байнга хавчин гадуурхаж ирсэн ба тухайлбал 2 удаа хууль зүйн үндэслэлгүй ажлаас халсан ч гэсэн би шүүхийн шийдвэрээр хоёр удаа өөрийн ажилд эгүүлэн томилогдож байсан юм. 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Б/15 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халж миний эрхийг ноцтой зөрчсөн ба энэ талаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх явцад Х.Б нь намайг үндэслэлгүй халсныг хүлээн зөвшөөрч, миний нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн бөгөөд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 598 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл Х. Б нь намайг хүндийн өргөлтийн дасгалжуулагчаар 2017оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар эргүүлэн томилсон. Гэвч тус байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х. Б нь намайг хууран мэхлэн 2018 оны 11 дүгээр  сарын 12-ны өдөр Б/08 дугаар тушаалаар дахин намайг ажлаас үндэслэлгүй халж, миний хөдөлмөрлөх эрхийг дахин ноцтой зөрчсөн. Миний бие аргагүйн эрхэнд дахин Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс хэргийг хянан хэлэлцээд намайг хууль бусаар ажлаас халсныг тогтоож Х.Б даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгон, хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн ажилд эгүүлэн тогтоосон.

 Биеийн тамир, спортын газрын дарга нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг шийдвэрийг биелүүлэх хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд намайг хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн ажилд эгүүлэн томилсон болно. Тус байгууллагад нийт 18 орон тоотой, одоо 18 ажилтан ажиллаж байна. Ер нь ажил олгогч батлагдсан орон тооноос хэтрүүлэхгүйгээр орон тоо, бүтцийг тогтоож байгаа нь зөв гэж үзэж байна. Нөгөө талаас хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар ажиллаж байсан С.Бахыт нь энэ орон тоонд маргаагүй байна. Х. Б нь тус газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажлаас бүрмөсөн чөлөөлөгдөөд 2 жил болж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймээс Х.Бын нэхэмжлэлд дурдсанчлан хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн ажил, орон тоо огт байхгүй байхад хөнгөн атлетикийн орон тоог зориуд хасаж, хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоог хууль бусаар гаргаж намайг ажилд авсан гэдэг нь бодит байдалд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Х. Б нь намайг ажилд эгүүлэн томилсон тушаалыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а” заалт, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг зөрчсөн гэжээ.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”-д “нутаг дэвсгэртээ боловсрол, соёл, эрүүл мэнд, биеийн тамир, спортын талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион  байгуулах ”гэж , Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн  65.1.8-д “ тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах” гэж заасан бөгөөд төсвийн захирагч бүрийн харьяанд ажиллах хүчний тоог тогтоож өгөхөөр хуульчилсан байна. Х.Бын гаргаж байгаа нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 тоот  тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн  шаардлагыг дараах  үндэслэлээр  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 тоот “Тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай” тушаалаар[1] нийт  18 орон тоотой, үүнд дасгалжуулагчийн 6 орон тоо, ингэхдээ  өмнө нь байсан хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хасаж, хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоог бий болгон тус газрын  бүтэц, орон  тоог  шинэчлэн  тогтоосон байна.

Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Би аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад урьд тус газрын даргаар ажиллаж байсан  Х.Х нь шүүхийн шийдвэрээр өмнөх ажилдаа  томилогдсон тул   ажлаас чөлөөлөгдөж,   өмнө нь ажиллаж байсан тус газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоонд томилогдох журамтай. Гэтэл аймгийн  Биеийн тамир, спортын газрын дарга Х.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 тоот тушаалаар  хөнгөн атлетикийн дасгалжуулагч гэх орон тоог зориуд хасаж баталсан, уг тушаал нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтэц, орон тоог хуульд зааснаар аймгийн Засаг дарга  эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх байтал тус газрын дарга орон тоог тушаал гарган хасах эрхгүй” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Х.Б нь анх аймгийн Биеийн тамир, спортын газрын  даргын 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тушаалаар тус газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагч болон жолоочийн орон тоонд томилогдсон, гуравдагч этгээд М.Т нь 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар тушаалаар  хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоонд  түр   томилогдсон байна. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар  аймгийн Биеийн тамир, спортын газрын  дүрэм, бүтэц, орон тоог баталсан, уг захирамжид  тусгаснаар тус газар нь нийт 21 орон тоотой, үүнд  хөнгөн атлетикийн  болон хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн  тус бүр 1  орон тоо батлагдсан байна. Уг захирамжийг үндэслэн аймгийн Биеийн тамир, спортын газрын  даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тушаалаар М.Тыг  хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоонд бүр томилжээ. 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Засаг даргын  Б/109 дүгээр захирамжаар аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар Х.Быг түр томилсон байх ба  тус газрын даргаар томилогдсон Х.Б нь  2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар “хөнгөн атлетикийн дасгалжуулагч Х.Б нь  өөр ажилд шилжсэн” гэсэн үндэслэлээр хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоонд С.Бахытыг  түр хугацаагаар томилсон байна. Үүний дараа 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын А/329 дүгээр захирамжаар аймгийн Биеийн тамир, спортын газрын дүрэм, бүтэц, орон тоог баталсан, уг захирамжид тусгаснаар тус  газар нь нийт 18 орон тоотой, үүнд  дасгалжуулагчийн 6 орон тоо  батлагдсаны нэг нь  хөнгөн атлетикийн  дасгалжуулагчийн  орон тоо  байх ба хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоо хасагдсан байна. Улмаар аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Б нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар С.Бахытыг хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоонд бүр томилсон, мөн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/15 дугаар  тушаалаар  “орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр хүндийн өргөлтийн дасгалжуулагч М.Тыг ажлаас чөлөөлсөн байх боловч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар өмнөх Б/15 дугаар тушаалаа хүчингүй болгож, М.Тыг хүндийн өргөлтийн дасгалжуулагчаар ажиллуулсан байна. Үүний дараа  2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын  Б/08 дугаар тушаалаар  М.Тыг хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн ажлаас, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар  С.Бахытыг хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн  ажлаас тус тус  чөлөөлсөн  байна. Улмаар аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/63 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг үндэслэн Х.Быг аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын ажлаас чөлөөлж,  2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/64  дүгээр захирамжаар Х.Хыг  Биеийн тамир, спортын газрын  даргаар томилсон байна.  Мөн М.Тын дээрх 2018 оны Б/08 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож,хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр  ханган шийдвэрлэсэн  болох  нь  тус тус  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2]  тогтоогдож байна. 

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна”, 14.1.17-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн”, 14.2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 14.2.12-т “эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох”, 65 дугаар зүйлийн 65.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 65.1.8-д “тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах” гэж тус тус  заасан. Эдгээр зохицуулалтуудаас үзэхэд төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг дарга нь төсвийн байгууллагын  чиг үүрэг, зохион  байгуулалтын бүтцийг  хуульд заасан зорилгоор шинэчлэн тогтоох, төсвийн захирагч бүрээр төсвийн байгууллагын орон тоог батлах буюу  тухайн байгууллагын орон тооны хязгаарыг тогтоон баталж өгөх эрхтэй байна.

Мөн Төсвийн тухай хуулийн  16 дугаар зүйлийн 16.1-д “Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна”, 16.4-д “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна”,16.4.18-д “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн”, 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.5.1-д “төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”,16.5.3-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж тус тус  заасан.  Өөрөөр хэлбэл төсвийн шууд захирагч болох төсвийн байгууллагын дарга нь байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий этгээдийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагчаас тогтоосон зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, мөн  цалингийн санд багтаан байгууллагын орон тоог тогтоох буюу ямар албан тушаал байхыг шийдвэрлэх эрхтэй  байхаар зохицуулсан байх тул хариуцагч аймгийн Биеийн тамир, спортын газрын даргыг өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна .

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч Х.Б нь аймгийн Биеийн тамир, спортын газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн албан тушаалд ажиллаж байгаад 2017 онд тус газрын  даргаар  томилогдсоны дараа хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн  орон тоонд С.Бахытыг  томилсон,  2018 оны 11 дүгээр сард М.Тыг хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн албан тушаалаас чөлөөлсөн боловч тэрээр нэхэмжлэл гаргаснаар шүүхээс  уг тушаалыг хүчингүй болгон, хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан, 2018 оны 12 дугаар сард С.Бахытыг хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн албан тушаалаас  чөлөөлсөн ба тэрээр шүүхэд  нэхэмжлэл гаргаж маргаагүй[3]. Мөн нэхэмжлэгч Х.Б нь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байхдаа  хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хасаж, байгууллагын бүтэц орон тоог батлуулахаар аймгийн Засаг даргад санал гаргаж байсан[4] болон 2017 оны 06 дугаар сард аймгийн Засаг даргын захирамжаар тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахад өмнө нь байсан хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоо хасагдсанаар М.Тыг ажлаас чөлөөлсөн боловч  ажилд эгүүлэн тогтоолгох талаар түүний шүүхэд гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэн[5] ажлаас чөлөөлсөн  тушаалаа хүчингүй болгож,  М.Тыг хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн ажилд томилон ажиллуулж байсан  зэрэг үйл баримтуудаас дүгнэж үзэхэд шүүхийн шийдвэрээр М.Тыг хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн ажилд эгүүлэн тогтоосон болон уг орон тоо тухайн байгууллагын хувьд шаардлагатай байсныг үндэслэн хариуцагч аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаас батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаартаа багтаан сул байсан хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хасаж, хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоог бий болгон  тус байгууллагын орон тоог тогтоосныг  буруутгах үндэслэлгүй,  уг шийдвэр нь бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр байна гэж үзлээ. Мөн  маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч Х.Б  тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн  ажилд эгүүлэн тогтоож, ажилд томилох шийдвэр гаргахыг даалгах  шаардлагатай нэхэмжлэл гаргахаас өмнө  гаргасан байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд  нэхэмжлэгч Х.Б  маргаан бүхий захиргааны акт нь түүний  хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэж маргаж байгаа боловч  аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 дугаар тушаал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэг,  мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан  хуульд үндэслэх, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх гэсэн захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмуудтай тус тус нийцсэн байх  тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй  гэж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14,  107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1,16.5.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Бын  “Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн  А/03 дугаар ”Тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай”   тушаалыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 43-45-р хуудас

[2] Хэргийн 10-12,32,33,34,46,47,52,53,55-57,59,60,96-102,106,112,113-р хуудас

[3] Хэргийн 144-р хуудас

[4] Хэргийн 128-р хуудас

[5] Хэргийн 114-116-р хуудас