Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 3

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд, 5419115 регистрийн дугаартай Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, олипм-9, 100 тоотод оршин байх “Экокапитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Монгол улсын иргэн ШГ71090466 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 12 дугаар байр 77 тоотод оршин суух Алаг адуут овогт Эрдэнийн Оюунгэрэлд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 22.678.329 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон хариуцагчийн бусад орлого, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, хариуцагч Э.Оюунгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Г.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Экокапитал ББСБ” ХХК нь иргэн Э.Оюунгэрэлтэй 2015 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр 15/085 тоот зээлийн 15/085А тоот барьцааны гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 77 тоотод байршилтай 30 м.кв талбай бүхий 2204004362 улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууц барьцаалсан. Зээлдэгч Г.Оюунгэрэлээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа уулзаж шаардлага мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа болно. Э.Оюунгэрэл нь “Экокапитал ББСБ”-д үндсэн зээлд 4.465.320 төгрөг, нийт хүү 7.389.598 төгрөг төлсөн байдаг. Бид тооцооллын алдаа гаргасан байсныг тодруулж хэлье. Хариуцагч Э.Оюунгэрэлээс төлөгдөөгүй зээлийн төлбөр 15.532.776 төгрөг, хүү 4.585.246,  нэмэгдүүлсэн хүү 917.049, нийт 21.034.971 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн зээлдэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 77 тоотод байршилтай 30 м.кв талбай бүхий 2204004362 улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцнаас болон хариуцагчийн бусад орлого, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Экокапитал” ББСБ-аас тооцооллын алдаатай байсан тул 1.630.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага багасаж байгааг ойлоглоо. Хариуцагч нь 2015 оны 05 сарын 14-нд 1.555.000 төгрөг 2015 оны 06 сарын 22 –нд 500.000, 2015 оны 07 сарын 16-нд 1.000.000, 2015 оны 07 сарын 23-нд 550.000, 2015 оны 09 сарын 29-нд 1.550.000, 2015 оны 09 сарын 30-нд 15.500, 2016 оны 01 сарын 21-нд 2.900.000, 2016 оны 04 сарын 19-нд 2.447.000 төгрөгүүд тус тус төлсөн. Шүүхээс хүсэлтийг хангаагүй тул дээрхи төлөлтүүдийн үндсэн зээлд хэдэн төгрөг, нэмэгдүүлсэн хүү хэдэн төгрөгт төлсөн зэргийг бид тооцоолж гаргаж амжсангүй. Иймээс тоо, тооцоолол дээр мэтгэлцэх боломжгүй байна. Нэхэмжлэгч “ББСБ” нь  зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн гэрээг цуцлах санал гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй байна. Мөн зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг зээлдэгч тал буюу “ББСБ”-аас 70.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага 21.034.971 төгрөг гэтэл барьцаа хөрөнгөөс гадна хариуцагчийн бусад эд хөрөнгүүдээс зээлийг төлүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн шаардлага нь үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэр гараад эргэн төлөлт хийгдэхэд төлж чадахгүй бол барьцаа хөрөнгөөс төлж барагдуулах боломжтой. Хариуцагч талаас 04 сараас эхлэн төлбөрийг төлөх саналтай байгаа болно гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Экокапитал ББСБ” ХХК нь хариуцагч Э.Оюунгэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22.678.329 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон хариуцагчийн бусад орлого, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 21.034.971 төгрөг болгон багасгасан.

Хариуцагч Э.Оюунгэрэл нь 2015 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр “Экокапитал ББСБ” ХХК-тай 15/085 тоот зээлийн гэрээ, 15/085А тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, 20.000.000 /хорин сая/ төгрөгийг, сарын 3.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд Э.Оюунгэрэлийн өмчлөлийн Улсын бүртгэлийн 2204004362 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 18 дугаа хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 77 тоот, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 7-15 дугаар тал/

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн, зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж гэрээг хуульд нийцүүлэн байгуулсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Хариуцагч Э.Оюунгэрэл зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.3, 9.2.4 дэх заалтыг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч санаачлагаараа гэрээг цуцалж, хариуцагчаас үндсэн зээл 15.532.676 төгрөг, хүү 4.585.246 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 917.049 төгрөг нийт 21.034.971 төгрөг нэхэмжилсэн байна.

Зээлдэгч Э.Оуюнгэрэл 2015 оны 5 дугаар сарын 14-ны өдөр 1.555.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1.250.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 305.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 550.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1.537.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр 1.500.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 15.500 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр 2.900.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр 2.047.000 төгрөг нийт 12.659.500 төгрөг буюу үндсэн зээлд 4.467.324 төгрөг, зээлийн хүүнд 7.389.598 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 802.578 төгрөг төлж, 2016 оны 4 дүгээр сарын сарын 19-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.3-т “зээлдэгч нь зээлийн төлбөрийн хуваарьт 2-оос дээш удаа зөрчил гаргасан тохиолдолд”, 9.2.4-т “зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өдрөөс 14 хоногоос дээш өдөр хоцорсон” бол банк бус санхүүгийн байгууллага санаачлан гэрээг цуцална гэж заасны дагуу нэхэмжлэгч “Экокапитал ББСБ” ХХК нь гэрээгээ цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний  нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасанаар нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 15.532.676 төгрөг, хүү 4.585.246 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 917.049 төгрөг нийт 21.034.971 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “.Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн хариуцагчийн бусад орлого, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэл тодорхойгүй байх тул хангах үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн мөнгөн хөрөнгө гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах дарааллыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулсан тул нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхээр шийдвэрлүүлэх асуудал биш бөгөөд шүүх шаардлагатай гэж үзвэл шийдвэр гүйцэтгэх арга замыг тодорхойлж болох боловч энэ тохиолдолд шаардлага байхгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э.Оуюнгэрлээс 21.034.971 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Экокапитал ББСБ” ХХК-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Э.Оюунгэрлийн өмчлөлийн Улсын бүртгэлийн 2204004362 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 18 дугаа хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 77 тоот, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан борлуулсан үнийн дүнгээс 21.034.971 төгрөг гаргуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, хариуцагчийн бусад орлого, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271.342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Оюунгэрлээс 263.124 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Экокапитал ББСБ” ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                                              Л.ЭНХЖАРГАЛ