| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2021/0042/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/43 |
| Огноо | 2021-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/43
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч З.С, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Зын Сд холбогдох 2117000000042 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Зын С /РД:ЗГ/, 1987 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Г аймгийн С сум 3 дугаар баг, .... тоотод оршин суух, урьд 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн гэх,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч З.С нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Төгрөгийн 1-141 тоотод иргэн Б.Гтой маргалдан, түүний жирэмсэн болохыг мэдсээр байж хэвлийн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь завдаж буй дутуу төрөлт, ихсийн ирмэг хэсгийн ховхролт, аюулхай орчмын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч З.С нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Төгрөгийн 1-141 тоотод Б.Гтой маргалдан, түүний жирэмсэн болохыг мэдсээр байж хэвлийн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь завдаж буй дутуу төрөлт, ихсийн ирмэг хэсгийн ховхролт, аюулхай орчмын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч З.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр манай дүү Б хүнтэй муудаад нүүрэндээ аягаар цохиулж эмнэлэгт оёулах шаардлагатай байна гэж манай дүү Х намайг утсаар дуудсан. Тэгээд орой болсон байсан тул би хүний машин гуйгаад Нгийнд очиход цагдаа нар ирсэн байсан. Мөн Нгийнд хэдэн хүмүүс пиво уугаад байж байсан. Манай дүү Нд хэрэглүүлж байсан хөргөгчөө авахаар гэрт нь ороод юмыг нь гаргаж байтал согтуу хүмүүс манай дүү рүү дайраад, Г манай дүүг мангасдаад байхаар нь би Гын гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн. Хоёр цагдаа бид ажлаа хиймээр байна боль, гараад байж бай гэхээр нь би гэрээс гарсан. Тухайн үед Гын жирэмсэн гэдгийг хараад мэдээгүй. Урт том цамц өмссөн байхаар нь би бүдүүн биетэй хүн байна гэж бодсон. Манай дүү рүү хашхираад дайраад байхаар нь дүүгээ өмөөрөөд нэг удаа өшиглөсөн. Г надтай уулзаж хохирол төлбөр нэхэмжлээгүй. Намайг очиж уулзахад Улаанбаатар хот явж үзүүлнэ гэж байсан. Би Гын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, гэмшиж байна гэв.
1.2. Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 21 цаг өнгөрч байхад өөрийн найз Нгийн гэрт А, Н болон түүний ах бид дөрөв байж байтал гаднаас 2 цагдаа, 1 залуу, 3 эмэгтэй орж ирээд Д, Х гэх хоёр эмэгтэй хөргөгчийг нь онгойлгоод доторх юмнуудыг нь ийш тийш аваад шидэхээр нь би та нар чинь айлд орж ирээд яагаад байгаа юм бэ гэж хэлээд очоод хөргөгчийг нь хаатал Х чамд хамаа байхгүй шүү гэж хэлээд миний цавь руу 1 удаа өшиглөсөн. Би чи яаж байгаа юм гээд өөдөөс нь явтал хоёр цагдаагийн араар орсон. Тэгтэл тэр хүүхний ах нь С гэх залуу ална шүү чамайг гэж хэлээд миний гэдэс рүү 1 удаа өшиглөсөн. Би жирэмсэн чи гэдэс рүү өшиглөчихлөө гэхэд чамайг ална гээд өөдөөс дайрахад нь тэнд байсан хүмүүс хорьсон. Би түргэн дуудъя гээд уйлаад орон дээр суусан. Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг дээр очоод О эмчид үзүүлэхэд ихэс ховхрох магадлалтай, хатуурсан, ураг зулбах дутуу төрөхийг завдах гэсэн онош хэлсэн. Би 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрөх тасагт хэвтээд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр эмнэлгээс гарсан. Би 6 сар гарантай жирэмсэн байсан. Зодуулахын өмнө биед зовуурь байгаагүй. Хэвлий хэсгээр үе үе таталдаж өвдөж байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31-34 хуудас/
1.3. Гэрч З.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 03 дугаар сарын 05-ны орой 18 цагийн үед манай бэр Н нь миний төрсөн ах Б руу аяга шидэж гэмтэл учруулсан байсан. Тэгээд 2 цагдаагийн хамт Нгийн гэрт очоод Д гэх цагдаа аяга хэн шидсэн гээд ярьж байхад нь би яахаараа миний ахын нүүр рүү аяга шиддэг юм гэж хэлээд хөргөгчин дээр байсан аяга сав зэргийг аваад тавьж байтал Нгийн гэрт байсан бүдүүн хүүхэн чиний юм гэж юу байсан юм гэж хэлээд намайг мангасдаад нүүр лүү түлхэж, зодох гэж дайрсан. Тэр үед 2 цагдаа салгаад бид нарыг гэрээс гаргасан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35-37 хуудас/
1.4. Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн орчим Х гэх хүнээс ах Быг Н нь аяга шидээд нүүрийг нь гэмтээчихлээ гэх дуудлага ирсний дагуу Сүмбэр сумын 2 дугаар баг Төгрөгийн 1-141 тоотод очиж хэргийн газрын үзлэг хийж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Х нь Нгийн гэрт орж ирээд хөргөгчинд байсан махнуудыг гаргаж шидэхэд Н болон Х, Г гурав барьцалдаж зууралдсан. Би тэр гурвыг салгаад байж байтал дахиад зодолдох гээд зууралдсан. С нь Гтой зууралдаад цохих гээд гараа далайж байж үед нь би гарыг нь барьж авч болиулсан. Тэгсэн Г намайг энэ залуу өшиглөчихлөө гэж хэлсэн. Сыг яагаад жирэмсэн хүнийг өшиглөдөг юм чи гэхэд би сүртэй өшиглөж шалиагүй гэж хариулсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39-40 хуудас/
1.5. Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г нь хүнтэй маргалдаад өшиглүүлсэн гэж хэлсэн. Г нь 27 недель буюу 7 сар дөхөж байгаа жирэмсэн ба эхогоор харахад ихэс умайн урд хананд ёроол хэсэг, ихсийн ирмэгт 3*0,78см хэмжээний шингэн зүйл байх магадлалтай харагдсан. Гэхдээ энийг ихсийн ховхрол гэж хэлэхэд хэцүү эргэлзэж байна гэж хэлээд умай тонустай байсан учир шууд хэвтүүлсэн. Өшиглүүлсэн гэх хэсэг буюу хэвлийн аюулхайн баруун доод хэсэгт бүдэг хөхрөлт, зүүн гуяны орчимд бас хөхөрсөн харагдаж байсан. Гын онош нь жирэмслэлт 5, төрөлт 4, 27 долоо хоногтой, дутуу төрөхийг завдаж буй, хэвлийн урд ханын зөөлөн эдийн няцрал гэсэн онош тавигдаад умайн тонус бууруулах, ураг дэмжих, цус тогтоох эмчилгээнүүдийг эхэлсэн. Эмчилгээний дүнд зовуурь багасаад эхогоор давтан харахад ихэс ховхролын шинжгүй, умайн тонус багассан байсан учир зөвлөгөө өгч эмнэлгээс 03 дугаар сарын 09-нд гарган гэрээр уух эмийг зөвлөсөн. Ихэс ховхрох шинж нь гадны хүчин зүйлээс шалтгаалан /цохих, өшиглөх юманд шүргэж хүрэх гэх мэх/ ихэвчлэн үүсдэг. Ихсийн ирмэг ховхролын шинж нь өшиглүүлсэн гэх хэсэгт харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 44 хуудас/
1.6. Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Намайг гэрт ороход гэрийн үүд хэсэгт Х зүүн талд жирэмсэн хүүхэн Г, жижиг шар хүүхний хажууд баруун талд мөрдөгч д/ч Д.Д зогсож байсан ба Хын хөл газарт бууж байсан. Тэр үед С жирэмсэн хүүхэнтэй хэрэлдээд хараалын үг хэлж байгаад цохих гэж далайх үед Д Сын гарыг барьж аваад гарсан. Тэгсэн тэр жирэмсэн хүүхэн гэдэс рүү өшиглөчихлөө гээд эмнэлэг дуудаад байсан. Сыг жирэмсэн хүүхнийг өшиглөхийг хараагүй. Хүн болгон хэрэлдээд бужигнасан байдалтай байсан учир шаардлага тавьж байгаад анзаараагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 47-48 хуудас/
1.7. Гэрч О.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г нь анх 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр жирэмсний хяналтад орж карт нээлгэсэн байна. Тухайн үед 16-17 долоо хоногтой буюу 4 сартай жирэмсэн байсан байна. Эмэгтэйчүүдийн эмч Гэрэлмаа нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хэвтрийн дэглэм сахих тонус буулгах эмчилгээ бичиж өгсөн байна. Түүнээс хойш 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай эрүүл мэндийн төвд эмчдээ үзүүлсэн байх ба тухайн үед Гын биед ямар нэгэн зовуурь байхгүй байсан байна. 2021 оны 03 дугаар сарын 29-нд Г нь ирж үзүүлэхдээ эмнэлэгт хэвтээд гарсан гэж байсан. Хүнд өшиглүүлсэн гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 49-50 хуудас/
1.8. Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөгч Д одоо цагдаа руу явна гэж хэлээд байж байтал Х, С, Д, бэр Н нар манай гэрт орж ирсэн. Х, Д нар хөргөгчөө авна гээд хөргөгч дотор байсан юмнуудыг гаргаж шидлээд байхаар нь манай найз Г очоод болиоч ээ яаж байгаа юм айлд орж ирээд гэж хэлэхэд Х чамд хамаагүй гээд маргалдаад Гын өөдөөс дайрсан. С нь дүүгээ өмөөрөөд Гыг өшиглөсөн. Мөрдөгч Д болиоч гэхэд С нь өөдөөс нь хэрэлдээд байсан. Тэгээд цагдаа аваад гарсан. Г би нэг л сонин болоод байна гэхээр нь нэгдсэн эмнэлэг рүү дуудлага өгсөн. Эмнэлэг дээр очсон хойно цавиных нь хажууд гуян тус газар нь улайсан байсан. Мөн гэдэснийх нь орчимд бас нэлээд улайсан харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 53-55 хуудас/
1.9. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Гын биед учирсан мохоо зүйлээр үүсгэгдсэн ихсийн эмгэг ховхролт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учир нь ихсийн ховхролт нь эх удаан хугацаагаар тонустай явснаас мөн гадны нөлөөллөөс /мохоо зүйлээр цохих, өшиглөх, унах гэх мэт/ болж үүсдэг. Картад бичигдсэнээр 2020 оны 12 дугаар сарын 23 болон 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өрхийн эмчийн үзлэгт тонустай байсан нь харагдаж байна. Харин 2021 оны 01 дүгээр сарын 26-ны үзлэгээс эхлээд ямар нэгэн зовуурьгүй байсан нь харагдаж байна. Иймээс Гыг удаан хугацаагаар ихэс ховхрох хүртэл хэмжээний тонустай явсан гэх үндэслэлгүй юм. Зүүн гуяны цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-25 хуудас/
1.10. Шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 108 дугаар дүгнэлтэд: Б.Гын биед завдаж буй дутуу төрөлт, ихсийн ирмэг хэсгийн ховхролт, аюулхай орчим болон зүүн гуянд цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2021 оны 03 дугаар сарын 05-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 19-20 хуудас/
1.11. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 3 хуудас/
1.12. Гэрч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /х.х-ийн 74-76 хуудас/
1.13. Д.Гын эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх мэдээлэл, холбогдох баримт бичгийн хуулбарууд, жирэмсний хяналтын дэвтрийн хуулбар /х.х-ийн 98-108, 110-119 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч З.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч З.С нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ба прокурорын яллах дүгнэлтэд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч З.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болохыг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч З.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Миний бие одоо хэвийн зовуурь байхгүй. Зам нээгдэхээр Улаанбаатар хот явж эход үзүүлнэ. Тэр зардлаа тухайн үед нь нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30-34 хуудас/
2.2. Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “С бид хоёр 2008 онд гэр бүл болсон. С нь хүнд тусархуу, цайлган сэтгэлтэй хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 41-42 хуудас/
2.3. Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “С нь хүнтэй нийтэч харилцаатай, сэргэлэн цовоо, муу араншингүй хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 51-52 хуудас/
2.4. З.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар/ х.х-ийн 86, 92-94 хуудас/
2.5. З.Сын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /х.х-ийн 84-85, 95 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч З.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагч шүүгдэгч З.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед хохирогч зүй ёсны шаардлага тавьсан. Мөн шүүгдэгчийн хувьд хүндрүүлэх нөхцөл байдалтай гэмт хэргийг үйлдсэн тул торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах боломжгүй гэж үзэж байна,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжарал шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Тиймээс шүүгдэгч З.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү. Шүүгдэгч З.Сын хувьд тогтмол орлогогүй, цөөхөн малаар амьжиргаагаа залгуулдаг. Манай оронд дэлхий нийтийг хамарсан цар тахал, цаг ууртай холбоотой малчид маш хэцүү амьдарч байна. Мөн хохирогчийн хувьд ямар нэгэн өөрт нь хамааралгүй зүйлд оролцож ийм байдлыг үүсгэсэн буруутай гэсэн саналуудыг тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасныг дурдлаа.
Шүүгдэгч З.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хүчирхийлэл үйлдсэн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирогч Д.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэх, үзүүлэхэд гарсан гэм хорын хохирлоо нэхэмжлэхээ илэрхийлсэн боловч түүний эмчилгээтэй холбоотой гарсан зардлын талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд хохирогч Д.Гыг эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.С нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Зын Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Сыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Сд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Сд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч З.С нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Д.Г нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА