Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0151

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А

Нэхэмжлэгч: “С” ХХК

Хариуцагч: “Э” ТӨҮГ, ТҮХ

Гуравдагч этгээд: “В” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Э” ТӨҮГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3931 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгах, ТҮХны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэр, “Э” ТӨҮГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3930 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэр, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Э” ТӨҮГ “В” ХХК-тай байгуулсан “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0002 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Алтаншагай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, П.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 119/2022/0062/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК нь “Э” ТӨҮГ, ТҮХ нарт холбогдуулан “Э” ТӨҮГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3931 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгах, ТҮХны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэр, “Э” ТӨҮГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3930 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэр, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Э” ТӨҮГ “В” ХХК-тай байгуулсан “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 119/ШШ2023/0002 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн

1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан “С” ХХК-ийн “Э” ТӨҮГ, ТҮХнд холбогдуулан гаргасан “ТҮХны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгох”, “В” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3930 дугаар шийдвэрийг хүчингүй болгох”, “2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгох” нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7. 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Э” ТӨҮГ-ыт холбогдуулан гаргасан “Э” ТӨҮГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3931 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Манай “С” ХХК нь Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 119/ШШ2023/0002 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах шатны журмаар дараах гомдлыг гаргаж байна.

3.1.1. Шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааг “Сангийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 03/6247 дугаар албан бичгээр гомдлыг шийдвэрлэж хариу өгснөөс хойш тооцон үзсэн” нь өөрөө үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нь анхан нэхэмжлэлээ шүүхэд хандах гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан. Шүүх энэ хэсгийг хүлээн зөвшөөрдөг буюу энэ талаар ямар нэгэн маргаан байдаггүй болно. Нэхэмжлэгч нь шүүх өөрийн санаачилгаар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр мэдэх болсон хариуцагч талын актуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн юм. Шүүх холбогдох хуулийн хэм хэмжээг хэрэглэхдээ “шийдвэрийг мэдсэнээс хойш” гэж тодорхойлсон нөхцөлийг зөв тайлбарлан зөв хэрэглэж чадаагүй дээрх үндэслэлгүй дүгнэлтийг хийхэд хүрсэн.

3.1.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.7-д “Гэрээ байгуулах эрх олгосноос хойш ирсэн гомдлыг захиалагч хүлээж авахгүй” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэж тус тус хуульчлан тогтоож өгсөн, нэгэнт хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандсан нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэлийн шаардлагаа дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд гаргасныг зөв тайлбарлан үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй байна.

Шүүх дээрх байдлаар тайлбарлаж, улмаар нэмэгдүүлсэн шаардлагын талаар өөр бусад дүгнэлтийг хийгээгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа үндэслэлтэй гэж бүрэн дүүрэн дэмжиж байгаа бөгөөд нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбоотой гомдлоо доор тайлбарласан ба үндсэн шаардлага бүхэлдээ шаардлагатай холбоотой гомдлоо доор тайлбарласан ба үндсэн шаардлага бүхэлдээ үндэслэлтэй тул нэмэгдүүлсэн шаардлагыг хамтад нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

3.2.1. Шүүх нэхэмжлэгчийн үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг “Нотариатаар батлуулаагүй байна” гэж дүгнээгүй ба бодит байдал дээр ч “Нотариатаар батлуулаагүй” гэж тайлбарлах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг Нийслэлийн тойргийн нотариатч Ц.Одонтунгалагаар нотариатын баталгаажуулалт хийлгэсэн байсан. Нотариатаар батлуулсан гэдгийг агуулга, мөн чанарын хувьд шүүх болон хэргийн оролцогчид бүгд ойлгож хүлээн авдаг. Харин шүүх дээрх хэт явцууруулсан тайлбарыг хийх болсон шалтгаан нь “Үйлдвэрлэгчийн итгэмжлэлийн англи эх хувь дээр Нотариатч зөвхөн өөрийн нотариатын тамга дарсан” байна гэх зүйл юм. Гэтэл бодит байдал дээр үйлдвэрлэгчийн итгэмжлэлийн эх хувь дээр нотариатын тамга дарагдаж, түүний орчуулга дээр нотариатын тамга болон нотариатын баталгаажуулсан болох нь хэнд ч хангалттай тодорхой ойлгогддог болно. Гэтэл ийм нөхцөл байдлыг тендерээс татгалзах шалтаг, шалтгаан болгож байгаа нь өөрөө зүй ёсонд огт нийцэхгүй байгаа болно.

3.2.2. Шүүх нэхэмжлэгч “С” ХХК нь захиалагчийн тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТЕЗ-18.6.2-т заасан шаардлагыг хангаагүй болох нь нотлогдож байна гэж тайлбарлаж байх боловч хариуцагчийн болон шүүхийн заагаад байгаа тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТЕЗ-18.6.2-т “Яг ямар нөхцөл” заасан байгааг бодитойгоор шалгаж үзвэл “Үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг албан ёсны хэвлэмэл хуудсан дээр нотариатаар гэрчлүүлж, баталгаат орчуулгын газраас орчуулга хийлгэж тамга, гарын үсэг, тэмдэгтээр баталгаажуулах” гэж тодорхойлсон байдаг.

3.2.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.5 дахь заалтад “Тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг” хэлнэ гэж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавал, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана” гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Тендерт оролцогчийн техникийн чадавх, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараах үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно” гээд тус зүйл хэсгийн 16.167 дахь заалтад “Барааны хувьд эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ, үйлдвэрлэгчийн итгэмжлэл” гэж, мөн зүйлийн 16.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэж тус тус хуульчлан тогтоож өгсөн байна.

Нэгэнт хуулиар ийнхүү тодорхой зохицуулсан тул дээрх хэм хэмжээнүүдэд нийцүүлэн хариуцагч нар ч өөрсдийн тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТЕЗ-18.6.2-т “Үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг албан ёсны хэвлэмэл хуудсан дээр нотариатаар гэрчлүүлж, баталгаат орчуулгын газраас орчуулга хийлгэж тамга, гарын үсэг, тэмдэгтээр баталгаажуулах” гэсэн бүх мэдээллээ анхнаасаа оруулж өгсөн байсан. Маргаан бүхий тендерийн бичиг баримтад ийнхүү оруулж өгсөн буюу тавигдах шаардлага, нөхцөлөө ийнхүү тодорхойлсон бол энд заагаагүй буюу тавиагүй өөр шаардлагыг, эсхүл тодорхойлсон шаардлагаа зүй ёсонд нийцүүлэхгүй байдлаар өөрсдийн үзэмжээр нэмж тайлбарлах замаар тендерээс татгалзах шалтгаан болгож болохгүй юм.

3.2.4. Хариуцагч нарын үйлдвэрлэгчийн итгэмжлэлд албан тушаал бичигдээгүй гэх тайлбар, татгалзал нь үндэслэлгүй, тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТЕЗ-18.6.2-т захиалагч өөрөө анхнаасаа заагаагүй шаардлага, нөхцөл байсан тул тухайн үндэслэлээр тендерээс татгалзаж байгаа нь мөн адил хууль бус юм. Тиймээс ч шүүх энэ талаар нэхэмжлэгчийг буруутгасан болон хариуцагчийг зөвтгөсөн ямар нэгэн тайлбар, дүгнэлтийг хийгээгүй, тухайн хуульд үл нийцэх үндэслэлийг зөвтгөж нэхэмжлэлийг хангахаас татгалзах үндэслэл болгоогүй байна.

3.2.5. Шүүх нь Монгол Улсын Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2011 Оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр “Заавар батлах тухай” тушаалын хавсралтаар батлагдсан “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын 2.7-д “Баталгааны тэмдгийг баримт бичгийн баруун доод хэсэгт, нотариатчийн тамгыг баталгааны тэмдгийн зүүн дээд хэсэгт тус тус дарж гэрчилнэ. Олон хуудастай гэрээ, хэлцэл, баримт бичгийн хуудас бүрд нотариатчийн тамгыг уг хуудасны баруун доод хэсэгт бичвэр оруулан дарж, баримт бичгийн төгсгөлийн хуудсанд тамга, баталгааны тэмдэг дарна”, 2.8-д “... нотариатч гэрчилсэн баримт бичигт соёмбо бүхий нотариатчийн тамганы дугаарыг тод гаргаж, баталгааны тэмдгийн бичилтийг хийх ба баталгааны гарын үсгээ зурна. Энэ шаардлагыг хангаагүй үйлдэл хүчингүйд тооцогдоно” гэж хуульчилжээ гэж тайлбарласан ба “С” ХХК-ийн БНХАУ-ын Shanghai Zenith Minerial компаниас олгосон үйлдвэрлэгчийн итгэмжлэлд нотариатч зөвхөн тамга дарсан” гэх тайлбарыг үндэслэлээ болгосон.

Нэхэмжлэгчийн уг баримт нь энэхүү шаардлагыг хангасан төдийгүй, тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТЕЗ-18.6.2-т заасан “баталгаат орчуулгын газраас орчуулга хийлгэж тамга, гарын үсэг, тэмдэгтээр баталгаажуулах” гэсэн шаардлагыг бүхэлд нь хангасан байдаг. Энэ талаар талуудын хэн аль нь ямар нэгэн маргаан байхгүй буюу шаардлага хангасан талаар хүлээн зөвшөөрдөг болно.

3.2.6. Түүнчлэн талуудын үндсэн маргаан нь “Нотариатын тодорхой үйлдэл хууль зүйн үндэслэлтэй, эсэх талаарх маргаан биш юм. Тиймээс дээрх байдлаар нотариатын баталсан үйлдлийн талаар шүүмжлэх, тэгж батлах ёстой, эсхүл ингэж батлах ёстой гэж маргалдах нь ямар ч утгагүй бөгөөд нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.

Зүй нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТЕЗ-18.6.2-т зааснаар нотариатаар батлуулсан байна уу гэдгийг тодруулах нь чухал юм. Түүнчлэн нэгэнт нотариатын үйлдлээр гэрчлүүлсэн болох нь илэрхий ойлгогдож тодорхой байгаа тул түүнийг нотариатаар батлуулаагүй гэж тайлбарлах үндэслэлгүй байна. Хуульд тогтоож өгсөн байгаагаас дүгнэвэл нотариатаас гэрчилсэн баримтыг шүүх нотлох баримтын эх сурвалжаар үнэлж үндэслэл бүхий байдлаар тайлбар, дүгнэлтээ хийх ёстой байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

3.2.7. Дээрх байдлаар хариуцагч нь үндэслэлгүйгээр манай тендерээс татгалзсан тул маргаан бүхий тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн шударгаар дахин хийхийг даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй болно. Нэхэмжлэгч нь үнийн хувьд хамгийн бага үнийн саналыг захиалагч талд хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. “Э” ТӨҮГ-аас 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Хавтант тэжээгүүр” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202201225 тоот тендер зарласан, уг тендерт нийт 3 компани оролцохоор тендерийн баримт бичгээ ирүүлснээс үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Воком технологи” ХХК-ийн DDR-”Э” ТӨҮГ-ын агуулах нөхцлөөр нийлүүлэх 2.131.800.000 төгрөгийн үнэлгээтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж шалгаруулсан, нэхэмжлэгч “С” ХХК-аас 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 03/5799 дүгээр албан бичгээр “...захиалагчийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ДҮ-112-12/3617 тоот гэрээ байгуулах тухай эрх олгосон шийдвэр, ДҮ-112-12/3618 тоот мэдэгдлийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн, үүний дагуу Үнэлгээний хороо 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дахин үнэлгээ хийж, “С” ХХК-ийн ирүүлсэн баримтуудаас тендер  үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн эх хувийг нотариатаар гэрчлүүлээгүй, үйлдвэрлэгчийн итгэмжлэл дээр гарын үсэг зурсан этгээдийн албан тушаал тодорхойгүй нь Тендерийн баримт бичгийн “Тендер шалгаруулалтын зааварчилгаа”-ны 18.6.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг үндэслэн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3931 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн, нэхэмжлэгч “С” ХХК-аас мөн эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасныг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 03/6247 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй талаар хариу мэдэгдсэн, улмаар “С” ХХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох “Э” ТӨҮГ-ын 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3931 тоот “мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв, харин бусад шаардлага болох “ТҮХны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэр, “Э” ТӨҮГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3930 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэр, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Э” ТӨҮГ “В” ХХК-тай байгуулсан “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

3.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлж гаргахдаа анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан гэж тайлбарлах бөгөөд тухайн шаардлагуудын хувьд хариуцагч “Э” ТӨҮГ болон ТҮХноос гаргасан захиргааны актуудтай маргасан, тухайн тохиолдолд ТҮХны 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэр, “Э” ТӨҮГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3930 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэр, мөн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Э” ТӨҮГ “Воком технологи” ХХК-тай байгуулсан “Худалдах-худалдан авах гэрээ” зэргийг нэхэмжлэгчийн зүгээс тухайн цаг хугацаанд гарсан талаар мэдэх боломжгүй байсан шалтгаанаа “тендертэй холбоотой үргэлжилсэн захиргааны актууд гарсан болохыг хариуцагчаас гаргаж өгсөн баримтууд болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр мэдсэн” хэмээн тайлбарлаж байгааг анхан шатны шүүх Сангийн яамны 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 03/6247 дугаар албан бичгээр шийдвэрлэж хариу өгсөн хугацаанаас тооцож хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасантай нийцээгүй байна.

3.2. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яамны албан бичгүүдтэй маргаагүй бөгөөд гуравдагч этгээд “Воком технологи” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, тус компанитай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр болон худалдах худалдан авах гэрээ нь яг хэзээ гарсан эсэх, нэхэмжлэгч хэдийд мэдсэн эсэхийг шууд тогтоох боломжгүйгээс гадна уг шийдвэрүүд болон гэрээ нь нэхэмжлэгчид чиглээгүй, харин нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж, мэдсэн хугацаанаас тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, уг захиргааны актууд нь өөр хоорондоо уялдаа холбоотойн дээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудын хариуцагч нь “Э” ТӨҮГ болон ТҮХ байхад тэдгээрээс гаргасан шийдвэрүүдийг Сангийн яамнаас хариу өгөхөд мэдсэн байх боломжтой гэж дүгнэж хөөн хэлэлцэх хугацааг тооцсон нь үндэслэлтэй биш байна.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно:” гээд 16.1.7-д “барааны хувьд эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ, үйлдвэрлэгчийн итгэмжлэл.” гэж, 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана.” гэсний дагуу Тендерийн баримт бичгийн “Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.6.2-т “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: шаардлагатай”, “үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг албан ёсны хэвлэмэл хуудсан дээр нотариатаар гэрчлүүлэн баталгаат орчуулгын газраар орчуулга хийлгэж тамга гарын үсэг, тэмдэгтээр баталгаажуулсан байна” гэж тус тус заасан байна.

4.1. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч “С” ХХК-аас ирүүлсэн тендерийн баримтад БНХАУ-ын “Shanghai Zenith Minerial” компанийн үйлдвэрлэгчийн итгэмжлэлд нотариатчийн тэмдэг дарагдаагүй нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дугаар “Заавар батлах тухай” тушаалын хавсралтаар баталсан “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын 2.7-д “Баталгааны тэмдгийг баримт бичгийн баруун доод хэсэгт, нотариатчийн тамгыг баталгааны тэмдгийн зүүн дээд хэсэгт тус тус дарж гэрчилнэ. Олон хуудастай гэрээ, хэлцэл, баримт бичгийн хуудас бүрд нотариатчийн тамгыг уг хуудасны баруун доод хэсэгт бичвэр оруулан дарж, баримт бичгийн төгсгөлийн хуудсанд тамга, баталгааны тэмдэг дарна.”, 2.8-д “Нотариатч гэрчилсэн баримт бичигт соёмбо бүхий нотариатчийн тамганы дугаарыг тод гаргаж,
баталгааны тэмдгийн бичилтийг хийх ба баталгаат гарын үсгээ зурна. Энэ шаардлагыг хангаагүй үйлдэл хүчингүйд тооцогдоно” гэж нарийвчлан заасан зааврыг баримталж, гэрчлэгдээгүй баримтыг тендерийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй гэж үзсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

4.2. Энэ талаарх нэхэмжлэгчийн “үйлдвэрлэгчийн итгэмжлэл, түүний орчуулга нь нэг албан бичиг учраас орчуулга дээр баталгааны тэмдэг, тамга дарсан нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ.” 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.” гэж зааснаар захиалагчийн зүгээс Сангийн яамны “Гомдол хянасан тухай” 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 03/5799 тоот албан бичигт “С” ХХК-д БНХАУ-ын “Shanghai Zenith Minerial” компаниас олгосон үйлдвэрлэгчийн итгэмжлэлд албан тушаал гэсэн мэдээлэл байх боловч уг итгэмжлэл олгосон албан тушаалтан тодорхойгүй байна. ...итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлыг тодруулж, тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.6.2-т “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: шаардлагатай”, “үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг албан ёсны хэвлэмэл хуудсан дээр нотариатаар гэрчлүүлэн баталгаат орчуулгын газраар орчуулга хийлгэж тамга гарын үсэг, тэмдэгтээр баталгаажуулсан байна” гэсэн шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх нь зүйтэй байна.” гэж тендер шалгаруулалтыг үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэний дагуу үнэлгээг дахин хийж, дээрх байдлаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй гэж мэдэгдэл хүргүүлж, улмаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч болох гуравдагч этгээд “Воком технологи” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

                                                                  ТОГТООХ нь:                                      

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 119/ШШ2023/0002 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудыг нэгтгэж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “С” ХХК-ийн “ТҮХны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэр, “Э” ТӨҮГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3931 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, “Э” ТӨҮГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3930 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэр, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Э” ТӨҮГ “В” ХХК-тай байгуулсан “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3, 4 дэх заалтын дугаарыг 2, 3 болгон өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

    

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ