| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0485/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/444 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/444
2021 05 18 2021/ШЦТ/444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,
улсын яллагч Ж.Отгончимэг
шүүгдэгч Н.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008031970277 дугаартай, нэг хавтас хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19.... оны .... дүгээр сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 13 дугаар гудамжны 269 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 56А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, М.... овогт Н-гийн У (РД:).
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ууганбаяр “ мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Хохирогч Н.Нандинчимэгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),
- Гэрч Ч.Баттогтохын мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),
- Гэрч Ц.Билэгсайханы мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),
- “Мастер Үнэлгээ” ХХК-ний үнэлгээ (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон гэрэл зураг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),
- Шүүгдэгч Н.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),
- Шүүгдэгч Н.Ууганбаярын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 56А дугаартай, мөн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 55-68, 72-75 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Ууганбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас “шүүгдэгч Н.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт”-ийг шүүгдэгч маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Н.Ууганбаяр нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дүүхээ-2” худалдааны төвийн орчимд иргэн Н.Нандинчимэгийн эзэмшлийн “Айфоне 6” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 150.000 төгрөгийн хохирол уруулж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- хохирогч Н.Нандинчимэгийн “...2020 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 17 цагийн үед “Дүүхээ-2” худалдааны төвийн орчим нөхөр, хүүхдийн хамт гэр рүүгээ харих гээд явж байхад үл таних хоёр согтуу залуу гудамжаар явж байсан. Арай залуухан /25-30 орчим насны залуу/ нь манай нөхөр бид гурав руу чиглэж ирээд манай нөхөр рүү “би хүн цохиж чадна” гээд ямар нэгэн шалтгаангүй дайраад байсан...Би айгаад цагдаад дуудлага өглөө гээд өөрийнхөө “Айфоне-6” маркийн шаргал өнгийн гар утсыг гаргаж ирэхэд манай нөхөр рүү дайраад байсан залуу гар утсыг маань миний гараас шүүрч аваад зугтаасан...” гэх мэдүүлэг (хх-17),
- гэрч Ч.Баттогтохын ”...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 17 цагийн орчим “Дүүхээ-2” худалдааны төв рүү алхаж байхад цагаан куртиктэй эмэгтэй хүн нэг эрэгтэй хүний араас гүйгээд явж байгаа харагдсан. Түүний араас нялх хүүхэд тэвэрсэн залуу “тэр залууг бариад аваарай” гэж орилохоор нь цагаан куртиктэй эмэгтэйн хөөж байсан хар өнгийн савхин куртиктэй, хар өнгийн өмдтэй, хар пүүзтэй залуугийн араас би гүйсэн...Би тухайн залууг хавсарч газарт унагаад дээрээс нь дарж авсан...хүүхэд тэвэрсэн залуу, цагаан өнгийн куртиктэй эмэгтэй хоёр хүн ирсэн. Тухайн залуугийн барьж байсан “Айфоне” маркийн гар утсыг цагаан өнгийн куртиктэй эмэгтэй нь “миний дээрэмдүүлсэн гар утас мөн байна” гээд авсан...” гэх мэдүүлэг (хх-21),
- гэрч Ц.Билэгсайханы ”... 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Дүүхээ 2” төвийн орчимд эхнэр Нандинчимэг, охин Даръяа нарын хамт явж байхад хар өнгийн савхин куртиктэй, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, хар өнгийн пүүзтэй залуу гэнэт над руу чиглэж ирснээ “хүн зодож чадна” гээд орилоод байсан...Эхнэр миний өмнүүр хааж зогсоод “би цагдаа дуудлаа” гэж хэлээд утсаа гаргаж ирсэн чинь тухайн залуу манай эхнэрийн гар утсыг шүүрээд зугтсан. Эхнэр араас нь орилоод, би хүүхдээ тэврээд хөөсөн боловч тухайн залууг гүйцээгүй. Тэгээд зогсож байтал нэг эгч дуудаад “манай нөхөр цагдаа, нөгөө хөөгөөд байсан залууг чинь барьсан” гэж хэлэхэд цагдаад ажилдаг гэх ах манай эхнэрийн гар утсыг авч зугтаасан залууг барьсан байсан...” гэх мэдүүлэг (хх-23-24),
- “Мастер Үнэлгээ” ХХКомпанийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20/045 дугаартай “...Iphone /Айфоне/ фирм, 6 загварын гар утас нь зах зээлд 150.000 төгрөгөөр худалдаалагдах боломжтой...” гэх үнэлгээ, тодорхойлолт (хх-31),
- Таньж олуулах ажиллагаа явуулсан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “ ...миний гар утсыг авч зугтсан гэх залуу “2” гэсэн дугаар барьсан, хар өнгийн савхин хүрэмтэй, хар өнгийн өмдтэй, бүлтгэр нүдтэй залуу мөн байна. Би тухайн залууг царай төрх, өмсөж яваа хувцсаар нь хараад шууд таньж байна...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт (хх-6-8),
- Шүүгдэгч Н.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дүүхээ-2” төвийн орчим танихгүй хүүхэдтэй эмэгтэйн гар утсыг булааж зугтаасан. Тухайн эмэгтэйг цохиж зодсон зүйл бол байхгүй. Намайг утас аваад зугтаасны дараа өндөр, бор царайтай, цагдаад ажилладаг гэх залуу араас хөөж ирээд намайг барьж аваад тухайн эмэгтэйн гар утсыг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-40) болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Ууганбаяр нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр иргэн Н.Нандинчимэгийн 150.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone-6” загварын гар утсыг булаан авч зугтсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангажээ.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүй боловч илээр авсан, өөрөөр хэлбэр хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь булаан авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн...” үйлдлийг ойлгодог.
Иймд Н.Ууганбаяр нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарах тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Тиймээс улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ууганбаярыг бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлт гаргасныг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Ууганбаяр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйл /өмгөөлөгч оролцох/-ийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “монгол хэл, бичиг мэдэхгүй бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” талаарх зохицуулалттай боловч шүүхийн хэлэлцүүлэгт Н.Ууганбаяр нь уншиж, бичиж чадахаа илэрхийлж, өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул тус хуулийн зохицуулалт үйлчлэхгүй юм.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Уг гэмт хэрэгт хохирогч Н.Нандинчимэгийн гар утсыг “Мастер Үнэлгээ” ХХКомпанийн хөрөнгийн үнийн тодорхойлолтоор 150.000 төгрөгөөр үнэлсэн /хх-31/ байх бөгөөд уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй байна.
Шүүхээс хохирогч Н.Нандинчимэгт хурлын тов мэдэгдэхэд “...шүүх хуралдаанд оролцох боломжгүй, гар утасны үнэлгээ 160.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэжээ.
Гэвч хохирогчийн гар утсыг биет байдлаар /бүрэн бүтэн, ажиллагаа хэвийн/ нь буцаан өгсөн болох нь хохирогч Н.Нандинчимэг /хх-17/, гэрч Ч.Баттогтох /хх-21/ нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд тухайн гар утас нь уг хэргийн улмаас эвдэрсэн, ажиллагаагүй болсон, дахин ашиглах боломжгүй болсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гар утасны үнэлгээ болон хэргийн материалтай танилцахдаа тусгайлсан санал гаргаагүй, нэхэмжилсэн зүйлгүй гэсэн байх тул Шүүх уг гар утасны үнийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй юм.
Иймд Н.Ууганбаярыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ууганбаярыг 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,
шүүгдэгчээс” ...хохироос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү ...” гэх дүгнэлтийг тус тус танилцуулав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Н.Ууганбаяр нь урьд ял шийтгэл эдэлж байсан (хх-54) болох нь шийтгэх тогтоол (хх-55-68, 72-75)-ын хуулбараар тогтоогдож байна. Энэ нь эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй /Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/ тул түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах буюу ял нэмж нэгтгэх журам /Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйл/ үйлчлэхгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Н.Ууганбаярыг гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /гэмт хэргийн улмаас бусдад бага хэмжээнээс доош хохирол учруулсан, биет байдлаар хохирогчид гар утсыг хүлээлгэн өгсөн, төлөх төлбөргүй/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ийг тус тус харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ууганбаярыг 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хориг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүгдэгчээс “хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг Шүүх хүлээн авах боломжгүй юм.
Тодруулбал: Н.Ууганбаярын хувьд эрүүгийн хариуцлага дуусгавар болсон хэдий боловч урьд өмнө энэ төрлийн гэмт хэрэг /дээрэмдэх/ үйлдэж ял шийтгүүлж байсан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго зорилтод нийцэхүйц, дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзахаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, зан, чанарт үр дүнтэй нөлөөлөл үзүүлж, засрал хүмүүжлийг олох боломжтой гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, “хорих ял”-ыг оногдуулсан болно.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 2008031970277 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол овогт Нарантуяагийн Ууганбаярыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ууганбаярыг 08 (найм) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ууганбаярт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн 2008031970277 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Ууганбаярт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ууганбаярт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР