| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0486/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/445 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хонгорзул,
улсын яллагч Г.Лхагвасүрэн /томилолтоор/
шүүгдэгч Б.Ширнэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Ширнэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2108000000322 дугаартай, нэг хавтаст хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 42 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бахо” ХХКомпанид жолооч ажилтай, ам бүл-2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 56 дугаар гудамжны 13в тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 3-140 тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б. овогт Бн. Ш (РД:).
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ширнэн “2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр найз Түвшинжаргалын гэрт Март болон түүний найз В.Эрдэнэсайхан нарын хамт бид нар архи уусан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан. В.Эрдэнэсайханы биед хөнгөн гэмт учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
”...Тэр айлд Март хоёр залуутай хамт байсан...Бид дөрөв эхлээд хоёр шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан...Би нэлээн согтоод унтсан байсан. Сэрсэн чинь Март гэр рүүгээ явсан, гэрийн эзэн залуу орон дээр согтоод унтаж байсан. Б.Ширнэн гэх залуу миний хажуугаар унтаж байсан...Би танихгүй хүнтэй хамт орон дээр хэвтэж байсан болохоор тэр залууд уурласан чинь Б.Ширнэн миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Би охин Эрдэнэсувдыг дуудаад, цагдаад хандсан...Энэ гэмтлийг Б.Ширнэн гараараа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),
”... 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байхад орой 20 цаг 40 минутын үед ээж Эрдэнэсайхан залгаад “ээжийг нь хүн зодчихлоо, ална гээд байна” гээд цаад талаасаа хүнээс хаяг асуугаад байсан. Би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 68-23 тоотод хаягт очиход манай ээж гадуураа хувцасгүй, нимгэн цамцтай гадаа зогсож байсан. Нүүр нь нил цус болчихсон, хамар нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
“...би унтаж байгаад сэрсэн чинь гэрт үлдсэн хүүхэн надад “энэ залуу миний хамар руу цохичихлоо” гээд хамраас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд араас нь хүүхэд, бас цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1674 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),
Шүүгдэгч Б.Ширнэнгийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 33 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар тал), түүний Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 38-41 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Ширнэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.Ширнэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 68-23 тоотод хохирогч В.Эрдэнэсайханыг “уурлалаа” гэх шалтгаанаар хамар руу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- хохирогч В.Эрдэнэсайханы “...Би танихгүй хүнтэй хамт орон дээр хэвтэж байсан болохоор тэр залууд уурласан чинь Б.Ширнэн миний хамар руу гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх10),
- гэрч Б.Эрдэнэсувдын “... 2021 оны 02 дугаар сарын 19-ний орой 20 цаг 40 минутын үед ээж Эрдэнэсайхан залгаад “ээжийг нь хүн зодчихлоо, ална гээд байна” гээд цаад талаасаа хүнээс хаяг асуугаад байсан. Би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 68-23 тоотод хаягт очиход манай ээж гадуураа хувцасгүй, нимгэн цамцтай гадаа зогсож байсан. Нүүр нь цус болчихсон, хамар нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг (хх-5),
- гэрч Түвшинжаргалын “...би унтаж байгаад сэрсэн чинь гэрт үлдсэн хүүхэн надад “энэ залуу миний хамар руу цохичихлоо” гээд хамраас нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хх-27),
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1674 дугаартай: “Хэсэг газрын үзлэгт хамрын нуруу хавдартай, баруун нүдний дээд доод зовхины дотор буланд болон хамрын нуруунд хүрэн улаан өнгийн цус хуралттай, орчиндоо хавдартай, хамрын нуруу баруун тийш мурийсан,
1. В.Эрдэнэсайханы биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт (хх14-15) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Ширнэн нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогч В.Эрдэнэсайханы эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өөрөөр хэлбэл Б.Ширнэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1674 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх тул прокуророос түүнийг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Ширнэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан, тэрээр гэм буруугийн дүгнэлттэй маргаж, мэтгэлцээгүй болохыг тус тус тэмдэглэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч В.Эрдэнэсайхан нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй, шүүхээс хурлын тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч Б.Ширнэнг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас ”шүүгдэгч Б.Ширнэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар Б.Ширнэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Яллах талаас “торгох ял” оногдуулах дүгнэлтийг шүүгдэгч нь “хүлээн зөвшөөрч” байх бөгөөд Шүүхээс Б.Ширнэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрхэлсэн тодорхой ажилтай, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, өөрийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгөтэй, орлоготой /хх-34, 35, 38-41/, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ширнэнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 2108000000322 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Ширнэн нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Бэсүд овогт Балжиннямын Ширнэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ширнэнг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ширнэнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 120 (нэг зуун хорин) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 2108000000322 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Ширнэн нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ширнэнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР