| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0403/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/404 |
| Огноо | 2021-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/404
2021 05 10 2021/ШЦТ/404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хонгорзул,
улсын яллагч Д.Ууганцэцэг /томилолтоор/,
шүүгдэгч Б.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Оюунгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2108000000340 дугаартай, нэг хавтаст хэргийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19..... оны ...... дугаар сарын .....-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, охины хамт, Налайх дүүргийн .... дугаар хороо, Шар булаг гудамж, 40 тоот /иргэний үнэмлэхийн лавлагаанд/, одоогоор Сонгинохайрхан дүүргийн..... дугаар хороо, Хилчин ..... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овогт Бийн О (РД:).
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О...... мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, оролцогчдоос шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Жамъянсүрэнгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас), гэрч Т.Лхагвын мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас), гэрч Э.Наранцэцэгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1587 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),
- Шүүгдэгч Б.Оюунгэрэлийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 35 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дүгээр тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 41, 43 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Оюунгэрэлд холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Б.Оюунгэрэл нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны 37-07 тоотод иргэн Ж.Жамъянсүрэнтэй марган улмаар түүний толгойн тус газарт архины шилний хагархайгаар цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- хохирогч Ж.Жамъянсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өглөө 8-9 цагийн хооронд сэрэхэд Б.Оюунгэрэл гэдэг махлаг биетэй, танихгүй хүүхэн Т.Лхагваагийн гэрт ирсэн байсан. Би уурандаа тэр хүүхнийг янхан, гичий гээд хэлчихсэн юм. Тэгтэл Б.Оюунгэрэл тухайн үед уурлаад гараад явсан... удалгүй Б.Оюунгэрэл архины хагархай шил барьж орж ирээд үгийн зөрүүгүй миний зүүн чихний хэсэгт зүссэн. Тэгтэл миний чихнээс цус гарахаар нь “чи яаж байгаа юм бэ” гэхэд “би чамайг ална” гээд байсан...намайг Б.Оюунгэрэлээс өөр хүн гэмтээгээгүй...” гэсэн мэдүүлэг (хх7-8),
- гэрч Т.Лхагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар сэрээд хоол унд хийчхээд гаднаас дахин...хоёр шил архи аваад хувааж уусан. Тухайн үед би согтоод унтаад өгсөн. Тэгтэл гэнэт хүн орилохоор нь босоод иртэл Ж.Жамъянсүрэнгийн зүүн чихнээс цус гарчихсан, хажууд нь Энхбаяртай хамт ирсэн Б.Оюунгэрэл гэдэг эмэгтэй баруун гартаа архины хагарсан шил барьчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг, (хх12-13),
- гэрч Э.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би нөхөр Т.Лхагвын хамт унтаж байхад хүмүүс орилолдоод явчихаар нь босоод иртэл Ж.Жамъянсүрэнгийн зүүн чихнээс нь цус гарч байсан. Ж.Жамъянсүрэн чихээ 00-ийн цаасаар дараад байсан. Хажууд нь Б.Оюунгэрэлийг манай нөхөр холдуулж байсан...” гэх мэдүүлэг (хх15),
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1587 дугаартай: “хэсэг газрын үзлэгээр зүүн чихний дэлбэн тойрсон нийт 9 см урттай 16 ширхэг мэс заслын оёдол бүхий шархтай, зүүн чихний хөхлөг сэртэнд тархмал хөхөлбөр өнгийн цус хуралттай, биед өөр ил харагдах гэмтэлгүй”
1. Ж.Жамъянсүрэнгийн биед тархи доргилт, зүүн чихэнд няцарсан шарх, зүүн хөхлөг сэртэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна. ...
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-19-20) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Оюунгэрэл нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр иргэн Ж.Жамъянсүрэнгийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Оюунгэрэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх19-20/-ээр тогтоогдож байх тул прокуророос түүнийг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул тус зүйл, хэсэгт зааснаар Б.Оюунгэрэлийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Оюунгэрэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан, тэрээр гэм буруугийн дүгнэлттэй маргаж, мэтгэлцээгүй болохыг тус тус тэмдэглэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч Ж.Жамъянсүрэн нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй бөгөөд шүүхээс хурлын тов мэдэгдэхэд “...эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа, уг хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжилнэ...” гэжээ.
Иймд шүүгдэгч Б.Оюунгэрэлийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хохирогч Ж.Жамъянсүрэн нь тус гэмт хэргийн улмаас хийлгэсэн эмчилгээний зардал болон цаашид гарах хохирол, хор уршгийн талаарх зардлын баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Оюунгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Шүүгдэгч Б.Оюунгэрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бусдын эрүүл мэндэд халдсан, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, цаашид эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюунгэрэлд 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн хувьд тодорхой эрхэлсэн ажилгүй, эд хөрөнгөгүй, орлогогүй /хх-45/, тухайн хаягт албан ёсны бүртгэлгүй, амьдардаг гэх тодорхойлолт /хх-35/ зэргээр торгох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй тул түүний үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго зорилтод нийцэхүйц, шүүгдэгчийн хувийн байдал зан, чанарт үр дүнтэй нөлөөлөл үзүүлж, засрал хүмүүжлийг олох боломжтой гэж үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзсэн. Улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хугацааны хувьд дээр дурдсан үндэслэлээр багасгаж оногдуулсан болно.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 2108000000340 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Оюунгэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сартуул овогт Баянмөнхийн Оюунгэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Оюунгэрэл нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 2108000000340 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Оюунгэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хохирогч Ж.Жамъянсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оюунгэрэлд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР