Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 11

 

 

 

 

Л.Э нарт холбогдох

 эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Прокурор Ч.Мөнхзул /онлайн/

Шүүгдэгч Л.Э, С.Э, Х.Д нар

Шүүгдэгч Э, О нарын өмгөөлөгч Д.Урансувд /онлайн/

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 324 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн, прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Л.Э, В.О, С.Э, Х.Д нарт холбогдох эрүүгийн 201711000121 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

1. Монгол улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, аав, дүү нарын хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж байсан Л.Э 

 

2. Монгол улсын иргэн, 1999 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, 2 эгчийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, В.О 

 

3. Монгол улсын иргэн, 1974 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, улсаас авсан гавьяа шагналгүй, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр суллагдсан, 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 30 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жилийн 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан С.Э 

 

4. Монгол улсын иргэн, 1999 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, дүү нарын хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр  зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Хэнтий аймгийн хорих 0419 дүгээр хорих ангид ял эдэлж байгаад дээрх хэрэгт яллагдагчаар татагдсан Х.Д

 

Шүүгдэгч Л.Э, В.О нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах 86 дугаар байрны орцонд хохирогч Ж.Быг зодож, бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, гар утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн,

2017 оны 03 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хивсний хороололд хохирогч Б.Сыг зодож, бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, хромон гутал зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн,

Л.Э, С.Э, В.О нартай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө 02 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг 19 дүгээр байрны гадна хохирогч О.Аыг зодож, бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, хар өнгийн куртка, “noкiа” маркийн гар утас, авто машины түлхүүр, хүрэн өнгийн хэтэвч, 890000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн,

 

Шүүгдэгч В.О, Х.Д нар нь  бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 32 дугаар байрны гаднаас хохирогч Д.Бийн 35-58 ДОЗ улсын дугаартай “Чансаа” маркийн мотоциклийг хулгайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хяналтын прокурор Ч.Мөнхзул нь шүүгдэгч Л.Э, В.О, С.Э, Х.Д нарын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 324 дүгээр шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны яллагдагч Л.Э, С.Э нарт, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч  В.Оэд 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Х.Д нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201711000121 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Дорнод аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Х.Д, С.Э, Л.Э нарт авсан цагдан хорих, В.Оэд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.     

 

Прокурор эсэргүүцэлдээ: ... Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 305 дугаар “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамж хүчин төгөлдөр байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авах гэсэн ойлголтод бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь хамаарах тул тусад нь зүйлчлэх шаардлагагүй юм.  Насанд хүрээгүй хүнийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хууран мэхлэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан нь тогтоогдохгүй байх тул С.Эыг сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч О.А нь 890000 төгрөгтэй байсан гэдгийг гэрч А.Ц, Ж.Д, Д.Т, Б.Б, Ч.Ч нарын мэдүүлгээр нотлогддог.     

Иймд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүй, бүх шүүгдэгчийн давж заалдах гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянаж үзлээ.

Прокуророос  шүүхэд  шилжүүлсэн  шүүгдэгч  Л.Э  нарт  холбогдох 

эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шийдвэрлэх 

боломжтой байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Шүүгдэгч С.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүний өмгөөлөгч Д.Урансувдын “С.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай” хүсэлтийг, хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч В.О нь өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул өмгөөлөгч Д.Урансувдын “шүүгдэгч В.О Дорнод аймаг болон Баянзүрх дүүрэгт эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гэх үндэслэлээр хэргийг нэгтгүүлэх тухай” хүсэлтийг тус тус хүлээн авах боломжгүй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг:  Сүхбаатар  аймаг  дахь  Сум  дундын  эрүүгийн  хэргийн  анхан  шатны 

шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 324 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Э нарт холбогдох эрүүгийн 201711000121 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

Хоёр: Тус шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

Гурав: Шүүхэд очтол шүүгдэгч Х.Д, С.Э, Л.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, В.Оэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Дөрөв: Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ

 ШҮҮГЧИД                 Б.ДЭНСМАА

                                                          О.БААТАРСҮХ