Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 124/2022/0023/З |
Дугаар | 221/МА2023/0092 |
Огноо | 2023-02-07 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2023/0092
Ш.Б-ын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагч Ш.Б
Гомдол гаргагч Ш.Б
Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 37 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Гомдол гаргагч Ш.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 124/2022/0023/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Ш.Б нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчид холбогдуулан “...Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1448602 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргаж маргажээ.
2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ш.Б-ын “Увс аймгийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1448602 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч Ш.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Зөрчлийн хуулиар торгох шийтгэлийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан. Торгох шийдвэр гаргаснаас хойш 1 жил 3 сар дараа төлбөр төлөх албан ёсны шаардлагыг хариуцагчаас бичгээр надад ирүүлсэн тул шүүхэд эрхээ хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3.2. Шүүх миний гаргасан хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзахгүйгээр шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, харамсаж байна. Учир нь хүний хүчин чадлаас давсан, хуулиас давсан байгалийн хууль байдаг, зөвхөн Монгол улс биш дэлхий нийтээрээ амсаж мэдэрлээ. Коронавирус халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсан. Эндээс үзвэл, үхэх сэхэх амьдралын аймшигт мөч ирснийг ухаантай хүн бүхэн ойлгоно.
3.3. Зөрчлийн хэргийн зөвхөн хариуцагч тайлбарт үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь “хүний эрхээ” хамгаалахад дэндүү өнгөцхөн хандаж байна гэж үзэж байна. Хүний эрх зөвхөн шүүх дээр хамгаалагдах учиргүй, Ковид цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх хууль батлагдсан тэр мөчөөс хүн бүр, ялангуяа төрийн албан хаагч ойлгох ёстой.
4. Би 2020 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Төрөөс анхүүгийн дэмжлэг авч Төрд санхүүгийн хохирол учруулаагүй, Үндсэн хуулиар олгогдсон хөдлөх үл хөдлөх хөрөнгө олж авах, зарцуулах эрхийнхээ хүрээнд олж авсан өөрийн хөрөнгөө сонгуульд зарцуулсан, нийгэмд сөрөг үр дагавар хор уршиг хохирол дагуулсан зөрчил гаргаагүй, сонгуулийн завсарын тайлангаа сонгууль дуусахаас 3 хоногийн өмнө гаргаж өгсөн. Цахимаар илгээсэн эцсийн тайланг надаас үл шалтгаалах шалтгааны улмаас аудитын байгууллага хүлээж аваагүй байсан, 60 наслахдаа сонсох төдий байсан үй олноор нь үхүүлдэр царх тахалтай анх учирсан надад гэр бүлээрээ цар тахал өвчлөлгүй, үхэл хагцалгүй амьд үлдэх ганц бодол байсан.
4.1. Гамшгийн дохио, хөл хорио, хаа саагүй цагдаа харуул хамгаалалт гарсан аймшигт дур зураг, энэ бүхэн өнөөдөр сэтгэлд минь тод хар мөрөө үлдээсэн, энэ бүхэн хүний сэтгэлд зүйд яаж нөлөөлөхийг, хүн гэж сэтгэлийн амьтан гэдгийг шүүхээс өөр хэн илүү сайн ойлгож мэдрэх байх.
4.2. Зөрчлийн хэрэг нээж намайг торгохдоо прокурор оролцуулаагүй, хэрвээ оролцсон бол би тэднээс байгалийн гэсгээлтэй давхцаж хүн торгож гэсгээх нь хэр хүмүүнлэг энэрэнгүй ёс вэ гэдгийг асуух байсан.
4.3. Хуулиар хүний эрхэнд халдаж зүрхлэсэн хүмүүс шүүх засаглалыг, мөн хүний эрхийг хүндэтгэж шүүх хуралд оролцож тайлбараа тавиагүйд би маш их гомдол байна. Хүний эрх, хүний амьдрал нь цаасан дээр бичигдсэн хуулийн заалтаас үнэтэй юм уу. Шүүх миний гаргасан хүндэтгэх шалтгааныг харгалзахгүйгээр зөвхөн зөрчлийн хэрэг буюу хариуцагчийн тайлбарыг үндэслэж шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, маш их гомдож байна.
5. Нийтийн эрх зүйн субьект болох захиргааны байгууллага, албан тушаалтны хууль дээдлэх, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж байгаад шүүхийн хяналт тавьж, тэдгээрийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох зорилго бүхий захиргааны хэргийн шүүхээс миний гаргасан гомдлын үндэслэл болон хүндэтгэх шалтгааныг минь хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг дутуу цуглуулсан болон хэргийн оролцогч нарын мэтгэлцэх эрхээр хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүнд оногдуулах шийтгэлийн хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх”, 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, .... торгоно” гэж тус тус заасан.
3. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд “Шинэ-Эвсэл” намаас нэр дэвшигч Ш.Б-аас нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуйг бөглөж, Сонгуулийн өдрөөс 3 хоногийн өмнөх явцын тайлангаа хүргүүлсэн байх бөгөөд явцын тайлангийн бэлтгэсэн хэсэгт Д.Б /менежер/ болон Ш.Б хянан хүргүүлж, хандивлагч этгээд нараас нийт 200,000 төгрөг цугларсан талаар тэмдэглэсэн, энэ нь “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож, харин эцсийн тайлангаа хүргүүлсэн нь нэхэмжлэл болон давж заалдах гомдолд дурдсан тухайн үеийн нөхцөл байдлыг шүүх нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд хангалттай тогтоож чадаагүй байна.
4. Тухайлбал, гомдол гаргагчаас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “... сонгуулийн явцын тайлан болон эцсийн тайлангаа хүргүүлсэн, санхүүгийн тайлангаа сонгуулийн штаб-д ажилласан н.А-т гаргаж өгсөн, надаас үл хамаарах шалтгааны улмаас цахимаар илгээсэн тайланг аудит хүлээж аваагүй, ... сонгуулийн талаарх хууль тогтоомжийн талаар холбогдох байгууллагаас ямар нэг сургалт хийгээгүй, зөвлөмж, чиглэл ирүүлээгүй, улсад бодит хохирол учруулаагүй” гэх зэрэг үндэслэлүүдээр маргасан байна.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж зааснаар гомдол гаргагчийн шаардлага, түүний үндэслэлийн талаар хөтөлбөргүй тогтоох нь шүүхийн үүрэг бөгөөд шүүхээс гомдол гаргагч Ш.Б-ын “... тайланг н.А хүргүүлсэн, ... цахимаар илгээсэн тайланг аудит хүлээж аваагүй” үндэслэлийн хүрээнд н.А-ыг гэрчээр асууж, бусад асуудлыг тодруулалгүйгээр шийдвэр гаргасан нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 38 дугаар зүйлийн 38.3-д “Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулна” гэж тус тус заасныг зөрчсөн байна.
6. Тодруулбал, гэрч н.А-аас шүүхэд “... Ш.Б-ын сонгуулийн зардлын тайланг гаргаж Үндэсний аудитын газарт хүргүүлсэн зүйл байхгүй, ... сонгуулийн зардлын тайланг түүний менежер хариуцаж байсан” гэж мэдүүлснээр зөрчлийг тогтоосон гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл гомдол гаргагчаас сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлсэн байдлаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарласан байхад үүнтэй холбогдуулан “цахимаар тайлангаа аудитын байгууллагад хүргүүлсэн” талаар шүүхээс үзлэг хийх ажиллагааг явуулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу.
7. Иймд сонгуулийн зардлын тайланг явуулж чадаагүй тухайн үеийн нөхцөл байдал Ш.Б-аас болон аудитын байгууллагаас хэрхэн хамааралтай байсныг мөрдөн шалгах зарчмын хүрээнд тогтоосноор түүнийг зөрчилд тооцох эсэх, хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломж бүрдэнэ.
8. Түүнчлэн гомдол гаргагчаас “... анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлүүдэд миний хэлээгүй зүйлийг тусгасан, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах талаар хэлээгүй” гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүхээс 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдааныг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагт товлон зарлаж, энэ талаар баримт үйлдэж баталгаажуулсан боловч хариуцагчаас 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “эмнэлэгт үзүүлж байгаа тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасан бөгөөд энэ нь /нотлох баримтын шаардлага хангаагүй/ холбогдох баримтаар тогтоогдоогүй, тус өдрийн шүүх хуралдаанаас хойш анхан шатны шүүхээс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14:00 цаг, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 14:00 цагт тус тус товлон зарлахдаа хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн нь холбогдох баримтаар мөн тогтоогдохгүй байна.
9. Гомдол гаргагчаас аливаа байдлаар хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтээ гаргаагүй байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасныг зөрчиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь мөн буруу болжээ.
10. Захиргааны хэргийн шүүх хуралдаанд хэргийн оролцогч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцохоос гадна хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх үүрэгтэй, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14:00 цаг, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 14:00 цагт тус тус шүүх хуралдаан зарлахдаа хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй болон гэрч П.Аюушжавыг асуухдаа тэдгээрийг байлцуулаагүй нь мэтгэлцэх зарчмаар хангасан гэж үзэхгүй юм.
11. Иймд дээрх үндэслэлд дурдсан ажиллагааг хийсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйд нийцэх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН
ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН