Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 1212

 

Ж.Чинзориг, Н.Ичинноров нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00656 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Чинзориг, Н.Ичинноров нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “МБҮ” ХХК болон Б.Баянмөнх, С.Бямбасүрэн нарт холбогдох

 

Үүргийн гүйцэтгэлд 300 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 20 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Чинзориг,

Нэхэмжлэгч Н.Ичинноровын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.Бахархал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Чинзориг, Н.Ичинноровын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бахархал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Чинзориг би “МБҮ” ХХК-ийн захирал С.Бямбасүрэн, дэд захирал Б.Баянмөнх нартай 2008 оны 6 дугаар сарын 18, 10 дугаар сарын 23-ны өдрүүдэд Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээнүүд байгуулж, тэдний барьж гүйцэтгэх гэж буй Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн баруун урд талд баригдах 98 айлын доороо зоорьтой, 11 давхар орон сууцанд 400 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж, үр дүнд нь тухайн орон сууцнаас тодорхой хэмжээний байрнуудыг шилжүүлэн авахаар тохиролцсон.

Гэрээний дагуу 400 000 000 төгрөг бэлнээр “МБҮ” ХХК-ийн захирал болон дэд захиралд хүлээлгэн өгч, хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлсэн. 2009 оны эдийн засгийн хямралын үе эхлэхтэй холбогдон тус барилгын ажил 2010 онд бүрэн зогссон бөгөөд энэ үеийг далимдуулан С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нар нь “Хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 5.1.3 дахь заалтыг ноцтойгоор зөрчиж, хөрөнгө оруулагч Ж.Чинзориг миний хөрөнгөөр боссон байсан тухайн объектыг надад мэдэгдэлгүйгээр дур мэдэн бусдад 1 200 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан байсан

Ингээд бид хөрөнгө оруулалтын гэрээг дуусгавар болгох талаар ярилцаад объектыг бусдад худалдсан үнэ болох 1 200 000 000 төгрөгөөс ашгаа 600, 600 сая төгрөгөөр хуваан авахаар тохиролцоод 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Гэрээ дуусгавар болгох тухай тэмдэглэл” үйлдэж 2 талын гарын үсгээр баталгаажуулсан.

2012 оны 8 дугаар сард миний дансанд 550 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс 50 000 000 төгрөг дутуу үлдсэн.

2 дахь гэрээний хувьд: С.Бямбасүрэн нь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зорилгоор нэхэмжлэгч Н.Ичинноровтой 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 05 тоот “Гэрээ” байгуулж, уг гэрээгээр 48.3 м.кв талбай бүхий байрны үнэ 38 300 000 төгрөгийг 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор, 15 тоот 56 м.кв талбай бүхий байрны үнэ болох 39 575 ам.долларыг мөн оны 10 дугаар сард багтаан төлөхөөр, төлбөрийн хугацаа хэтэрвэл төлөгдөөгүй үлдсэн мөнгөнөөс хоногт 0,5 хувийн алданги авахаар тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй.

Иймээс талууд 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 01/06 тоот гэрээ байгуулж, гарын үсэг зурцгаасан. Энэхүү гэрээний үндсэн үүрэг нь 3 ширхэг зээлээр худалдаж авсан байрны үндсэн үнэ болох 150 000 000 төгрөг, мөн “Хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 50 000 000 төгрөгийг буюу нийт дүнгээр 200 000 000 төгрөгийг 2013 оны 5 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар болж, хэрэв тухайн хугацааг хэтэрвэл төлөгдөөгүй үлдсэн мөнгөнөөс хоног тутам 0.08 хувийн алдангийг урьдчилан төлж байхаар тохиролцсон билээ. Үүнээс хойш өнөөдрийг үндсэн төлбөрөө  барагдуулаагүй.

Иймд 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 01/06 тоот үндсэн гэрээний үнийн дүн болох 200 000 000 төгрөгийг алдангийн хамтаар авах хүсэлтэй байгаа бөгөөд гэрээнд заасан “өр барагдуулж дуусах өдөр буюу 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 0.08 хувийн алданги тооцвол хэтэрхий их тоо гарах тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан алдангид 100 000 000 төгрөг, нийлбэр дүнгээр 300 000 000 төгрөгийг хариуцагч “МБҮ” ХХК-ийн захирал С.Бямбасүрэн, дэд захирал Б.Баянмөнх нараас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү.

Гэрээнд С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нар нь гэрээний хариуцлагыг ижил хэмжээгээр хариуцахаар тохиролцсон учир тэдгээрээс гаргуулж өгнө үү. Хариуцагч “МБҮ” ХХК-иас татгалзаж байна.

С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нар нь “МБҮ” ХХК-ийн үйл ажиллагааг бултуулж эхэлсэн учраас сүүлийн 200 000 000 төгрөгийн гэрээг С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нараар буюу хувь хүнээр нь байгуулсан. Учир нь компаниар гэрээ байгуулбал надад хоосон компаниас юу ч олдохгүй байх байсан. Үүнийг нотлох жишээ бол хариуцагч нар надаас мөнгө авсны дараагаар тендерийн барилга хэд хэдийг авсан боловч “МБҮ” ХХК-ийн нэр дээр аваагүй, дандаа өөр компанийн нэр дээр, эсвэл найз нөхдийнхөө компанийн нэр дээр авч байсан гэжээ.

 

Хариуцагч “МБҮ” ХХК-ийн захирал С.Бямбасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “МБҮ” ХХК нь Ж.Чинзоригтой 2008 оны 6 дугаар сарын 18, 10 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, нэхэмжлэгч Ж.Чинзоригоос Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороололд баригдах 98 айлын орон сууцны барилгад нийт 396 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар тохиролцсон бөгөөд 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, гэрээний хугацааг 3 жилээр сунгасан болно.

Нэхэмжлэгч нь барилгын ажилд дахин хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсний дагуу тус компани нь 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Ж.Чинзоригийн эхнэр Н.Ичинноровтой гэрээ байгуулж Баянгол дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны 06 тоот орон сууцыг 48.3 сая төгрөг, 15 тоот орон сууцыг 39 575 ам.доллар буюу 56 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Мөн 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тус байрны 01 тоот орон сууцыг 42 000 000 төгрөгөөр авах гэрээнээс 10 000 000 төгрөгийг суутгаж, 5 000 000 төгрөгийг 2009 оны 10 дугаар сарын 01-нд дансаар, 10 000 000 төгрөгийг 2009 оны 10 дугаар сарын 04-нд бэлнээр, 10 000 000 төгрөгийг 2010 оны 9 дүгээр сарын 21-нд бэлнээр төлж 7 000 000 төгрөгийн үлдэгдэлтэйг дүгнэж акт үйлдсэн болно.

Тус компани нь нэхэмжлэгч Ж.Чинзоригоос 400 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт авч, нэмэлт санхүүжилт болгон Н.Ичинноровоос нийт 136 000 000 төгрөгийн үнэ бүхий 3 байрнаас авч барилгын ажилд зарцуулсан. Ийнхүү тус компани нь нэхэмжлэгч талаас 536 000 000 төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 35 000 000 төгрөг төлж, 501 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болсон.

Эдийн засгийн хямралаас шалтгаалж барилгыг цаашид барьж ашиглалтад оруулах боломжгүй болсон тул барилгыг бусдад худалдаж, төлбөрийг хүлээн авсан өдөр буюу 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Ж.Чинзоригийн ХААН банкны 5034201985 тоот дансанд хөрөнгө оруулалт болон орон сууцны үнэд зориулж 550 000 000 төгрөг шилжүүлсэн, мөн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 20 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болно.

Бид Ж.Чинзоригийн хөрөнгө оруулалтын бүх мөнгийг өгсөн гэж бодож байтал нэхэмжлэгч нь дахин гэрээг хийнэ, 600 000 000 төгрөгийн гэрээ байгуулна гэж хэлсэн. Бид зөвшөөрөөгүй боловч биднийг шахан, ар гэрт очиж дарамталж байгаад гэрээнд тус тусд нь байхад гарын үсэг зуруулж авсан. Бид тухайн үед хаширлаад тамга тэмдгээ дараагүй.

Гэтэл нэхэмжлэгч Ж.Чинзориг нь 2013 оны 3 дугаар сард 200 000 000 төгрөгийн гэрээ авч ирээд би та хоёроос одоо 200 000 000 төгрөг л авна, заавал гэрээнд гарын үсэг зуруулна гээд байнгын шахалтанд биднийг оруулж байгаад мөн гэрээнд гарын үсэг зуруулж авсан.

Уг гэрээнд алдангийн талаар заасан байсныг зөвшөөрөхгүй гэхэд нэхэмжлэгч Ж.Чинзориг “гэрээнд алданги гэсэн боловч та хоёроос алданги авахгүй” гэж байсан. Энэ мэт залилан мэхлэх аргаар дарамталж байгаад гэрээндээ гарын үсэг зуруулчихаад одоо алданги нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч нь тус компанийн удирдлагуудаар хууль бусаар хүч хэрэглэн гарын үсэг зуруулсан, компанийн тамгаар баталгаажаагүй гэрээг үндэслэн 300 000 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ж.Чинзориг нь тус шүүхэд хандан “МБҮ” ХХК, Б.Баянмөнх, С.Бямбасүрэн нарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан байна. Б.Баянмөнх, С.Бямбасүрэн нар нь өөрсдийн нэрээр Ж.Чинзоригтой аливаа гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд бид тухайн үед “МБҮ” ХХК-д захирал, дэд захирлын албан тушаал хашиж байсны хувьд 2008 оны 6 дугаар сарын 18, 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “МБҮ” ХХК, Ж.Чинзориг нарын хооронд байгуулагдсан гэрээнд тус компанийг төлөөлж гарын үсэг зурсан болно.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт, Компанийн тухай хуулийн дагуу “МБҮ” ХХК нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах бие даасан хуулийн этгээд байтал нэхэмжлэгч нь “МБҮ” ХХК-д холбогдох асуудлаар иргэн Б.Баянмөнх, С.Бямбасүрэн нараас төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Б.Баянмөнх, С.Бямбасүрэн нар нь “МБҮ” ХХК болон Ж.Чинзориг нарын хооронд байгуулсан гэрээний оролцогч тал биш, тухайн гэрээний үр дагавар, хариуцлагыг хүлээх үүрэггүй, иргэнийхээ хувиар “МБҮ” ХХК-ийн өр төлбөрийг хариуцах үүрэг хүлээх батлан даалт, баталгааны гэрээ огт байгуулаагүй болно. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Бидний хувьд нэхэмжилж байгаа 300 000 000 төгрөгийг төлөх боломжгүй. 2008 оноос эхэлсэн эдийн засгийн хямралаас болж хэн ч хожоогүй, бүгд алдсан. Одоогоор бид компанийнхаа ч үйл ажиллагааг сэргээж чадахгүй байна. Бид нэхэмжлэгчид 605 000 000 төгрөг өгсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Баянмөнх, С.Бямбасүрэн нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Бид Ж.Чинзориг, Н.Ичинноров нартай 2008 оны 6 дугаар сараас хойш хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээнүүдийн төлбөрөөс төлбөл зохих 585 000 000 төгрөгийг бүгдийг төлсөн. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ж.Чинзориг, Н.Ичинноров нар өөр 3 хүний хамт бид хоёрыг 4 дүгээр цахилгаан станцын хажууд аваачин дарамталж 100 000 000 төгрөг нэхсэн. Бид ярилцаж байгаад 50 000 000 төгрөг өгөхөөр болсон боловч боломжоороо 20 000 000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 605 000 000 төгрөгийг төлсөн тул илүү төлсөн 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Чинзориг, Н.Ичинноров нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Ичинноров сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2008 оноос хойш С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нартай миний нөхөр Ж.Чинзориг нар “Хөрөнгө оруулалтын гэрээ”-тэй хамтран ажиллаж байсан. Тухайн үед хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа тул надаас мөнгө зээлэхийг хүссэн. Би өөрийн нэр дээрх Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 43 дугаар байрны 2 өрөө 2 байрыг 2009 оны 9 дүгээр сарын 07-нд зээлээр худалдах гэрээ хийж худалдсан юм. Үүнд:

1. 48.3 м.кв талбай бүхий 2 дугаар давхрын 6 тоот байрыг 48 300 000 төгрөгөөр,

2. 56 м.кв талбай бүхий 4 дүгээр давхрын 15 тоот байрыг 39 575 ам.доллараар тооцож тус тус зээлээр худалдсан болно. Гэсэн хэдий ч эдгээр байрны үнийг тохиролцсон хугацаандаа төлж барагдуулалгүй явсаар 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр уулзалдаж №01/06 тоот гэрээ хийгээд явцгаасан. Энэхүү шинээр үйлдсэн гэрээ бол дээрх хоёр байрны үнийн дүн, алданги болоод нөхөр Ж.Чинзоригтой хийсэн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрүүдийг хамтатгасан гэрээ болно. Надад мөнгө өгч байсан түүх байхгүй, авч ч байгаагүй. Ямар учраас сөрөг нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Чинзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ 20 000 000 төгрөг нь 200 000 000 төгрөгийн алдангид төлсөн төлбөр юм. Бусдаар хариуцагч нарыг хэлмэгдүүлж, дарамталж залилан мэхэлж авсан зүйл байхгүй.

Анхны хөрөнгө оруулалтын гэрээг дүгнээд тохирсон 600 000 000 төгрөгөөс 50 000 000 төгрөгийг дутуу өгсөн байсан.

Мөн барилгын ажилд нэмэлт хөрөнгө шаардлагатай байгаа гэж зээл авахаар ирсэн бөгөөд 2009 оны 9 дүгээр сарын 15-нд 06 тоот “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” хийж, Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах 6 давхар орон сууцны А блокын 1 давхрын 44.6 м.кв талбайтай 1 өрөө байрыг 42 000 000 төгрөгөөр тохиролцон зээлээр худалдан авсан юм. Тухайн үедээ мөнгө өгөөгүй Д.Мөнхнасангийн нэр дээр тус байраа шилжүүлж авсан. Энэ байрны төлбөрөө цувуулан 4 удаагийн үйлдлээр өгсөн боловч тус гэрээ бүрэн дуусгавар болоогүй юм. Үүнд:

1. 10 000 000 төгрөгийг бэлнээр,

2. 10 000 000 төгрөгийг 2009 оны 10 дугаар сарын 04-нд,

3. 5 000 000 төгрөгийг 2009 оны 10 дугаар сарын 01-нд,

4. 10 000 000 төгрөгийг 2010 оны 9 дүгээр сарын 21-нд тус тус өгч нийт 35 000 000 төгрөгийг өгснөөр гэрээний ар талд үлдэгдэлээ тооцон гарын үсэг зурж, баталгаажуулсан болно. Энэ гэрээний дагуу 42 000 000 төгрөгөөс 35 000 000 төгрөгийг бүтэн жилийн турш цувуулан өгсөн бөгөөд үлдэгдэл 7 000 000 төгрөг дутуу, мөн тус гэрээний 4.2-т заасны дагуу “Төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0.08 хувь тооцож алданги төлөх” учир 2010 оны 9 дүгээр сарын 27-ны дотор бэлнээр 10 000 000 төгрөг өгч гэрээ дуусгавар болохоор хатуу тохироо хийгээд салцгаасан. Үүнээс хойш ор сураггүй алга болж явж байгаад 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр уулзалдаж №01/06 тоот “Гэрээ” хийцгээгээд явцгаасан болно. Энэхүү шинээр үйлдсэн “Гэрээ” бол миний 2008 оны 6 дугаар сарын 18, мөн 10 дугаар сарын 23-ны “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үлдэгдэл 50 000 000төгрөг, мөн 2009 оны 9 дүгээр сарын 15-нд 06 тоот “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний үлдэгдэл 10 000 000 төгрөг, түүний алданги болон эхнэр Н.Ичинноровоос авсан 2 байрны үнийн дүн, алдангийг хамтатгасан гэрээ болно. Энэхүү гэрээний 2.5-д заасны дагуу “Б талаас төлбөр хийгдэх бүрт эхний ээлжинд хугацаа хэтэрсний алданги мөнгийг суутган тооцох”-оор тохиролцсоны дагуу 2015 оны 02 дугаар сарын үед 20 000 000 төгрөгийн алданги төлсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 476 дугаар зүйлийн 476.1, 243 дугаар зүйлийн 243.1, ,232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “МБҮ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч хариуцагч С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нараас тус бүр 140 000 000 төгрөг, нийт 280 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Чинзориг, Н.Ичинноров нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 000 000 төгрөгт холбогдох хэсгийг, мөн хариуцагч “МБҮ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Баянмөнх, С.Бямбасүрэн нарын, нэхэмжлэгч Ж.Чинзориг, Н.Ичинноров нараас 20 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 657 950 төгрөгийг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан төлсөн 257 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нараас 1 577 950 төгрөгийг 50, 50 хувиар тооцон хувааж гаргуулан нэхэмжлэгч Ж.Чинзориг, Н.Ичинноров нарт буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Баянмөнх, С.Бямбасүрэн нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн, анх талуудын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, түүний алданги, хариуцлагыг буруу дүгнэсэн, талуудын хооронд болсон бодит нөхцөл байдал “анз” буюу хүү торгуулийг давхар давхар тооцож нэхэмжлэгч талд ашигтайгаар дүгнэсэн, бодит бус олон гэрээ сунгалт, гэрээ дүгнэсэн агт зэргийг хэтэрхий нэг талд үнэлэн хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж үндэслэлгүй буруу үнэлж сөрөг нэхэмжлийг хэрэгсэхгүй болгосон, хариуцагч талын тайлбарт дурьдагдсан болон нөхцөл байдлыг дутуу үнэлсэн, хэрэгт авагдсан банкны хуулга, “хөрөнгө оруулалт, байрны нийт төлбөр” төлсөн баримт алга болсон, нотлох баримт буруу үнэлсэн тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг  бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Чинзориг, Н.Ичинноров нар нь хариуцагч “МБҮ” ХХК болон Б.Баянмөнх, С.Бямбасүрэн нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлд 300 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч “МБҮ” ХХК-иас татгалзсан бөгөөд хариуцагч нар эс зөвшөөрч, харин үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 20 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Чинзориг нь “МБҮ” ХХК-тай 2008 оны 6 дугаар сарын 18, 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдэд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ, 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр Ж.Чинзориг нь “МБҮ” ХХК-д нийт 396 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж, хариуцагч “МБҮ” ХХК нь Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороололд барьж буй барилгаас орон сууц болон машины зогсоолыг нэхэмжлэгчид өгөхөөр харилцан тохиролцож, гэрээний дагуу Ж.Чинзориг, “МБҮ” ХХК-д 400 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хэргийн 7-10 дугаар тал/

 

Мөн хариуцагч “МБҮ” ХХК нь дээрх гэрээний зүйл болох барилгыг бусдад худалдаж, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс талууд 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хамтран ажиллах 2 гэрээг дүгнэн, тухайн обьектыг худалдсан үнэ болох 1 200 000 000 төгрөгөөс 600 000 000 төгрөгийг Ж.Чинзоригт шилжүүлэхээр тохиролцон, хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох тухай тэмдэглэл үйлдэж, хариуцагч нар нь 550 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хэргийн 17 дугаар тал/

 

Түүнчлэн нэхэмжлэгч Н.Ичинноров, “МБҮ” ХХК-тай 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 05 дугаартай гэрээ байгуулан нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны 6 тоот 48.3 м.кв орон сууцыг 48.3 сая төгрөгөөр /үүнээс 10 сая төгрөгийг 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний үлдэгдэлд суутгаад 38.3 сая төгрөг авахаар/, тус байрны 15 тоот орон сууцыг 39 575 ам.доллараар худалдахаар тохиролцон, улмаар орон сууцыг “МБҮ” ХХК-д шилжүүлж, “МБҮ” ХХК нь төлбөрийг 2009 оны 10 дугаар сард багтаан төлөх үүрэг хүлээсэн, мөн нэхэмжлэгч Ж.Чинзориг, хариуцагч С.Бямбасүрэн нарын хооронд 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах 06 тоот гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 6 давхар барилгын 1 давхарын 44 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 42 000 000 төгрөгөөр хариуцагчид худалдахаар тус тус тохиролцож, үүнээс хариуцагч нар нь нэхэмжлэгч нарт орон сууцны үнэд 35 000 000 төгрөгийг төлжээ. /хэргийн 14 дүгээр тал/

 

Зохигчид дээрх гэрээнүүдийн үүрэг хариуцлагыг харилцан тооцон дуусгавар болгохоор 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 01/06 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 05, 15-ны өдрийн 06 тоот худалдах-худалдан авах гэрээнүүдийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 150 000 000 төгрөг, 2008 оны 6 дугаар сарын 18, 10 дугаар сарын 23-ны өдрийн хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээнүүд, 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “гэрээг дуусгавар болгох тухай тэмдэглэл”-ийн дагуу төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 50 000 000 төгрөг, нийт 200 000 000 төгрөгийг “МБҮ” ХХК нь нэхэмжлэгч нарт 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцохдоо гэрээний 3.1-д  ...А тал буюу “МБҮ” ХХК-ийн захирал С.Бямбасүрэн, дэд захирал Б.Баянмөнх нарын хүлээх үүрэг хариуцлага ижил эрхтэй байхаар зааж, гэрээнд “МБҮ” ХХК-ийн захирал С.Бямбасүрэн, дэд захирал Б.Баянмөнх, нэхэмжлэгч Н.Ичинноров, Ж.Чинзориг нар гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

 

Талууд өмнөх худалдах-худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл болон хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосноор үлдэх хөрөнгөөс төлөгдөөгүй хэсэг зэргийг нэгтгэн гэрээ байгуулснаар төлбөрийг бодитой биелэгдэх боломжтой болгож тохиролцон хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгожээ.

 

Түүнчлэн хариуцагч нар нь хуулийн этгээдийн хариуцлагыг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын өмнө хамтран хүлээхээр тохиролцсон гэж үзэхээр байна.

 /хэргийн 5-6 дугаар тал/

 

Талууд ийнхүү тохиролцох нь хуулиар зөвшөөрөгдсөн хэлцэл ба хариуцагч нар нь 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/06 тоот гэрээг өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулаагүй, дарамталж, сүрдүүлэн байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ, хамтран ажиллах болон худалдах-худалдан авах гэрээгээр тохирсон үүргээ биелүүлсэн гэж маргаж буй тайлбар, түүний үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр үйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд гэрээний агуулгаа чөлөөтэй тодорхойлох эрхтэй тул талуудын хооронд байгуулсан 5 гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар тохиролцож байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 01/06 тоот гэрээ нь мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т “нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэсэн заалтад нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймээс нэхэмжлэгч нар нь анхан шатын шүүх хуралдааны үеэр хариуцагч “МБҮ” ХХК-иас татгалзаж, хариуцагч С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нараас үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгааг буруутгах боломжгүй ба хариуцагч нар нь “МБҮ” ХХК-ийн 50, 50 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд талуудын хооронд үүссэн үүргийн харилцааг хүлээн зөвшөөрөхдөө өөрсдийн хүлээх үүрэг, хариуцлагыг ижил байхаар тодорхойлсон тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэн альнаас шаардах эрхтэй. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нар нь хариуцагч “МБҮ” ХХК-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан байхад, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, татгалзлыг батлаж шийдвэрлэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

 

Хариуцагч нараас 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/06 тоот гэрээг байгуулснаас хойш буюу 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлж, үлдэх 180 000 000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

Талууд үүргийн гүйцэтгэлийг тохирсон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,08 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцэж байх ба нэхэмжлэгч нар нь алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар нэхэмжилж байгаа нь мөн зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцэж байна.

 

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нараас үндсэн төлбөр 180 000 000 төгрөг, алданги 90 000 000 төгрөг, нийт 270 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. Гэтэл анхан шатны шүүх гүйцэтгээгүй үүргийн дүнгээс алдангийг тооцолгүй, алданги тооцсон үнийн дүнгээс хариуцагчийн төлсөн 20 000 000 төгрөгийг хасаж, үлдэх 280 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой.

 

Хариуцагч нар нь 2008 оны 6 дугаар сараас хойш хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээнүүдийн дагуу 585 000 000 төгрөг төлөхөөс илүү 20 000 000 төгрөг буюу 605 000 000 төгрөг төлсөн гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан тайлбар, түүний үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасны дагуу хариуцагч С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нарын нэхэмжлэгч нараас 20 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00656 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 476 дугаар зүйлийн 476.1, 243 дугаар зүйлийн 243.1, ,232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “МБҮ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч хариуцагч С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нараас 270 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Чинзориг, Н.Ичинноров нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ж.Чинзориг, Н.Ичинноров нар “МБҮ” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “1 577 950” гэснийг “1 507 950” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Бямбасүрэнгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 577 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ    

 

                                                         ШҮҮГЧИД                                   Т.ТУЯА

                        

                                                                                                            С.ЭНХТӨР