Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/336

 

 

 

 

      2021          03             31                                        2021/ШЦТ/336

 

 

                                            

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч М.Отгонням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Отгоннямыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн, эрүүгийн 2008015260180 дугаартай, нэг хавтас хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, ..... оны ........ дугаар сарын ......-ны өдөр Хөвсгөл аймгийн Т суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр баг, Мандал бадрахын 2 дугаар гудамжны 09 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.О

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч М.Отгонням нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13б байрны 16 тоотод оршин суух иргэн Т.Одонтуяагийн эзэмшлийн виза картыг ханын шүүгээн дотор байхад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан, улмаар хулгайлсан Улаанбаатар хотын банкны 2601033298 дугаартай виза картаас нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 32.000 төгрөг, 385.000 төгрөгийг тус тус уншуулан авч, бусдад нийт 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Отгонням “Би Т.Одонтуяагийн гэрийн шүүгээнд байсан картыг авч, картаас нь мөнгө авсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэсэн мэдүүлэг өгөв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            - Хохирогч Т.Одонтуяагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд (хавтаст хэргийн 77-73 дугаар хуудас),      

            - “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 153 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хавтаст хэргийн 45-47-р хуудас),       

            - Д.Сумъяагийн эзэмшлийн Улаанбаатар хотын банкны 2601033298 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас),

            - Хохирогч Т.Одонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

             “...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ээжийн тэтгэврийн мөнгө орчихсон юм чинь ойр зуурын юм авъя гэж бодоод...ханын тавиур дээр тавьсан байсан картыг авах гэтэл алга болсон байсан...Би тухайн үед энэ картыг хэн авсан талаар мэдэхгүй байсан болохоор ундаа авсан гэх дэлгүүрийг нь Улаанбаатар хотын банкнаас асуутал “1 дүгээр хорооллын арын замын 23 дугаар байрны урд талын дэлгүүрээс уншуулсан байсан” гэж хэлэхээр нь би тухайн дэлгүүрийг хайж олоод худалдагчид нь сэжиглэж байсан Отгонням гэх хүний зургийг харуулаад ундаа авсан хүн мөн эсэхийг тодруулж асуухад худалдагч эмэгтэй зургийг нь хараад “би урьд нь харж байсан юм байна, манай нөхөр мэдэх байх гээд нөхрөөсөө асуусан. Нөхөр нь өглөө 11 цагийн үед орж ирээд карт уншуулаад ундаа авсан залуу мөн байна гэж хэлсэн...2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр манайд ирчихсэн намайг хүлээгээд байж байсан...Би өөрийн мөнгөөрөө урьдчилаад ээж, аавдаа хоол хүнс, аавын эм тариаг аваад өгчихдөг. Тэгээд сарын бүрийн 1-ний өдөр ээжийн картаас мөнгийг нь буухаар мөнгийг нь авдаг...картынхаа ард пин кодыг нь бичсэн байсан...2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Отгонням утсаар яриад “би танай гэрийн гадаа ирсэн байна” гэхээр нь “чи манай гэрт ороод байж байгаарай” гэж хэлээд манай хажуу өрөөг түрээсэлдэг хүн руу утсаар залгаж хэлээд хаалгыг онгойлгуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33, 35-36 дугаар хуудас),

 

            - Гэрч Д.Сумъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...Би Сэлэнгэ аймаг Мандал Сум Тарина 8 дугаар баг Булаг 408 тоотод бие муутай нөхөр Төмөртогоог асардаг. Миний тэтгэвэр сар бүрийн эхэнд буудаг болохоор би охин Т.Одонтуяагаас мөнгө зээлээд өөрийн хэрэглээний хоол, хүнс болон өвчтэй хүний эм тариаг Улаанбаатар хотоос урьдчилаад авхуулдаг. Миний охин миний тэтгэврийн мөнгө орохоор миний картаас мөнгөө авдаг...карт миний дээр байдаг боловч картад байгаа мөнгө нь миний охин Т.Одонтуяагийн мөнгө байгаа юм. Миний охин Т.Одонтуяа картыг захиран зарцуулах эрхтэй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

 

            - Гэрч Л.Гэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...2020 оны 04 дүгээр сарын 01-ний үдээс хойш би дэлгүүр дээр ирээд нөхөр Тамиртай юм яриад сууж байтал гаднаас нэг эмэгтэй орж ирээд “танай дэлгүүрээс өглөө 3200 төгрөгийн карт уншигдсан байна” гэхээр нь карт уншуулсан баримтаа шалгасан. Тухай эмэгтэй манай нөхөрт нэг залуугийн зураг үзүүлсэн. Нөхөр хараад таньж өглөө архи авах гээд надаас гуйгаад байсан залуу мөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),

 

  • Шүүгдэгч Н.Отгоннямын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах 13б байрны 16 тоотод оршин суух танил Т.Одонтуяагийн гэрт 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр очсон. Т.Одонтуяа руу залгахад би гадуур явж байна, чи манай гэрт ороод байж бай, манай хажуу өрөөний хүмүүс гэрт байгаа гэхээр нь хаалгыг нь тогшиж ороод гэрт нь Т.Одонтуяаг хүлээж байгаад ханын зүүн талын шүүгээ дотор Улаанбаатар хотын банкны виза карт байхаар нь халаасандаа хийсэн. Ингээд шөнийн 00 цагийн үед Т.Одонтуяаг гэртээ ирэхээр нь би гэрээс нь гараад явсан. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хулгайлан авсан картаас 32.000 төгрөгөөр архи, ундаа, хоол хүнсний зүйл аваад бэлнээр 385.000 төгрөгийг уншуулан авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч М.Отгоннямын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 23 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 56 дугаар хуудас), нийгмийн даатгал төлсөн эсэх лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Отгоннямд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч М.Отгоннямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт”-ийг шүүгдэгч маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч М.Отгонням нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13б байрны 16 тоотод оршин суух иргэн Т.Одонтуяагийн эзэмшлийн виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, улмаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус картаас 388.200 төгрөгийг уншуулан авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- хохирогч Т.Одонтуяагийн “...картыг хэн авсан талаар мэдэхгүй байсан болохоор ундаа авсан гэх дэлгүүрийг Улаанбаатар хотын банкнаас асуутал “1 дүгээр хорооллын арын замын 23 дугаар байрны урд талын дэлгүүрээс уншуулсан” гэж хэлэхээр нь тухайн дэлгүүрийг хайж олоод худалдагчид нь Отгоннямын зургийг харуулаад ундаа авсан хүн мөн эсэхийг тодруулж асуухад худалдагч эмэгтэй “би урьд нь харж байсан юм байна, манай нөхөр мэдэх байх” гээд нөхрөөсөө асуусан. Нөхөр нь өглөө 11 цагийн үед орж ирээд карт уншуулаад ундаа авсан залуу мөн байна гэж хэлсэн...2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Отгонням утсаар яриад “би танай гэрийн гадаа ирсэн байна” гэхээр нь “чи манай гэрт ороод байж байгаарай” гэж хэлээд манай хажуу өрөөг түрээсэлдэг хүн руу утсаар залгаж хэлээд хаалгыг онгойлгуулсан...картынхаа ард пин кодыг нь бичсэн байсан...” гэх мэдүүлэг (хх31-33, 35-36),

            - гэрч Д.Сумъяагийн “... Миний тэтгэвэр сар бүрийн эхэнд буудаг болохоор би охин Т.Одонтуяагаас мөнгө зээлээд өөрийн хэрэглээний хоол, хүнс болон өвчтэй хүний эм тариаг Улаанбаатар хотоос урьдчилаад авхуулдаг...карт нь миний дээр байдаг боловч картад байгаа мөнгө нь охин Т.Одонтуяагийн мөнгө...” гэх мэдүүлэг (хх38),

            - гэрч Л.Гэрэлийн “...2020 оны 04 дүгээр сарын 01-ний үдээс хойш би дэлгүүр дээр ...сууж байтал гаднаас нэг эмэгтэй орж ирээд “танай дэлгүүрээс өглөө 32.000 төгрөгийн карт уншигдсан байна” гэхээр нь карт уншуулсан баримтаа шалгасан. Тухайн эмэгтэй манай нөхөрт нэг залуугийн зураг үзүүлсэн. Нөхөр өглөө архи авах гээд надаас гуйгаад байсан залуу мөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх41-42),

- хохирогч Т.Одонтуяагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургууд (хх77-73),

            - Улаанбаатар хотын банкны 2601033298 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хх51-52),

- шүүгдэгч М.Отгоннямын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Т.Одонтуяагийн...гэрт нь хүлээж байгаад ханын зүүн талын шүүгээ дотор Улаанбаатар хотын банкны виза карт байхаар нь хулгай хийж аваад халаасандаа хийсэн. Ингээд шөнийн 00 цагийн үед Т.Одонтуяаг гэртээ ирэхээр нь гэрээс нь гараад явсан. Би 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хулгайлан авсан картаасаа 32.000 төгрөгөөр архи, ундаа, хоол хүнсний зүйл аваад бэлнээр 385.000 төгрөгийг уншуулан авсан...” гэх мэдүүлэг (хх-87) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүх хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч М.Отгонням нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр иргэн  Т.Одонтуяаг /Д.Сумъяаг/-ийн эзэмшлийн банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 391.200 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг ...бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, нууцаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгодог.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасны дагуу улсын яллагчаас шүүгдэгчийн үйлдлүүдийг нэг цаг хугацаанд, нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан гэж үзэн тус зүйл, хэсгийг журамласан нь хууль зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч М.Отгонням нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Одонтуяа “виза картны үнэ 3000 төгрөг, 2 удаагийн гүйлгээгээр нийт 417.000 төгрөг уншуулж авсан, нийт 420.000 төгрөгийн хохирол”-ыг нэхэмжилсэн.

Хавтаст хэрэгт авагдсан “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 153 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хх45-47)-ээр “Улаанбаатар хотын банкны виза картыг 3000 төгрөг”-өөр үнэлсэн, Улаанбаатар хотын банкны 2601033298 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хх51-52)-аар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 3.200 төгрөгийг /POS/ авсан, мөн өдрөө 385.000 төгрөгийг мөнгөний автомат машин /АТМ/-ээс тус тус уншуулан авчээ.

Үүнээс үзэхэд прокуророос уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 420.000 төгрөг гэж алдаатай тодорхойлсныг зөвтгөн, хохирлын хэмжээг нийт 391.200 төгрөг /3850.000+3200+3000/ -өөр тодорхойлсон болно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  Т.Одонтуяа “...хохирлын мөнгө болох 400.000 төгрөгийг бэлнээр 2020 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-32/-ийг өгсөн, Шүүхээс хурлын тов мэдэгдэхэд “...хохирлыг бүрэн барагдуулж авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тайлбарыг гаргасан байх тул шүүгдэгч М.Отгоннямыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Отгоннямыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар М.Отгонням нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (хх-54) бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн /Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт/, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн /Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт/-ийг зэргийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал /Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйл/ тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч М.Отгоннямыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хялбар аргаар мөнгө олох зорилгоор/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирлыг бүрэн нөхөн төлсөн, бага хэмжээний хохирол учруулсан/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Отгоннямд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг М.Отгонням нь биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2008015260180 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.Отгонням нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол овогт Мягмарын Отгоннямыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Отгоннямыг 300 (гурван зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Отгонням нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

4. Эрүүгийн 2008015260180 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Отгонням нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор  нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Отгоннямд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БЯМБААБААТАР