Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/333

 

    

 

 

 

         2021        03           31                                         2021/ШЦТ/333

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Х.Анхцэцэг /томилолтоор/

шүүгдэгч З.Ганхүрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З.Ганхүрэлийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108000480144 дугаартай, нэг хавтаст хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар  сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн, 40 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1 дүгээр баг 29 дүгээр гудамж 8 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайхар Тахилгат хан өндөр 1-15 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байсан байдал:

- Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, З.Г

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч З.Ганхүрэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 10-ны шөнийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 4-6 тоотод хохирогч Д.Сүнжидмааг “түлхэж унагаан цус гаргалаа” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Ганхүрэл “мэдүүлэг өгөхгүй” гэв.

           

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, оролцогчдоос шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

- Хохирогч Д.Сүнжидмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...23 цаг өнгөрч байхад би дахиж хоол хийх гээд зогсож байтал Ганхүрэл нэлээн согтчихсон миний араас тэврээд авахаар нь цочсондоо би Ганхүрэлийг хойш нь түлхэхэд уначихсан. Ганхүрэл унаж босож ирэхэд толгойн ар талаас нь цус гарчихсан байсан чинь “чи миний цусыг гаргалаа. Одоо би чиний цусыг гаргаж байж санаа амарна” гэж хэлээд миний зүүн талын хацар шанаа хэсэг рүү нэг удаа алгадаж, дараагаар нь үсдээд, газраар чирээд нүүрний зүүн талын хэсэг рүү хөлөөрөө 1-ээс 2 удаа өшиглөсөн. Тэгээд би “болиоч ээ” гэж орилсон чинь орон дээр тасраад унтаж байсан Эрдэнэсүрэн сэрээгүй. Харин дүү Ганзориг нь цаашаа харчихсан унтаж байгаад “юу болоод байгаа юм бэ, болиоч ээ” гэхэд Ганхүрэл болиод, холдоод зогссон. Би уйлаад тэдний гэрээс гарч яваад цагдаагийн газар ойрхон байсан тул гомдол гаргасан. Тухайн үед Эрдэнэсүрэнгийнд өөр хүн байхгүй бид нар л байсан. Би Ганхүрэл гэх залуутай огт муудалцсан зүйл байхгүй. Эрдэнэсүрэн хэлэхдээ “өмнө нь Ганхүрэлтэй хөрш, зэргэлдээ айл байсан. Хаяа манайхаар ирдэг юм” гэж хэлсэн...Ганхүрэл нь тухайн үед унахдаа толгойгоороо юм мөргөж цусаа харчхаад намайг тийм болголоо гээд надаас цус гаргаж байж санаа амарна гээд дайраад байсан. Өөр ямар нэг учир шалтгаан байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас),

 

- Гэрч Ж.Эрдэнэсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хоёр шил 0,5 литрийн Улаанбаатар гэх нэртэй архи худалдаж аваад бид нар хувааж уусан. Тэгээд би гэрийнхээ зүүн талын орон дээр унтчихсан байсан. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өглөө үүрээр яг хэдэн цагт байсныг нь мэдэхгүй, Д.Сүнжидмаатай хамт цагдаа нар орж ирээд З.Ганхүрэлийг барьж аваад “Д.Сүнжидмааг зодсон байна” гээд авч явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

 

- Гэрч Ж.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар хамтдаа архиа хувааж уугаад Эрдэнэсүрэн ах хойд талын орон дээр, би хажуугийн өөрийнхөө орон дээр унтсан. Удаагүй хэрүүл маргаан болоод байх шиг болохоор нь би гайхаад сэрээд харсан чинь Ганхүрэл нь Сүнжидмааг газарт унагаачихсан дээрээс нь гараараа нүүрэн тус газарт нь нэгээс хоёр удаа цохиж байсан. Би “юу болоод байгаа юм бэ. Ганхүрэлээ чи болиоч ээ” гэж хэлсэн чинь Ганхүрэл больчихсон. Тэгээд би эргээд унтаад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай: “Хэсэг газрын үзлэгт зүүн зовхи нэлэнхүйдээ овойж хавдсан нээгдэхгүй, тойроод хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн доод зовхинд хавдсан, цус хуралттай, зүүн зулай хуйханд 2х1см, баруун зулайн ар хэсгийн хуйханд 2х2.5см, 3х0.5см хүрэн улаан зулгаралттай, бага зэрэг хавдсан. Баруун бугалганы ар дээд хэсэгт 4х2см, цээжний урд дээд хэсэгт 5х2.5см бүдэг хөх өнгийн цус хуралттай.

1. Д.Сүнжидмаагийн биед зүүн зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч З.Ганхүрэлийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 27 дугаар тал), Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 41 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал), шинээр гаргаж өгсөн нотлох баримт болох Хаан банкны дансны хуулга /Ж.Мэндсайхан, З.Ганхүрэл/, Налайх дүүргийн 2 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, ажил гүйцэтгэх гэрээ, хохирогч Д.Сүнжидмаагийн шүүхэд гаргасан хүсэлт, мөнгөн шилжүүлгийн баримт, эм бэлдмэл авсан баримт /32 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З.Ганхүрэлд холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч З.Ганхүрэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 4-6 тоотод иргэн Д.Сүнжидмааг “түлхэж унагаан цус гаргалаа” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь:

- хохирогч Д.Сүнжидмаагийн “...би хоол хийх гээд зогсож байтал Ганхүрэл нэлээн согтчихсон миний араас тэврээд авахаар нь цочсондоо би Ганхүрэлийг хойш нь түлхэхэд уначихсан. Ганхүрэл босож ирэхэд толгойн ар талаас нь цус гарчихсан байсан чинь “чи миний цусыг гаргалаа. Одоо би чиний цусыг гаргаж байж санаа амарна” гэж хэлээд миний зүүн талын хацар шанаа хэсэг рүү нэг удаа алгадаж, үсдэж газраар чирээд нүүрний зүүн талын хэсэг рүү хөлөөрөө нэгээс хоёр удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх6-7),

- гэрч Ж.Эрдэнэсүрэнгийн “...дэлгүүрээс авсан архиа бид нар хувааж уусан. Би гэрийнхээ зүүн талын орон дээр унтчихсан...үүрээр яг хэдэн цагт байсныг нь мэдэхгүй, Д.Сүнжидмаатай хамт цагдаа нар орж ирээд З.Ганхүрэлийг барьж аваад “Д.Сүнжидмааг зодсон байна” гээд авч явсан...” гэх мэдүүлэг (хх-12),

- гэрч Ж.Ганзоригийн “...бид нар хамтдаа архиа хувааж уугаад Эрдэнэсүрэн ах хойд талын орон дээр, би хажуугийн өөрийнхөө орон дээр унтсан. Удаагүй хэрүүл маргаан болоод байх шиг болохоор нь би сэрээд харсан чинь Ганхүрэл нь Сүнжидмааг газарт унагаачихсан дээрээс нь гараараа нүүрэн тус газарт нь нэгээс хоёр удаа цохиж байсан. Би “юу болоод байгаа юм бэ. Ганхүрэлээ чи болиоч ээ” гэж хэлсэн чинь Ганхүрэл больчихсон. Тэгээд би эргээд унтаад өгсөн...” гэх мэдүүлэг (хх14-15),

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт (хх21-22) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл З.Ганхүрэл нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, үл ялих зүйлээр шалтаглан, иргэн Д.Сүнжидмаагийн биед халдан, алгадах, цохих, өшиглөх, үсдэх, чирэх зэрэг үйлдлээр түүний биед зүүн зовхи, баруун хацар, баруун бугалга, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нь Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч, шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Тиймээс шүүгдэгч З.Ганхүрэлийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Мөн З.Ганхүрэлийн хувьд бага боловсролтой хэдий боловч шүүхийн хэлэлцүүлэгт уншиж, бичдэг талаараа илэрхийлж “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1/1218 тоот албан бичгийн уншуулахад уншиж танилцуулсан тул шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг хүлээн авч, өмгөөлүүлэх эрхээсээ татгалзан өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хангах боломжтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэх нөхцөл байдал /Монгол хэл, бичиг мэдэхгүй/ тогтоогдоогүй болохыг тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч Д.Сүнжидмаа нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол хор уршгийн талаар мөрдөн шалтган ажиллагааны шатанд нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүхэд гаргасан хүсэлтдээ “З.Ганхүрэлд зодуулж гэмтэл авч үзлэг, шинжилгээ, томограф-т харуулсан 100.000 төгрөг, бэлнээр 360.000 төгрөг, 600.000 төгрөг дансаар шилжүүлж авсан. Цаашид санал, гомдолгүй” гэжээ.

Мөн шүүхээс хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “1.060.000 төгрөгийг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх тайлбарыг гаргасан тул шүүгдэгч З.Ганхүрэлийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “З.Ганхүрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Шүүгдэгч З.Ганхүрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан бусдын эрүүл мэндэд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг хохирогч гаргасан/, шүүгдэгчийн хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлого олдог, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/ зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Ганхүрэлийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар З.Ганхүрэл нь урьд ял шийтгэл эдэлж байсан (хх-27), Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 41 дугаар таслан шийдвэрлэх тогтоол (хх30-31)-оор тогтоогдож байгаа боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй /Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах буюу ял нэмж нэгтгэх журам /Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйл/ үйлчлэхгүй болно.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2108000480144 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, З.Ганхүрэл нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Урианхад овогт Зэстбалжирын Ганхүрэлийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ганхүрэлийг 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний 700.000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч З.Ганхүрэлд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 120 (нэг зуун хорин) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4.  Эрүүгийн 2108000480144 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, З.Ганхүрэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Ганхүрэлд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БЯМБААБААТАР