Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/326

 

 

 

       2021        03             29                                       2021/ШЦТ/326                                

                                                               

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч М.Лхагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Лхагвадоржийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2108000000351 дугаартай, нэг  хавтаст хэргийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 5-58 дугаар байрны 49 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Олхонууд овогт Мөнхөөгийн Лхагвадорж (РД:ВМ68101712).

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.Лхагвадорж нь согтуурсан үедээ 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 5/58-р байрны 2 давхарт иргэн Ч.Энхсайханыг хутгалсны улмаас биед зүүн сарвуунд цус хуралт, шарх гэмтлийг үүсгэж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Лхагвадорж мэдүүлэхдээ: “нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

           

            - Хохирогч Ч.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би байрны 2 давхарт Ганбаагаас “тамхи байна уу” гэхэд  Лхагва ахынд байгаа түүний хаалгыг тогшоод зогсож байсан. Лхагва хаалга онгойлгоход Ганбаа шууд дотогш том өрөө руу орчихсон. Би Гамбаагаас “тамхиа яасан юм бэ” гэж асуух тэр үед Б.Лхагва хажууд зогсож байсан. Тэгсэн чинь гар руу Б.Лхагва юмаар хатгачихсан...алганы араас цус гарч байхаар нь гэртээ орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)

 

            - Гэрч Х.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:   “...орцонд Энхсайхантай тааралдсан. Надаас тамхи асуугаад авч явж байсан архинаас чинь ууя гээд байсан. Лхагвадорж ах хаалга онгойлгоод Энхсайханыг оруулахгүй гэсэн. Тэр хоёр хаалганы наана цаанаас нэг нэгийгээ түлхэлцэж байгаад Лхагвадорж ах хаалгаа хаасан. Бид хоёр авчирсан архиа уусан...тэгсэн үүдэнд нь цус дуссан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

           

            - Шүүгдэгч М.Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:“...Би гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн хоол хийж идэх гээд байсан. Хаалга онгойлгосон чинь үеэл дүү Ганбат, Энхсайхан хоёр байсан. Би Ганбатыг оруулаад Энхсайханыг оруулахгүй гэсэн. Энхсайхан Ганбатаас тамхи авах гээд орох гэсэн. Тухайн үед хоол хийж байгаад гартаа хутга барьсан байсан. Түүний гар руу хатгасан. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),

 

            - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1753  дугаартай: ”Хэсэг газрын үзлэгт зүүн сарвууны ар болон урд хэсэгт нэлэнхийдээ хавдсан хөх ягаан өнгийн цус хуралттай, ар хэсэгт 2 см шарханд 3 ширхэг мэс заслын оёдолтой. Зүүн сарвуу шуунд боолттой.

            1. Ч.Энхсайханы биед зүүн сарвуунд цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т  зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

 

            - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Лхагвадоржийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч М.Лхагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, шүүгдэгч хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч М.Лхагвадорж нь согтуурсан үедээ 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 5/58-р байрны 2 давхарт иргэн Ч.Энхсайханыг хутгалсны улмаас биед зүүн сарвуунд цус хуралт, шарх гэмтлийг үүсгэж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь:      

- хохирогч Ч.Энхсайханы “...2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр...Би Ганбаагаас тамхиа яасан юм бэ гэж асуусан. Тэр үед Лхагваа хажууд зогсож байсан. Тэгсэн чинь гар руу Лхагваа юмаар хатгачихсан...” гэсэн мэдүүлэг (хх24),

            - гэрч Х.Ганбатын “...Лхагвадорж ах хаалга онгойлгоод Энхсайханыг оруулахгүй гэсэн. Тэр хоёр хаалганы наана цаанаас нэг нэгийгээ түлхэлцэж байгаад Лхагвадорж ах хаалгаа хаасан...үүдэнд нь цус дуссан байсан...” гэх мэдүүлэг (хх-26),

            - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1753 дугаартай дүгнэлт (хх28-29) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.            

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч М.Лхагвадоржийн үйлдэл хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед зэвсэг хэрэглэн хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг өөрийн үйлдлээ хүсэж үйлдсэн гэж үзэн гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Өөрөөр хэлбэл М.Лхагвадорж нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1753  дугаартай дүгнэлт /хохирогч Ч.Энхсайханы биед зүүн сарвуунд цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна./-ээр тогтоогдсон тул прокуророос түүнийг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч  М.Лхагвадоржийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл /Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам/-ийн 2 дахь хэсэгт “шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно.” гэж заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд даруй ял оногдуулах шүүх хуралдааныг зарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч М.Лхагвадорж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч Ч.Энхсайхан нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй ба Шүүхээс хурлын тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд суухгүй, М.Лхагвадоржид гомдолгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт /хх-55/, тайлбарыг гаргасан байх тул шүүгдэгч М.Лхагвадоржийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “М.Лхагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар М.Лхагвадорж нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (хх-48) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Лхагвадорж нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хх-57) гаргасныг прокурор “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-58)-оор хүлээн авч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, бусдын эрүүл мэндэд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг гаргасан/, шүүгдэгчийн хувийн байдал /хүүхдийн хамт амьдардаг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 55 дуугаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Лхагвадоржид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Лхагвадорж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2108000000351 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 30 см урттай, хар өнгийн бариултай нэг ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, М.Лхагвадорж нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Олхонууд овогт Мөнхөөгийн Лхагвадоржийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Лхагвадоржийг 240 (хоёр зуун дөчин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Лхагвадорж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.  

 

4.  Эрүүгийн 2108000000351 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Лхагвадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 30 см урттай, хар өнгийн бариултай нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Лхагвадоржид авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БЯМБААБААТАР