| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0259/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/265 |
| Огноо | 2021-03-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/265
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,
улсын яллагч Г.Яндаг,
шүүгдэгч Ж.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж.П г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2108000000218 дугаартай нэг хавтаст хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Өндөр Ширээт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, “...........” ХХКомпанид туслах ажилтан ажилтай, ам бүл-6, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Чулуутын ... дугаар гудамж ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж.П
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Ж.Пүрэвдаваа нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо, Баруун баян уулын .... дугаар гудамж, ... тоот хашаанд иргэн М.С тай маргалдан түүнийг хавсарч унагаан эрүүл мэндэд нь зүүн хөлийн гадна дотор хавчаарын хугарал, тавхайн үений мултрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.П мэдүүлэхдээ:
“...2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр М , С , Б бид дөрөв архи уусан. С нэлээн согтсон байсан. Би С т пиво хийж өгтөл над руу томроод байсан. Би гэрээс гараад бие засаж байтал С араас гарч ирээд “яасан хөгшөөн” гээд байхаар нь түүнийг хавирч унагаасан” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Хохирогч М.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...П согтчихоод над руу “чи яасан удаан пиво уудаг юм” гэж хэлээд агсрахаар нь “чамд ямар хамаатай юм бэ” гэж бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгээд П “хоёулаа гарчих уу” гэхээр нь “тэгье гэж” хэлээд гэрээс гараад хашаан дотор зогстол П өөдөөс хүрч ирээд миний цамцны захнаас бариад авахаар нь би зөрүүлээд цамцных нь захнаас барьж автал П баруун хөлөөрөө миний зүүн хөл рүү хавсарч, намайг газар унагааж, хэл амаар доромжилж дээр гарч цамцнаас боохоор нь өөдөөс нь адилхан боож байгаад боссон. Тэгтэл дахин баруун хөлөөрөө зүүн хөл рүү хавсарч унагахаар нь газраас боссон чинь шууд дахиад үргэлжлүүлээд баруун хөлөөрөө зүүн хөл рүү хүчтэй хавсартал би газар унасан. Босох гэтэл миний зүүн хөл гишгэж чадахгүй эвгүй болчихоор нь “босож чадахгүй байна хөл эвгүй болчихлоо” гэж хэлтэл юу ч дугарахгүй намайг орхиод Б ын гэр рүү орчихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-12 дугаар хуудас),
- Гэрч С.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
”...гадаа хүн орилоод байхаар нь гэрээс гараад хартал М.С хашаан дотор газар суучихсан. “П миний хөл рүү хавсарч намайг унагаагаад хөл хугалчихлаа” гэж хэлэхээр нь би Б.М ийг дуудаж М.С ыг хоёр талаас нь өргөж гэрт оруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 943 дугаартай: “Хэсэг газрын үзлэгт зүүн тавхайн үед гөлтгөнө боолттой, задлахад тавхайн үений хоёр талд шулуун ягаан өнгийн сорвитой.
1. М.С т зүүн гадна дотор хавчаарын хугарал, тавхайн үений мултрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд буюу ойролцоо хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),
- Гэрч Б.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
”...С, П хоёр маргалдаад гэрээс нь гарсан. Удалгүй гаднаас П ганцаараа гэрт орж ирэхээр нь “нөгөөдөх чинь хаана байгаа юм” гэж асуухад “гадаа, томроод байхаар нь хавсраад унагаачихсан чинь хөл нь эвгүй болчихлоо гээд суугаад байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),
- Шүүгдэгч Ж.П гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
”...М.С намайг бариад авахаар нь зөрүүлж барьж аваад хавсраад унагаачихсан. Гэтэл хөл нь хугарчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас),
- Хохирогчийн өвчний түүх, мэс заслын өмнөх дүгнэлт, мэс заслын эмчийн “...Шагайн дотор болон гадна хавчаар ясны хугаралтай, хугарлаар зөрүүтэй...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 50-56 дугаар хуудас),
- Шүүгдэгч Ж.П гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дугаар тал), “.......” ХХКомпанийн тодорхойлолт (хавтаст хэргийн 32 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 33 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар тал), эд хөрөнгийн бүртгэлттэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар тал) зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзнэ. Мөн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.П д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Ж.П нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо, Баруун баян уулын ... дугаар гудамж, ... тоот хашаанд иргэн М.С тай маргалдан түүнийг хавсарч унаган зүүн хөлийн шагайн гадна, дотор хавчаар ясны хугарал, тавхайн үений мултрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
- хохирогч М.С ын “...Ж.П баруун хөлөөрөө миний зүүн хөл рүү хавсарч цохиход би газарт унасан. Босох гэтэл зүүн хөл гишгэж чадахгүй эвгүй болчихсон...” гэх мэдүүлэг (хх 8-12),
- гэрч С.Б ын ”...гадаа хүн орилоод байхаар нь гэрээс гараад хартал С хашаан дотор газар суучихсан. Ж.П миний хөл рүү хавсарч намайг унагаагаад хөл хугалчихлаа гэж хэлэхээр нь...М.С рыг хоёр талаас нь өргөж гэрт оруулсан...” гэх мэдүүлэг (хх 16-17),
- гэрч Б.М нийн “...М.С, Ж.П хоёр маргалдаад гэрээс нь гарсан. Удалгүй гаднаас Ж.П г ганцаараа гэрт орж ирэхээр нь “нөгөөдөх чинь хаана байгаа юм” гэж асуухад “гадаа, томроод байхаар нь хавсраад унагаачихсан чинь хөл нь эвгүй болчихлоо гээд суугаад байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-18),
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 943 дугаартай “М.С т зүүн хөл гадна, дотор хавчаарын хугарал, тавхайн үений мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх 26-27) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ж.П нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хохирогчтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн эрүүл мэндэд нь халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс шүүгдэгч Ж.П г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул дээрх зүйл, хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.П нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан, тэрээр хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн дүгнэлтэй маргаж, мэтгэлцээгүй болохыг тус тус тэмдэглэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч М.С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг нэхэмжилснээс 200.000 төгрөгийг авсан. Үлдэх 1.300.000 төгрөгийг нэхэмжилж байна (хх8-12)” гэж мэдүүлсэн байх боловч хохиролтой холбоотой баримтаа хэрэгт ирүүлээгүй байна.
Шүүхээс хохирогч М.С т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралд суухгүй, хохирлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжилнэ” гэж мэдэгдсэн байх тул хохирогч М.С ын хагалгаа хийлгэсэн эмчилгээний зардал болох 1.300.000 төгрөг нэхэмжилснийг шүүх хэлэлцэхгүй орхиж, тэрээр уг эмчилгээтэй холбоотой болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Иймд шүүгдэгч Ж.П г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Ж.П г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасныг шүүгдэгчээс маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Ж.П нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (хх-47) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос тодорхой хэмжээг нөхөн төлсөн, үлдэх төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан бусдын эрүүл мэндэд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /эмчилгээний зардалд 200.000 төгрөгийг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /“Эм Жи Эл Акуа” ХХКомпанид туслах ажилтай (хх-32), тодорхой орлого олдог, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.П г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн 2108000000218 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Пүрэвдаваа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Я овогт Ж.П г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П г 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Ж.П д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 120 (нэг зуун хорин) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хохирогч М.С ын хагалгаа хийлгэсэн, эмчилгээний зардал болох 1.300.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, тэрээр эмчилгээ болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Эрүүгийн 2108000000218 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Пүрэвдаваад авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР