Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 12

 

 

Г.Бд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд: 

Прокурор С.Сугар, 

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь cум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуянгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолтой, Г.Бд холбогдох эрүүгийн 1730001860141 дугаартай хэргийг хохирогч Э.Аийн давж заалдах гомдлоор 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Оюу толгой” уурхайн “Бамбай” харуул  хамгаалалтын албанд харуул ажилтай, ам бүл 4, ээж, эгч, дүүгийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Г.Б 

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулах “С” зочид буудлын 2 дугаар давхарын ариун цэврийн өрөөнд Э.Аийг цохин хамрын ясыг хугалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр  ялын санал, яллах дүгнэлтийг тус тус үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Г.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж, хохирогч Э.А эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, ялтан Г.Бд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Хохирогч Э.А давж заалдах гомдолдоо: ... Миний бие “Гамшгийн эрсдэл”-ийн төслийн сургалтанд оролцохоор С зочид буудалд байрлаж байсан юм. 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт аавыгаа сахиж байгаад 02 цагийн үед эмнэлгээс буудалд ирээд 00-ын өрөөнд бие засахаар ортол тэнд байсан үл таних залуу намайг гаргахгүй байсан. С зочид буудлын үйлчлэгч эмэгтэй 2-3 удаа орж ирээд хориглосон боловч үйлчлэгчийг түлхэж гаргахаар нь би завсраар нь гарах гэсэн чинь нүүр рүү цохиж хамарт гэмтэл учруулсан юм. Аймгийн чих хамар хоолойн эмчээр хамрын ясны хугарлыг гаргуулж, эмчлүүлсэн боловч биеийн байдал сайжрахгүй хамар хоолой, толгой тархиар өвдөн зовиуртай байсан учраас Улаанбаатар хотод үзүүлэхээр ирээд эмчлүүлсээр явна. Хамрын хагалгаанд орж эмчилгээ үргэлжлүүлэн  хийлгэж байна. Эмнэлгээр явж байх үед шүүх хурал болж шийтгэх тогтоол гарчээ. Миний бие нь хууль ёсны эрхээ эдлэж, оролцох боломжоор хангуулж чадсангүй гэж гомдол гаргаж байна. Үүнд: 

- анхны мөрдөн байцаалтаас хойш нэг ч харилцаа үүсгээгүй,

- хавтаст хэргийн материалтай огт танилцуулаагүй,

- шүүх хуралд оролцох цаг хугацааг хангаж өгөөгүй,

- аль ч нөхцөлд хохирогч миний асуудлыг орхигдуулсан,

- шүүгдэгчийн талыг барьж, хохирогчийн талыг орхигдуулсан байна гэж үзэж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Миний бие эмчилгээ, хагалгаа, замын зардал, эм тариа, цалин, байр, хоол, унааны зардал зэрэг бүх гарсан зардлыг нэхэмжилж, хохирлын баримтыг хавсаргаж байна. Нийт хохирол 4761100, үүнээс шүүгдэгч Г.Б 245000 төгрөг өгснийг хасаад, 4516100 төгрөг нэхэмжилнэ  гэжээ. 

Прокурор дүгнэлт, тайлбартаа: ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын талаар зааж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалтыг 14 хоногт явуулан, прокурор хэргийг 24 цагийн дотор хянаж, яллах дүгнэлт үйлдэн, яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичиж, шүүхэд хүргүүлэн шүүх 72 цагийн дотор хянан шийдвэрлэхээр хуулиар зохицуулсан. Энэ дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Хохирогч Э.А нь мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хавтаст хэргийн материалтай танилцан эмчилгээнд 3 сая төгрөг нэхэмжилж байна гэж өөрийн гараар бичиж, гарын үсгээ зурсан байх бөгөөд прокурорын хяналтын шатанд миний бие нь хохирогчтой гар утсаар нь холбогдон “яллагдагч Г.Бд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж байгаа талаар, хохирлын талаар гаргах нотлох баримт байгаа эсэх талаар асуухад нотлох баримтаа гаргаж өгч амжихгүй” гэж ярьсны дагуу нотлох баримтаа цуглуулан иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган хандах эрхийг нь тайлбарлан өгсөн болно. Иймд хохирогчийн нэхэмжлэл гаргах, хэргийн материалтай огт танилцуулаагүй, хохирогчийн асуудлыг орхигдуулсан гэж үзэх үндэслэлгүй. Хохирогчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд хохирогчийн давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний 02.00 цагийн үед  “С” зочид буудлын ариун цэврийн өрөөнд Э.Аийн хамрыг цохин ясыг нь хугалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсоныг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр  ялын санал, яллах дүгнэлтийг тус тус үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд баримтлах ерөнхий нөхцөл байдал хангагдаагүй, шүүгдэгч Г.Б гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн талаарх баримт баталгаа хэрэгт байхгүй байхад хэргийг хянан шийдвэрлэснийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, мөн энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  шүүгдэгч   Г.Бд  холбогдох,  эрүүгийн  1730001860141  дугаартай 

хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Тус шүүхэд хураагдсан эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд зүйлс ирээгүй болохыг дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ

                  ШҮҮГЧИД         Б.ДЭНСМАА

Л.НАРАНБАЯР