Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 063

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн  Ногооннуур сумын 4 дүгээр багийн оршин суугч, Ахтай овогт Мйн М.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ногооннуур сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Д.Өд холбогдох хэсгийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М.Б, түүний өмгөөлөгч Х.Тасхын, хариуцагч Ногооннуур сумын Засаг дарга К.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, түүний өмгөөлөгч К.Зулкаш, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М.М.Б би “Ногооннуур сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 80 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай гомдлоо шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг даргад 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хандаж, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1-01/555 дугаартай албан бичгээр хариу авснаар урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан гэж үзээд шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

Би Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Бахлуур” гэх газарт  н.Бердимурат гэгчтэй хамт хаваржиж ирсэн ба түүнийг Казахстан улсад нүүсэн үед хашаа хороо, модон саравч зэргийг Ногооннуур сумын иргэн Мырзабек гэгч буулган авч явснаар би н.Бердимуратын газарт албан ёсоор 2012 оноос хойш өдий хүртэл хаваржиж эхэлсэн байдаг юм. Энэ нь Ногооннуур сумын “Улаан чулуу” багийн Засаг даргын  2012 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 4/150 дугаартай албан бичиг, сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдлын дэвтрийн 67 дахь бүртгэл, мөн “Хилийн зурваст нутаглаж байгаа ХХТХГ, иргэдтэй байгуулсан 2017, 2019 оны гурвалсан гэрээ” зэргээр нотлогддог. Гэтэл тус газрыг Ногооннуур сумын 6 дугаар багийн иргэн Диярын Өмиргүл нь сумын Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 80 дугаартай захирамжаар эзэмшилдээ авсан болохыг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирж Д.Өийн нэхэмжлэлтэй, иргэн М.М.Б надад холбогдох өвөлжөөний газраас албадан нүүлгэхийг даалгах тухай шаардлагатай нэхэмжлэлийн нэг хувийг гардаг авч танилцах үед олж мэдлээ. Тухайн газрыг Д.Ө гэгчид хууль ёсоор эзэмшүүлсэн эсэхэд дүгнэлт хийхэд, нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үед Д.Ө нь 18 насанд хүрээгүй нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” гэж заасныг ноцтой зөрчсөн, мөн энэхүү  “Бахлуур” гэх газар нь Хилийн 0285 дугаар ангийн хилийн зурваст хамаардаг тул Монгол Улсын Хилийн тухай хуулийн 26.1-д “улсын хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер, техникийн байгууламж барих зориулалтаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ, 26.3-т “улсын хилийн зурваст дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 26.3.1-д “улсын хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэх... ” гэж тус тус зааснаас үзэхэд  улсын хилийн бүсийн зурваст газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж байгаа нь хууль бус болох нь тодорхой харагдаж байна. Миний хувьд уг газрыг ямар нэгэн эрхийн актын дагуу эзэмшилдээ аваагүй бөгөөд жил болгон Хилийн 0285 дугаар ангитай “Хилийн зурваст оторлох иргэдтэй байгуулах гурвалсан гэрээ” байгуулж нутаглаж байгаа. Түүнчлэн намайг энэхүү газарт хаваржсан дээрх хугацаанд Д.Ө нь нэг ч удаа энэ газар миний эзэмшлийн газар гэж ирээгүй, мөн Д.Ө нь маргаан бүхий газарт нутаглаж, хаваржиж өвөлжөөгүй болно.

Мөн маргаан бүхий газарт өвөлжих боломжгүй, зөвхөн хаваржааны зориулалтаар эзэмшиж, ашиглах боломжтой, багийн нутаг дэвсгэрээс бусдад газар эзэмшүүлэхдээ багийн иргэдийн нийтийн Хурлаас малчдыг оролцуулан хэлэлцэн шийдвэрлэж тогтоол гаргаж, улмаас Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргах учиртай. Гэтэл манай багийн иргэдийн нийтийн Хурлаас иргэн Д.Өд газар эзэмшүүлэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байхад сумын Засаг дарга захирамж гаргасан  байна.

Иймд Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Бахлуур” гэх газраас Д.Өд эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай ” 80 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ногооннуур сумын “Бахлуур” гэдэг газарт 2009 оноос хойш нутаглаж байгаа. Өмнө нь маргаан бүхий газарт н.Бердимурат гэгч хүн нутаглаж байсан талаар оролцогчид ярьж байгаа. Үүнд нэхэмжлэгч талаас маргаан байхгүй. 2009 онд н.Бердимурат Казахстан улсад нүүхдээ тухайн газрыг хэнд үлдээсэн гэдэг нь маргаантай. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд н.Бердимурат Казахстанд нүүхдээ н.Мырзабек гэдэг хүнд тухайн маргаан бүхий газарт байршилтай хашаа, хороог өгсөн байна.Харин гуравдагч этгээд болон хариуцагч нарын тайлбарлаж байгаагаар н.Бердимуратын эхнэр болох Сайлаужан гэдэг хүнээс хашаа хороог худалдаж авсан байна. Мырзабек гэдэг хүн Сайлаужаны дүү нь. Гуравдагч этгээдэд хашаа хороог үлдээж явсан юм шиг байна. Гуравдагч этгээд болон нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбараар тухайн газарт хашаа хороо, чулуун хашаа байсан нь үнэн. Гэхдээ тухайн хашаа хороог буулгаж аваад явсан нь тогтоогдож байгаа. Тэгэхээр 1997 оноос хойш нэхэмжлэгч н.Бердимураттай зэргэлдээ хаваржиж байсан.  н.Бердимурат Казахстан улсад нүүснээс хойш тухайн хашаа хороог гуравдагч этгээд Д.Ө, Х.Н нар буулгаж авч явснаас хойш эзэнгүй орхигдсон газарт нэхэмжлэгч өөрөө багийн Засаг даргын зөвшөөрснөөр мөн тухайн улсын хилийн зурвас газарт хамаарч байгаа учраас Хилийн 0285 дугаар ангийн захирагчтай гурвалсан гэрээ хийж тухайн газрыг ашиглаж ирсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдож байгаа. Гэтэл тухайн газарт нутаглан ашиглаж байгаагүй,  насанд хүрээгүй Д.Ө гэдэг хүнд Ногооннуур сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлсэн учраас М.М.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно гэсэн заалттай.

            Нэхэмжлэгч өөрийн хүч хөрөнгөөр хашаа хороог дахин сэргээж ашиглаж байгаа. Тухайн газарт малаа маллаж бэлчээж байгаа газраас нь албадан нүүхийг шаардсанаар нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн. Мөн Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Хавтаст хэрэгт авагдсан төрсний бүртгэлийг харахад Д.Ө нь 1997 онд төрсөн. 1997 онд төрж, 2014 онд газар эзэмшихдээ 18 насанд хүрээгүй байсан. Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “улсын хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер, техникийн байгууламж барих зориулалтаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ”, 26.3-т “улсын хилийн зурваст дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж , 26.3.1-т “улсын хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглоно” гэж заасан. Үүнээс үзэхэд маргаан бүхий газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг, мөн хилийн зурвас бүхий газар гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас тухайн газраас бусдад газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь өөрөө хууль бус. Тийм учраас маргаан бүхий 80 дугаартай захирамжийн улмаас нэхэмжлэгч М.М.Бын эрх ашиг ноцтой хөндөгдөж байгаа тул  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэв.

          Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

 Миний бие Ногооннуур сумын Засаг даргаар 2016 оны сүүлээр томилогдсон. Сумын Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай ” 80 дугаартай захирамжаар Диярын Өмиргүлд Ногооннуур  сумын “Бахлуур” гэдэг газарт байршилтай н.Бердимуратын өвөлжөөний 500 м.кв газрыг эзэмшүүлсэн байх юм. Учир нь Ногооннуур сумын “Бахлуур” гэх газарт н.Бердимурат нь  уламжлалт мал аж ахуй эрхэлж олон жил өвөлжөөний зориулалтаар газар эзэмшиж ашиглаж байгаад тэнд байшин хашаа хороо зэрэг үл хөдлөх эд хөрөнгөө Казахстан улсад нүүж явахдаа өөрийн малын хамтаар иргэн Д.Хуанбект худалдсанаар Д.Хуанбек нь дүү Д.Өд эзэмшил газар, үл хөдлөх хөрөнгийн хамт шилжүүлсэн байх юм. Иргэд үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө худалдсан, бэлэглэх бусад хэлбэрээр захиран зарцуулах явцад төрийн зүгээс хяналт тавих боломжгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх олж авсан этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газрыг эзэмших ашиглах холбогдох хууль тогтоомжид нийцэж байвал өмчлөх хүртэл эрхтэй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн “в”-д Засаг дарга хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн тусгай хэрэгцээний газрыг иргэн аж ахуйн нэгж байгууллагад ашиглуулах шийдвэр гаргах эрхтэй” гэж заасан. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 1.3-д “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх” гэж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “Сумын Засаг дарга сумын хэмжээнд иргэд аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах” гэж, мөн хуулийн 33.1.2-д зааснаар “газар эзэмшүүлэх шийдвэрийг Засаг дарга гаргана” гэж тус тус хуулиар баталгаажуулан Засаг даргад газар эзэмшүүлэх ашиглуулах шийдвэр гаргах эрх олгосон тул Ногооннуур сумын Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гаргасан “Газар эзэмшүүлэх тухай“ 80 тоот захирамж нь хуулийн үндэслэлтэй гарсан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3-д зааснаар хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Уг захирамж нэхэмжлэгчийн хууль ёсны ямар эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд М.М.Бын газар эзэмших, ашиглах эрхэд уг захирамж саад болоогүй тул М.М.Б нь тухайн захирамжид холбогдуулан нэхэмжлэл гаргах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 16.1.2-д заасан улсын хилийн зурвас газрыг мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1 зааснаар “тусгай хэрэгцээний” газрын ангилалд оруулсан байдаг. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.3-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох” эрхийг аймаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд олгосон байдаг. Гэтэл маргаан бүхий Ногооннуур сумын “Бахлуур” гэх газар тусгай хэрэгцээнд авсан тухай эрх зүйн акт гараагүй тул тус газар тусгай хэрэгцээний газар гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн Хилийн 0285 дугаар ангитай байгуулж байгаа гэрээ нь хилийн дэглэмийг сахин биелүүлэх, хил орчмын бүс нутагт тогтоогдсон журмыг сахин биелүүлэх, хил зөрчихгүй байх, хилийг зөрчсөн талаар мэдээлэх үүрэг хүлээсэн гэрээ бөгөөд энэ нь уг газрыг нэхэмжлэгч М.М.Бад эзэмшүүлж, ашиглуулахыг зөвшөөрсөн тухай гэрээ биш юм. Маргаан бүхий газрыг М.М.Бад эзэмшүүлсэн, ашиглуулсан тухай эрхийн акт байхгүй тул М.М.Б нь нэхэмжлэл гаргах эрхгүй болно. Д.Ө нь тухайн үед 18 нас хүрээгүй боловч одоогийн байдлаар насанд хүрсэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл байхгүй тул Ногооннуур сумын Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 80 тоот захирамжийг хүчингүй болгох боломжгүй байгаа. Анх тус газарт амьдарч байсан н.Бердимурат нь гуравдагч этгээд Д.Өийн нагац ах байх ба тухайн үед н.Бердимуратаас хашаа, мал худалдаж авсан талаар бүх бичиг баримт нь байсан, сумаас комисс томилон шалгуулж, дүгнэлт гаргахад  комиссоос Д.Өийн газар мөн гэсэн. Тийм учраас 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 80 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

         Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Болсон нөхцөл байдлын хувьд Ногооннуур сумын “Бахлуур” гэх газрын одоогийн маргаан бүхий өвөлжөөг манай нагац ах болох н.Бердимурат нь олон жил эзэмшиж, битүү хашаа, хороо, малын пүнз зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг барьж, тухайн газарт мал маллаж амьдарч байсан юм. Гэтэл н.Бердимурат нь 2009 оны хавар Казахстан улсад шилжиж, нүүх болоход тэр хүний бүх малыг нь модон байшин, хашаа хороо, малын пүнз зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн хамт миний аав Д.Хуанбек худалдан авч, өөрийн дүү Д.Өд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өгсөн юм. Нэгэнт тухайн газарт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө болох хашаа, хороо, пүнз зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг Д.Өийн өмчлөлд шилжүүлэн өгсөн тул үл хөдлөх эд хөрөнгийн байршил газар болох 0.5 /500 м2/ газрыг Ногооннуур сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” 80 дугаартай захирамжаар Д.Өд эзэмшүүлсэн. 2009 оноос хойш Солтамурат гэгч манай хамаатан ахын хүүхэд С.Хуаныш нь  манай малыг маллаад тухайн газарт одоо болтол сууж байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 80 дугаартай захирамж гарсан үед Д.Ө нь 18 нас хүрээгүй гэжээ. Гэтэл Д.Ө нь одоогийн байдлаар насанд хүрсэн, газар эзэмших эрхтэй учраас “насанд хүрээгүй байсан” гэх үндэслэлээр 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай ” 80 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Тухайн газарт бидний н.Бердимуратаас худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө байршиж байгаа тул үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй газар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарын эзэмшилд байх ёстой. Нэхэмжлэгч М.М.Б нь Ногооннуур сумын “Бахлуур” гэх газарт байршилтай маргаан бүхий өвөлжөөнд урьд өмнө өвөлжиж, н.Бердимуратын хамт тухайн газрыг хамтран эзэмшиж байсан явдал байхгүй юм.  “Бахлуур” дахь өвөлжөөнд М.М.Бын ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө байхгүй, сум орон нутгаас М.М.Бад тухайн газрыг эзэмшүүлсэн, ашиглуулах талаар гарсан шийдвэр байхгүй байхад дур мэдэн маргаан үүсгэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Иймд шүүхээс хүсэх нь сумын Засаг даргын гаргасан захирамж  нэхэмжлэгч М.М.Бын эрх ашиг сонирхолд нөлөөлөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

             Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ногооннуур сумын Асгантын “Бахлуур” гэх газарт байгаа урьд нь н.Бердимуратын ашиглаж байсан өвөлжөөний хашаа үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг Д.Хуанбек нь н.Бердимурат Казахстан улсад нүүж явахад худалдаж авсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Тухайн газар нь улсын тусгай хамгаалалттай газар бөгөөд хилийн зурвас газар болох нь тогтоогдсон. Улсын тусгай хамгаалалттай газраас газар эзэмшүүлэхийг Хилийн тухай хуулиар хориглосон. Ийм учраас аль аль нь хязгаарлалттай газарт багтаж байгаа учраас ашиглах боломжтой. Нэгэнт тухайн газарт байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь гуравдагч этгээд. Иймд зохих эрх бүхий байгууллагатай газар ашиглах гэрээ байгуулах эрх нь нээлттэй. Учир нь хязгаарлалттай бүсэд оршин сууж байгаа айл өрхүүд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар тухайн газарт мал маллаж амьдрах, үл хөдлөх эд хөрөнгө байршуулах эрхийг хязгаарлалттай бүсэд зөвшөөрсөн. Тухайн н.Бердимуратын эд хөрөнгийг шударга журмаар худалдан авч өмчилж байгаа гуравдагч этгээд тухайн газрыг ашиглах эрх нь нээлттэй. Нэхэмжлэгч н.Бердимурат нүүхээс өмнө тухайн газар дахь эд хөрөнгийг худалдаж авсан нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хилийн заставтай байгуулсан гэрээгээр газрыг ашиглах ёстой гэж тайлбарлаж байгаа нь зүйлд нийцэхгүй. Учир нь 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хилийн заставтай хийсэн гэрээнд тухайн хилийн дэглэмийг сахих, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хилийн зөрчил гарсан тохиолдолд түүнийг иргэний үүргээ биелүүлж мэдээлэх, хилийн зөрчил гаргахгүй байх тухай гэрээ болохоос газар ашиглахтай холбоотой гэрээ биш. Газар ашиглах, эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуулийн холбогдох заалтуудаар Засаг даргад эрх олгосон. Өөрөөр хэлбэл Ногооннуур сумын Засаг дарга шийдвэрлэнэ. Ногооннуур сумын Засаг дарга тухайн газрыг М.М.Бад ашиглуулах тухай эрхийн акт гаргаагүй учраас М.М.Б тухайн газрыг ашиглах эрхтэй хэмээн дүгнэх боломжгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ” гэж нэхэмжлэгчийн тодорхойлсон бөгөөд тухайн хуулийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж тодорхойлсон. Тэгэхээр энэхүү нэхэмжлэлийн хууль ёсны шаардлага нь тухайн захиргааны акт нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх ашиг зөрчигдсөн буюу зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд гаргах нэхэмжлэлийг тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлага болгож байгаа Ногооннуур сумын Засаг даргын захирамжийн улмаас М.М.Бын ямар нэгэн эрх ашиг зөрчигдсөн нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй. Тухайн захирамжийг хүчингүй болгосноор “Бахлуур” гэх газарт байгаа өвөлжөөг М.М.Бад эзэмшүүлэх буюу ашиглуулахаар шийдвэр гаргахыг даалгах боломж захиргааны хэргийн шүүхэд байхгүй. Учир нь газар ашиглах болон эзэмшүүлэхийг Засаг дарга шийдвэрлэнэ. Мөн  хуулийн 52 дугаар зүйлд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэрийг тусгасан байх бөгөөд  52.1-д “нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд түүнд нэхэмжлэгч, эсхүл түүний төлөөлөгч гарын үсэг зурсан байна” гэж, 52.2-т “нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана” гэж, үүнд 52.5.1-д зааснаар ”захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”-ийг тогтоосны дараа шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх ашиг зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна. Хуулийн 52.5.6-д ”захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”-ийг нэхэмжлэлд тодорхой тусгаж нэхэмжлэлийн шаардлага гаргах учиртай. М.М.Бын нэхэмжлэл 52.5.1, 52.5.6-д заасан шаардлагыг хангахгүй байгаа учраас 54 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах учиртай байсан боловч тухайн үед уг асуудал мэдэгдээгүй. Өнөөдөр шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэсний дагуу М.М.Бын нэхэмжлэлийн шаардлага болгож байгаа Засаг даргын захирамжийн дагуу эрх ашиг нь зөрчигдөөгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ногооннуур сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаар захирамжийн холбогдох хэсгээр гуравдагч этгээд Д.Өд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Бахлуур” хэмээх газраас 500 м2 газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлжээ.

Уг захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлээ нэхэмжлэгчээс “...уг шийдвэрийг гаргах үед гуравдагч этгээд Д.Ө нь 18 насанд хүрээгүй тул Засаг дарга  Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчсөн, “Бахлуур” хэмээх газар нь улсын хилийн зурвас газар болохын хувьд уг газраас бусдад газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглосон.

Би уг газарт Хилийн 0285 дугаар ангитай “Хилийн зурваст оторлох иргэдтэй байгуулах гурвалсан гэрээ”-гээр нутагладаг, 2012 оноос хаваржиж ирсэн газрыг бусдад эзэмшүүлсэн нь хууль бус” гэж тайлбарлаж, маргажээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...маргаан бүхий өвөлжөөний газарт анх н.Бердимурат гэгч  малын битүү хашаа, пүнз зэрэг эд хөрөнгийг барьж, тухайн газрыг олон жил эзэмшиж амьдарч байгаад 2009 онд Казакстан улсад нүүх үедээ Д.Хуанбек нь дээрх эд хөрөнгийг н.Бердимуратын өмчлөлийн бүх малын хамт худалдан авч, өөрийн дүү Д.Өд өгснөөр үл хөдлөх хөрөнгө орших газрыг сумын Засаг даргын 2014 оны 80 дугаар захирамжийн холбогдох хэсгээр эзэмшүүлсэн” гэж тайлбарласан байна.

Маргаан бүхий газарт шүүхээс үзлэг хийж гуравдагч этгээдийн эзэмшлийнх гэх  чулуун хашаа бүхий байгууламжийн суурь орших газрыг оролцуулж хэмжихэд тухайн газар нь 616 м2 талбайтай, эргэлтийн 9 цэг бүхий /1/ Х:5536722.880, Ү:277696.470, /2/ Х:5536726.380 Ү:277686.640, /3/ Х:5536732.720, Ү:277682.910, /4/ Х:5536748.000, Ү:277687.530, /5/ Х:5536753.840, Ү:277695.760, /6/ Х:5536753.680, Ү:277699.740, /7/ Х:5536743.840, Ү:277713.310, /8/ Х:5536737.830, Ү:277709.070, /9/ Х:5536725.640, Ү:277704.570  координаттай болох нь тогтоогдсон.

Монгол Улсын Их Хурлын 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 29 дүгээр тогтоолын холбогдох хэсгээр  Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур сумдын зарим газар нутгийг хамарсан Сийлхэмийн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн байх ба дээрх координат бүхий тухайн газар нь байршлын хувьд улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд хамаардаг нь, мөн улсын хилийн зурвас газар болох нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 253 дугаартай албан бичиг, түүнд хавсаргаж ирүүлсэн газрын зураг, Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 86 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар байгалийн цогцолборт газар нь онцгой бүс, аялал жуулчлалын бүс, хязгаарлалтын бүсэд тус тус хуваагддаг байх ба маргаан бүхий газар нь хязгаарлалтын бүсэд оршдог тохиолдолд энэ ангиллын бүсийн дэглэмийг тогтоосон мөн хуулийн  17 дугаар зүйлд зааснаар уг бүсэд уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх боломжтой ч энэ тохиолдолд  мөн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д ...Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж заасан байх тул маргаан бүхий газар нь  хуульд зааснаар иргэдэд эзэмшүүлэх газар биш байна.

Дээрх байдлаар маргаан бүхий газар нь байгалийн цогцолборт газарт хамаарч байгаагаас гадна улсын хилийн зурвас газарт багтаж байгаа нь тогтоогдсон ба Газрын тухай хуулийн 16.1.2-д заасан улсын хилийн зурвас газар нь 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар тусгай хэрэгцээний газрын ангилалд хамаардаг байна. Тухайн нутаг дэвсгэрийн улсын тусгай хэрэгцээний газрыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн “в”-д зааснаар  хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах тухай шийдвэрийг сумын Засаг дарга гаргахаар байгаа ба маргаан бүхий газар нь тусгай хэрэгцээний газар болохын хувьд мөн хуульд зааснаар бусдад ашиглуулах болохоос эзэмшүүлж болохоор газар биш байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 1997 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн гуравдагч этгээд Д.Өд маргаан бүхий газрыг сумын Засаг даргаас 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр түүнд эзэмшүүлсэн  маргаан бүхий захиргааны акт нь хуульд заасан газар эзэмших насанд хүрээгүй иргэнд хуулиар зөвшөөрөгдөөгүй газрыг эзэмшүүлсэн хууль бус шийдвэр байх ба энэ талаарх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлтэй байна.

Гэвч уг газар нь тусгай хэрэгцээний газар болохын хувьд сумын Засаг даргаас нэхэмжлэгчид хуульд заасан журмаар тухайн газрыг ашиглуулах тухай шийдвэр гараагүй, нөгөө талаар уг газар нь байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс болохын хувьд уг бүсээс иргэний газар ашиглах эрх нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага нь ...байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс ...газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана, 37 дугаар зүйлийн  1-д сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасны дагуу үүсэхээр байна. Үүний дагуу нэхэмжлэгчтэй эрх бүхий этгээдээс маргаан бүхий газрыг ашиглуулах тухай гэрээ мөн байгуулаагүй, тухайн газрыг нэхэмжлэгч Хилийн 0285 дугаар ангитай байгуулсан “Хилийн зурваст нутаглаж байгаа ХХТХГ, иргэдтэй байгуулсан гурвалсан гэрээ”-гээр хаваржааны зориулалтаар ашигладаг гэх боловч уг гэрээний агуулга нь нэхэмжлэгчид уг газрыг ашиглуулах тухай биш байгаагаас гадна гэрээний хугацаа нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч маргаан бүхий газрыг хуульд заасан журмаар ашиглах эрхтэй этгээд биш байх ба гуравдагч этгээдэд тухайн газрыг эзэмшүүлсэн шийдвэр нь  нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн нь тогтоогдоогүй тул түүний нэхэмжлэлээр сумын Засаг даргын 2014 оны 80 дугаар захирамжийн холбогдох хэсгийг шүүхээс хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ. Учир нь хэдийгээр маргаантай захиргааны акт нь хууль бус боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар ...хүн, хуулийн этгээд нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл ...маргах эрхтэй тул уг шийдвэр нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэдэг үндэслэлээр  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин Газрын тухай  хуульд заасан журмаар гаргаагүй, хууль бусаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн 2014 оны 80 дугаар захирамжийн холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн  61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу Ногооннуур сумын Засаг даргаас уг шийдвэрийг хүчингүй болгох замаар захиргааны байгууллага, албан тушаалтан нь хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоох боломжтойг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн  16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн “в”,  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.М.Бын тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Д.Өд холбогдох хэсгийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.РИЗА