Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 1213

 

Д.Батбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/00756 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Батбилэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Тогтвортой амьжиргаа-3” төсөл хэрэгжүүлэх нэгж болон Сангийн яаманд холбогдох

 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах, нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй хохиролд 2 651 162 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 080 000 төгрөг, нийт 3 731 162 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Д.Батбилэгээс 2 525 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэх нэгжийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оргилсайхан, Б.Жигжид,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Батбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сангийн яам нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хооронд байгуулагдсан Санхүүжилийн хэлэлцээрийн дагуу “Тогтвортой амьжиргаа 3” төсөлийг хэрэгжүүлж байгаа. Сангийн яамнаас энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулсан бөгөөд 21 аймагт 5 хүний бүрэлдэхүүнтэй сум дэмжих багтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан.

Нэхэмжлэгч Д.Батбилэг нь Говь-Алтай аймгийн сум дэмжих багт хяналт- шинжилгээ, үнэлгээ, тайлан хариуцсан мэргэжилтнээр сарын 1 500 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан ба төсөл хэрэгжүүлэх нэгжээс ажилтнуудтай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан.

Хөлсөөр ажиллах гэрээг анх 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд байгуулсан ба гэрээний хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу 2 сарын хугацаагаар сунгасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг хэлнэ” гэж тодорхойлсон бөгөөд Д.Батбилэгийн ажиллаж байсан ажлын байр нь түр зуурын бус байнгын ажлын байр байсан.

Тодруулбал хөлсөөр ажиллах гэрээний хавсралт болох Ажлын байрны тодорхойлолт-д заасан ажил үүргийн хүрээнд ажлын 5 өдөр, амралтын 2 өдрийн давтамжтайгаар ажиллаж байсан. Мөн энэхүү ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг нь нэг удаагийн шинжтэй ажил үүрэг биш байнгын тогтмол, давтагдах шинжийг агуулсан ажил үүргүүд байгаа уг ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан байнгын ажлын байр болохыг харуулж байна. Түүнчлэн хөлсөөр ажиллах гэрээнд ажил үүрэг, амралт, цалин хөлс, ээлжийн амралтын харилцааг тусгаж зохицуулсан байгаа нь энэ байдлыг давхар нотолж байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн харилцаа нь хөлсөөр ажиллах гэрээний биш хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байгаа бөгөөд ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээний харилцааг цуцалж байгаа нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлах учиртай гэж үзэж байна. Гэтэл ажил олгогчийн зүгээс хуулийн энэхүү заалтыг баримтлаагүй.

Мөн Хөлсөөр ажиллах гэрээний 7.1-д “туршилтын 6 сарын хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж захиалагч нь ажилтантай байгуулсан гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн гэрээг 1 хүртэл жилээр сунгаж болно” гэж заасан боловч ийнхүү гэрээний биелэлтийг огт дүгнээгүй, нөгөөтэйгүүр төсөл хэрэгжүүлэх нэгж гэрээ байгуулсан байхад Сангийн яам шийдвэр гарган ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Иймд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлж, ажилгүйдлийн тэтгэмжид авах ёстой байсан хохирол 2 651 162 төгрөг, хөлсөөр ажиллах гэрээнд заасан ээлжийн амралтын олговор болох 1 080 000 төгрөг нийт 3 731 162 төгрөгийг хариуцагч Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэх нэгж, болон Сангийн яамнаас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оргилсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Батбилэгтэй Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ бус харин Иргэний хуулийн дагуу хөлсөөр ажиллах гэрээг байгуулж ажилласан юм.

Хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээнээс өөр харилцаагаар зохицуулагддаг бөгөөд хөлслүүлэгч нь тухайн иргэний нийгмийн даатгал төлөх, хөдөлмөрийн хуулиар олгогдсон амралт эдлүүлэх болон бусад үүрэг хүлээдэггүй.

Хөдөлмөрийн гэрээ нь тогтвортой, урт хугацаанд хэрэгждэг, хөдөлмөрийн хуульд заасан эрхийг эдлэх зэрэг давуу талуудыг олгодогоороо онцлогтой гэрээ юм. Бидний хэрэгжүүлж буй Тогтвортой амьжиргаа төсөл нь тодорхой хугацаанд буюу 3 жилд хэрэгжиж дуусах ёстой бөгөөд Хөдөлмөрийн хуульд заасан шиг тогтвортой ажлын байр биш юм. Хэдийгээр гэрээний 9.1-д зааснаар ажилтны жилд авах ээлжийн үндсэн амралтын хугацаа нь ажлын 15 өдөр байх ба гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх нээгдэнэ гэсэн боловч гэрээний 7.1-д заасны дагуу ажилчдын хөлсөөр ажиллах гэрээг 1 хүртэл жилээр сунгаагүй мөн гэрээний хугацаа дууссантай холбогдсон харилцаа үүссэн.

Гэрээний хугацаа нь дуусгавар болсон нь тухайн ажилтанд ямар нэгэн ээлжийн болон бусад амралт авах эрх нэгэн адил дуусгавар болж байх тул ээлжийн амралтын мөнгө олгох хуулийн болон гэрээний үндэслэл байхгүй юм.

Нөгөөтэйгүүр гэрээний 8 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох үндэслэл, журмыг зохицуулсан байх бөгөөд дараах 3 үндэслэлийг заасан байгаа. Үүнд

1. Гэрээний хугацаа дууссан, эсхүл гэрээт ажил дууссан

2. Захиалагч /Сангийн яам/ гэрээг цуцлах шийдвэр гаргасан

3. Ажилтны хүсэлтээр гэж тус тус заасан

Дээрх зохицуулалтаас харахад нэгдүгээрт: Гэрээний хугацаа дууссан, хоёрдугаарт: Захиалагч гэрээг цуцлах шийдвэр гаргах бүрэн эрхтэй байх бөгөөд уг эрхээ хэрэгжүүлсэн нь гэрээ болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн манай төслийн хувьд ажилчдын олговол зохих хөлсийг бүрэн олгож байсан өөрөөр хэлбэл гэрээний үүргээ хангалттай биелүүлэн ажиллаж байсныг энд дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жигжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх зүйл байхгүй. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хувьд бид нэгдмэл байр суурьтай байгаа учраас Д.Батбилэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Д.Батбилэгтэй байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д захиалагч нь ажилтны ажлын хөлсөнд сард 1 500 000 төгрөг төлөх бөгөөд үүнд хүн амын орлогын албан татвар, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл багтсан болно. гэж тодорхой заасан.

Үүнээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу үндсэн цалингаас 150 000 төгрөгийн татварыг суутган авч улсын төсөвт төлдөг байсан. Харин Нийгмийн даатгалын шимтгэлийг Д.Батбилэгийн гарт очих цалин дээр нэмж нийт 1 350 000 төгрөгийг cap бүр олгосон юм.

Тодруулбал энэхүү 1 350 000 төгрөгт ажил олгогчийн зүгээс төлөх ёстой 165 000 /1 500 000 х 11 хувь=165 000 төгрөг/ болон даатгуулагчаас төлөх ёстой 150 000 /1 500 000 х 10 хувь = 150 000/ төгрөг буюу нийт 315 000 /1 500 000 х 21 хувь=315 000/ төгрөг багтсан. Өөрөөр хэлбэл, даатгуулагчаас нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хасаж 1 035 000 төгрөгийг тухайн ажилтны гарт олгох ёстой юм.

Гэтэл манай зүгээс нэхэмжлэгч Д.Батбилэгт Нийгмийн даатгалын шимтгэл төлөх мөнгийг нь гэрээндээ заасны дагуу бэлнээр өөрт нь олгоод явж байсан учраас бидний түүнд өгсөн нийгмийн даатгалын шимтгэлийн нийт /8 х 315 000 төгрөг/ 2 520 000 төгрөгийг гаргуулан бидэнд олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа иргэнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар заасан.

Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр cap бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу Д.Батбилэгийн ажилласан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгжээс заавал төлөхөөр байсан боловч төлөөгүй.

Хэрэв “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгж нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу төлсөн бол Д.Батбилэг нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүсэх байсан.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу ... бол нуусан ... орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заажээ.

Хуулийн энэ заалтаас үзэхэд хэрэв ажил олгогч ажилтны нийгмийн даатгалын шимтгэл ногдох ёстой орлогыг нь нууж шимтгэлийг нь төлөөгүй тохиолдолд ажил олгогч өөрөөс төлөх болон ажилтнаас төлөх ёстой байсан нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө бүрэн хариуцаж нөхөн төлөхөөр байгаа тул хариуцагч ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг одоо ажилтнаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгж нь сум дэмжих багт ажиллаж байсан 105 хүний нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүй бөгөөд энэ дүн нь нийт 200 орчим сая төгрөг болж байгаа бөгөөд эдгээр хүмүүс харин ч өнөөдрийг хүртэл энэ асуудлаар нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл, гомдол гаргаагүй хүлээцтэй хандаж байгаа бөгөөд хариуцагч нар нь энэ байдлаар нэхэмжлэгчийг хохироосоор байх юм бол цаашид нийгмийн даатгалын байгууллагад гомдол гаргаж уг төсөл хэрэгжүүлэх нэгжид нийгмийн даатгалын асуудлаар нь шалгалт оруулна гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Иймд Сангийн яам болон “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгжээс Д.Батбилэгт холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 2 520 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-д тус тус зааснаар хариуцагч Сангийн яам болон “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгжээс хувь тэнцүүлэн 1 080 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Батбилэгт олгож, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах, Нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй хохиролд 2 651 162 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Д.Батбилэгээс 2 520 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Сангийн яам болон “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгжийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Батбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 30 470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагч нар нь улсын сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс Д.Батбилэг болон төслийн нэгжийн хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ мөн байна, хөдөлмөрийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна гэж үнэлж шийдвэрлэсэн боловч ээлжийн амралтын зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан ээлжийн амралт бодох заавар, зохицуулалтаар бодож шийдвэрлэсэн нь илт хуулийг буруу хэрэглэж, логик уялдаа холбоогүй байдлаар шийдвэрлэсэн юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд “...Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна” гэж заасан энэ зохицуулалт нь хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад хамаарахгүй бөгөөд зөвхөн Иргэний хуулийн дагуу талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээгээр амралтын харилцаа зохицуулагдах ёстой юм.

Тиймээс Хөлсөөр ажиллах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т “...гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх нээгдэнэ” /шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг 8 дахь хуудаст гэрээний 9.1-д заасан “нээгдэнэ” гэснийг шийдвэрт “эдэлнэ” гэж буруу бичсэн байна/ гэж, мөн 9.2 дахь хэсэгт “...жилийн дундаж цалин хөлсний хэмжээг 20 хувиар бууруулан ээлжийн амралтын олговрыг олгоно” гэж тус тус заасан.

Гэрээнд заасан эдгээр зохицуулалт нь ажилтан заавал амралт авах зохицуулалт биш, мөн ажил олгогч заавал ажилтныг амраах зохицуулалт ч биш, өөрөөр хэлбэл, тухайн ажилтанд амрах эрхээ эдлэх эрх нээгдэж байгааг илэрхийлж байна. Мөн хэрэв ажилтан нь амрахаар бол авч байгаа хөлсийг нь 20 хувиар хасаж олгох ёстой юм. Тодруулбал ажилтан гэрээний 9.1-д заасан эрхээ эдлээгүй байхад Сангийн яам, Тогтвортой амьжиргаа-3 төслийн нэгжээс амралтын мөнгө бодож олгох гэрээний үүрэг үүсэхгүй. Харин Д.Батбилэг амраагүй тул түүнд олгох ёстой амралтын хөлс тооцохгүйгээр гэрээний хөлсийг бүтнээр нь олгосон юм. Д.Батбилэг гэрээнээс үүдэж хохирсон асуудал байхгүй ба бид гэрээнд заасан хөлсийг cap бүр бүрэн олгосон юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн “Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа-3 төсөл хэрэгжүүлэх нэгжээс хувь тэнцүүлэн 1 080 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Батбилэгт олгож” гэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Батбилэг нь хариуцагч “Тогтвортой амьжиргаа-3” төсөл хэрэгжүүлэх нэгж болон Сангийн яаманд холбогдуулан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах, нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй хохиролд 2 651 162 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 080 000 төгрөг, нийт 3 731 162 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчид эс зөвшөөрч, харин Д.Батбилэгээс 2 525 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн 5487 МН дугаар бүхий “Тогтвортой амьжиргаа-3 төсөл” Санхүүжилтийн хэлэлцээр байгуулагдаж, улмаар Монгол улсын Сангийн сайдын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 104 дугаартай Төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулах тухай тушаал болон түүний хавсралтаар Төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц бүрэлдэхүүний журмыг, мөн Монгол улсын Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаартай Журам батлах тухай тушаалаар Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмыг тус тус хавсралтаар баталсан байна.

 

Дээрх хэлэлцээр болон журмыг үндэслэн Төсөл хэрэгжүүлэх нэгж нь нэхэмжлэгч Д.Батбилэгтэй 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хөлсөөр ажиллах гэрээг байгуулж, “Тогтвортой амьжиргаа 3” төслийн Говь-Алтай аймгий Сум дэмжих багийн ахлагч-хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 6 сарын хугацаатай, сард 1 500 000 төгрөгийн хөлстэй, уг ажлын хөлсөнд хүн амын орлогын албан татвар, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл багтахаар тохиролцож, гэрээний хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаагаар сунгасан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. /хэргийн 5-13 дугаар тал/

 

Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаартай Журам батлах тухай тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 16 дугаар зүйлийн 16.6, 16.7-д тус тус заасны дагуу талууд 1 жилээс хэтрэхгүй хугацаагаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан тул гэрээний талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж, мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж үзнэ. Түүнчлэн талуудын хооронд гэрээ байгуулагдах болсон нөхцөл байдал нь төслийг хэрэгжүүлэх санхүүжилтын хэлэлцээр, батлагдсан журамд заасан тодорхой зорилго, чиг үүргийг хэрэгжүүлэх санхүүжилттэй холбоотой тул байнгын ажлын байр гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй юм.

 

Монгол Улсын Сангийн яамны 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 9-2/6003 тоот “…төслийг санхүүжүүлэгч эдгээр олон улсын байгууллагуудтай хийгдсэн яриа хэлэлцээрээр “Тогтвортой амьжиргаа 3” төслийн баримт бичиг нь 2012 онд боловсруулагдсан, өнөөгийн нөхцөл байдалд төдийлөн нийцэхгүй байгаа тул төслийн дизайн, хэрэгжилтийн зохицуулалтыг эргэж харж, бүтцийн өөрчлөлт зайлшгүй хийх шаардлагатай гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн” гэсэн албан бичгээр ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож, дахин сунгахгүй болохыг мэдэгдсэн нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн уг мэдэгдлийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Д.Батбилэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх дээрх хугацаанд уг гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг нэхэмжлэгч буюу ажиллагч нь зохих ёсоор биелүүлсэн талаар зохигч маргаагүй бөгөөд 2016 оны 02 дугаар сараас 9 дүгээр саруудын Сум дэмжих багийн гишүүдийн цалингийн гүйлгээний жагсаалт, зохигчдын тайлбар зэргээр ажиллуулагч буюу хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ныг дуустал хугацаанд ажлын хөлсийг бүрэн төлсөн нь тогтоогдсон буюу энэ талаар талууд хэн аль нь маргаагүй байна.

 

Гэрээгээр тохиролцсон 1 500 000 төгрөгийн хөлснөөс хүн амын орлогын албан татварыг хариуцагч тохиролцсоны дагуу суутгаж, харин нийгмийн даатгалын шимтгэлийг суутгалгүй 1 350 000 төгрөгийг сар бүр нэхэмжлэгчид төлсөнийг үгүйсгээгүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлд 200 000 төгрөгийг сар бүр нэхэмжлэгч төлсөн нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, талуудын тайлбараар тогтоогдсон ба хариуцагч сар бүрийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, төлөх үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмж авалгүй хохирсон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан баримтаар нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэж хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй боловч гэрээний бус үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу болжээ.

 

Харин хариуцагч гэрээгээр тохиролцсоны дагуу ажлын хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэлийг оруулан тооцож, нэхэмжлэгчид төлөх үүргээ хэрэгжүүлсэн тул буцаан шаардах эрхгүй гэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний 9.1-д “Ажилтны жилд авах ээлжийн үндсэн амралтын хугацаа нь ажлын 15 өдөр байх ба гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх нээгдэнэ” гэж заасан бөгөөд талуудын тохиролцсон 8 сарын хугацаа дуусаж, гэрээ дуусгавар болж, уг гэрээгээр тохиролцсон хөлсийг хариуцагч бүрэн төлсөн тул нэхэмжлэгч ээлжийн амралт эдлэх болон гэрээний 9.2-т заасан хөлс шаардах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл, гэрээ хүчин төгөлдөр байх үеийн ажлын хөлсийг хариуцагч бүрэн төлсөн бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш нэхэмжлэгч ээлжийн амралт, тэр хугацааны хөлсийг хариуцагчаас шаардах эрх үүсэхгүй юм. /хэргийн 32-47 дугаар тал/

 

Гэтэл анхан шатны шүүх гэрээ дуусгавар болсноос хойшхи хугацаанд ээлжийн амралт тооцож, хариуцагчаас хөлс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                     

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/00756 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах, нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй хохиролд 2 651 162 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 080 000 төгрөг, нийт 3 731 162 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Батбилэгийн нэхэмжлэлийн шаардлага, түүнд олгосон нийгмийн даатгалын шимтгэл  2520 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай Сангийн яам болон Тогтвортой амжиргаа 3 төсөл хэрэгжүүлэх нэгжийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАТЗОРИГ  

                       

                                                          ШҮҮГЧИД                            Т.ТУЯА     

                    

                                                                                          С.ЭНХТӨР