Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1255

 

 

 

 

 

 

 

  

2017 оны 05 сарын 08 өдөр     Дугаар 181/ШШ2017/01255         Улаанбаатар хот      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр 5-н давхарт 505 тоотод бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Өнгөт хэвлэлийн байр, 2 давхарт байрлах “Ард даатгал” ХХК /РД:2062089/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгойн гудамж, Согоот 3 тоотод оршин суух, Боржигон овогт Дашпунцагийн Хуягбаатар /РД:ЧД59062074/-т холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрийн шаардах /шилжсэн/ эрхээс үүссэн үүрэгт  668,252 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Иргэн Д.Хуягбаатар нь 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Юнител” ХХК-тай “Үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ” байгуулж 88090556 дугаар дээр 12 сарын хугацаатайгаар 720,000 төгрөгийн үнэтэй “Самсунг галакси нөүт 2” гар утас зээлээр худалдан авч, сар бүр 60,000 төгрөгийн суурь хураамж төлөх үүрэг хүлээсэн боловч иргэн Д.Хуягбаатар нь үүргээ зөрчиж, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй.

Гэрээний хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 437,168 төгрөг байна. Гэрээний 5 зүйлийн 5.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцсон.

“Ард даатгал” ХХК нь “Юнител” ХХК-тай “Төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр “Юнител” ХХК-ийн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдолд үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно гэж заасан тул “Ард даатгал” ХХК нь даатгалын нөхөн төлбөрт 541,951 төгрөгийг төлсөн.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гаргасан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.

Иймд иргэн Д.Хуягбаатарын төлбөрийн үлдэгдэл, алдангийн хамт 655,752 төгрөгийг “Эй Эс Партнерс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулахад гарсан зардал болох 2,500 төгрөг, нэхэмжлэлийн зохих баримтуудыг баталгаажуулахад гарсан зардал болох 10,000 төгрөг, нийт 668,252 төгрөгийг Д.Хуягбаатараас гаргуулж “Ард даатгал” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Иргэн Д.Хуягбаатар би 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Юнител” ХХК-тай гэрээ байгуулж, 88090556 дугаар дээр 12 сарын хугацаатай 720,000 төгрөгийн үнэтэй “Самсунг” маркийн гар утас зээлээр авч, сар бүр 60,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Уг утсыг өөрийн хүү Х.Батболдод өөрийн нэр дээр авч өгсөн.

Х.Батболд нь сар бүрийн төлөлтийг төлж явсан ба өөрийн найз н.Галбадрах гэдэг хүүд шилжүүлэн өгч зээл төлөлтийг энэ үеэс н.Галбадрах хариуцаж төлөхөөр болсон.

Тухайн үед би “Юнител” ХХК-тай холбогдож уг зээлийг н.Галбадрах гэдэг хүнд шилжүүлсэн сар бүрийн төлөлтийг н.Галбадрах нь хариуцаж төлнө гэдгийг мэдэгдэж холбогдох бүртгэлийг хийлгэж өгөхийг хүссэн.

Мөн би өөрийн хүү Х.Батболдоор дамжуулж н.Галбадрахыг “Юнител” ХХК-ийн хуулийн зөвлөх, гэрээт өмгөөлөгчтэй уулзуулж өргөдлийг өгүүлэн зөвшөөрлийг авсан. Уг өмгөөлөгч хуулийн зөвлөх нь манай хүү Х.Батболд руу ярьж н.Галбадрах бид хоёр гэрээгээ байгуулсан. Өргөдлийг нь авч холбогдох утас, гэрийн хаягийг нь авлаа. Одоо уг зээл та нарт хамаагүй гэж хэлсэн.

Түүнээс хойш “Юнител” ХХК-ийн зүгээс над руу энэ асуудлаар нэг ч удаа холбогдоогүй. Иймд н.Галбадрахыг зээлээ төлөөд авч байна гэж ойлгосон.

Иймээс “Ард даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, талуудын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК нь хариуцагч Д.Хуягбаатараас даатгалын нөхөн төлбөрийн шаардах /шилжсэн/ эрхээс үүссэн үүрэгт нөхөн төлбөр 541,951 төгрөг, алданги 113,801 төгрөг, нотариатын зардалд 12,500 төгрөг, нийт 668,252 төгрөг гаргуулахаар шаардаж байна.    

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаснаас өөрөөр татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тов мэдсэн атлаа шүүх хуралдаанд оролцох замаар хуульд заасан мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, хуралдаан хойшлуулах талаарх санал, хүсэлтийн алиныг ч шүүхэд ирүүлээгүй тул шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй хариуцагч талын эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Д.Хуягбаатар нь “Юнител” ХХК-ийн 88090556 дугаарын хэрэглэгчийн хувьд тус компанитай 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ” байгуулж, 720,000 төгрөгийн үнэтэй “Самсунг Галакси нөүт 2” маркийн гар утсыг сар бүр 60,000 төгрөгийг 12 сарын хугацаанд хуваан төлөхөөр тохиролцож, худалдаж авсан бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 01-ний байдлаар 542,167.90 төгрөгийг төлөх үүргээ Д.Хуягбаатар биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Талууд гэрээ байгуулагдсан эсэх болоод төлөгдөөгүй төлбөрийн хэмжээнд маргаагүй болно.

 

            “Юнител” ХХК нь “Ард даатгал” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр uni13/466 дугаартай “Үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээний төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ”-г байгуулсан байна.

 

            Энэхүү гэрээний дагуу “Ард даатгал” ХХК нь Д.Хуягбаатарын төлбөр төлөх үүргээ зөрчсөнөөс “Юнител” ХХК-д үүссэн хохирлын нөхөн төлбөрт 541,951 төгрөгийг төлсөн болох нь “Юнител” ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 01/1245-23 тоот албан бичгээр нотлогдсон байна.

 

            Иймд “Ард даатгал” ХХК нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 болон Үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээний төлбөрийн тасалдлын даатгалын гэрээний 4.8-д заасны дагуу “Юнител” ХХК-д даатгалын нөхөн төлбөрт төлсөн 541,951 төгрөгийг, үүнтэй холбогдон гарсан зардлын хамт Д.Хуягбаатараас шаардах эрхтэй гэж үзнэ.

 

            Харин хуулийн дээрх зохицуулалт болон даатгалын гэрээнд зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр тодорхойлогдох тул даатгалын нөхөн төлбөрт одоо алдангид шаардаж буй 113,801 төгрөгийг төлсөн байдлаа баримтаар нотлоогүй нэхэмжлэгчийг нэмж алданги шаардах эрхгүй гэж үзлээ.

 

            Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь нотариатын зардалд 10,000 төгрөг төлсөн нь нотлогдоогүй, харин 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 2,500 төгрөгийг нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн нь мөнгөний тасалбар болон “Эй Эс партнёрс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн тамган дээрх тэмдэглэгээ зэргээр тогтоогдсон тул шүүх 2,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хариуцагч нь “Юнител” ХХК-аас худалдаж авсан гар утасны үнийг төлөх үүргийг н.Галбадрахад шилжүүлсэн гэж тайлбарласан боловч гэрээний үүрэг Д.Хуягбаатараас өөр хүнд шилжээгүй талаар “Юнител” ХХК 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 01/719 тоот албан бичгээр тайлбарласан тул шүүх хариуцагчийн татгалзлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

            Иймд Д.Хуягбаатараас нийт 544,451 төгрөгийг гаргуулж “Ард даатгал” ХХК-д олгож, “Ард даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 123,801 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг баримтлан Д.Хуягбаатараас 544,451 төгрөг гаргуулж “Ард даатгал” ХХК-д олгож, “Ард даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 123,801 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,588 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА