Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/320

 

 

 

 

 

 

 

 

  2021          03           26                                       2021/ШЦТ/320

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Д.Ганчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Туяамандах,

шүүгдэгч М.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Дөлгөөнд холбогдох эрүүгийн 2008016670164 дугаартай нэг хавтас хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Бест бейкери” ХХКомпанид худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 01 дүгээр гудамжны 76 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.Д

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

         Яллагдагч М.Дөлгөөн нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Монжүүс” ХХКомпанид худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа буюу 2019 оны 06 дугаар сарын 01-ээс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд “Монжүүс” ХХКомпанийн итгэмжлэн хариуцуулсан ундаа, жүүс борлуулсны орлого 4.970.290 төгрөгийг авч завшин 4.970.290 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бөгөөд хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар мэдүүлэхдээ:

 

Шүүгдэгчээс: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс: “Дөлгөөн нь 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Манай байгууллага сар бүрийн эцэст тооцоо нийлдэг. Дөлгөөнтэй 2019 оны 6, 7 дугаар сард тооцоо нийлэх үед мөнгө дутаагүй. Гэтэл 2019 оны 8 дугаар сард тооцооны асуудал гарсан. Яагаад тооцоо дутсан талаар Дөлгөөнөөс асуутал “хоёр байгууллага тооцоогоо 9 дүгээр сард өгнө гэсэн” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 9 дүгээр сард Дөлгөөнтэй тооцоо нийлэхэд өмнөх дутуу тооцоо хийгдээгүй байсан. Байгууллагын зүгээс Дөлгөөнийг борлуулалтын албаны даргатай хамт тооцоо дутуу харилцагч байгууллагуудтай уулзахаар явах замдаа Дөлгөөн “би өөртөө ашигласан” гэдгээ хэлсэн байдаг. 2019 оны 10 дугаар сард “дутуу тооцоог яагаад төлөхгүй” байгааг асуухад “тухайн мөнгийг Солонгос руу хөрөнгө оруулсан. Би бага багаар төлж барагдуулна” гэж хэлээд 1 жил өнгөрсөн. Огт төлөлт хийгээгүй тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Нийт 4.970.290 төгрөгийн хохирол учирснаас 970.290 төгрөгийг харилцагч байгууллагын тооцоо дутуу байсныг олж мэдээд тухайн харилцагч байгууллагаар төлүүлсэн. Үлдсэн 4.000.000 төгрөгөөс Дөлгөөн нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Манай байгууллагын зүгээс Дөлгөөнөөс 3.500.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

   - Гэрч Л.Цогзолмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“Монжүүс” ХХКомпанид М.Дөлгөөн нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. М.Дөлгөөн нь Баянзүрх дүүрэгт байрлах 36  хүнсний дэлгүүрүүдээс захиалга авч зээл өгөх болон зээлээр борлуулсан бараа бүтээгдэхүүний төлбөр, мөнгийг бэлнээр авч байгууллагын дансанд тушаах үүрэгтэй. Харилцагч дэлгүүрийн өрөлт хураалтыг шалгах, хугацаа дууссан барааг буцаан татах ажиллагааг хийж гүйцэтгэн ажилладаг. Мөн харилцагч дэлгүүрээс сарын сүүлд зээлээр авсан барааны төлбөрийг төлүүлж барагдуулан байгууллагын дансанд шилжүүлэх, бэлнээр мөнгийг авч байгууллагын дансанд тушаах үүрэгтэй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-20 дугаар хуудсанд),

 

            - “Монжүүс” ХХКомпанийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” тушаал (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),

- Авлага, өглөгийн товчоо (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

            - Зарлагын баримтууд (хавтаст хэргийн 96-130 дугаар хуудас),

 

            - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Туяамандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:            “...М.Дөлгөөн нь “Монжүүс” ХХКомпанид худалдааны төлөөлөгчөөр 2019 оны 06 дугаар сарын 01-ээс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллахдаа 4.970.290 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авснаас 4.000.000 төгрөгийг хувьдаа завшсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-67 дугаар хуудас)

 

   - Шүүгдэгч М.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...02-93УБВ улсын дугаартай “Honda insight” машиныг “Нэт капитал лизинг” ХХКомпаниас зээлээр авсан байсан. Зээлээ төлж чадахгүй, бараа борлуулсан орлогын 4.000.000 төгрөгөөс машины зээлээ төлөөд үлдэгдэл мөнгийг нь хэрэглээндээ хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 178-179 дүгээр хуудас),

 

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтас хэргийн 26 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 25 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Дөлгөөнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

    Шүүгдэгч М.Дөлгөөн нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монжүүс” ХХКомпанид худалдааны төлөөлөгчөөр 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр томилогдож 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллах явцдаа албан тушаалын байдлаа ашиглан “Монжүүс” ХХКомпанийн итгэмжлэн хариуцуулсан ундаа, жүүс борлуулсан орлогын мөнгө 4.000.000 төгрөгийг авч хөрөнгийг завшиж, бусдад хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Туяамандахын “...М.Дөлгөөн нь “Монжүүс” ХХКомпанид худалдааны төлөөлөгчөөр 2019 оны 06 дугаар сарын 01-ээс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллахдаа 4.000.000 төгрөгийг хувьдаа завшсан...” гэсэн мэдүүлэг (хх62-67),  

- гэрч Л.Цогзолмаагийн “...М.Дөлгөөн нь манай компанитай харилцагч хүнсний дэлгүүрүүдээс захиалга авч барааг зээлээр өгөх, зээлээр борлуулсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлүүлэх, бэлнээр авч байгууллагын дансанд шилжүүлэх, тушаах үүрэгтэй...” гэсэн мэдүүлэг (хх17-20),

- “Монжүүс” ХХКомпанийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр М.Дөлгөөнийг худалдааны төлөөлөгчөөр “Ажилд томилох тухай” тушаал (хх-24),

- Авлага, өглөгийн товчоо, зарлагын баримтууд, дотоодын хяналт хийж шийдвэрлэсэн тухай акт (хх-30, 96-130, 29),   

- Шүүгдэгч М.Дөлгөөн нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч М.Дөлгөөн нь “Монжүүс” ХХКомпанид 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн худалдааны төлөөлөгчөөр томилогдон /хх-24/, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээг байгуулан /хх27-28/ ажиллах хугацаандаа уг компанийн итгэмжлэн хариуцуулан олгосон ундаа, жүүс борлуулсны төлбөрийг байгууллагын дансанд тушаалгүйгээр 4.000.000 төгрөгийг хувьдаа завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө хууль бусаар авсан нь завших гэмт хэргийн үндсэн шинж болох бөгөөд прокуророос түүнийг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул тус зүйл, хэсэгт зааснаар М.Дөлгөөнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.Дөлгөөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

           - Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “ уг гэмт хэргийн улмаас “Монжүүс” ХХКомпанид бодитоор 4.000.000 төгрөгийн хохирол учирснаас М.Дөлгөөн 500.000 төгрөгийг төлсөн, үлдэх 3.500.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-30, 62-67, 96-130/-ийг өгсөн.

          Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас 4.970.290 төгрөгийг хохирол учруулсан гэж бичсэн боловч “Монжүүс” ХХКомпани нь бараа нийлүүлсэн аж ахуй нэгжүүдээс хохирлын үнийн дүнд орсон 970.290 төгрөгийг авсан, үлдэх 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаагаа мэдүүлсэн ба хохирогч, шүүгдэгч нарын хэн аль хохирлын хэмжээ, нөхөн төлсөн төлбөр болон үнийн дүнгийн талаар маргаагүй, шүүгдэгчээс 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлсэн.

Иймд шүүгдэгч М.Дөлгөөн нь уг гэмт хэргийн улмаас “Монжүүс” ХХКомпанид нийт 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон тул шүүгдэгчийн төлсөн 500.000 төгрөгийг хасаж, үлдэх хэсэг буюу 3.500.000 төгрөгийг түүнээс гаргуулж хохирогч “Монжүүс” ХХКомпанид олгохоор шийдвэрлэв.

 

          II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

          Улсын яллагчаас “М.Дөлгөөнийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй“ гэх дүгнэлтийг гаргасныг,

          шүүгдэгчээс “хорих ял оногдуулахгүй шийдвэрлэж өгнө үү“ гэх дүгнэлтийг гаргасан болно.

          Шүүгдэгч М.Дөлгөөн нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

          Шүүх шүүгдэгчид эрүүгийн хуульд заасан хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирол төлбөрийг бүрэн гүйцэд нөхөн төлөөгүй, үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид хуульд заасан торгох ял оногдуулах нь хуульд үл нийцнэ гэж дүгнэн, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.   

          Иймд шүүгдэгч М.Дөлгөөнд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй, учруулсан хохирол зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Дөлгөөнд хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон ба ингэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлээс гадна “тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” байх нөхцөл, шаардлагыг шүүгдэгчийн хувьд хангаагүй буюу хохирол, хор уршгийг арилгаагүй тул улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх” талаар дүгнэлтийг Шүүх хүлээн авах шаардлагагүй болно.  

 

          Бусад асуудлаар:

          Эрүүгийн 2008016670164 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.Дөлгөөн нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Мөнхтуяагийн Дөлгөөнийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Дөлгөөнийг 2 (хоёр), жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Дөлгөөнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Дөлгөөнөөс 3.500.000 (гурван сая таван зуун мянган) төгрөгийг гаргуулж, хохирогч “Монжүүс” ХХКомпанид олгосугай.

 

5. Эрүүгийн 2008016670164 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  М.Дөлгөөн нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, М.Дөлгөөнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            7. Шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Дөлгөөнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БЯМБААБААТАР