Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1253

 

  

 

 

 

 

 

        

2017 оны 05 сарын 08 өдөр     Дугаар 181/ШШ2017/01253         Улаанбаатар хот      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 28-1 тоотод оршин суух, Өөлд овогт Ядамсүрэнгийн Отгонтуяа /РД:ЧБ68072900/-ын нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах,  Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Отгонтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир, нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч тал /нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч/-ын тайлбарт:

Би 2012 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Амьжиргаа дэмжих судалгааны ажилд явж, сайн ажилласан учир 2 дугаар хорооны Засаг даргын хүсэлтээр 2013 оны 1 дүгээр сараас 2 дугаар хорооны 3 дугаар хэсгийн ахлагчаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс ар гэрийн гачигдлаар тэр сарыг дуустал Засаг даргаас чөлөө авсан. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орох гэтэл Засаг дарга өөрийн сонгуулийн ажилд яваагүй, цэргийн зарлан тараагаагүй, муу ажилласан гээд ажиллуулахгүй гэсэн. Би хүүхдээрээ зарланг тараалгасан. Тэр өдрөө хурал хийж намайг ажлаас чөлөөлсөн.

Уг хурлын протоколд миний хэлснийг ер бичээгүй байсан. Би хурал дээр өөрийн хийсэн ажлыг хэлж, бусад хэсгийн ахлагч нарын ажлаа хэрхэн хийдэг талаар хэлсэн байгаа. Би 2015 онд ганцаараа өрхийн бүртгэл хийж байсан.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчиж, мөн хуулийн 3.1.15-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулсан байна. Энэ үүднээсээ зохигчдын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээ гэж үзэхээр байгаа. Гэрээнд заасан гүйцэтгэх ажил нь хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад хамаарахгүй, харин хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэх ажилд хамаардаг. Хөлсөөр ажиллах гэрээгээр хэзээ ч ажилд томилдоггүй. Гэтэл хэсгийн ахлагч нь томилогддог ажил. Мөн хөлсөөр ажиллах гэрээгээр ажилладаг ажилтанд хариуцлага тооцдоггүй. Гэтэл зохигчдын хооронд байгуулсан гэрээнд хариуцлага тооцох зохицуулалт орсон. Үүнээс үзэхэд зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх хуультай. Гэтэл ажлаас халсан тушаалд энэ талаар байхгүй.

Ажил олгогч зөрчлийг өөрөө илрүүлээгүй, хорооны засаг даргын албан бичгээр зөрчлийг тогтоогдсон гэж үзэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй.

Засаг дарга н.Энхмаа нь хувийн өс хонзонгоор надад хандаж ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Би ажилдаа хариуцлагатай үнэнчээр хандаж, шударгаар ажлаа хийдэг байсан. Үүнийг шагналын талаарх баримт нотолно. Иймд нэхэмжлэлийг хангаж,  намайг 2 дугаар хорооны 3 дугаар хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж,  нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү.

Мөн цагдаа эргүүлийн ажилд мөн томилж өгнө үү. Намайг 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр халсан бол би гомдохгүй байсан. Өмнө халсан учир гэнэт халагдсаны мөнгө авч чадахгүй, ажилгүйдлийн тэтгэмж авахгүй болсон учир гомдсон гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Я.Отгонтуяа нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 3 дугаар хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэн хэмжээний урамшуулал олгодог байсан. Я.Отгонтуяа нь 2016 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын ажлыг гүйцэтгэх үүргээ хангалтгүй биелүүлсэн. Энэ нь нотлогдсон. Сая хэллээ хүүхдээрээ зарлан тараалгасан гэж. Хөлсөөр ажиллах гэрээнд заасан ажлыг бусдаар гүйцэтгүүлэхийг хориглосон. Энэ зөрчил нь хөлсөөр ажиллах гэрээг цуцлах үндэслэл болсон. Улмаар цаг үеийн шинжтэй чухал ажлаа дутуу хийсэн учир хорооны Засаг дарга нь албан бичиг ирүүлж бид гэрээ болон дүрэмд заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цагдаа эргүүлтэй холбоотой шаардлага гаргаагүйг шүүх анхаарна уу гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга ажилтай, Наранбошигт овогт Мижиддоржийн Энхмаа /РД:УД64042404/ өгсөн мэдүүлэгтээ:

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд 4 хэсгийн ахлагч ажилладаг. Засаг даргын үүрэг, даалгавар тогтоох шийдвэрийг ард иргэдэд хүргэж ажиллах үүрэгтэй. Манай хорооны хэсгийн ахлагч Я.Отгонтуяа нь өрхийн бүртгэлийн дэвтрийг байнга гэрлүүгээ авч явдаг байсан. Үүнийг нь би өөрт нь хэлж ярьж байсан. Өрхийн дэвтэр хэрэгтэй үед байх ёстой газраа байдаггүй байсан. Я.Отгонтуяад 2-3 удаа хэлж сануулж байсан. Энэ зөрчлөөс гадна 2016 оны 10 дугаар сарын цэрэг татлагын үед ноцтой алдаа гаргасан. Энэ хороонд би өөрөө амьдардаг. Манай 2 хүүд орой гэртээ амарч байхад 1 хүн ирж цэргийн зарлан өгсөн. Тэр нь огт танихгүй хүн байсан. Я.Отгонтуяад энэ талаар хэлсэн. Маргааш нь Я.Отгонтуяагийн хүү н.Чойжилсүрэн хэдэн зарлан дуудах хуудас барьчихсан явсан. Би уг зарланг нь хураан авч энэ тухай зохион байгуулагч болон Я.Отгонтуяад хэлсэн. Хэлээд байхад дахин зөрчил гаргасаар байсан. Хэсгийн ахлагч нар өөрсдөө зарлан дуудах хуудсыг тараах үүрэгтэй.

Хэсгийн ахлагч нар өглөө 8 цаг 30 минутаас 17 цаг 30 минутын хооронд ажлаа гүйцэтгэдэг байсан. Я.Отгонтуяагийн тухайд хамт олны халуун дулаан уур амьсгал алдагдуулдаг, өрхийн дэвтэр гэрлүүгээ авч явдаг зөрчлөө удаа дараа арилгаагүй, цэргийн зарланг өөрөө тараа ёстой байтал биечлэн гүйцэтгээгүй зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан учир би хөлсөөр ажиллах гэрээг цуцлах саналаа хүргүүлсэн гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Отгонтуяа нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргасан. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Я.Отгонтуяа нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “хөлсөөр ажиллах гэрээ”-ний үндсэн дээр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 3 дугаар хэсгийн ахлагчаар ажиллаж байгаад Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/222 тоот тушаалаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр мөн өдрөөс гэрээг цуцалснаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга нь тушаал гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Иргэний хуулийн 359, 365 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Журам батлах тухай” 30/24 дүгээр тогтоол, хэсгийн ахлагчидтай байгуулсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 2.1.5 дахь заалтыг тус тус үндэслэсэн байна.

 

Талууд гэрээ байгуулсан эсэх, уг гэрээний үндсэн дээр Я.Отгонтуяа нь хэсгийн ахлагчаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан байдал, сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг авдаг байсан зэрэг үйл баримтад маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч нь байнгын ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “...Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн, зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн тул ажлаас чөлөөлсөн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн заалтад үндэслэж гарах ёстой, ингэж гаргаагүй нь ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж нөхцлийг бүрдүүлж байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шаардсан.

 

Хариуцагч хөлсөөр ажиллах гэрээ нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн журам батлах тухай 30/24 дүгээр тогтоолд нийцнэ, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан гэрээг 1 талын санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй гэж маргасан.

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 дүгээр тогтоолоор “Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах” журмыг баталж, Монгол Улсын хууль, тогтоомж төрийн байгууллагын үндсэн ажиллагааны чиглэлээр батлан гаргасан шийдвэрийг хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хөнгөн шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хорооны Засаг даргатай байгуулсан хөлсөөр ажиллах гурвалсан гэрээний үндсэн дээр иргэнээр гүйцэтгүүлэхээр болж, хэсгийн ахлагч нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байх ба энэ журам өнөөдөр хүчин төгөлдөр байна.

 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 тоот захирамжаар тус дүүргийн хэмжээнд нийт 182 хэсгийн ахлагч ажиллуулахаар тогтоосны дагуу тус дүүргийн Засаг даргын тамгын газар нь 2 дугаар хорооны Засаг дарга М.Энхмаа болон 3 дугаар хороонд хэсгийн ахлагчаар ажиллах Я.Отгонтуяа нартай 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 02/03 тоот хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан энэ гэрээнээс үзвэл хэсгийн ахлагч нь төрийн шийдвэрийг хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хөнгөн шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын ажлын албаны ажилтнуудаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь шуурхай биелүүлж, биелэлтийг холбогдох албан тушаалтанд тайлагнах зэрэг тодорхой ажлуудыг гүйцэтгэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр урамшуулал авдаг, хөдөлмөрийн дотоод журам, ажлын цагт хатуу захирагддаггүй, гэрээт ажилтан байхаар тохиролцсон байх тул шүүх хэсгийн ахлагчийн ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын байр гэж үзэх боломжгүй, харин талуудын тохиролцоог Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд шүүх зохигчдын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй тул маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүрэгтэй бөгөөд хэрэв талууд тохиролцоогүй бол ажил, үйлчилгээг ажиллагч биечлэн гүйцэтгэх үүргийг мөн хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1-д зааснаар хүлээдэг байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тохирсон ажил, үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлж болох тохиролцоо тусгагдаагүй байх тул Я.Отгонтуяа нь ажил, үүргийг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй гэж үзнэ.

 

Хөлсөөр ажиллах гэрээний 5.2-т “Хэсгийн ахлагч ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тохиолдолд урамшууллын хэмжээг хасаж олгох, удаа дараа ажил үүргээ хангалтгүй биелүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ажлын хариуцлага алдсан тохиолдолд хэсгийн ахлагчтай байгуулсан гэрээг цуцалж ажлаас чөлөөлнө” гэж гэрээ цуцлах нөхцлийг тодорхой заажээ.

 

Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр Я.Отгонтуяа нь гэрээт ажлыг биечлэн гүйцэтгэх Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1-д заасныг зөрчиж, 2016 оны 10 дугаар сарын цэрэг татлагын бэлтгэл ажлын явцад цэргийн зарлан дуудах хуудсыг өөрөө биш бусдаар /өөрийн хүүхдээр/ тараалгасан нь тогтоогдсон байна.

 

Харин үүнээс өөр гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй. Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 1-10 дугаар саруудын “Хороодын хэсгийн ахлагчийн ажлын үр дүнг тооцож урамшуулал олгох тухай” тушаалуудаас үзэхэд Я.Отгонтуяа нь сар бүр 100 хувиар тооцож урамшуулал авч байсан нь тогтоогдож байх тул түүнийг ажил үүргээ хангалтгүй биелүүлж байсан гэх хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Дээрхээс үзвэл Я.Отгонтуяа нь гэрээт ажлыг биечлэн гүйцэтгэх үүргээ 1 удаа зөрчсөн нь тогтоогдсон боловч энэхүү зөрчил нь хөлсөөр ажиллах гэрээний 5.2 дахь заалт болон Иргэний хуулийн 225, 367 дугаар зүйлд заасан гэрээг 1 талын санаачилгаар шууд цуцлах үндэслэлд хамаарахгүй байна гэж дүгнэлээ.

 

Иймд хариуцагч нь хөлсөөр ажиллах гэрээг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр цуцалсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь хэсгийн ахлагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ажилд эгүүлэн тогтоолгох гэж тодорхойлсон боловч энэ шаардлага нь агуулгын хувьд өмнө эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх хүсэл зоргийг илэрхийлж байгаа учир шүүх нэхэмжлэгчийг Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 3 дугаар хэсгийн ахлагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах нь талуудын зарчим болон хуульд харшлахгүй гэж үзэв.

 

Харин манай тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор яригдахгүй, хөлс яригдах боломжтой ч Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д ажил гүйцэтгэсний хөлсийг гэрээгээр тохирсон ажил, үйлчилгээг гүйцэтгэсний дараа шаардах эрх Я.Отгонтуяад үүсэх тул шүүх ажилгүй буюу ажил гүйцэтгээгүй байсан хугацааны урамшуулалтай тэнцэх олговор шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохирол шаардаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Тэрчлэн энэ маргаанд Хөдөлмөрийн тухай хууль бус Иргэний хуулийн зохицуулалт үйлчилж байгаа, урамшуулал буюу ажил гүйцэтгээгүй үеийн хөлсийг хариуцагчаас олгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн тул хариуцагч эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлөх, дэвтэрт бичилт хийх үүрэггүй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр шүүх Я.Отгонтуяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, түүнийг Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 3 дугаар хэсгийн ахлагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй тул нэхэмжлэгчээс 114,084 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас хангагдсан шаардлагын хэмжээгээр 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д заасныг тус тус баримтлан Я.Отгонтуяаг Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 3 дугаар хэсгийн ахлагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаж, Я.Отгонтуяагийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Я.Отгонтуяагаас 114,084 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА