| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0462/и |
| Дугаар | 000462 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 000462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд 1962 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, малчин, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт тус сумын 3 дугаар багийн нутаг Улаан асга гэх газарт оршин суух “Тангад” овогт Чойжинсүрэнгийн Энэбиш /РТ-62022871/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Ч.Энэбиш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Энэбиш шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 10 жилийн сургуулийн 10-р ангийг 1981 төгсөөд цэрэгт татагдаж 1984 онд цэргээс халагдаж ирээд Чандмань-Өндөр сумын “Лениний-Алдар”нэгдлийн 3 дугаар бригадад 1985-1990 оныг хүртэл хугацаанд шуудан зөөгч, холбоочноор ажиллаж байсан юм. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах нас болсон ба ажилд орсон гарсан тушаал байхгүй зэргээс миний ажиллаж байсан жил тооцогдохгүй байгаа учир шүүхэд хандсан болно.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Лениний-Алдар”нэгдлийн 3 дугаар бригадад 1985 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд шуудан зөөгч, холбоочноор ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ч.Энэбиш нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Лениний-Алдар”нэгдлийн 3 дугаар бригадад 1985 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд шуудан зөөгч, холбоочноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Засаг даргын тамгын газрын архивын лавлагаа, цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбар,
Нэхэмжлэгч Ч.Энэбишид 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чандмань-Өндөр сумын Лениний алдар нэгдлийн зөвлөлөөс, 1994 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Чандмань-Өндөр сумын “Аригийн-Ундрага” ХК-с тус тус нээж олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар дахь бичилтүүд,
Гэрч Н.Энхтуяагийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “....Ч.Энэбиш нь 1985 оны 3 дугаар сараас 1989 оныг дуустал холбоочин, шууданчийн ажлыг давхар гүйцэтгэж байсан....” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Даваадоржийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “....Ч.Энэбиш нь 1985 оны хавраас 1989 оныг дуустал тус сумын 3 дугаар багийн шууданч, холбоочноор тасралтгүй ажиллаж байсан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Тангад” овогт Чойжинсүрэнгийн Энэбиш /РТ-62022571/-ийг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Лениний-Алдар” нэгдлийн 3 дугаар бригадад 1985 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд шуудан зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Энэбишийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ