Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2017/00518

 

 

 

2017 оны 05 сарын 05 өдөр     Дугаар 151/ШШ2017/00518    Төв аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00374/и хэргийн индекстэй,
Төв аймгийн Баянжаргалан сум, 1-р багт оршин суух Боржигон овогт Должинсүрэнгийн Оюун /НЕ66070965/-ын хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-...Д.Оюун нь Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдлийн Жаргалант бригадад 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл хоньчин саальчнаар ажилласан юм. Гэтэл Д.Оюуны хөдөлмөрийн дэвтэр баталгаажаагүй архиваас анх малчнаар орсон гарсан тушаал гарахгүй 1981 оноос 1985 оны баримтууд сумын архивт шатаж устгагдсан байна. Иймд хамт ажилласан байсан гэрч нарын мэдүүлэг, сумын Засаг даргын Тамгын газрын албан бичиг, цалингийн тодорхойлолт, ХААН нэгдэлийн гишүүний 1981 онд олгогдсон дэвтэр зэргийг үндэслэн нэгдэлд малчнаар 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажилласан хугацааг тогтоож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюун нь Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдлийн Жаргалант бригадад 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд Д.Оюуны Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдлийн Жаргалант бригадад 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлын талаар гэрч Г.Пүрэвжав мэдүүлж байгаа хэдий ч гэрчийн мэдүүлгийг давхар нотлох, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай бичгийн нотлох баримт шүүхэд хангалттай ирүүлээгүй байна.
Д.Оюуны шүүхэд ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэрийн бичилт тодорхойгүй, 1985 оноос 1989 онд ажиллаж байсан хугацааны цалингийн түүвэр нь хангалтгүй, Оюун гэх бичилттэй тушаал нь Должинсүрэнгийн Оюунд холбогдох тушаал гэхэд эргэлзээ бүхий байна.
Иймд Д.Оюуны Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдлийн Жаргалант бригадад 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр түүний ажиллаж байсныг тогтоох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 
Нэхэмжлэгч нотлох баримтаа бүрдүүлж дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Оюуны Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдлийн Жаргалант бригадад 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай. 
4. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.МӨНХЦЭЦЭГ