Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/499

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго, улсын яллагч Г.Ганбаатар (томилолтоор), шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Э.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 02303 0014 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн О.Б, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, Төв аймгийн Угтаалцайдам суманд мал малладаг, ам бүл хоёр, хамтран амьдрагч П.А-ын хамт Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны ** дүгээр гудамж, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны автобусны буудлын орчим хамтран амьдрагч П.А-тай “өөр хүнтэй утсаар ярих гэлээ” гэсэн шалтгаанаар маргалдахдаа цохиж П.А-ын биед баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн хуучин мурийлт үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн О.Б нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны автобусны буудлын орчим хамтран амьдрагч П.А-тай “өөр хүнтэй утсаар ярих гэлээ” гэсэн шалтгаанаар маргалдахдаа түүнийг цохиж, бие махбодод нь “...баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн хуучин мурийлт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч О.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би өмнө нь мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй. Хардалтын улмаас А-ыг цохисон. А бид хоёр 2017 оноос хойш хамт амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч П.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хамтран амьдрагч Б-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, дүүргийн автобусны буудлын ойролцоо явж байхдаа Б-ийн 2 найзтай тааралдаж дэлгүүр орж 1 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч гудамжны үзүүрт уусан. Б-ийн найз Багэх залуу намайг залгаарай гэхээр нь за гэж хэлчхээд Б бид хоёр салаад явж байхад Б намайг Ба-тай яриулахгүй гэж муудалцаад миний хамар руу нэг удаа цохисон. Б Ба-тай намайг хардаад цохисон....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38-р хуудас), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хх-ийн 66 дугаар хуудас);

3. Гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн Төв аймгийн Угтаал цайдам сум руу явах гэж байхдаа таван шарын автобусны буудал дээр дүү А болон түүний хамтран амьдрагч Б нартай уулзаж өндөг, масло авчхаад явж байхад Б-ийн эгч Э залгаад Б, А нар хоорондоо маргалдаад байна гэж хэлсэн. 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр А мал маллах гэж хөдөө ирэхэд хамар нь гэмтсэн байхаар нь яасан талаар асуухад Б цохисон гэж хариулсан. Би Б-тэй уулзаж чи яагаад А-ын хамрыг гэмтээсэн юм бэ гэхэд урдаас цагдаагаа дуудахгүй юу гээд байсан. Тэгээд тухайн үед надтай хамт явж байсан Г цагдаа дуудсан. А-ын хамар нь мурийгаад, нүд нь хавдсан байсан. Урьд өмнө нь Б А-ыг цохиж зодож байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 44-45 дугаар хуудас);

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 6999 дугаартай: “...П.А-ын биед баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн хуучин мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь тус, тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэсэн дүгнэлт (хх-ийн 47-48 дугаар хуудас);

5. Шүүгдэгч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би А-ыг Ба-тай уулзуулахгүй гээд уурлаад хамар луу нь цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 105-108 дугаар хуудас);

6. Шүүгдэгч О.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 58 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 53 дугаар хуудас), эд хөрөнгөгүй талаар лавлагаа (хх-ийн 68 дугаар хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 62 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хх-ийн 70 дугаар хуудас), АСАП сангийн лавлагаа (хх-ийн 80-82 дугаар хуудас), 164,570 төгрөгийн үлдэгдэл бүхий Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 75-77 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.А-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч О.Б-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч П.А-ын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч П.А нь нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.Б-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирол нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байх ёстой гэсэн хууль ёсны зарчмыг баримталдаг. Иймд шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас хохирогч баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан байдаг. Шүүгдэгч О.Б-ийн тухайд хамтран амьдрагч А-ыг өөр хүнтэй утсаар ярилаа гэх шалтгаанаар хардсаны улмаас, нэг удаагийн үйлдлээр, хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ үйлдэл нь тохиолдлын шинжтэйд тооцогдоно. Түүнээс өмнө болон хэрэг гарснаас хойш хамтран амьдрагчийн биед халдсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэл гаргаагүй. Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаанаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлдэг, мөн бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Б нь ажил төрөл эрхэлдэггүй ч гэсэн мал маллах ажлаар 7 дугаар сард Төв аймаг руу явна. Иймд 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал тохирохгүй байна гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулах ялыг багасгаж өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх улсын яллагч болон өмгөөлөгчийн саналыг харгалзан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д дөрвөн зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал,  гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт эдлүүлэхээр тогтоолоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн О.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д дөрвөн зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Б-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА